НИЙГЭМ

“Жолооч Д-гийн хавьтал, хоёр тээврийн жолооч, нийт ГУРВАН ХАЛДВАР нэмэгдлээ”

Өнөөдөр /2020.11.17/ ЭМЯ-наас шинэ коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа,

“Өчигдөр нийт 1762 хүнд шинжилгээ хийсэн байна. Үүнээс гурван халдвар илэрсэн.

Энэ бол Сэлэнгэ аймгаар орж ирсэн хоёр тээврийн жолооч болон Улаанбаатар гарсан голомтын ойрын хавьтал нэг хүний шинжилгээ юм. Тухайн хүний гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ.

Мөн өчигдөр Дархан-Уул аймагт 132 хүнд тандалтын журмаар шинжилгээ хийхэд нэг сэжигтэй тохиолдол илэрсэн. Түүний шинжилгээг баталгаажуулах ажлыг хийж байна” гэлээ.

Ингээд манай улсад бүртгэгдсэн шинэ коронавирусийн нийт тохиолдол 434 болжээ. Үүнээс 328 нь эдгэрч, эмнэлгээс гараад байгаа юм.

Мэдээллийн дараа сэтгүүлчид зарим зүйлсийг тодрууллаа.

-Сэлэнгэ аймагт 22 иргэний түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарсан гэж сонссон. Ер нь түргэвчилсэн оношлуурын хариу хэр баталгаатай вэ?

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Сэлэнгэд 22 биш 19 хүний түргэвчилсэн тестийн хариу эерэг гарсан нь үнэн. Үүнийг PCR-аар баталгаажуулна. Сэлэнгэд гарсан голомтот халдварын ойрын хавьтлуудыг тусгаарласан байсан. Иймд энэ 19 хүн тусгаарлагдсан байсан гэсэн үг.

Түргэвчилсэн оношлуурын ач холбогдол маш өндөр. 90-95 хувийн магадлалтай гэж үздэг.

-Хоёр тээврийн жолоочоос халдвар илэрсэн гэлээ. Алтанбулагийн боомтыг хаасан. Ямар журмаар нэвтэрсэн тээврийн жолооч нар юм бэ?

-Эд бол боомт хаагдахаас өмнө нэвтэрсэн хоёр тээврийн жолооч. Нэг нь орос хүн тул нутаг буцсан. Харин нөгөө нь ХӨСҮТ-д тусгаарлагдаж эмчлүүлж байна.

-Улаанбаатар хотод голомтлон гарсан халдварын ойрын хавьтлаас халдвар илэрсэн гэлээ. Яг ямар хавьтал болохыг тодруулж өгнө үү?

-Энэ бол анх батлагдсан жолооч Д-гийн ах. Энэ хүнийг өмнө нь хоёр удаа шинжилсэн байсан. Ингээд гурав дахь давтан шинжилгээнээс нь халдвар илэрлээ.

Ер нь энэ голомтын 10 халдвартай хүний ойрын хавьтал гэж 445 хүнийг илрүүлсэн. 36-гаас бусдынх нь хариу гарсан. Эдний 102 хүнийг хоёр удаа, 45 хүнийг гурван удаа давтан шинжлээд байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button