БАГЦ: EGUUR.MN сайтын долоо хоногийн ОНЦЛОХ контентууд
Мэдээ, мэдээллийн EGUUR.MN сайтын өнгөрөгч долоо хоногийн онцлох контентуудыг нэг дор багцлан хүргэж байна.
Англи хэлний 26 цагийг “50-тын хүрд”-д багтаан ХЯЛБАРШУУЛСАН Ц.Майдар багштай ярилцлаа

Англи хэлний 26 цагийг хялбар аргаар суралцах хүснэгт болох “50-тын хүрд”-ийг бүтээсэн, сэтгүүлч, орчуулагч Ц.Майдартай ярилцлаа. Хүн бүр төдийлөн мэддэггүй түүний хэл сурах сонирхон аргачлал цаасан дээр буугаад даруй 10 жил өнгөрчээ. НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар ажиллаж байсан Ц.Майдар карьер, амжилтын араас хөөцөлдөхийн оронд “50-тын хүрд”-ээ улам боловсронгуй болгон хөдөлмөрлөж, эгэл даруухнаар англи хэл заан амьдарч байна. Хийж бүтээх өрнүүн хүсэлтэй түүний сонирхолтой яриаг уншаарай.
-Таны зохиосон “50т-ын хүрд” гэж яг юу юм бэ? Үүнээс яриагаа эхэлье.
-Англи хэлэнд 16 актив, 10 пассив нийлээд 26 цаг байдаг. Үүнийг өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт өөр өөр өнгөөр ялгаж “50т-ын хүрд”-ийг бүтээсэн гэж ойлгож болно. Эрт дээр үед монгол хэлтэй хамт турк, манж гэх мэт хэлнүүд зэрэгцэн ашиглагдаж байсан гэдэг. Тэдгээр хэлнүүдэд дүрмийн хүснэгт байдаггүй. Харин монгол, англи хэлийг хамтад нь дүрмийн хүснэгтэд оруулж өгсөн нь үүний онцлог. Монгол хэлний өгүүлбэрүүдийн төрлийг яаж ангилах вэ гэсэн шинэ аргачлал. Зөвхөн англи хэл дээр ашиглагдах биш, бусад хэлийг сурахад ч ерөнхий санааг нь ашиглаж болно.
Энэ хүснэгтийн тусламжтай англи хэлний ямар өгүүлбэр, монгол хэлний яг ямар өгүүлбэртэй таарах вэ гэдэг нь гарч ирэх боломжтой болдог.
-Хүснэгт бүрт оноосон тоонууд харагдаж байна?
-Аливаа зүйл дээд шатанд гаръя гэвэл математик хэлбэрийг олох хэрэгтэй болдог. Тэр утгаараа англи хэлний дүрмийг тоон хэлбэрт оруулж сурвал хялбар гэсэн санаа. Жишээ нь Present Simple цагийг “энгийн одоо цаг” гэж орчуулж, хэрэглэдэг. Гэтэл үнэндээ тийм ч энгийн биш байгаа юм. /инээв. Сурв/ Perfect цагуудыг “төгс” гээд явбал, бусад нь төгс биш болчихно. Эдгээр бол Дорж, Дулмаа гэдэг шиг оноож өгсөн нэр. Тиймээс “энгийн одоо, үргэлжилсэн, төгс…” гэх мэт нэрүүдийн оронд тоон код ороод ирэхээр сурах хурд нэмэгддэг. Морьтой давхиж байсан бол онгоцонд суугаад нисэхтэй адил.
-Англи хэлний цагуудыг математик хэлбэрт оруулснаар суралцах хурд нэмэгддэг гэж та үзэж байна уу?
-Тийм. ШУТИС-ийн нэг багш “20 жил толгой эргүүлсэн юмыг хоёр хоногт ойлголоо” гэж байсан. Хүмүүс ойлгосон ойлгоогүйн хооронд яваад л байдаг. Өөрөө хүснэгт хийж, зурж бичээд л. “50т-ын хүрд”-ийг арваад жил сайжруулж боловсруулсны эцэст өнгөрсөн жил зургаа дахь хэвлэл нь гараад байна.
-Хүснэгтийг ямар аргачлалаар ашиглах талаар товчхон тайлбарлаж өгнө үү?
-Таван шат дамжина гэж ойлгож болно. Эхлээд хүснэгтээс актив, пассив цагуудаа ялгаж харна. Хоёрт нь, өнгөө гаргах буюу өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагуудаа тодорхойлно. Гуравт нь, тухайн цагт тохирох монгол үйл үгийг төгсгөлөө харна /present simple цагт …даг4 гэх мэт/. Үйл үгийг төгсгөлөөр кодоо олдог. Үүний дараа хүснэгтэд хавсралт хэлбэрээр оруулсан “чиглүүлэгч үг”-ийг ашиглан эцсийн томьёогоо гаргаж авна.
Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
СУРВАЛЖИЛГА: Гүзээлзгэнэ зардаг иргэд үүрийн 04:00 цагт ууланд гардаг

Зуны улиралд эртхэн боловсорч гүйцдэг жимсний тоонд гүзээлзгэнэ зүй ёсоор багтдаг. Хүнсний худалдааны төвүүдэд зарагддаг импортын гүзээлзгэнүүдээс гадна иргэд өглөөгүүр ууланд гарч түүсэн “органик” гүзээлзгэнээ савлаад хотын захад зам дээр зарж борлуулах нь элбэг. Иймд бид өглөөний сурвалжилгаараа Налайхын замын дэргэд түүсэн гүзээлзгэнэ жимсээ зарж буй иргэдийг онцоллоо.
Өглөөний нартай уралдан ууланд авирч, аль өнгөтэй боловсорсон гүзээлзгэнийг түүж, өдрийн наранд бүгдийг нь борлуулахын тулд замын хажуугаар гартаа шилтэй жимсээ барин зогсож буй хүмүүсээс аж байдлыг сонирхон сурвалжилхад арван жилийн хүүхдүүд, энхэр нөхөр, эгч дүү гээд цөм арьсаа борлотол хөдөлмөрлөсөн нь харагдаж байв. Цаашлаад хэдхэн метрийн зайтай тус тусын “байрандаа” зогсон гүзээлзгэнэ аваарай, хямдхан өгнө шүү хэмээн чангаар хэлэх иргэдийн дундаас сурвалжилгаа эхлүүллээ.
Ц.Цэнгэл: Өглөөдөө Богд ууланд 05 цагаас гараад гүзээлзгэнээ түүдэг. Амралтын өдрөөрөө 3-4 литр жимс түүгээд 10 цагт зарж эхэлдэг. Гүзээлзгэнээ зарж дуусаад л гэртээ харина даа. Гүзээлзгэнэ шил нь 5000 төгрөг, мөөг уутаараа мөн адил үнэтэй. Түүсэн жимсээ өдөртөө бүгдийг нь борлуулж чаддаг. Ихэвчлэн ажилгүй хүмүүс тогтмол өдөр бүр гүзээлзгэнэ түүж зардаг.
Б. Энхчимэг: Бороо их орсон болохоор энэ долоо хоногт гүзээлзгэнэ их унасан. Гэрээсээ үүрээр 04 цаг гэж гараад Богд уулаа машинтай зорино доо. Гүзээлзгэнэ одоо л боловсроод гоё болж байгаа. 10 цаг хүртэл түүж дуусаад Налайхын Хонхорт ирээд зардаг. Гүзээлзгэнэ, мөөг тус бүрийг 10 мянган төгрөгөөр борлуулдаг.
Сурвалжилгыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
Д.Гантулгыг хоёр удаагийн ХҮЧИНДСЭН, ЗАВДСАН гэх үйлдлээр ТАВАН жилээр зүйлчилжээ

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хүчингийн хэрэг прокурорт шилжээд буй.Эх сурвалжийн мэдээлж буйгаар, уг хэргийг Нийслэлийн прокурорын газарт прокурор Н.Ням-Очир хянах аж.
Д.Гантулга нь иргэн Ц-г ХҮЧИНДСЭН гэх асуудлаар шалгагдаж байх хугацаандаа буюу 2018 оны сүүлээр дахин нэг хүчиндэхийг ЗАВДСАН үйлдэл гаргаж, хэргүүдийг хавсран шалгасан байна. Уг хэргүүд дээр хуулийнхны хамтарсан ажлын хэсэг гарч шалгасан бөгөөд Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн 12.1.1-р заалтаар зүйлчилсэн юм.
Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
Ө.Батжаргал: Намайг ажлаас чөлөөлсөн шалтгаан хууль бус, ердөө шалтаг

Хэвлэлийн нүүрэнд төдийлөн гараад байдаггүй нэгэн онцлох зочинтой цаг үеийн асуудлаар хөөрөлдлөө. “Би 1989 оноос хойш эрүүл мэндийн салбартай хувь заяагаа холбосон. 2013 онд Эрүүл мэндийн төвийн даргаар томилогдон ажиллаж байгаад энэ оны долоодугаар сарын 10 нд буюу улсын их баяр наадмаар НЭМГ-ын даргын хууль бус тушаалаар ажлаасаа чөлөөлөгдөөд байна” хэмээн түүний яриа эхлэв.
БГД-ийн Эрүүл мэндийн төвийн даргын томилгооны талаар бид өмнө нь мэдээлж байсан. Харин тус төвийн даргаар ажиллаж байгаад ажлаасаа халагдаад буй Ө.Батжаргалаас үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ийн тодруулсан юм.
-МИНИЙ АЖЛЫГ ЯАРАЛТАЙ АВАХ ЯМАР НОЦТОЙ ШАЛТГААН БАЙСНЫГ ОЙЛГООГҮЙ-
–Үндэсний их баяр наадам эхэлсэн долоодугаар сарын 10-ны өдөр яг юу болсон юм бэ?
-Энэ өдөр бодитоор баяр наадмын, мөн эмнэлгийн тусламж үйлчилгээний өндөржүүлсэн бэлэн байдлыг хангасан өдөр байсан. Манай эмч эмнэлгийн ажилчдаас нэг алтангадас, гурван хөдөлмөрийн хүндэт, бусад одон медаль авахаар бэлэн болчихсон уламжлал ёсоор хүндэтгэл үзүүлэхээр хүлээж байлаа.
Тэр үед НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар даргын тушаалаар манай өрөөнд гурван хүн орж ирсэн, ард талд нь нэлээд олон залуучууд байсан гэж яригдаж байгаа. Надад тушаал уншиж танилцуулсан. “Хамт олондоо хэлэх үү” гэхэд, “Хэрэггүй ээ, өрөөгөө чөлөөлж өг” гэсэн.
Эрүүл мэндийн салбар гэдэг маш эмзэг, нэг минут ч зогсолгүй хэвийн үйл ажиллагааг нь хангах ёстой байдаг. Ийм учраас Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалыг хүндэтгээд ажлаа шууд өгсөн юм. Ажлаа өгөхдөө бухимдсаны учир нь, баяр наадмын өдөр манай төвийн 630 гаруй эмч, эмнэлгийн ажилтнууд баярын хурлаа хийж, төрийн дээд одон медалиар шагнагдсан хүмүүстээ хүндэтгэл үзүүлэх гэж байхад ийм үйлдэл хийсэн явдал. Миний ажлыг яаралтай авах ямар ноцтой шалтгаан байсныг тушаалаас сонсож ойлгоогүй. Гэхдээ төрийн ажил эмнэлгийн үйл ажиллагааг тасалж болохгүй гэдэг үүднээс ажлаа өгсөн.
Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
Амттанаар аз жаргал мэдрүүлэхэд бүх сэтгэлээ зориулдаг ҮЙЛДВЭРЛЭГЧ “Tasty bite”

Үйлдвэрлэгч буландаа гоёмсог, амттай аз жаргалыг ҮЙЛДВЭРЛЭГЧ “Tasty bite” -ийг санаачлагч Т.Дариймааг урьж ярилцлаа. “Tasty bite” нь фэйскбүүк хуудсаар дамжуулан тоон хэлбэртэй захиалгын бялууг хийдэг. Үүгээрээ тэр хэдийнэ бусдад танил болжээ. Саяхнаас тэрээр мөн “Tasty bite” нэртэй кофе шопоо нээн ажиллуулж байгаа бөгөөд амттаны ертөнцөд дурласан нэгэн юм.
-Сайн байна уу? Та анх хэдийнээс бялуу хийж эхэлсэн бэ?
-Бага хүүхдээ гарсан цагаас хийж эхэлсэн гэж болно. Учир нь хүү маань их тайван өдөр унтаж л байдаг хүүхэд. Энэ хооронд надад их цаг гардаг байсан . Тийм ч учраас 2016 оны есдүгээр сараас буюу хүүгээ хоёр сартайгаас нь эхэлж бялуу хийх болсон доо. Ер нь хүмүүс хүүхдээ хараад гэртээ байх хугацааг хий дэмий хугацаа гэдэг. Харин миний хувьд энэ хугацаанд өөрийгөө хөгжүүлж өөрчлөх маш том боломжийг бий болгож, сонирхлоо олсон.
-Ямар нэгэн мэргэжлийн сургалтад хамрагдсан уу?
-Мэргэжил сургалтын тухайд би хүнсний био технологич мэргэжилтэй хүн, тийм ч учраас хүнсний бүтээгдэхүүний орц найрлагыг мэдэх учир эдгээр зүйлсийг сурахад илүү дөхөм байсан. Ямар нэг хоолны сургалт дамжаанд огт суугаагүй. Facebook, Youtube хуудаснаас болон гадаадын хоолны сувгуудыг өдөр шөнөгүй шимтэн үзэж янз бүрийн жороор амттан хийсээр байгаад л сурсан.
–Бялуунуудаа яагаад заавал тоогоор хийх болсон бэ?
-Бялуу хийх сонирхолтой гадаад болон дотоодын маш олон хүмүүсийг нийгмийн сүлжээгээр дагаж, санаа авч байсан. Тэр дундаас уг тоон хэлбэртэй бялуу маань тухайн үедээ /2017 оны/ тренд болж, хүмүүс ч их хийж байсан. Тийм ч учраас санаа авч өөрийн өнгө төрхийг нэмж, хэд хэдэн бялууныхаа зургийг нийтэлж үзсэн. Маш олон захиалга авч, олон хүмүүс ч сайшаах болсон. Ингээд л тоон бялуугаа хийх болсон доо. Ер нь бялуу авч байгаа хүмүүсийг хараад байхад энгийн торт авахаасаа илүү өөрийнх нь насыг заасан бялууг захиалж авч байгаа нь илүү сэтгэлд хүрч, дурсамж бүтээдэг юм шиг санагдсан.
Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
Т.Их-Уул: О.Дөлгөөн ахыг өвчин ярьдаггүй, чанга хүн болохоор босоод ирнэ гэж их итгэсэн

Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Дөлгөөн АНУ-ын Сан Франциско хотын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан боловч хүнд өвчний улмаас тэнгэрт халилаа. Монголчуудын сэтгэлийг цахим орчинд нэг зүгт хураан цуглуулсан #pray4dulguun хандивын аян нэгэн үзэгдэл болж үлдлээ. Бид талийгч О.Дөлгөөний дотнын анд, нэг багийн тамирчин Т.Их-Уултай утсаар холбогдож, өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн явдлын талаар цөөн хором ярилцсан юм.
-Юуны өмнө гүн эмгэнэл илэрхийлье. Талийгч О.Дөлгөөнтэй хэдэн жил найзалж, нөхөрлөсөн бэ? үүнээс яриагаа эхэлье.
-Би О.Дөлгөөн ахтай анх 2014 онд танилцаж байлаа. Нэг багт хамтдаа зургаан жил тоглосон. Бид хоёр салж хагацахыг мэддэггүй сайн найзууд, бас ах дүүс байсан. Хааяадаа орой яг л хосууд шиг хамтдаа кино үздэг байв. Хамгийн сүүлд тавдугаар сард болсон АНУ-Монголын бүх оддын тоглолтод хамт тоглосон юм байна.
-Монголчууд О.Дөлгөөн хувь хүнийхээ хувьд ямар зан чанартай хүн байсан талаар сайн мэдэхгүй байх. Хамтдаа бүтээсэн хамгийн сайхан дурсамжаасаа хуваалцаач?
-Дөөк ах мөрөөдөлтэй, зорилготой нэгэн байсан. Бас их цагаахан, хүнд тусархуу. Маш хөдөлмөрч. Бас хамгийн сайн манлайлагч, удирдагч байсан гэж би хэлнэ.
Бидний хамгийн дурсамжтай үе оюутны лигийн аваргаа авсан тэр цаг мөч. Бид хоёр сагсны шийдний тороо хайчилцгааж, хамтдаа уйлж бас инээсэн. Хамгийн сайхан дурсамж үлдсэн.
Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
Сэлэнгэ аймагт ХЯТАД ИРГЭД алт олборлож, Шаазгайтын гол ширгэсэн үү

Сэлэнгэ аймаг, Ерөө сумын нутагт жуулчны визээр хил нэвтэрсэн хятад иргэд алт олборлож, байгаль экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулж байна гэх эх сурвалжийн мэдээллийн дагуу сурвалжилга бэлтгэлээ.
Тус нутагт оршдог Шаазгайтын голын дэргэд хятад хүмүүс эксковатор машинаар газар ухаж буй гэрэл зураг, бичлэгүүд ил болоод буй. Мэдээллийг анх өөрийн нүүр хуудсанд байршуулсан “World Garden Mongolia” ТББ-ын үүсгэн байгуулагч Д.Эрдэнэчулуунтай уулзан, тодруулга авсан юм.
Тэрбээр Сэлэнгэ аймагт хятад хүмүүс хууль бусаар алт олборлож буй тухай мэдээг өнгөрсөн бямба гарагт /2019.07.27/ “Дэлхийн монгол ногоон нэгдэл”-ийн дарга Х.Бээжингээс авсан гэв. Ийнхүү Улаанбаатар хотоос хөдөлж, бодит байдалтай биечлэн танилцсаныхаа дараа сошиал орчинд мэдээлэл байршуулж эхэлсэн байна.
Түүний лайв бичлэгт: өөрийнх нь онцлон хэлж буй шаазгайтын гол тогтоол ус мэт болж ширгэсэн нь харагдах бөгөөд, цаана нь эксковаторууд газар сэндийчиж байгаа нь бууж үлдсэн юм.
-Та өөрийн нүүр хуудсаар дамжуулан, “Шаазгайтын гол ширгэж байна” гэж лайв хийлээ. Үүний шалтгааныг хятад хүмүүс алт олборлож буйтай холбоотой хэмээн тайлбарлаж байсан?
-Ерөө голд цутгадаг шаазгайтын голыг эх хүртэл нь ухчихсан байна билээ. Хятад хүмүүс. Надад гэрэл зургууд нь бий. Очиж үзээгүй байж яриагүй, ор үндэсгүй зүйл зохиогоогүй. Би өөрөө тэдний зургийг дарж, цагдаагийн газарт аваачиж өглөө. Нүүр хуудсандаа байршуулснаас гадна олон баримт бий.
-Х.Бээжин гэж хүнээс мэдээллийг анх авсан гэж ойлголоо. Тухайн газарт очиход байдал ямар байсан бэ? Лайваараа дамжуулж хүмүүст юу хүргэхийг зорьсон бэ?
-Х.Бээжин хамт явъя хэмээн ирээд намайг аваад явсан. Би машинд нь суугаад тэр даруйд нь Сэлэнгэ аймагт очсон. Ямар ч хуульгүйгээр, нөхөн сэргээлтгүйгээр монгол улсын алтыг ухчихаад яваад өгч байна. Харамсмаар байгаа биз.
-Алт олборлож буй гэх хятад иргэдийг жуулчны визээр орж ирсэн гэж байсан. Та яаж мэдэв?
-Би тэдний паспортыг үзсэн юм. Тэдэн сарын тэдэнд орж ирсэн гээд дарчихсан визийг нь харсан. Хурааж аваад цагдаагийн газарт өгсөн байгаа.
Сурвалжилгыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
С.Мөнхбат: ТҮМНИЙ БАЙР төслөөр банкны баталгаагүй иргэд урьдчилгаа 20 хувиа өгөөд байртай болно

Ипотекийн найман хувийн зээлд хамрагдах хүсэлтэй ч чадахгүй байгаа иргэдэд туслах зорилготой “Түмний байр” төслийг санаачлагчид саяхан өөрсдийн үйл ажиллагааны тухай болон төслийнхөө зорилгыг танилцуулах албан ёсны мэдээлэл хийсэн юм. Харин иргэд энэхүү төслийн талаар мэдээлэл хангалтгүй болон ялгаатай хандлагатай байр суурьтай байгаа учраас бид энэхүү төслийн талаар Ханан Шишгэд ХХК-ны захирал С.Мөнхбаттай уулзаж ярилцлаа.
-Түмний байр гэх төслийг хэдэн оноос анх санаачилж эхэлсэн бэ?
-Энэхүү төслийг бид 2015 оноос санаачилж эхэлсэн. Анх ипотекийн зээлийг ард иргэдэд хэр хүртээмжтэй байгаа тухай олон чиг хандлагагын судалгаа хийсэн. Гэтэл ипотекийн зээлд 70-80 м.кв гэх мэт талбай томтой байрнууд голчлон байдаг. Харин жинхэнэ итотекийн зээлд хамрагдах хүсэлтэй байгаа иргэдийн сонирхож буй байр нь хэмжээний хувьд харьцангуй жижиг буюу 30-50 м.кв байдаг.
-Судалгааны үр дүн ямар байсан бэ?
-Ипотекийн зээл нь ард иргэдэд хангалттай хүрч чаддахгүй байсан. Бид учир шалтгааныг нь судалж үзэхэд банкны баталгаа гол асуудал нь болж байсан. Манай оронд тогтвортой ажлын байр цөөхөн. Иргэд мөнгө хураахын тулд гадаад, дийлэнх нь Солонгос явж ажил хийдэг. Харин тэндээ ажиллаж олсон мөнгөөрөө ипотекийн зээлд хамрагдах гэхэд банкны баталгаа нэхдэг. Тиймээс тухайн хүн маань тогтвортой ажил эрхэлдэггүй гэсэн шалтгаанаар хамрагдаж чаддаггүй. Гадаад явж ажиллаж байгаа иргэдийг мөн судлахад даавуу татах, барилга дээр ажиллах зэрэг хар бор ажил хийсэн байдаг. Бүр гараа зулгартал даавуу татсан миний таньдаг эгч бий.
-Тэгээд л та энэ төслийг эхлүүлж ээ?
-Тиймээ. Хүн нүцгэн ирээд, нүцгэн буцдаг гэдгийг л би ойлгосон. Тухайн хүний нэр л энд үлддэг. Энэ зүйлийг би нэг зүйлээс маш сайн ойлгосон. Тиймээс нийгмийн хариуцлагын үүднээс би багахан зэрэг дэмжээд өгөхөд сайхан амьдарч чадахаар олон хүмүүст туслахыг хүссэн.
-Төсөлд хамрагдах хүсэлтэй иргэд ямар материал бүрдүүлэх шаардлагатай вэ?
-Иргэд эхний ээлжинд ямар учраас энэ төсөлд хамрагдмаар байгаа өргөдөл, хорооны тодорхойлолт, цахим үнэмлэх, 18 насанд хүрсэн, урьд нь байр эзэмшиж байгаагүй гэх нотолгоогоо авчрах хэрэгтэй. Түүнчлэн болсон гэсэн тохиолдолд 20 хувиа банкинд байршуулах хэрэгтэй. Түүнээс наана байгууллага дээр ямар ч мөнгө авчрах хэрэггүй.
Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
“ОЙМСНЫ ҮЛГЭР” захиалж, улс төрийн тэмцэлд бэлтгэв үү

АТГ-аас явуулсан гүйцэтгэх ажиллагааны үеэр МХЕГ-ын байцаагч Э.Аззаяа, Б.Баярсайхан нарын гэр, албан тасалгаанаас их хэмжээний мөнгө олдсон талаарх мэдээлэл бүр 2017.12 сарын эхээр цацагдаж байв. Түүнээс хойш бүтэн жил гаруй хугацаанд уг хэрэг хөшигний ард яригдсаар ирсэн. Энэ хооронд Засгийн газар солигдож, байнгын хороодын дарга хүртэл шинээр сонгогдож амжсан юм.
Тухайн үед хөшигний ард “МХЕГ-ын байцаагчдын асуудалд Ш.Раднаасэд гишүүн холбоотой. Мэдүүлгийн үеэр нэг удаа нэрлэсэн хэдий ч түүнээсээ буцсан. Байцаагчид маш их айдастай байгаа. Ш.Раднаасэдийн нэрийг хэлвэл ар гэртэй тань ярина гэх дарамт ирдэг” гэх зэргээр яригдаж байв.
Гэхдээ үүнийг ил гаргаж мэдээлээгүй. Яагаад ч юм “Ш.Раднаасэд хийх юмаа хийдэг” гэх битүү айдас мэдээлэлтэй хүрээнд ч яригддаг байв. Яг энэ энэ үеэр Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад хөөн хэлэлцэх хугацааны “асуудалтай” заалт суусан байдаг. Хаваржингаа хурлын протокол нь явсан учир энд нуршилгүй орхив.
Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
Димитрий Лоуверс: Маш их баялагтай Монгол оронд ядуу хүмүүс олон байхыг хараад сэтгэл өвддөг

Жил бүр Монгол оронд зочлохдоо сайн үйлсийн аян хийж, ядуу буурай хүмүүст тусладаг Бельги улсын иргэн Димитрий Лоуверстэй ярилцлаа. Тэрбээр гурван жилийн өмнө Төв аймгийн Батсүмбэр сумд гарсан түймрийг унтраалцахаар сайн дураараа ирж байсан бөгөөд, үүнээс нь хойш Монголчууд түүнийг сошиал орчинд сайн таньдаг болсон. “Би олон нийтэд танигдахыг хүсээгүй. Өөрийнхөө чадах хэмжээнд бага ч гэсэн сайн зүйл хийхийг зорьсон ” хэмээн ярих Димитрий морин хуурыг тун чадмаг тоглож, бас хөөмийлж байлаа. Монголд тавдахь удаагаа ирээд буй түүнтэй болон эхнэр В.Мягмарсүрэнтэй нь ийн хөөрөлдөв.
-Хоёр жилийн өмнө Батсүмбэрт гарсан түймрийг унтраалцах сайн дурын багт оролцсон тань Монголчуудын хувьд содон үзэгдэл болсон. Үүнээс яриагаа эхлэе.
–Сүхбаатарын талбай дээр түймэр унтраалцах сайн дурын хүмүүсийг цуглуулж байхыг хараад очсон. Надад ямар ч галаас хамгаалах хувцас байгаагүй ч гэлээ, оролцохоор шийдэж байв. Хүмүүс, “Маш их аюултай шүү дээ” гэж хэлж байсан ч би явсан. Хэчнээн хэцүү байсан ч үүнийг хийхдээ баяртай байсан. Яг ямар нөхцөл байдал угтаж байгаа талаар ойлголтгүй хэрнээ нэг мэдэхэд л Батсүмбэр явах замд аль хэдийнэ орчихсон байлаа. Хүрээд очтол намайг хараад хүмүүс маш гайхаж угтсан. Миний зургийг аваад сошиал орчинд байршуулж эхэлсэн юм. Ингээд миний фэйсбүүк дээр “гал шатаж” эхэлсэн дээ.
Энэ бол зөвхөн Монголын нэг хэсэг шатаж байгаа асуудал биш. Бүх хувь хүнд л тохиолдож болох байгалийн гамшиг шүү дээ.
-Тэр явдлаас хойш та хоёр удаа Монголд иржээ. Сайн үйл хийхээ зогсоосонгүй. Дөнгөж өчигдөрхөн асрамжийн газрын хүүхдүүдэд тусламж үзүүллээ?
-Түймэр унтраалцсанаас хойш үүнээс илүү юу хийж, тусалж чадах вэ гэж их бодсон. Би Бельгид амьдардаг. Дэлхийн хамгийн чинээлэг орнуудын нэг л дээ. Гудамжинд амьдардаг хүмүүст зориулсан унтах, хоол идэх үнэгүй газруудыг гаргаж өгсөн байдаг. Унтах газаргүй бол төрөөс гаргаж өгсөн байранд байрлаж, үнэгүй хоол идэх боломжтой гэсэн үг. Ядуу ч бай, жуулчид ч бай хууль бус цагаачид ч бай заавал тусламж хүртдэг. Харин энд би үүнийг олж хараагүй.
Анх удаа хүүтэйгээ Монголд ирэхэд ийм тогтолцоо байхгүй, маш олон ядуу хүмүүс байгааг хараад ямар нэг зүйл хийх хэрэгтэй гэж бодсон. Одоо бол жил бүр ирэхдээ сайн үйлс хийнэ гэж төлөвлөж байгаа. Түрүү жил өнчин хүүхэдтэй, буурай амьдралтай эхчүүдэд тусламж үзүүлсэн. Энэ жил асрамжийн газрын хүүхдүүдэд чадах чинээгээр тусаллаа.
Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
Ц.Оюунгэрэл: Оргинал үзмэрээ “Хүннү молл”-д тавиад, “Үлэг гүрвэлийн музей”-гээ татан буулгаж буй ядарсан улс

Үлэг гүрвэлийн төв музейд өчигдөр /2019.07.31/ “Эрт төрмөлийн эрин” нэртэй шинэ танхимын нээлт болохтой зэрэгцэн өнөөдөр /2019.08.01/ тус музей Засгийн газрын тогтоолоор татан буугдаж байна. Ийм нэг логикгүй үйл явдал өрнөв.
Энэ талаар бид Соёл, спорт, аялал жуулчлалын сайд байх үедээ, 2013 онд уг музейг байгуулахад үнэтэй хувь нэмрээ оруулсан Ц.Оюунгэрэлтэй уулзаж ярилцлаа.
-Музейн удирдлага болон төр засгийн шийдвэрүүд хоорондоо ямар ч уялдаагүй нь их хачирхалтай юм. Засгаас музейн удирдлагуудтай зөвшилцөлгүй ийм шийдвэр гаргасан уу? Танд мэдээлэл бий юу?
-Энэ талаар би сайн мэдээлэлгүй байна. Би өчигдөр л /2019.07.30/ Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нарын гаргасан тогтоолыг харлаа. Уг тогтоолыг долоодугаар сарын 03-ны өдрөөр гаргасан байгаа юм. Тэгэхээр наадмын өмнө нь л ийм шийдвэр гарчихсан байж таарах нь.
-Энэ шийдвэр манай улс шиг олон үлэг гүрвэлийн олдвортой оронд хэр зохих шийдвэр вэ? Байгалийн түүхийн музейн нэг секц маягаар ажиллуулна гэж байсан шүү дээ?
-Монгол улс үлэг гүрвэлийн орон л юм бол, үлэг гүрвэлийн олдворуудаараа гоёдог л юм бол, энэ төрлийн баялагтай л юм бол үлэг гүрвэлийн төрөлжсөн музейтэй байх л ёстой. Дэлхийд Монгол улсыг үлэг гүрвэлийн орон гэж ярьдаг юм. Учир нь нэгдүгээрт манай үлэг гүрвэлийн олдворууд багтахгүй. Хоёрдугаарт, өөр музейтэй холиод нийлүүлчихээр ач холбогдол нь буурна. Үлэг гүрвэлийн төв музей гэж тусгайлан байгуулж байсан учир нь багтахгүй гэх өмнө хэлсэн шалтгаан, хоёрдугаарт төв музей байж байж л салбар музейнүүдтэй үзэсгэлэнгээ солилцож байх ёстой. Монголын үлэг гүрвэлийн музей Дундговьд ч, Өмнөговьд ч, Улаанбаатарт ч, Баянхонгорт ч байх ёстой юм. Энэ бүх салбарууд нэгдсэн бодлого тооцооллоор нэгдсэн музейдээ харьяалагдаж явах ёстой гэх философиор байгуулж байв. Гэтэл одоо философи алдагдаж, үлэг гүрвэлийг баялагт тооцохгүй, зүгээр л Байгалийн түүхийн музейн нэг хэсэг мэт болговол бусад олдворуудаа хаана байлгах вэ гэх асуудал үүсч буй. Олдворуудаа байрлуулах газаргүй, музейгүй байвал тэр үлэг гүрвэлийн үнэт олдворууд ямар гараар орох нь ойлгомжтой. Үлэг гүрвэлийн энэ музей байгуулагдахаас өмнө Монголд үлэг гүрвэлийн олдвор байж л байсан, гэхдээ музейд харьяалалтай нэг ч үлэг гүрвэл байгаагүй гээд л та бүхэн бодоод үз. Одоо л энэ музейн ачаар үлэг гүрвэл бүртгэгдэж, улсад данстай болж, улсын сан хөмрөгт орж байгаа юм шүү дээ. Гэтэл одоо үүнийг нь татан буулгана. Төр маш буруу шийдвэр гаргалаа.
Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
Кувейтын ханхүү айлчлан ирэхтэй холбоотой ТАШАА МЭДЭЭЛЛҮҮД тархжээ

Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт Уртын голын адаг хавьцаа олон контейнер майхан авчраад газар ухаад байна гэсэн мэдээлэл нутгийн иргэдийн дунд тархаж, зарим иргэд хууль бус үйл ажиллагаа хийж байна хэмээн сэрдэх болжээ.
Харин Гүрэнт Монгол хөдөлгөөний зүгээс иргэдийн гомдлын дагуу очиж албан ёсны шалгалт хийсэн байна. Үүнд,
“Кувейтын ханхүү 4 хоног амрах гэнэ. Одоогоор бэлтгэл ажил нь явагдаж байгаа юм байна. Албан ёсны зөвшөөрөл нь гараагүй байгаа, гарахаар нь сумын удирдлагуудтай гэрээ хийж ард иргэдэд мэдээлэл өгнө гэнэ. Бохироо шийдэх хааш хаашаа метр 50-60 см гүнтэй нүх ухсан байна. Контейнеруудыг нь бүгдийг онгойлгож үзлээ майхан ахуйн бараа материалууд байна. Асар баян орны ханхүү тансаг явдаг тэр бүхнийг тохижуулах майхан сав аж ахуйн бараа байна бүх контенерыг нь онгойлгож үзсэн. Ямар нэг хууль бус зүйл мэдэгдээгүй зөвшөөрөл нь гарахаар сумын удирдлагуудтай гэрээ хийж, ард иргэдтэй уулзана гэдгээ хэллээ” хэмээн тухайн газрын эргэн тойрны бичлэгийн хамт цахим сүлжээнд байршуулжээ.
Гэвч иргэдэд энэхүү мэдээлэл хангалттай хүрч чадаагүй бөгөөд засаг дарга болон холбогдох хүмүүсээс илүү дэлгэрэнгүй тодруулахыг хүсжээ. Ийнхүү бид тус хөдөлгөөнийг ахалж Эрдэнэсант сумын Уртын голын адагт очиж нөхцөл байдалтай танилцсан Д.Мягмарсүрэн болон тус сумын засаг даргаас дараах тодруулгыг авсан юм.
Төв аймгийн Эрдэнэсант сумын Засаг дарга н.Машбаяр:
-Иргэдийн дунд Уртын голын адагт газар ухаад байна гэсэн мэдээлэл тархаж, иргэд янз бүрийн хандлагатай байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Одоогоор надад тодорхой мэдээлэл бол алга. Иргэдээс энэ мэдээллийг сонссон даруй аймгын удирдлагууд зохих газар нь мэдэгдсэн. Холбогдох яамнаас хүн ярьж “Кувейтын ханхүү айлчилна. Манай улстай гэрээтэй, айлчлахын тулд 14 хоног бэлтгэл ажлаа хийдэг. Тэр хавиасаа гарахгүй бэлтгэлээ хангаад буцах тул ажилд нь саад болохгүй ч хяналтаа тавьж байгаарай” хэмээн холбоо барьсан. Үүний дагуу бид өдөр бүр хяналт тавьж ажиллаж байна.
-Нөхцөл байдал ямар байна вэ?
-Хүмүүс их гүн нүх ухлаа гэсэн ташаа мэдээлэлтэй байна. Газар дээр нь очиж үзэхэд хааш хааш 30 см орчим гүнзгий душний ухсан байна. 33 орчим Контенер дотор ч мөн ахуйн зүйлүүд л байсан. Мөн амрах томхон тент маягийн дөрвөлжин майхан босгосон харагдсан.
Тодруулгыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
ТОДРУУЛГА: “CU” ямар шалтгаанаар ариун цэврийн өрөөгөө түгжих болов
ТОДРУУЛГА: “CU” ямар шалтгаанаар ариун цэврийн өрөөгөө түгжих болов

Сайн байна уу? тавтай морилно уу? хэмээн угтдаг үйлчилгээний газрууд Монголд тэр бүр байдаггүй. Цэвэрхэн орчинд аюулгүй хүнс хэрэглэхийг хэн хүнгүй хүсдэг. БНСУ-аас орж ирсэн “CU” конвениенс гэх дэлгүүр нь манай улсад сүлжээ дэлгүүрийн соёлыг түгээн дэлгэрүүлэхээр ажиллаад нэг жил болж байна. Уг дэлгүүр 28 жилийн түүхтэй, одоогоор олон улсад нийт 13,000 гаруй салбартай аж. CU гэдэг нь “Convenience store for You” буюу “ая тухтай дэлгүүрийг танд гэсэн” үгийн товчлол гэнэ. Түргэн хоол, хүнсний бүтээгдэхүүн, гоо сайхны бараа зэрэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэдэг. Үйлчилгээний соёл, бараа бүтээгдэхүүн, найрсаг зан, 24 цаг тасралтгүй ажилладаг зэргээрээ олны талархлыг хүлээгээд байсан.
Гэвч сүүлийн үед 16 нас хүрээгүй хүүхдэд бэлэн гоймон зарахгүй гэсэн хэдий ч дунд ангийн дүрэмт хувцастай хүүхдэд бэлэн гоймон зардаг, согтууруулах төрлийн бүтээгдэхүүн худалдаалж байна, ариун цэврийн өрөөг зөвхөн бараа авсан баримтаа худалдагчид үзүүлж, түлхүүр аван үйлчлүүлэх болсон зэрэг сөрөг үнэлгээ аваад байгаа юм.
Нийслэлд худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журмын 8.1.5-д “худалдаа, үйлчилгээний газар нь нийтийн бие засах газар, ариун цэврийн өрөөгөөр иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх үүрэгтэй ” гэж заасан байдаг. Үйлчилгээ эрхлэж нийтлэг журмыг зөрчсөн гэж харж болох боловч, зарим соёлгүй иргэд үйлчилгээний газруудын ариун цэврийн өрөөг хэт их бохирдуулж буйг үгүйсгэх аргагүй.
Энэ талаар бид “CU” сүлжээ дэлгүүрийн холбогдох албаны хүнээс дараах тодруулгыг авлаа. Тэрбээр “Манайх дотооддоо ярилцаж тохиролцоод уг шийдвэрийг гаргасан. Худалдан авалт хийсэн үйлчлүүлэгчид ажилтанд баримтаа үзүүлэн, ариун цэврийн өрөөний түлхүүр авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй ” гэлээ.
Тодруулгыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
CNN: Монголын ерөнхийлөгч ноолуур ярьж, Трамп мориндоо нэр өгөв

Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга АНУ-д айлчилж, тус улсын ерөнхийлөгч Доналд Трамптай стратегийн чухал уулзалт хийгээд буй. Америкийн тэргүүлэх хэвлэлийн агентлаг CNN эл явдлыг хэрхэн тоймлов?
-ТРАМП БЭЛГИЙН МОРИНДОО НЭР ХАЙРЛАСАН НЬ-
Монголын удирдагч энэ лхагва гарагт Цагаан ордноо айлчилж ахуйд, Доналд Трамп хүү Барроныхоо шинэхэн бэлгэнд өгсөн нэрийг олонд дэлгэхээр тэмүүлэв. Өнгөрсөн сард Х.Баттулгын бэлгэ тэмдгийн чанартайгаар бэлэглэсэн бага ясны морийг Трампын 13 настай хүү хараахан өөрийн болгож аваагүй байгаа юм.
Гэсэн хэдий ч, Х.Баттулга Америкад газардмагцаа бэлгийн моринд нь нэр өгсөн эсэхийг мэдэх ихээхэн хүсэлтэй байсан нь илэрхий. Доналд Трампын хэлснээр мөнөөх морь “Ялалт” хэмээх нэр авчээ.
“Та нар морины маань зургийг харсан уу?” гэж Трамп асуугаад залгуулан, “Үзэсгэлэнтэй” гэж хэлсэн юм.
Морь гэдэг эл орны бэлгэ тэмдэг болсон амьтан, хүн амаасаа илүү тооны морьтой улс. Домогт Чингис хаан морь унан байлддаг байснаараа алдартай. Тэдний эцэг өвгөд морио унаад зуун гаран жилийн өмнө манай оронд айлчилж байсан түүх бий.
Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
БАГЦАЛСАН: ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.