Энтертайнмент

Шинжлэх ухаантай зөрчилдсөн худал хуурмаг кинонууд

Кинонд өрнөж буй үйл явдал ихэвчлэн зохиомол байдаг боловч үзэгчдийг итгүүлчих нь олонтаа. Зодуулж байгаад зоддог, олон хүнийг ганцаар дийлдэг гээд амьдрал дээр боломжгүй зүйлсийг бид кинонд л хардаг ч өршөөж өнгөрүүлдэг төдийгүй зарим нэг маань итгэдэг билээ.

Гэвч кинон дахь түүх шинжлэх ухаантай зөрчилдөхийг бол яагаад өршөөн хэлтрүүлэх аргагүй юм. Eguur.mn энэ удаа кинонд олонтаа ашиглагддаг ч шинжлэх ухаантай зөрчилддөг түүхүүдийг танилцуулах болно.

Худал хуурмаг 1: Клон эх хувилбарынхаа ой санамжийг авдаг

Хамгийн өргөн тархсан худал хуурмаг сэдэв. Өнөө үед амьтныг хувилах нь гайхаж бишрээд байх зүйл биш болсон. Цэвэр ёс зүйн үүднээс л хориглосон болохоос хүнийг ч хувилах бүрэн боломжийг шинжлэх ухаан бий болгож амжсан. Кинонд ч энэ сэдвийг олонтаа хөнддөг. Гэхдээ нэг алдаа гаргадаг нь хувилагдсан хүн эх хувилбарынхаа дурсамжийг санаж байдаг явдал юм. Жишээ нь, “Харийнхан: Дахин амилсан нь” / Alien Resurrection / кинонд хуулбар ухаан орохдоо шууд автомашины тээшинд сэрэх бөгөөд эх хувилбарынхаа ой дурсамжийг хадгасан байх төдийгүй өөрийгөө жинхэнэ гэж боддог.

“Харийнхан: Дахин амилсан нь” / Alien Resurrection /

Бодит амьдрал дээр бол, энэ боломжгүй юм. Бодит амьдрал дээр хүнийг хувиллаа ч хуулбар нь ой санамжгүй байна гэдгийг шинжлэх ухаан баталжээ.     

 Худал хуурмаг 2: ДНХ засварлах замаар гадаад төрхөө өөрчилж болно

“Өөр өдөр үх” /Die another day/ кинонд супер агент Жеймс Бондын дайсан Солонгосын хурандаа Тан Сун Мин ДНХ-гээ засварлах замаар гадаад төрхөө өөрчилж, саятан Грей гэж болж хувирсан тухай гардаг.

“Өөр өдөр үх” /Die another day/

Энэ гайхалтай санаа боловч нэгд худлаа, хоёрт амьдрал дээр боломжгүй юм. Гадаад төрхөө өөрчилье гэвэл ДНХ засварлахаас илүү гоо сайхны мэс засалд орох нь хавьгүй үр дүнтэй, бас хялбар.

Худал хуурмаг 3: Хоромхон зуурын хүйтрэлт

Дэлхийн төгсгөлийн талаар өгүүлдэг “Нөгөөдөр” /The day after tomorrow/ хэмээх кинонд хоромхон зуурын их хүйтрэлт болж, хотууд хоромхон зуурт хөлдөж байгаа гардаг. Үзэгчид энэ киноны талаар  “Эрдэмтдээс зөвлөгөө авсан биз, боломжтой учраас л кинондоо оруулсан байж таарна” гэж боддог.

“Нөгөөдөр” /The day after tomorrow/

Тэгвэл үнэн хэрэгтээ хоромхон зуурын хүйтрэлт нь зохиолыг сонирхолтой болгох гэсэн санаанаас цаашгүй бөгөөд бодоит байдал дээр хэзээ ч тохиолдохгүй зүйл юм.

Худал хуурмаг 4: Дүүлэгч автобус, машинууд

Киану Ривз, Сандра Баллок нар гол дүрд нь тоглосон “Хурд” гэдэг алдартай киног монголчууд сайн мэднэ. Гол баатрууд автобусанд байрлуулсан тэсрэх бөмбөгийг хурдаа хас ч болохгүй хүндхэн нөхцөлд аюулгүй болгох даалгавар гүйцэтгэдэг.

"Хурд" /Speed 1/

Энэ бол бодит амьдралд байж болно. Харин хамгийн сүүлд гүүрний нурсан хэсэг дээгүүр автобустай харайж гардаг хэсэг дээр арай л хэтрүүлчихсэн юм. Гүүрний хоёр тасарсан хэсгүүд хоорондоо тэнцүү байсан гэхээр л ойлгомжтой.  

Худал хуурмаг 5: Хөргөгч цацраг туяанаас хамгаалдаг

“Индиана Жонс” цувралын  дөрөвдүгээр анги үзэгчдийн хувьд хүлээлтэд нь хүрсэн сонирхолтой сэдвийг барьж авч чадсан. Нацистууд, харь гаригийн иргэншлийн ул мөр гээд адал явдалд дурлагчдын таалалд яг таг нийцсэн.

Гэвч бүтээгчид гүйцэтгэл дээрээ нэг бус алдаа гаргасан юм. Тэдгээр алдаанаас хамгийн том нь Индиана Жонс цөмийн дэлбэрэлтээс хөргөгчний тусламтайгаар амв гардаг хэсэг юм. Цөмийн цацраг туяа нь хөргөгч битгий хэл хар тугалгыг нэвтлэх чадвартай байдаг. Бөмбөг жинхэнэ байсан бол Индиана Жонс хөргөгчтэйгөө нүд ирмэхийн зуурт хайлж алга болох байв.   

"Индиана Жонс 4"

Худал хуурмаг 6: Тахлын ерөндөг хоромхон зуурт үйлчилдэг

Кинонд олонтаа давтагддаг бас нэгэн худал хуурмаг нь үхлийн аюултай цар тахлын ерөндөг хоромхон зуурт үйлчилдэг тухай юм. Гол баатрууд ерөндөг хайж олох даалгавартай тулж, үхдэгийн даваан дээр /эс бол зомби болдгийн даваан дээр/ хайсан зүйлээ олж, уумагц бие нь шууд дээрдэж, нүдэн дээр цоо эрүүл болдог түүхийг олон киноноос үзэж байсан биз.

Шинжлэх ухааны үүднээс бол ийм байх ямар ч боломжгүй бөгөөд ерөндөг байсан ч нөхөн сэргээхэд багагүй цаг хугацаа шаарддаг байна.   

Худал хуурмаг 7: Харь гаригийнхан тагнуул хийхгүйгээр дэлхий рүү довтолно

Харь гаригийнхан дэлхийг эзлэн түрэмгийлэхээр довтолдог үйл явдалтай кино олон бий. Тэдгээрийн хувилбар нь өөр ч төгсгөл нь бараг ижил. Харь гаргийнхныг хөнөөдөг ямар нэг зүйл дэлхий дээр байж таараад, түүнийг нь мэдэж авснаар хүн төрөлхтөн ялж байгаагаар дуусдаг.

Үнэн хэрэгтээ бол харь гарийнхан байгаад, дэлхий рүү довтолсон ч өмнө нь заавал тагнуул хийх учиртай. Тиймээс тэд нэгэнт довтолсон л бол амаргүй өрсөлдөгч гэдэг нь ойлгомжтой аж. Тиймээс харь гаригийнхан дэлхийд түгээмэл тархацтай ямар нэг энгийн бодисонд харшилтай байж таараад, хүн төрөлхтөнд дийлэгдэх нь дээд зэргийн худал хуурмаг зүйл аж.

Ийм худал хуурмаг агуулсан кинонуудаас хамгийн сонгодог нь М. Найт Шьямалан найруулж, Мел Гибсон гол дүрд нь  тоглосон “Тэмдэгтүүд” юм. Энэ кинонд  харь гаригийнхныг жирийн усаар хөнөөж байгаа талаар өгүүлдэг билээ.  

Худал хуурмаг 8: Дахиад клон

А.Шварценеггерийн тоглосон “Зургаа дахь өдөр” кинонд гол баатар нас биед хүрсэн байдалтайгаар хувилагдаж байгаа талаар гардаг. Энэ нь киног шууд өрнөл рүү хөтөлж аваачих хөшүүрэг л болж өгсөн болохоос шинжлэх ухааны үүднээс бол огт боломжгүй юм.

“Зургаа дахь өдөр” /6th day/

Кино ертөнцөд шинжлэх ухаантай зөрчилдсөн иймэрхүү том алдаа хэдэн зуу биш юм аа гэхэд хэдэн арваараа бий. Бүгдийг нь бичье гэвэл цаг, цаас даанч их орох учир энэ удаад ингээд зогсоё.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x