НҮБ-ын АЗ маргааш Запорожийн АЦС-ын асуудлаар хуралдана

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Запорожийн атомын цахилгаан станцын асуудлаар маргааш хуралдахаар болжээ. НҮБ дахь ОХУ-ын байнгын төлөөлөгч Дмитрий Полянский дээрх мэдээллийг баталсан байна.
Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн ерөнхий захирал Рафаэль Гросси өнгөрсөн долоо хоногт хэвлэлд өгсөн ярилцлагадаа Запорожийн АЦС-д осол гарах магадлал өндөр болсон талаар дурдаж, олон улсын анхааралд оруулсан.
“Станцад ойрын хугацаанд засвар хийх шаардлагатай байгаа. Гэвч станц яг одоо агентлагийн хяналтаас бүрэн гарсан байдалтай байна” гэж тэрээр ярьсан юм.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мөн станцыг Украинд цохилт өгөх зориулалттай бааз болгон ашиглаж байна хэмээн буруутгаж байв. Украины талын тараасан мэдээллийн дагуу тэрээр энэ мэдэгдлийг хийсэн бөгөөд ОХУ дээрх мэдээллийг эсэргүүцэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг хуралдуулах хүсэлт гаргасан нь ийнхүү ёсоор болох гэж байгаа юм.
“Украины эрх баригчдын явуулж буй худал суртал ухуулга олон нийтийн хяналтаас гарч чадахгүй” гэж Дмитрий Полянский хэлсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.