СПОРТ

Теннисний ертөнцийн шинэ “хаан” Карлос Алькараз

Талбайн теннисний энэ оны отгон “Их дуулга” АНУ-ын нээлттэй тэмцээнд 19 настай Карлос Алькараз түрүүллээ. Тэрээр энэ түрүүг авснаар “Их дуулга”-д хамгийн залуудаа түрүүлсэн, дэлхийн чансааг хамгийн залуудаа тэргүүлсэн дээд амжилтыг хамтад нь эзэмших болов.

Теннисний ертөнц ч шинэ “хаан”-тай болсноос хүлээн зөвшөөрч, их ирээдүй хүлээж байгаа гэдэгт нь итгэлтэй байна. Дөрвөн настайдаа теннисээр хичээллэж эхлэн, 16-тайдаа Европын өсвөрийн аварга болсон энэ хүү хоёр жилийн өмнөөс насанд хүрэгчдийн ангилалд цахиур хагалж эхэлсэн юм.

2020 оны хоёрдугаар сард 17-тойдоо Рио де Жанейрогийн тэмцээнд анх мэргэжлийн теннист хөл тавьж, эхний тойрогтоо гурван цаг гаруй тоглож хожиход л мэргэжилтнүүд теннисний ертөнцөд ямархан их авьяас орж ирснийг мэдэрсэн гэдэг. Дараа жил нь анхныхаа тэмцээнд түрүүлэхэд дахиад олон ч тэмцээнд түрүүлнэ гэдэгт бүгд итгэх болжээ.

Ноднингийн “US open”-д дэлхийн №3 Стефанос Циципасыг хожиход харин теннисний ертөнц ирээдүйн хаан, олон удаагийн Их Дуулгын эзэнтэй учирснаа ойлгосон юм. ОХУ-ын нэрт теннисчин Евгений Кафельников тухайн үед Алькаразыг ойрын гурван жилд №1 болно гэсэн бол олонх хоёр жил л хангалттай гэж байв. Харин тэр энэ даалгаврыг ганцхан жилд биелүүлэв.

Карлос Алькараз “US open”-д түрүүлснээр,

-19 нас дөрвөн сартайдаа дэлхийн чансааг тэргүүлж, Ллейтон Хьюиттийн 20 нас найман сартайдаа тогтоосон дээд амжилтыг эвдэв. -“Их дуулга”-д хамгийн залуудаа түрүүлсэн теннисчдийн эхний 10-т орж ирлээ. Пит Сампрас /19 нас 28 хоног/, Рафаэль Надаль /19 нас, хоёр хоног/ нар энэ жагсаалтыг тэргүүлдэг.

-Карлос өнгөрсөн дөрөвдүгээр сард “Майами Мастерс”-т түрүүлэхдээ энэ тэмцээнд түрүүлсэн хамгийн залуу теннисчдийн гуравдугаарт жагссан. Түүнээс залуудаа түрүүлсэн хоёр тамирчин нь Майкл Чанг (Торонто-1990), Рафаэль Надаль (Монте-Карло-2005) юм.

-Мадридад болсон тэмцээнд Р.Надаль, Н.Жокович, А.Зверев нарыг цувруулж, 1990 оноос хойш нэг тэмцээнд дэлхийн топ 5-д багтдаг гурван теннисчнийг хожсон хамгийн залуу тоглогч болжээ.

2022 оны тухайд тэрбээр амжилт, үзүүлэлтээрээ бүх теннисчдийг тэргүүлж байна. Тодруулбал,

-Хожил-51 -Чансааны Топ 10-т багтдаг тоглогчдыг хожсон тоо-9 -Түрүүлсэн тэмцээн-5 -Шигшээд шалгарсан тэмцээн-7

-Цуглуулсан чансааны оноо-6460 -Шагналын мөнгө-7.4 сая ам.доллар. Дэлхийн №1 теннисчин асан Хуан Карлос Феррерогийн шавь энэ залуу энэ янзаараа байвал теннисний түүхэнд тодоор бичигдэх аваргуудын нэг болж төлөвших нь тодорхой болжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button