СПОРТ

ШАТРЫН ОЛИМПИАД: Б.Мөнгөнзул ширээндээ алтан медаль хүртлээ

Энэтхэгийн Ченнай хотноо болсон дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад Монголын багийн хувьд ширүүн өрсөлдөөн өрнүүлсэн, түүхэнд бичигдэх амжилттай болж өнгөрлөө. Өнөөдөр болсон сүүлийн өрөгт эрэгтэй баг Киргизстаныг 2.5:1.5-аар хожиж_ нийлбэр дүнгээр 188 улсаас 35 дугаарт оров.

Эмэгтэй баг чансааны №5 хүчирхэг Францтай оноо хувааж, 162 улсаас 15 дугаарт орлоо. Дээр нь, дөрөвдүгээр ширээнд тоглосон ОУШХ-ны дэд мастер Бат-Эрдэнийн Мөнгөнзул дөрөвдүгээр ширээнд 10 өргөөс 8.5 оноо авч алтан медаль хүртсэн түүхэн амжилт гаргалаа.

ЭИМ цолны норм биелүүлсэн Б.Мөнгөнзул

Тэрбээр Эмэгтэйчүүдийн их мастер цолны норм биелүүлэв. Төрмөнхийн Мөнхзул мөн энэ олимпиадаар эмэгтэйчүүдийн их мастер цолны болзол хангаж, багаараа амжилт дүүрэн сайхан наадлаа. Багийн нийт хамт олонд уншигчдынхаа өмнөөс халуун баяр хүргэе.   

ДЭЛХИЙН ОЮУНЫ ОЛИМПОД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛЖ ӨРСӨЛДСӨН МОНГОЛ УЛСЫН БАГИЙН ТАНИЛЦУУЛГА

ЭРЭГТЭЙ БАГ

Монголын шатрын эрэгтэй шигшээ баг 1956 оноос хойш 26 дахь удаагаа дэлхийн шатрын олимпиадад оролцож, 11 өргөөс зургаа хожиж, хоёр  тэнцэн, гурав хожигдлоо. Энэ жилийн шигшээ багийн тамирчдын дундаж нас 22.4 байгаа нь бүх цаг үеийн түүхэн дэхь хамгийн залуу баг юм.

СЭРЭЭНЭНГИЙН ГАН-ОД

Багийн ахлагч, дасгалжуулагч. Дэлхийн шатрын холбооны мастер, Олон улсын шатрын холбооны дасгалжуулагч,Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Ган-од 1985 оны 07-р сарын 30-ны өдөр төрсөн 37 настай.

Дэлхийн шатрын олимпиадад дасгалжуулагчийн хувиар гурав дахь удаагаа оролцлоо. Хамгийн зөв сонголтуудыг хийж, багаа байж болох хамгийн дээд амжилтад хүргэх нь дасгалжуулагчийн үүрэг байдаг. Манай багийн хувьд өрөөсөө чансаа доогуур багт хожигдох нь байтугай тэнцээгүй. №3 Норвег, №19 Унгарын багуудтай оноо хуваан мини шуугиан дэгдээсээр 35 дугаар байрт орсон сайхан амжилт гаргалаа. Манай эрэгтэй багаас бүтэн 11 өрөг тоглосон шатарчин нэг ч байхгүй, бүгд жигд 8-9 тоглосон нь түүний тактик байв.  

ИМ ДАМБАСҮРЭНГИЙН БАТСҮРЭН

Д.Батсүрэн 2004 оны 01-р сарын 22-ны өдөр төрсөн, 18 настай. 16 нас 10 сар 29 хоногтойдоо шатрын их мастер цол хүртэж Монголын шатарт шинэ түүх бүтээсэн Д.Батсүрэн анх удаа дэлхийн шатрын олимпиадад оролцож, есөн өргөөс 5.5 оноо авсан сайхан амжилт гаргасан. Чансаа доогуур өрсөлдөгчөө ихэвчлэн 4:0-ээр хожиж байсан учир манайх хүчтэй супер их мастеруудтай багийн өмнөөс цөөнгүй тулсан. Тэр бүгдэд Д.Батсүрэн багийн лидерийн үүргийг гүйцэтгэн, үүргээ нэр төртэй биелүүлсэн юм.  

ДШХМ ГАНЗОРИГИЙН АМАРТҮВШИН

Г.Амартүвшин 2005 оны 02-р сарын 18-ны өдөр төрсөн 17 настай. Энэ удаагийн эрэгтэй шигшээ багийн хамгийн залуу тоглогч Г.Амартүвшин олимпиадад 9 өрөг тоглохдоо 4.5 оноо авч ирээдүйтэй шатарчин болохоо харууллаа.   

ИМ БАЯРСАЙХАНЫ ГҮНДАВАА

Их мастер Б.Гүндаваа долоо дахь удаагаа дэлхийн шатрын олимпиадад оролцохдоо найман өргөөс зургаан оноо авч, ширээндээ 16 дугаарт эрэмбэлэгдсэн. 2636 чансаатай Польшийн их мастерт л хожигдож, бусад тоглолтоосоо оноо “зулгаан” багийн амжилтад үнэтэй хувь нэмэр оруулав.  

ИМ СУМЬЯАГИЙН БИЛГҮҮН

Их мастер С.Билгүүн гурав дахь удаагаа дэлхийн шатрын олимпиадад оролцож, есөн өргөөс 5.5 оноо цглуулан багийнхаа амжитад нөлөөлсөн. 5.5 онооныхоо 2.5-ыг нь Унгар, Норвег, Чех, Польшийн хүчтэй багуудаас авсан юм.  

ОУМ СУГАРЫН ГАН-ЭРДЭНЭ

2003 оны 03-р сарын 12-ны өдөр төрсөн 19 настай С.Ган-Эрдэнэ анх удаагаа дэлхийн шатрын олимпиадад оролцож есөн өргөөс 6.5 хожил авч, багийнхаа хамгийн өндөр үзүүлэлтийг гаргасан. Тэр дундаа Магнус Карлсений Норвегитой тэнцэхэд ИМ Ф.О. Уркедалийг хожин гол баатар болсон юм.  

ЭМЭГТЭЙ БАГ

Монголын шатрын эмэгтэй шигшээ баг 1963 оноос хойш 19 дахь удаагаа дэлхийн шатрын олимпиадад оролцлоо. Энэ жилийн эмэгтэй шигшээ багийн тамирчдын дундаж нас 21.4 байгаа нь маш залуу баг байгааг илтгэсэн үзүүлэлт юм.

ЦЭРЭНДОРЖИЙН БАТСАЙХАН

Багийн ахлагч,дасгалжуулагч,Дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч Ц.Батсайхан 1975 оны 08-р сарын 12-ны өдөр төрсөн 46 настай.

Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч Ц.Батсайханы хувьд тав дахь удаагийн олимпиаддаа дасгалжуулагчийн хувиар оролцлоо. Манай багийн гол тактикч, уураг тархи болсон түүний ур ухаан, мэргэн сонголтууд багийн амжилтыг өндөр гарахад хамгийн ихээр нөлөөлсөнд эргэлзэх зүйлгүй юм.

ЭИМ АЛТАН-ӨЛЗИЙН ЭНХТУУЛ

ЭИМ А.Энхтуул 1994 оны 09-р сарын 30-ны өдөр төрсөн 27 настай. Оюуны олимпод  дөрөв дэхь удаагаа дэлхийн шатрын олимпиадад оролцохдоо анх удаагаа Монгол улсын шигшээ багийн нэгдүгээр ширээнд сууж багийн лидерийн үүргийг гүйцэтгэлээ. Тэрбээр олимпиадад таарсан багийн хамгийн шилдгүүдтэй тулж, 162 багийн лидерүүдээс 19 дүгээрт эрэмбэлэгдэх амжилтыг үзүүлэв.  

ЭОУМ БАЯРЖАРГАЛЫН БАЯРМАА

Б.Баярмаа 1995 оны 07-р сарын 06-ны өдөр төрсөн 27 настай. Дэлхийн шатрын олимпиадад хоёр дахиа оролцсон. Нягт нямбай тоглолт,байрлалын ур ухаан,нарийн стратегиэрээ ялгардаг Б.Баярмаа АНУ, Кубын хүчтэй багуудтай сайн тоглож, сүүлийн өрөгт хүчирхэг Францтай тэнцэхэд шийдвэрлэх оноог авчирсан юм.

ЭОУМ ТӨРМӨНХИЙН МӨНХЗУЛ

Т.Мөнхзул 2000 оны 05-р сарын 04-ний өдөр төрсөн 20 настай. Олимпиадад хоёр дахь удаагаа өрсөлдөхдөө гурав, хоёрдугаар ширээнд тоглон 11 өргөөс найман оноо цуглуулж, эмэгтэйчүүдийн их мастер цолны нормыг гурав дахиа биелүүлэн цолоо авах болзлыг хангасан. Монголоос төрсөн долоо дахь эмэгтэй их мастер тэрбээр энэ олимпиадад манай багаас нэг ч хожигдол хүлээгээгүй цорын ганц шатарчин болсон юм.

ДШХ-ны дэд мастер БАТ-ЭРДЭНИЙН МӨНГӨНЗУЛ

Б.Мөнгөнзул 2005 оны 01-р сарын 07-ны өдөр төрсөн 17 настай. Олимпиадад анх удаа эх орноо төлөөлж буй түүнийг МШХ тэмцээний өмнө албан ёсны фэйсбүүк хуудастаа “Туршлага хуримтлуулсан,түвшин ахисан,сенсааци тарина” хэмээн таамагласан нь онож, дөрөвдүгээр ширээнд 10 өргөөс 8.5 оноо аван Монголын шатрын түүхэнд ширээндээ алтан медаль хүртсэн анхны тоглогч болсон юм. Өрсөлдөгчтэйгөө барагтай бол тэнцдэггүй хожиж бүтэн оноо салгадаг, боксоор бол нокаут хийдэг чанар нь түүнийг ийнхүү түүхэн амжилтад хөтөлсөн юм.  

ДШХМ ДАВААХҮҮГИЙН МӨНХЗУЛ

Д.Мөнхзул 2006 оны 03-р сарын 21-ний өдөр төрсөн 16 настай.Энэ удаагийн шигшээ багийн хамгийн залуу тоглогч.

Өсвөрийн ангилалд дэлхийд үзүүлж болох бүх л амжилтыг үзүүлж, авч болох бүх л шагналыг хамсан Д.Мөнхзул Дэлхийн шатрын олимпиадад анх удаа оролцож, зургаан өрөг тоглохдоо дөрвөн оноо, тэр тусмаа дөрвөн хожил авч багтаа тусалсан.

Дээр хэлсэнчлэн, нас залуу энэ баг цаашдаа өндөр амжилтад хүрэх итгэл найдварыг спорт сонирхогдоос хүлээж байна.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button