Нийгмийн

Г.Нэргүй: Ховд аймагт хотоос ирж буй иргэдийг түргэвчилсэн оношлуураар дахин шинжилнэ

-ОРОН НУТАГ НЬ ИРГЭДЭЭ ХЭРХЭН ХҮЛЭЭЖ АВАХ ВЭ-

Коронавирусийн халдварын голомт бүхий нийслэл Улаанбаатар хотоос 21 аймаг, 366 сум руу маш өндөр эрсдэл бүхий 80 гаруй мянган иргэнийг явуулах ажил эхэлсэн. Орон нутгийн иргэдийг хотоос гаргах маш хариуцлагатай ажлын зохион байгуулалт тун муу байгааг иргэдийн гомдол санал, шүүмжлэлээс бэлхнээ харж болохоор байна.

Шинжилгээ өгөх хүмүүс бүртгүүлж, хариугаа авах ёстой 119.mn сайт нь гацаад ажиллахгүй, шинжилгээний хариу нь гарахгүй, автобусны билет захиалгаасаа хоцрох, билет олдохгүй байх, олноороо тэврэлдэх нь холгүй өдөржин зогсож байж шинжилгээ өгч байна гэх мэтээр  маш дутуу дулимаг зохион байгуулалттайгаар иргэдээ орон нутаг руу нь, гэр орон руу нь буцааж байна.

Муугаар бодоход хэрвээ тэдгээр 80 мянган иргэний дунд халдвартай хүн байгаад тухайн орон нутагтаа очоод халдвар хамгааллын дэглэм мөрдөхгүй, ямар ч хяналтгүй амьдарч эхлэх юм бол тэгээд дуусна. Монгол Улс бүхэлдээ коронавирусийн цар тахалд нэрвэгдэнэ гэсэн үг.  Тиймээс хотоос шинжилгээ өгөөд ирж байгаа юм гээд аймаг, орон нутагтаа очиж байгаа иргэдээ тэгсхийгээд тоолгүй орхичихож болохгүйг дээрх байдал харуулж байна.

Тодруулбал яг энэ эгзэгтэй мөчид орон нутгийн удирдлага, мэргэжлийн байгууллагуудын зохион байгуулалт, удирдлага, менежментийн асуудал бүх зүйлийг шийдэх болчихоод байна. Тиймээс бид нэгдсэн зохион байгуулалтад орж, хотоос очиж буй иргэдээ хянах ажлыг хийж буй Ховд аймгийн арга барилын талаар тус аймгийн Онцгой байдлын газрын дэд дарга Г.Нэргүйгээс тодрууллаа.

 Г.НЭРГҮЙ: ХОТООС ИРСЭН ИРГЭДЭЭС ШИНЖИЛГЭЭ АВСАН ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУДЫГ 14 ХОНОГ ТУСГААРЛАНА

-Улаанбаатар хотоос Ховд аймаг руу зорчих хэчнээн хүн бүртгүүлсэн байгаа бол?

-119 дугаарт Ховд аймгийн 3800 орчим иргэн бүртгүүлсэн. Нэг автобусад 40 иргэн зорчихоор тооцоолж, хуваарилалт хийсэн байна. 12-р сарын 01-10-ны хооронд хот хоорондын 15 автобусаар иргэдийг орон нутаг руу тээвэрлэнэ. 12-р сарын 10-ныг хүртэл өдөр бүр 16 цагаас автобус явна гэсэн үг.

-Иргэд очоод гэрийн тусгаарлалтад 14 хонох ёстой. Үүнд хэрхэн хяналт тавьж ажилллах юм бэ?

-Улаанбаатар хотоос ирсэн иргэдийн гэрийн тусгаарлалтад оруулна. Улмаар тусгай чиг үүрэг бүхий байгууллагын алба хаагчид хүч нэмэгдүүлэн хяналт тавина. Зөрчил үүсгэвэл хуулийн дагуу хатуу арга хэмжээ авна.

-Танай аймаг нийслэлээс очиж байгаа иргэдийг дахин хурдавчилсан оношлуураар оношилж нэвтрүүлэх гэж байгаа гэсэн үү?

-Улаанбаатар хотоос ирэх иргэдийг Дарви суманд барьсан зургаан гэрт нэг нэгээр нь оруулж шинжилгээ авна. Түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад 15 минут зарцуулахаар тооцоолсон. Хэрвээ түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан тохиолдолд тусгаарлаж, PCR шинжилгээ авна.

-Хэрвээ PCR шинжилгээгээр эерэг гарвал Дарви сумандаа тусгаарлах уу. Зориулалтын байр сав бий юу?

-Дарви сумын тусгаарлах байр нийтийн бие засах газар, угаалтууртай байсныг өрөө тус бүрт гар угаалтууртай болгосон. Улаанбаатар хотод эрүүл мэндийн байгууллагын 11 ажилтан ковид 19-ын халдвар авсан учраас эмнэлгийн ажилчдын эрүүл мэнд, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахихад анхаарч байна. Ховд аймагт 14 хоног тусгаарлах байранд ажилласан эмч, мэргэжилтнүүд дахин 14 хоног тусгаарлагдана.

-Мэдээж Ховд аймагт түгжигдсэн хотын болон бусад аймгийн хүмүүс байгаа байх. Тэдгээр иргэдийг аймгаасаа явуулах ажлыг яаж зохион байгуулах гэж байна?

-Ховд аймгаас Улаанбаатар хот, бусад аймгийн чиглэлд зорчих иргэдээс өнөөдрөөс эхлэн 12 сарын 10-ны өдөр хүртэл өдөр бүр 10-11 цаг, 14-15:30 цагийн хооронд түргэвчилсэн тестээр Ховд аймгийн Зоонозын Өвчин Судлалын Төвд үнэ төлбөргүйгээр шинжилгээ авч байна. Шинжилгээний хариуг 119.mn-д нэг бүрчлэн шивж байгаа. Хэрэв та Ховд аймгаас Улаанбаатар хот болон бусад аймаг руу зорчихоор төлөвлөж байгаа бол өмнөх өдөр нь шинжилгээгээ өгөөд 119.mn-д хариу шивэгдсэний дараа Ховд аймгийн Онцгой байдлын газраас зөвшөөрлөө авснаар зорчих эрх тань нээгдэх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button