Ярилцлага

Англи хэлний 26 цагийг “50-тын хүрд”-д багтаан ХЯЛБАРШУУЛСАН Ц.Майдар багштай ярилцлаа

Англи хэлний 26 цагийг хялбар аргаар суралцах хүснэгт болох “50-тын хүрд”-ийг бүтээсэн, сэтгүүлч, орчуулагч Ц.Майдартай ярилцлаа. Хүн бүр төдийлөн мэддэггүй түүний хэл сурах сонихон аргачлал цаасан дээр буугаад даруй 10 жил өнгөрчээ. НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар ажиллаж байсан Ц.Майдар карьер, амжилтын араас хөөцөлдөхийн оронд “50-тын хүрд”-ээ улам боловсронгуй болгон хөдөлмөрлөж, эгэл даруухнаар англи хэл заан амьдарч байна. Хийж бүтээх өрнүүн хүсэлтэй түүний сонирхолтой яриаг уншаарай.

-АНГЛИ ХЭЛНИЙ ЦАГУУДЫГ МАТЕМАТИК ХЭЛБЭРТ ОРУУЛБАЛ СУРАЛЦАХ ХУРД НЭМЭГДДЭГ-

-Таны зохиосон “50т-ын хүрд” гэж яг юу юм бэ? Үүнээс яриагаа эхэлье.

-Англи хэлэнд 16 актив, 10 пассив нийлээд 26 цаг байдаг. Үүнийг өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт өөр өөр өнгөөр ялгаж “50т-ын хүрд”-ийг бүтээсэн гэж ойлгож болно. Эрт дээр үед монгол хэлтэй хамт турк, манж гэх мэт хэлнүүд зэрэгцэн ашиглагдаж байсан гэдэг. Тэдгээр хэлнүүдэд дүрмийн хүснэгт байдаггүй. Харин монгол, англи хэлийг хамтад нь дүрмийн хүснэгтэд оруулж өгсөн нь үүний онцлог. Монгол хэлний өгүүлбэрүүдийн төрлийг яаж ангилах вэ гэсэн шинэ аргачлал. Зөвхөн англи хэл дээр ашиглагдах биш, бусад хэлийг сурахад ч ерөнхий санааг нь ашиглаж болно.

Энэ хүснэгтийн тусламжтай англи хэлний ямар өгүүлбэр, монгол хэлний яг ямар өгүүлбэртэй таарах вэ гэдэг нь гарч ирэх боломжтой болдог.

-Хүснэгт бүрт оноосон тоонууд харагдаж байна?

-Аливаа зүйл дээд шатанд гаръя гэвэл математик хэлбэрийг олох хэрэгтэй болдог. Тэр утгаараа англи хэлний дүрмийг тоон хэлбэрт оруулж сурвал хялбар гэсэн санаа. Жишээ нь Present Simple цагийг “энгийн одоо цаг” гэж орчуулж, хэрэглэдэг. Гэтэл үнэндээ тийм ч энгийн биш байгаа юм. /инээв. Сурв/ Perfect цагуудыг “төгс” гээд явбал, бусад нь төгс биш болчихно. Эдгээр бол Дорж, Дулмаа гэдэг шиг оноож өгсөн нэр. Тиймээс “энгийн одоо, үргэлжилсэн, төгс...” гэх мэт нэрүүдийн оронд тоон код ороод ирэхээр сурах хурд нэмэгддэг. Морьтой давхиж байсан бол онгоцонд суугаад нисэхтэй адил.

-Англи хэлний цагуудыг математик хэлбэрт оруулснаар суралцах хурд нэмэгддэг гэж та үзэж байна уу?

-Тийм. ШУТИС-ийн нэг багш “20 жил толгой эргүүлсэн юмыг хоёр хоногт ойлголоо” гэж байсан. Хүмүүс ойлгосон ойлгоогүйн хооронд яваад л байдаг. Өөрөө хүснэгт хийж, зурж бичээд л. “50т-ын хүрд”-ийг арваад жил сайжруулж боловсруулсны эцэст өнгөрсөн жил зургаа дахь хэвлэл нь гараад байна.

-Хүснэгтийг ямар аргачлалаар ашиглах талаар товчхон тайлбарлаж өгнө үү?

-Таван шат дамжина гэж ойлгож болно. Эхлээд хүснэгтээс актив, пассив цагуудаа ялгаж харна. Хоёрт нь, өнгөө гаргах буюу өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагуудаа тодорхойлно. Гуравт нь, тухайн цагт тохирох монгол үйл үгийг төгсгөлөө харна /present simple цагт ...даг4 гэх мэт/. Үйл үгийг төгсгөлөөр кодоо олдог. Үүний дараа  хүснэгтэд хавсралт хэлбэрээр оруулсан “чиглүүлэгч үг”-ийг ашиглан эцсийн томъёогоо гаргаж авна.

-Та “50-тын хүрд” бүтээх санааг анх хэзээ олж байсан бэ?

-Би 80-аад оны үед МОНЦАМЭ-д ажилладаг байв. Тэр үед улстөрийн товчоо, Ю.Цэдэнбал дарга нараас гаргасан мэдэгдлийн орчуулга Гадаад явдлын яам, МОНЦАМЭ хоёрт очдог байсан. Алдаа гаргаж болохгүй хариуцлагатай ажил учир монгол хэлний яг ямар өгүүлбэр англи хэлний ямар өгүүлбэртэй таарах вэ гэсэн тулгалт хийх хэрэгтэй болж ирсэн. Энэ тулгалтыг яв цав гаргах гэж хичээж, дүрэм судалж явсаар өнөөдрийг хүрсэн. Анхны санаа нь ингээд 30-аад жил болчихож байгаа юм. Харин яг ийм хүснэгт бүтээхээр зорин сууж эхлээд арав гаруй жил. Эхний ном 2007 онд гарсан.

-НОМЫН ДЭЛГҮҮРТ ТАВИХААР ХҮМҮҮС ХУДАЛДАЖ АВДАГГҮЙ-

-Яриан дээр суурилж явагддаг ихэнхи сургалтын хөтөлбөрүүдээс өөр чиглэлтэй байна гэж харж байна.

-Сургалтын төвүүд “Манайх гадаад багштай” гэж сурталчилгаа хийдэг шүү дээ. Хэл нь өөрөө Англи, Америкийнх учраас тэндээс ирсэн багш нар хичээл заана гэвэл хүмүүс сонирхох нь аргагүй. Гэтэл америк багш дүрэм заана гэхээр болохоо байчихна. Монгол хэлний дүрмийг эх хэлнийхээ дүрэмтэй тулгаж чадахуйц хэмжээнд эзэмшээгүй хүмүүс учраас мэдэхгүй нь мэдэхгүйдээ хичээл зааж байгаа хэрэг болно. /инээв. Сурв/

Нөгөөтэйгүүр англи хэл сурах гэж орон орноос хүмүүс цуглаад нэг өрөөнд суучихсан нөхцөлд тэдэнд дүрэм ойлгуулах хэцүү. Тиймээс англи хэлтнүүд тактик ашиглаж, “Дүрэм үзээд хэрэггүй ээ. Хүүхэд хэлд  ордогтой адил нэг мэдэхэд л яриад эхэлнэ” гэсэн мессежийг өгч эхэлдэг. Ингээд сурах бичгүүдээ дүрэмд суурилж биш, диалог буюу харилцан ярианууд дээр суурилж бүтээдэг болсон. Headway, Longman гэх мэт нэртэй сурах бичгүүд бүгд битүү харилцан яриануудтай.Тэгээд хоёр хуудас яваад, “За, энэ бол Present Simple”, гурван хуудас яваад “Энэ бол Present Continuous” гэсэн тайлбартай хийгддэг. Ерөнхий том зураглалаа ойлгоогүй хүн ингэж жижгээс том руу суралцах боломжгүй л дээ. Мөн цаг хугацааны хувьд долоо хоногт нэг цагийг үзлээ гэхэд л жил дуусчихна.

-Таныг “50-тын хүрд”-ээрээ сургалт явуулдаг гэж сонссон. Хэд хоногийн сургалт өгдөг вэ?

-Сургалт хоёр долоо хоногт нэг удаа, таван хоногийн хугацаатай явагддаг. Энэ хүснэгтийг яаж ашиглах аргачлалыг зааж өгдөг. Англи хэлний бүх цагуудын дүрмийн учрыг ойлгоод гарах боломжтой. Үүнээс цааш суралцагч өөрөө сар гаруйн хугацаанд сайн давтлага хийх хэрэгтэй. Багшилна гэдэг өөрөө сурахын нэр юм шиг байна билээ. Creative Gallery гэдэг газар заалаа гаргаад миний маркетингийг хийж өгч тусалдаг юм. Би өөрөө бол чадахгүй юм билээ.

Номоо дэлгүүрт тавихаар хүмүүс учрыг нь сайн олдоггүй байх, худалдаж авдаггүй.

-Та ямар мэргэжилтэй хүн юм бэ? Өөрөө англи хэлийг сурч байсан түүхээсээ хуваалцаач?

-Би сэтгүүлч. Ажлын гараагаа МОНЦАМЭ агентлагаас эхэлсэн. Дараа нь НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар ажилласан. Зах зээлийн үед ногоочин болсон /инээв. Сурв/. Москвад Олон улсын харилцааны сургууль төгссөн. Намайг төгсөж байхад Сү.Батболд зэрэг өдгөө улстөрд гараад буй залуучууд ирж байсан. Таван жил англи хэл үзээд ирсэн боловч МОНЦАМЭ-д ажилд ороод би орчуулга хийж чадахгүй байсан. Ингээд дүрэм судалж гарсан даа.

Оросууд дайны үед гадаад хэлний сурах бичгүүдээ яг дүрэмд суурилж хийдэг байсан нь харагддаг. Яваандаа Англи, Америк жишгийг дагаад харилцан яриатай номууд ихэвчлэн хийгддэг болсон.

-Дүрэм голчилсон арга барил байна. Гэтэл өнөөдөр ихэнхи сургалтууд дүрэм голчлохоо больсон. Ер нь гадаад хэл сурахад юу чухал юм бэ?

-Дүрэм бол байшингаар яс мод нь юм уу даа. Миний “50-тын хүрд” хүмүүст англи хэл сурах дүрмийн суурийг нь л сайн тавьж өгч байгаа юм.

Хүмүүс дуудлаганд их анхаараад байдаг. Би 1980 оны эхээр Ази номхон далайн орнуудын хэвлэл мэдээллийн агентлагуудын хуралд анх удаа оролцож үзсэн юм. Тухайн үед МОНЦАМЭ-ийн дарга Д.Чимэддорж гэж хүн байв. Хуучин худалдааны танхим байсан өндөр байшингийн дугуй танхимд хурал болж, бид нар наана цаагуур гүйлдээд л. Тэгтэл нэг хүн монголоор юм яриад байх шиг байна аа. Сонсоод байхнээ монгол биш ч юм шиг. Үүдэнд очоод чагнатал Д.Чимэддорж гуай хурлын нээлтийн үгээ англи хэл дээр, гэхдээ маш тод монгол аялгаар уншиж байсан. Тэр их сайхан санагдсан. Нөгөө хүнд ойлгогдож л байвал өөрийнхөө аялгыг хадгалж ярих нь зөв юм билээ.

Франц хүмүүс англиар хэзээ ч цэвэр ярихгүй гэж боддог. “Би франц хүн” гэдгээ илэрхийлж байна. Дүрмийн алдаа бол гаргахгүй, хэрэв тэгвэл мэдэхгүй гэсэн ойлголт болно. “Би танай хэлийг мэднэ, гэхдээ би тийм үндэстэн” гэдгээ харуулж байх хэрэгтэй. Иймээс хэл сурахын тулд дуудлага дээр ичиж зовох шаардлагагүй гэж боддог.

Харин үгийн сангийн хувьд дор хаяж хоёр, гурван жил хэрэгтэй байгаа юм. Олон үгийг дан дангаар нь цээжлэхээр дараа нь өгүүлбэр болгож хэрэглэхэд төвөгтэй болдог. Тийм учраас өгүүлбэр, өгүүлбэрээр цээжилбэл зүгээр. Миний үгсийн сан нэмэгдүүлэхэд зориулсан хошин харилцан ярианы ном бий. Түүн дээр уг аргачлалыг ашигласан.

-“50-ТЫН ХҮРД”-ЭЭ ДУУСГАХ ГЭЖ АМЕРИКААС ИРСЭН-

-Танд гадны оронд амьдарч байсан туршлага бий юу?

-Би АНУ-д бараг зургаан жил болсон. Америкийн төрийн албанд орох гээд шалгалт өгсөн юм. Нэгхэн оноо дутаад, шалгалт авч байсан залуу “Долоо хоногийн дараа 400 доллар төлөөд шалгалтаа дахиад өгч болно” гэж байв. Би ирэх үү, байх уу гэж их бодсон. Дахиж өгөөд тэнцээд орчихвол энэ хийж эхэлсэн “50-тын хүрд” гэх мэт зүйлс маань орхигдох гээд байсан. Тэгээд дахиж очоогүй, монгол руугаа ирсэн дээ.

-АНУ-ын төрийн албаны ажилтан болох боломжоо хүртэл хойш нь тавиад энэ ажилдаа шамдаж ирсний зорилго нь юундаа юм бэ?

-Монгол улс түүхэн цаг хугацааны хувьд 50, 60-аад оноос л хөгжиж эхэлсэн юм шиг байна лээ. Саяхан нэг ном үзэж суутал, 1940 онд Монголд дээд боловсролтой гуравхан хүн байсан аж. Сонин байгаа биз? Тэгээд Ю.Цэдэнбал гуай ид дайн болж байх үед их сургууль байгуулах ажлыг идэвхийлэн хийж байсан. Дэлхийн ард түмэн үхэх, сэхэхээ мэдэхгүй байлдаж байхад Монголд их сургууль босч байсан байгаа юм. Ийнхүү орос хэл маш хүчтэй нэвтэрч, дэлхийн мэдлэгийн сан асгарч байгаа юм шиг л орж ирсэн. Гэтэл ардчилал гараад том ангал үүссэн.

Өмнөд Солонгос өнөөдөр маш өндөр хөгжилтэй оронд тооцогдоно. Бүх номыг эх хэл дээрээ орчуулаад хадгалах бүрэн потенциал тэнд бий шүү дээ. Гэтэл жилээс жилд их сургуулиудынхаа хөтөлбөрийг англи хэл рүү шилжүүлээд байна.

Улс орны хөгжлийн хурдыг нэмэгдүүлье гэвэл манайхан бүгд л англи бичгийн хэлтэй болох хэрэгтэй. Ярьж чаддаг ч, бичиж чаддаггүй бол том асуудал. Хэдийгээр хөгжилд мөнгөний урсгал чухал ч, бидэнд боловсрол дутаад байна.

Би өөртөө уншаад, суралцаад явж болно. Гэвч хүмүүст англи хэлний дүрмийг цаг алдалгүй, богино хугацаанд сурах аргачлалаа зааж өгөх юмсан гэж зориод л өдийг хүрсэн.

-“Энийг нэг өөрчилчихвөл...” гэж бодож явдаг зүйл бий юу?

-Боловсролын яамны удирдлага маш олон солигдсоныг бид мэдэж байгаа. Ямар ч сайд гарч ирсэн, гадаад хэл хэрэгтэй шүү гэсэн ойлголт байдаггүй. Тэр л их хэцүү байдаг. 21-р зууны хурдыг мэдрэхгүй байна. 20-р зуунд сайхан машин, жип унаад явдаг байсан бол одоо онгоцоор нисэх зуун. Хурдаа мэдрэхгүй, хурдлах аргаа олохгүй түчигнээд л явж байна гэж хардаг.

Гадаадын компаниудтай томоохон төсөл, хөтөлбөрүүд дээр ажиллахдаа гэрээний англи хэл дээрх эхтэй өөрсдөө танилцаж чаддаггүй, таг харанхуй ордог. Зах зээл рүү ч тэгж орсон. Тухайн үед ардчиллыг удирдаж байсан хүмүүс санхүү эдийн засгийн ямар ч мэдлэггүйгээр, нэг ном уншаад л орсон гэж ярьдаг. Тэгэхээр алдаа гаралгүй яах вэ? Интернэт хурдтай хөгжиж байгаа өнөө цагт бид аль болох алдаа гаргахгүй байхыг л хичээх хэрэгтэй.

-ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД АНГЛИ ХЭЛИЙГ ТООДОГГҮЙ-

-Өөрийгөө “Англи хэлний дүрмийг математик хэлбэрт оруулсан, монголд анхдагч” гэх мэтээр үнэлж, онгирч явсан үе танд бий юу?

-Өө, би тийм юм сонирхдоггүй хүн л дээ. Менделев байгаль дээрх үзэгдлийг судалж үелэх системээ зохиосон. Төмөр, зэс, хром гээд зуу гаруй элементүүд байгаль дээр байгаа зүйлс. Байгаль дээр оршиж байгаа зүй тогтлыг нь мань хүн анзаараад цаасан дээр буулгачихсан. Тэгтэл байгаль дээрх юмсын хууль, зүй тогтол олон байна гэж байхгүй, ганц л бий. Байгаа ганц юмыг нь цаасан дээр буулгачхаар өөр хүн үелэх системийг нээх боломжгүй болчихож байгаа юм. Нэгэнт нээгдчихсэн зүйлд хоёр дахь боломж гэж байхгүй.

Үүний адил англи хэлийг хэн зохиосон бэ гэвэл, арван мянган жилийн өмнө модны мөчир дээр сууж байсан өвөө нар байх. Самар цөмөөд л. Нэгэнт хүн зохиосон учраас обьектив шинж чанартай. Нэгэнт учрыг нь олоод загварчилчихвал дахин давтагдах боломжгүй.

Англи хэлний ерөнхий дүрмийг ингэж математик загварчлалд оруулахаар, Англи, Америкийн доктор профессоруудад, “Танай хэл чинь ийм юм байна шүү дээ” гэж хэлэх боломжтой болж байгаа юм. Хүмүүс онгирч байна гэж бодож магадгүй.

-Таны төлөвлөж буй хамгийн ойрын зорилго тань юу байна вэ?

-Эмч нар, инженерүүд, яам тамгын газрынхан гэх мэт чухал хүмүүсийг “Англи хэл сурахад анхаараач ээ” гэж хэлмээр санагддаг юм. Би арваад жил хөөцөлдөөд бүтэхгүй байгаа. Удирдлагуудтай нь уулзаж чадахгүй, уулзсан ч, “Өө яахав, болно биз” гэсэн маягтай л ханддаг. Англи хэл хэрэгтэй гэсэн ойлголт төрийн албан байгууллагуудад төрөхгүй байна. Хүүхдүүдэд ч бас гадаад хэлийг эрт зааж эхлэх хэрэгтэй. Тавдугаар ангиас нь эхэлж заана гэдэг өвгөн болсон хүнд зааж буйгаас ялгаагүй.

-Магадгүй сэтгүүлч, эсвэл орчуулагч хийхийн оронд өнөөдөр “50-тын хүрд”-ээ амьдралынхаа утга учир болгож яваа шалтгаан сонин санагдаж байна. Өөр зүйл хийхийг хүсэж байсан үе бий юу?

-Радио зохион бүтээе гэвэл нэг, хоёр өдрийн дотор хийчихгүй шүү дээ. Цогц систем бүтээх гэж зүтгээд л, зарим нэг зүйл нь санаанд хүрэхгүй сайжруулах гэж хөдөлмөрлөсөөр л цаг хугацаа их явж дээ. Онгодыг “За одоо хөдлөөрэй” гээд түлхүүр эргүүлэх боломжгүй шүү дээ.

Ажлынхаа хажуугаар, хагас бүтэнсайнд үүнийгээ хийгээч гэж надад олон хүн хэлж байсан. Онгод нь ажлын өдөр хөдөлчихвөл тэгээд л хэцүүднэ шүү дээ /инээв. Сурв/ Автобусны мөнгөгүй, гудамж метрлээд л явж байсан үе олон. Тэгэхэд, “Чи энд юугаа хийж яваа юм бэ? Америк явахгүй яасан юм. Чамд зөндөө боломж байгаа шүү дээ. Ямар сонин хүн бэ?” гэж найз нөхөд маань зөндөө хэлдэг. Миний хийсэн ажил өнөөдөр ингэж системээ олон бүрэлдсэн байна гэдэг өөрөө азны тохиолдол. 99 хувь ингэхгүй ч байж болох байсан.

-Англи хэл сурах хүсэлтэй олон залууст хандаж та юу хэлмээр байна вэ?

-Ер нь аливаа зүйлийг суръя гэвэл бүхлээр нь хардаг байх хэрэгтэй. Эхлээд том зүйлээ хараад, түүнээсээ салбарлаад явдаг. Англи хэлний хувьд дүрэм үзэхээс халширч болохгүй. Хоббигоо болговол Puzzle тоглоом шиг сонирхолтой зүйл шүү дээ. Миний “50-тын хүрд” нэг өгүүлбэрийг яаж 50 хувиргаж болохыг заана. Нэг өгүүлбэрийг 50 хувиргаад сурчихвал цаана нь 1000 өгүүлбэр яг адилхан хялбар болно.

Мөн англи хэл дээр гардаг Mongol Messenger сонинтой үй зайгүй нөхөрлөх хэрэгтэй. Ярианы орчингүй нөхцөлд хамгийн сайн сурах бичиг болно. 7 хоногт нэг дугаар 8 нүүрээр гарах учир өглөө босоод л нүүр гараа угаадаг шиг нэг нүүр унших дадалтай болчихвол үгийн сан шиврээ бороо аятай орж ирсээр, жилийн дараа гэхэд далай мэт ихээр хураагдаад хуримтлагдаад ирнэ. Хүмүүст угаасаа л мэдээ мэдээлэл шаардлагатай. Харин үүнийхээ нэг хэсгийг англиар олж авдаг болно

-Ярилцсанд баярлалаа.

Ц.Майдартай холбоо барих дугаар: 99708015

М.ТЭНГИС

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ч.ОТГОНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бэгзсүрэн
Бэгзсүрэн
2019-08-03 12:41

Бүтээлч урлан Creative Gallery-н бүтээлч багш, сург�##�тыг дэмжсэн Түрээсгүй танхим үйлчилгээнд Ц.Майдар багш, түүний 50-тын хүрд аргачл�##�ын сург�##�т багтсанд бид баяртай байна.
Сург�##�тын танилцуулга, хөтөлбөрийг фасебуукын Oxford клуб, CareerTo Code хуудаснуудаас дэлгэрэнгүйгээр уншиж танилцаарай.

Холбоотой мэдээ

Back to top button