С.Баяр, Ч.Давааням нарыг шүүх хурлын шийдвэрийг гаргахаар шүүгчид зөвлөлдөж байна

С.Баярцогт нарын хэргээс тусгаарласан байсан С.Баяр, Ч.Давааням нарын хэргийг өнгөрөгч арванхоёрдугаар сарын 1-нд эргэн нэгтгэх шийдвэрийг шүүхээс гаргасан. Улмаар эргэн нэгтгэгдсэн шүүх хурлын товыг түүнээс гурван өдрийн дараа буюу арванхоёрдугаар сарын 3-нд товлосон ч, шүүх бүрэлдэхүүний зүгээс С.Баяр, Ч.Давааням нарын хэргийг ахин ТУСГААРЛАСАН билээ.
Хэргээ тусгаарлуулсан С.Баяр, Ч.Давааням нарын шүүх хурал өчигдөр оройжин үргэлжилж, өнөөдөр /2020.12.04/ үргэлжлэн, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж буйг эх сурвалж хэллээ.
Анхан шатны шүүхээс С.Баярыг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үеэр олж авсан чухал мэдээллийг өөрийн найз Ч.Даваанямд өгч, түүний “Петровис трейдинг” компанид “эдийн засгийн давуу байдал” бий болгон, улмаар 418 тэрбум төгрөгийн “хууль бус орлого” олох боломжийг олгосон гэж үзжээ.
С.Баярыг дээрх гэмт хэргээр олж авсан 418 тэрбум төгрөгийг нуун далдлах зорилгоор АНУ-ыг зорьж, улмаар Ч.Давааням болон өөрийн том охин Б.Нандин нарын хамтран эрхэлдэг бизнесийг үргэлжлүүлэн явуулж байгаа гэх нэрийдлээр 2010-2014 онуудад АНУ-ын Нью Йорк, Сиэтл хотуудад дөрвөн үл хөдлөх хөрөнгийг 11.643.000 ам.доллараар худалдан авсан. Улмаар дээрх үл хөдлөхүүдийг борлуулж олсон орлогоо АНУ дахь өөрийн болон эхнэрийн дансаар авч мөнгө угаасан хэмээн шүүхээс үзсэн.
Яллах дүгнэлт болон прокурорын тогтоолд С.Баярыг мэдээлэл олж өгөх, давуу байдал бий болгох, хууль бус орлого олох, мөнгө угаах зэрэг дараалласан уялдаа бүхий гэмт хэргүүдийг үйлдсэн, эдгээр нь баримтаар нотлогдсон болохыг бичжээ.
Иймд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэдний хууль бусаар олсон орлогыг хураах, С.Баярт 5 жил, Ч.Даваанямд 2 жилийн ялыг тус тус нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлээд байсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.