Байден 2025 онд зэвсэгт хүчиндээ $895.2 тэрбумыг төсөвлөхөөр зорьж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден даваа гарагт /2024.03.11/ 2025 онд зэвсэгт хүчний төсвийг 895.2 тэрбум ам.доллароор тогтоохыг санал болгосон хуулийн төслийг танилцуулжээ.
Хэрвээ батлагдвал ирэх жилийн төсөв АНУ-ын түүх дэх хамгийн өндөр дүнтэй төсөв болох юм. Байден тус хуулийн төслөө танилцуулахдаа Энэтхэг-Номхон далайн бүсийн аюулгүй байдал болон БНХАУ-ын эсрэг бэлэн байдлаа сайжруулахын тулд илүү санхүүжилт хэрэгтэй гэсэн байна.
Тэрбээр “Миний захиргаа дэлхийн тавцанд АНУ-ын манлайллыг сэргээж, ОХУ-ын түрэмгийллийн эсрэг Украинд дэмжлэг үзүүлэхээр 50 гаруй улсыг нэгтгэн, НАТО-г бэхжүүлэн өргөжүүлж, Энэтхэг-Номхон далайн бүс нутагт түншлэлээ сэргээн, тэр дундаа Япон, БНСУ, Австралитай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, дэлхий даяар ардчиллыг сэргээсэн. Гэхдээ бид бусад орнууд АНУ-ыг эрх чөлөөг хамгаална хэмээн найдаж болно гэдгийг нотлохын тулд илүү ихийг хийх хэрэгтэй” хэмээжээ.
Гэвч түүний санал болгосон батлан хамгаалахын төсвийг Конгресс дэмжих магадлал бага. Учир нь Конгрессын доод танхим буюу Төлөөлөгчдийн танхимыг Бүгд найрамдах нам одоогоор удирдаж буй.
АНУ нь батлан хамгаалахын салбартаа зарцуулдаг төсвөөр дэлхийн аль ч улсаас хавь илүү. Тодруулбал 2022 онд АНУ 811.6 тэрбум ам.доллар төсөвлөж дэлхийн улсуудаас хамгийн их мөнгө зарцуулжээ. Энэ нь хамгийн өндөр төсөвтэй дараагийн найман орны зарцуулалтаас ч их хэмжээ юм.
Эх сурвалж: Kyodo News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.