Халдвар авсан иргэний утсыг хурааснаас гэр бүлтэйгээ ярьж чадалгүй амьсгал хураасан уу

Сүүлийн нэг сарын хугацаанд коронавирусийн халдвараар халдварлах иргэдийн тоо нэмэгдэж, өдөрт 1000-аас буухаа болив. Үүнийг дагаад цэл залуухан 20 настан хүртэл өвчний өмнө эрхгүй өвдөг сөхөрч бурхан болсн тохиолдол гарав. Анхандаа архаг суурь өвчтэй, өндөр настнууд хүнд өвдөж, амьсгал хурааж байна гэгдсэн ч цар тахал нас, хүйс ялгахгүй авч явсаар байгааг хожмын олон жишээнүүд харууллаа.
-ӨВЧТӨНИЙХӨӨ ГАР УТСЫГ ХУРААЖ, БИЕИЙН БАЙДЛЫГ ХЭЛЭХГҮЙ БАЙСААР АМЬСГАЛ ХУРААСНЫХ НЬ ДАРАА МЭДЭЭ ДУУЛГАЖЭЭ-
Түүнчлэн хөнгөн шинж тэмдэгтэй байсан зарим иргэд онош батлагдсанаас 2-3 хоногт өвчин нь хүндэрч, эрчимт эмчилгээнд ороод удалгүй амьсгал хурааж буйг эмч, мэргэжилтнүүд хэлж байв. Гэвч сүүлийн хэдэн өдөр цахим орчинд "Зарим эмч мэргэжилтнүүд хүнд өвчтөнүүддээ анхаарахгүй сул орхисноос өвчин даамжирч нас барсан” гэх мэдээлэл.
Түүнчлэн эмнэлэгт хэвтсэн өвчтөнийхөө гар утсыг хурааж аван, биеийн байдлыг ар гэрт нь танилцуулаагүй хэр нь амьсгал хураасных нь дараа харамсалтай мэдээг дуулгасан гэх. Тухайн мэдээллийг цахим орчинд байршуулсан иргэн:
"Яагаад эмнэлэгт хэвтсэн хүний утсыг нь хураагаад байгаа юм бол. Хэвтсэнээс нь хойш холбоо барьж, хүнийхээ биеийн байдлыг мэдэж чадахгүй байсаар танил эгч маань эгчээ ковидоор алджээ. Эмч, сувилагч, эмнэлэг аль нь ч утсаа авахгүй байснаа "Хүн чинь өнгөрчихлөө” гэсэн байна. Гэрт нь асардаг байж гэж байна. Төрийн албанд ковидоос хойш цаг наргүй, амралтгүй бүтэн жил ажиллаад бурхан болчихлоо. Гомдолтой байна гээд уйлаад байна” хэмээн бичсэн юм.
Бид тухайн мэдээг байршуулсан иргэнтэй холбогдоход:
"Танилын эгч нь нас барсныг дуулаад эмгэнэл илэрхийлсэн юм. Ар гэрт нь маш хүнд байгаа. Хэвлэлд яриа өгөх ухаангүй, уйлаад байсан” гэв.
Үнэхээр эмнэлэг өвчтөнийхөө утсыг хурааж аван, биеийн байдлыг ар гэрт танилцуулахгүй явсаар өвчтөн нас барсан бол харамсалтай. Дээр нь энгийн нэг өвчин бус цар тахлаар нас барсан учир талийгаачийн ар гэр хожимдсон ч гэсэн бурхан болоочоо жам ёсоор нь үдэж чадахгүй. Хэдийгээр эмч мэргэжилтнүүддээ бурууг өгөхийг хүсээгүй ч, тухайн кэйс үнэн байгаад өдөрт бүртгэгдэх нас баралтуудын цаана энэ мэт түүхүүд давтагдсаар байх юм биш биз.
Иймд бид мэдээллийг тодруулах үүднээс талийгаачийн төрсөн дүүтэй цахимаар холбогдоход "Мэдээлэл өгөхөөс татгалзсан” юм. Талийгаачаа харамсалтай байдлаар алдсан гэрийнхэн нь магадгүй хэвлэлд ам нээх ч тэнхэлгүй байгаа болов уу.
-КЛИНИКИЙН НЭГДСЭН ГУРАВДУГААР ЭМНЭЛЭГ: ТАЛИЙГААЧИЙН ГАР УТАС ХУРААСАН, ГЭРИЙНХЭНД МЭДЭЭЛЭЛ ӨГӨӨГҮЙ ГЭДЭГ ХУДАЛ-
Бид олсон мэдээллийн дагуу тухайн талийгаачийн хэвтэн эмчлүүлж байсан гэх Клиникийн Нэгдсэн гуравдугаар эмнэлгээс тодруулга авлаа.
"Тухайн иргэн Нэгдсэн эмнэлгээс манай эмнэлэг рүү шилжиж ирсэн. Өөрөө амьсгалын аппараттай биеийн байдал хүнд байсан учир мэдээж гар утас оролдох боломжгүй. Дээр нь тухайн иргэн коронавирусийн халдвартай, улаан бүсэд эмчилгээ хийлгэж байсан учир ар гэрийнхнийг дотогш нэвтрүүлж, уулзуулах боломжгүй юм. Хариуцан эмчилж байсан эмчээс асуухад, "Талийгаачийг хэвтэн эмчлүүлж байх хугацаанд ар гэрийнхэнтэй нь тогтмол холбоо барьж байсан” гэж хэлсэн. Мөн нас барсных нь дараа эд зүйлийг нь ар гэрт нь хүлээлгэн өгөхдөө уулзсан. Тэгэхэд ар гэрийнх нь зүгээс эмнэлэгт ямар нэг гомдол санал ирүүлээгүй” гэж хэлсэн. Хэрэв шаардлагатай бол ар гэрээс нь хариуцсан эмчтэй нь уулзаж болно. Гар утас хураасан, ар гэрийнхэнд мэдээлэл өгөөгүй, холбоо бариагүй гэдэг ташаа мэдээлэл” хэмээх хариултыг өгөв.
ЭХ СУРВАЛЖИЙН МЭДЭЭЛСНЭЭР: Тухайн иргэн коронавирусийн онош батлагдсанаас хойш 10 орчим өдөр эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн гэх бөгөөд эмнэлэгт анх ирэхдээ биеийн байдал харьцангуй сайн байжээ. Охиноо нас барсныг дуулсан талийгаачийн өндөр настай ээжийнх нь сэтгэл санаа хүнд байгаа гэв.
ТӨГСГӨЛИЙН ОРОНД ДҮГНЭЛТ: Талийгаач үнэхээр гар утсаа хураалган, эцсийн мөч хүртлээ хайртай гэр бүлийнхэнтэйгээ уулзаж чадалгүй нас барсан эсэхийг зөвхөн тэдний ар гэр л батална. Үнэхээр энэ үнэн байлаа ч, "Үхсэн хүн үг хэлэхгүй” учир хэвтэж байсан эмнэлэг нь өөрсдөдөө бурууг тохохгүй л болов уу. Хэдийгээр цар тахлын хүнд үед эрүүл мэндийн салбарынхан цуцашгүй хөдөлмөрлөж байгаа ч, дээрх мэт хүнлэг бус алдаа гаргаж, олон амь, олон зүрхийг шархлуулах вий дээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.