Гадаад мэдээ

Бейонсе: Хөгжим миний сэтгэлийг ойлгодог, сэтгэлээ илэрхийлэх үг олж чадахгүй байсан үед ч

Алдарт дуучин Бейонсе “GQ” агентлагт есдүгээр сард ярилцлага өгсөн байна. Тус ярилцлагыг орчуулж хүргэе. Тэрбээр тус ярилцлагад өөрийн эрхэлдэг брэндүүд, гэр бүлийн түүх, уран бүтээлийнхээ тухай ярьжээ.

GQ:Та хаана юу хийж байна? Өнөөдөр, яг одоо юу хийж байна вэ

Бейонсе: Өнөөдөр би АНУ-ын зүүн эрэгт, зуны наранд хэсэг хугацааг өнгөрөөж байна. Ихэнх өдрүүдэд өглөөний 6 цагийн орчимд сэрэхийг хичээж, хүүхдүүд босохоос өмнө нэгээс хоёр цагийн ажил амжуулдаг. Ажиллаж байхдаа хүүхдүүдээ харж, энэ бүхний гоо үзэсгэлэн ба эмх  замбараагүй байдлыг тэврэн урагшилдаг.

Манай гэр хамаатнууд, найз нөхдөөр минь дүүрэн, төлөвлөгөөгүй ямар нэгэн шоу үзүүлбэр болон тоглоомын чимээ ихтэй. Би бас эрүүл мэнддээ анхаарч, нэмэлт тэжээлээ ууж, эрүүл хооллохыг хичээж байгаа. Энэ зун ихэнх махнаас татгалзаж, зөвхөн цацагт хяруул идэж байгаа. Мөн дасгал хийх эрч хүчийг өөрөөсөө гаргахыг оролдож байна, гэхдээ өнөөдөр үнэхээр хийж чадсангүй. Магадгүй маргааш. Хаха

GQ: Энэ хавар, та шинэ цомгоо гаргасан. Цомог таны өмнөх уран бүтээлтэй хэрхэн холбоотой талаар надад олон асуулт байна л даа. Гэхдээ хамгийн түрүүнд шинээр хийж байгаа зүйлээс тань эхэлье. Виски. Би зүгээр л асуумаар байна... яагаад согтууруулах ундаа гэж?

Бейонсе: Анх виски амссан өдрөө хэзээ ч мартахгүй. Виски намайг сайхан угтаж авсан. Тухайн үед "Яагаад үүнийг урьд нь ууж байгаагүй юм бол?" гэж бодогдож байсан. Хүчтэй, дулаахан, яг л тохирсон хэмжээний сорилт шиг байсан юм. Виски хийх үйл явц, ёслолын үйл явдлыг би үнэхээр их хайрласан. Виски бол зүгээр л нэгэн удаа хийгээд орхидог зүйл биш. Урт хугацааных. Тэвчээртэй байх хэрэгтэй. Надад энэ нь их таалагддаг. Дараа нь Японы хуучны вискинд ороод, амталгаа хийж эхэлсэн. Энэ нь өөр нэгэн шинэ ертөнцийг нээж өгсөн. Вискиний бүх зүйлд би дуртай. Өнгө, үнэр, шилэн дотор эргэлдэж буй байдал ... мөн үүнтэй хамт ирдэг түүхэнд дуртай. Бүх лонх түүхтэй. Бас виски амталж үзээгүй хүмүүст амсуулах дуртай. Илүү олон эмэгтэйчүүд виски амсаж үзсэн бол тэдэнд таалагдах байх гэж би бодож байна.

Виски бол зүгээр л утаатай бааранд суудаг хөгшин эрчүүдийн ундаа биш, энэ нь гүн гүнзгий байдал, нарийн төвөгтэй байдал, нууцлаг шинжийг үнэлдэг хэн бүхэнд зориулагдсан зүйл. Үйлдвэрлэлийн бүхий л үйл явц нь хайр шингэсэн хөдөлмөр. Бүх процесст нь анхаарал тавигддаг, үр тариа исгэхээс эхлээд гар аргаар хийсэн торх хүртэл бүх процесст би дуртай. Виски хийх нь урлаг юм. Ийм учраас би виски хийхийг хайрлаж, хүндэтгэдэг. Алдарт Уилли Нельсон “Заримдаа өөр хүн чамд галзуу мэдрүүлэхээс нааш юунд дуртай гэдгээ мэддэггүй. Тиймээс вискиг амтархан уух дуртай хүмүүстээ зүгээр ээ гэж хэлье!” гэж хэлж байсан.

GQ: Таны шинэ цомог нь "Cowboy Carter" гэдэг нэртэй. "Cowgirl Carter" биш юм байна. Энэ нэрээр та хүйс, арьс өнгөний талаар юу гэж хэлэхийг хүссэн бэ?

Бейонсе: Хүн болгоныг ковбой гэсэн үгийн утгыг судлахыг хүссэн юм. Түүхийг ихэвчлэн ялсан хүмүүс өгүүлдэг. Америкийн түүх? Дахин дахин өөрчилж ирсэн. Ковбойчуудын бараг дөрөвний нэг нь өнгөт арьстан байсан. Тэдгээр эрчүүд өөрсдийг нь ижил тэгш мэт харахыг хүсээгүй ертөнцтэй нүүр тулан зогсож, үхэр маллах салбарын үндэс суурь болсон юм. Америкт ковбой бол хүч, хүсэл тэмүүллийн бэлгэдэл. Ковбой гэдэг нь боолчлолд байсан хүмүүсийг "хөвгүүд" гэж дуудаж, үхэр мал маллуулахад ашигладаг байсантай холбоотой үг. Тухайн үед үхэр хариулж байсан өнгөт арьст эрчүүдийг “Ноён” эсвэл “Эрхэм” гэж хүндэтгэхийг хэн ч хүсдэггүй байсан. Миний хувьд “SirDavis” гэдэг нь олж авсан хүндлэлийн илэрхийлэл юм. Бид бүгд, хүндэтгэлтэй ханддаг л бол, хүндэтгэл хүртэх эрхтэй.

Архи үйлдвэрлэх уламжлал өмнөд мужуудын гэр бүлүүдэд, миний гэр бүлийнхний дунд үе дамжин өвлөгдөж ирсэн. “Jack Daniel's”-ийн алдартай жорыг үүсгэн бий болгоход их хувь нэмэр оруулсан хүмүүсийн нэг нь өнгөт арьстай Нэйтан Грийн гэгч хүн байсан юм. Тэрээр боолчлолын үед амьдарч байсан ч “Jack Daniel’s” компанийн мастер нэрэгч болсон. Одоо түүний нэрээр нэрлэгдсэн “Uncle Nearest Premium Whiskey” хэмээх амттай вискиг, Гриний ач охин Викториа Иди Батлер Фаун Уивертэй хамтран эрхэлж гаргадаг. Викториа бол Гриний эхлүүлсэн өв уламжлалыг үргэлжлүүлж буй Америкийн вискиний хамгийн анхны өнгөт арьстай эмэгтэй мастер холигчдын нэг юм. Миний болон Викториа, Фаун нарын түүх олон хүний өмнө шинэ боломжуудын үүдийг нээж, хаалга онгойлгоосой гэж найдаж байна.

GQ: Хүмүүс таныг амжилтад хүрэхгүй байж магадгүй гэж бодож байсан бизнесийн салбарт амжилт гаргах нь өнгөт арьст эмэгтэйн хувьд ямар туршлага судалсан бэ?

Бейонсе: Эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн бизнесийн замнал хоорондоо маш их ялгаатай байдаг. Эрэгтэйчүүдийг ихэвчлэн стратегич, ухаалаг талын хүн гэж хардаг. Тэдэнд бүтээгдэхүүн, баг, бизнес төлөвлөгөөнд төвлөрөх орон зайг нь олгож өгдөг. Харин эмэгтэйчүүд, ялангуяа олны анхааралд байдаг эмэгтэйчүүдийг ихэвчлэн брэндийн нүүр царай эсвэл маркетингийн хэрэгсэл гэж үздэг. Миний хувьд хөгжмийн салбарт сонгож авсан туршлагаа бизнесийн салбарт ч ашиглах нь чухал байсан.

Би хуучин, хэвшмэл ойлголтыг өөрчлөхийн тулд энд байгаа. Чанарт анхаарал хандуулж ажиллахын төлөө энд байна. Бид цаг хугацаагаа зарцуулж, судалгаа хийсэн учир брэнд маань хүндлэгдсэн. Би өөрийнхөө нэр дээр түшиглэхийн оронд бүтээсэн зүйлээ бодитой байлгаж, өөрөө өөрийгөө авч явдаг байхыг чухалчилдаг. Энэ нь төгс төгөлдөр байхаас илүү, хувьсгалч байх тухай юм.

Зургийн эх сурвалж: ABC News

GQ: “Cowboy Carter нь хоёр жилийн өмнө эхэлсэн гурвалсан цомгийн хоёр дахь нь билээ. Өөр өөр жанр бүхий гурвалсан цомог гаргах том санаа хаанаас төрсөн бэ?

Бейонсе: Cowboy Carter цомгийг би бараг таван жилийн өмнөөс эхлүүлсэн. "16 Carriages" дууны үг дээо миний нас хэд гэж байгааг анхааралтай сонсоорой. Би карьерынхаа эхнээс аль ч цомог дээрээ үргэлж жанруудыг хольж ирсэн. R&B, Данс, Кантри, Рап, Зайдеко, Блюз, Опера, Гаспел зэрэг жанр нь бүгд надад ямар нэг байдлаар нөлөөлсөн. Миний дуртай уран бүтээлчид ямар ч жанрын хөгжим хийдэг байж болно. Жанрууд биднийг хашиж, салгаж байдаг урхи гэж би үздэг. Би үүнийг хөгжмийн салбарт 25 жилийн турш мэдэрсэн. Хар арьст уран бүтээлчид болон бусад өнгөт арьст уран бүтээлчид хэдэн арван жил олон төрлийн жанрыг бүтээж, эзэмшиж ирсэн.

Тийм ч учраас "Cowboy Carter" дээр "Daughter" дуунд “Chevalier de Saint-Georges” нэрээр танигдсан зохиолч Жозеф Болоноос жишээ авах нь маш чухал байсан. "Violin Concerto in D Major, Opus 3, No. 1: II. Adagio" хэмээх 1700-аад оны бүтээл бол Шевальен алсын харааны жишээ. Энэ бүтээл бусад уран бүтээлчид болон шүтэн бишрэгчдэд хөгжимд шинэчлэл авчирсан өнгөрсөн үеийн өнгөт арьст бүтээлчдийн талаар илүү ихийг мэдэж, судлахад урам зориг өгнө найдаж байна. Хамгийн авьяаслаг уран бүтээлчид заримдаа хэзээ ч олонд танигддаггүй. Тэд ялангуяа хэвшмэл үзлээс зөрсөн үедээ алдар нэрийг олж авч чаддаггүй. “Texas Hold ‘Em” дуу дэлхий дахинаа алдартай болсныг хараад миний сэтгэл их хөдөлсөн. Хөгжим, загвар, урлаг соёлд бүхэлд нь кантри жанрыг сэргээж Шабузи, Таннер Аделл, Уилли Жонес, Бритни Спенсер, Тиера Кеннеди, Рейна Робертс гэх мэт агуу авьяастнуудыг дэлхийд мөн таниулсныг нь бодохоор бүүр сайхан.

GQ: Энэ жил та мөн “Cécred” гэх үсний арчилгааны брэндээ гаргасан. Эгээр бизнесүүдийг өргөжүүлэн хөгжүүлэхэд танаас уран бүтээл туурвих үеэс өөр төрлийн бүтээлч сэтгэлгээ шаардагддаг уу?

Бейонсе: Би яасан ч бай нэгт бол хөгжмийн хүн. Хөгжим бол үргэлж миний тэргүүлэх чиглэл байсаар ирсэн. Урлагт эзэн суусны дараа л би өөр зүйлд оролцож эхэлсэн юм. “Cécred” үсний арчилгааны брэндээ эхлүүлэхдээ, хүмүүсийн үсэнд ямар бодит нөлөө үзүүлэх талаар анхаарч, үр дүнгээр нь танигдахыг хүссэн. Брэндийн нээлт хийх үедээ би сурталчилгаанд өөрөө тоглохгүй байх шийдвэрийг албаар гаргасан. Хүмүүст үлдэх брэндийн анхны сэтгэгдэл миний нөлөөнөөс илүү брэндийн үнэ цэнээр үнэлэгдэх ёстой гэж бодсон юм. Эдгээр бүтээгдэхүүнийг би хэдэн жил хэрэглэж байгаа тул ямар гайхалтай гэдгийг нь сайн мэднэ.

GQ: Таны хийж байгаа ихэнх зүйл, аль ч томоохон арга хэмжээ, уран бүтээлүүд, бизнесүүд байсан асар их анхаарал, хичээл зүтгэл шаарддаг. Хүүхдүүд чинь өсөж торнихын хэрээр ажил, амьдралынхаа балансыг хэрхэн зохицуулж байна вэ?

Бейонсе: Бид чөлөөт мэдээллийн ертөнцөд амьдарч байна. Хүүхдүүд маань ч хүссэн үедээ FaceTime ашиглан найзуудтайгаа харьцах боломжтой. Харин би, нөхөр бид хоёр? Бид анх олон улсын ярих карт ашиглаж, эсвэл “Skype”-ээр холбогдож ярьдаг байсан. Анх би олон улсын зочид буудлын төлбөрийг нь дийлэхгүй байсан болохоор утсаар ярьдаг байлаа.

Бүр саяхан хиймэл оюун ухаанаар яг минийх шиг сонсогддог хоолой бүтээснийг нь сонсоод үнэхээр цочирдсон. Юу бодит, юу худал гэдгийг мэдэхэд улам л төвөгтэй болж байна. Би хүүхдүүддээ аль болох хэвийн, хувийн амьдралаар хангахын төлөө маш их хичээдэг. Мөн хувийн амьдралаа брэнд болгохоос зайлсхийдэг. Бидний амьдралыг гадаад ертөнцөд "үзүүлбэр" болгон харуулахад амархан. Гэвч би өөрийн болон гэр бүлийнхээ хувийн хил хязгаарыг сахих, хамгаалахад онцгой анхаарч ирсэн. Ямар ч хэмжээний мөнгө миний амгалан тайван байдлаас илүү үнэ цэнтэй биш.

Зургийн эх сурвалж: BBC

GQ: Таныг төгс төгөлдөр байдлыг эрхэмлэгч гэдгээр нь хүмүүс мэднэ. Гаргасан бүтээл бүрийн тань эцсийн хувилбараас бид үүнийг харж, мэдэрдэг. Та "Homecoming" болон "Renaissance" зэрэг баримтат кинонуудад энэ дүр зургийг улам тодруулсан. Гэхдээ энэ нь нэг төрлийн дарамт эсвэл тор мэт санагдах үе байдаг уу? Өмнөх амжилтуудын тань өндөр хүлээлтүүд танд дарамт болох үе бий юу? 

Бейонсе: Би өөрийнхөө хэмнэлээр, бусдын сэтгэлийг хөндөж чадахуйц бүтээл гаргахыг зорьж, туурвидаг. Миний бүтээл хүмүүсийг өөрсдийн дотоод ертөнц рүүгээ өнгийж, өөрсдийн бүтээлч байдал, хүч чадал, тэсвэр тэвчээрийг олж харахад урамшуулна гэж найддаг юм. Би өгүүлэмж, өсөлт, чанарт анхаардаг. Төгс төгөлдөр байхыг эрэлхийлэх нь миний анхааралд байдаггүй. Харин хувьсал, шинэчлэл, ойлголтыг өөрчлөхөд илүү төвлөрдөг. “Cowboy Carter”-ийн хөгжим дээр ажиллах, энэхүү шинэ төслийг эхлүүлэх ажил огтхон ч дарамт, тор мэт санагдаагүй. Үнэндээ би зөвхөн надад эрх чөлөө мэдрүүлдэг зүйл дээр л ажилладаг. Харин алдар нэр нь заримдаа тор мэт санагдаж болдог. Ийм үед улаан хивсэн дээр харагдахгүй, эсвэл шинэ бүтээлтэйгээ гарч ирэх хүртлээ алга болдог. Шалтгаан нь энэ.

GQ: Таны бүтээл сүүлийн үед гэр бүлийн бизнес болж байгаа мэт харагдах болсон. Жишээлбэл, 12 настай охин Блю тань саяхан уран бүтээлч үйл явцын сонирхогч байснаа одоо өөрөө бүрэн оролцогч болж, сүүлийн аялан тоглолтод тань бүжиглэсэн. Охиноо олон нийтийн амьдрал, ажилд оролцуулах тухайд эргэлзэж байсан үе байдаг уу? Мөн түүнийг өөрөөрөө урлагийн хүч чадал болон төлөвшихийг харахад ямар санагдсан бэ? 

Бейонсе: Би ажлынхаа хуваарийг гэр бүлдээ тааруулж гаргадаг. Хүүхдүүд маань хичээлгүй үед л аялан тоглолт хийхийг хичээдэг. Би гэр бүлээрээ дэлхийг тойрон аялж, тэдэнд өөр хэл, архитектур, амьдралын хэв маягтай танилцах боломж олгох тухай мөрөөддөг байсан. Гурван хүүхэд өсгөн хүмүүжүүлэх амаргүй. Хүүхдүүд маань томрох тусам тэд өөр өөрийн өвөрмөц хэрэгцээ, сонирхол, нийгмийн амьдралтай болж байна. Миний ихрүүд бол дээрээс илгээсэн үнэт зүйл. Эцэг эх байна гэдэг нь байнга шинэ зүйл сургадаг. Маш их залбирал, тэвчээр шаарддаг зүйл. Би үүнд дуртай. Намай хөрсөн дээр минь буулгуулж, сэтгэл хангалуун байх мэдрэмж өгдөг. Хүүхдүүд маань намайг хаана ч дагаж явдаг. Хичээлээсээ тараад надтай ажил дээр, студид ирдэг. Бүжгийн бэлтгэлд ч хамт оролцдог. Тэд миний бүжгийн хөдөлгөөнүүдийг сурах нь байгалийн жам шиг л зүйл.

Блю бол жинхэнэ уран бүтээлч. Тэр хөгжмийн болон загварын маш сайн мэдрэмжтэй. Тэр гайхалтай эвлүүлэгч, зураач, жүжигчин. Гурван настайгаасаа л дүрүүд бүтээж эхэлсэн. Төрөлхийн авьяастай хэдий ч би Блюг тайзан дээр гаргахыг хүсээгүй. Харин Блю өөрөө гарахыг хүссэн. Тэр үүнийг нухацтай хүлээн авч, өөрөө сайн хичээсэн. Хамгийн чухал нь, тэр үүгээрээ хөгжилдөж чадсан явдал юм. Бид бүгд түүнийг шөнө бүр нүдний өмнө өсөж сайжирч байгааг харсан.

GQ: Өнгөрсөн жилүүдэд танд олон янзын бизнесийн санал ирсэн байх. Танай сонирхлыг татахын тулд аливаа санаа эсвэл бизнес ямар байх хэрэгтэй вэ

Бейонсе: Би хайр, өв уламжлал, урт хугацааны амжилтыг сонирхдог. Өөрийнхөө бүтээж буй зүйлдээ үнэхээр хайртай юу? Миний хийсэн бизнес бүрд өв уламжлал байгааг олж харсан.

GQ: Бизнес эрхлэгчийн замналд илүү хүчтэй, итгэлтэй ороход та өөрийнхөө талаар сурсан шинэ зүйлс юу байв? 

Бейонсе: Би жинхэнэ мөн чанарт татагддаг. Хэрэв надад маш гүн гүнзгий хүсэл тэмүүлэл байхгүй бол би ямар нэгэн зүйлд цагаа дэмий үрэхийг хүсдэггүй. Өглөө сэрээд бодож, шөнө унтахаасаа өмнө мөрөөдөхгүй байгаа бол тэр зүйл надад тохирохгүй. Миний хувьд амжилт гэж юу болох тухай ойлголт минь ихэнх хүмүүсийнхээс өөр. Би нэг зүйлд сэтгэлээ зориулахдаа 100 хувь зориулдаг. Анхаарлаа нам гүмд төвлөрүүлж, жинхэнэ чанарыг алдагдуулах зүйлсээс хол байх дуртай. Бүх зүйл илүү сайжруулж болно гэдэгт би итгэдэг. Миний ажил бол байж болох хамгийн сайнд хүртэл нь өөрийгөө зориулах юм.

Хоосон орон зайг дүүргэж, асуудлыг шийдвэрлэх эсвэл байхгүй зүйлийг бүтээх зүйлс надад урам зориг өгдөг. Үгүй бол би тэр зүйлд татагдахгүй. Бас өөрийгөө болон намайг тойрон хүрээлж буй хүмүүсийг өөрөөр сэтгэхэд уриалахыг хичээдэг. Амжилтын гол хэсэг нь таны амьдралыг хэрхэн харж байгаагаас хамаардаг гэж би боддог юм. Уналт болгон өсөлтөд хүрэх боломж. Чиглэлээ өөрчлөх боломж юм. Би Ертөнцийн эзэнд итгэдэг, хонгилын төгсгөлд гэрэл бараг харагдахгүй байсан ч. Дэлхий надад нээгдэх болно гэдэгт итгэдэг.

GQ: Та брэндээ үүсгэхээр шийдсэний дараа өөрийн өвөг эцэг Дэвис Хоуг нь сархад үйлдвэрлэдэг хүн байсан гэдгийг олж мэдсэн. "Renaissance" ч бас нэгэн гэр бүлийн гишүүнд зориулагдсан бүтээл. Энэ бүхнээс харахад та өөрийн гарал, үндэс суурь руугаа эргэн харахад илүү хичээл зүтгэл гаргаж байх шиг байна. Та өөр юуг олж нээсэн бэ? 

Бейонсе: Хачирхалтай нь, би өвөг эцгийнхээ түүхийг мэдэхээсээ өмнө виски брэнд бий болгохыг хүсэж байсан. Өөрийнхөө гэр бүлийн түүхийг нээсэн нь надад маш их урам зориг өгч, сэтгэл хөдөлгөсөн. Манай гэр бүлийн виски үйлдвэрлэдэг түүх 200 гаруй жилийн өмнөх Америкийн Алабама мужийн өнгөт арьст эрийн түүхээс эхтэй. Тухайн үедээ бизнес эрхэлдэг, энтрепренер хүн байсан ч үндсэн виски үйлдвэрлэх боломжгүй байсан юм. Нийгмийн хязгаарлалт үйлдвэрлэл явуулахыг зөвшөөрөхгүй байсан. Гэхдээ миний өвөг эцгийн цацсан үр нь хөрсөнд буусан юм байна. Ийм учраас бид түүний түүхийг хамгийн гүн хүндэтгэн өргөмжилнө. Энэ нь зүгээр л нэг бизнес биш. Харин өв уламжлалын биелэл юм.

Би өнгөрсөн, одоо, ирээдүй хоорондоо маш их холбоотой гэдэгт итгэдэг. Түүх бол бидний ирээдүй рүү орох хаалга. Надад өвөг дээдэстэйгээ холбогдсон юм шиг мэдрэмж төрдөг. Тэд намайг болон миний гэр бүлийг замчилж байна гэдэгт итгэдэг. Тэдний удирдамжид сэтгэл зүрхээ нээлттэй байлгахыг хичээдэг юм. Би өөрийгөө агуу эцэг Жонни, өвөг эцэг, эмээ Агнэз Дереон нарын үргэлжлэл гэж үздэг. Тэдний дуртай байсан зүйлсэд би дуртай, тэднийг дуртай байсан зүйлийг нь мэдэхээсээ өмнө л дурлаж байсан.

Намайг хэн нэгэн “SirDavis”-тай холбоотой гэдгийг мэдэхээс өмнө би брэндээ түүний амт, чанараар нь хүлээн зөвшөөрөгдөхийг хүссэн. Бүтээгдэхүүнээ хамгийн хатуу шүүмжлэгчдийн өмнө тавьж, чанараар нь тэдний хүндэтгэлийг хүртэхийн тулд тууштай байсан. Орцоо баталгаажуулсны дараа бид вискигээ дэлхийн хэмжээнд шүүмжлэгчдэд илгээж, тэмцээнүүдэд оролцуулж эхэлсэн. Шошго дээрээ эсвэл брэндийн танилцуулга дээрээ “Бейонсе” гэсэн нэрийг оруулаагүй. Энэ нь зориуд гаргасан шийдвэр.

Бид олон жилийн эцэст “SirDavis” вискиний төгс хувилбар болох орцыг гаргаж авсан. Олон удаа туршиж, сайжруулсны үр дүн. Миний мөрөөдөл, хүсэл тэмүүлэл, ур чадвар, айдас, сэтгэлийн шарх, хэв маяг бүгд л миний өвөг дээдэстэй холбогдсон. Тэд миний нэг хэсэг, би тэдний нэг хэсэг. Би гэр бүлийнхээ түүхийг дэлгэрүүлж байгаадаа ихээхэн хүндэтгэлтэй ханддаг.

GQ: Таны найм дахь цомог саяхан гарсан. Та бүх хөгжмийн дискографиа бүхэлд нь юу гэж хардаг вэ? Энэ замнал төгсөхөд та юуг харна гэж найдаж байна вэ? 

Бейонсе: Би өөрийн хийсэн зүйлээрээ бахархаж байгаа. Гэхдээ би өөрөөсөө болон миний гэр бүлээс маань гаргасан золиоснуудыг бас хүлээн зөвшөөрдөг. Нэгэн цагт би маш богино хугацаанд өөрийгөө шахаж ажиллаж, тэгсэн хэр нь шаргуу хөдөлмөрлөснийхөө ашиг тусыг эдлэхэд хангалттай цаг гаргадаггүй байсан. Сэтгэцийн эрүүл мэндэд анхаарахыг бидний үеийнхэн багадаа заалгаж байгаагүй шүү дээ. Тэр үед би хязгааргүй шахуу байж, бүх зүйлд тийм гэж хэлдэг байлаа. Би өөр хэнээс ч илүү шаргуу ажилласан. Харин одоо илүү ухаалгаар ажилладаг болсон. Эцэст нь хамгийн том шагнал бол хувийн аз жаргал юм. Би бүтээлээрээ хүмүүст эрх чөлөөтэй сэтгэж, боломжгүйд итгэхэд нь түлхэц өгч чадсан уу? Хэрвээ хариулт нь тийм бол тэр нь өөрөө хамгийн том бэлэг юм.

GQ: Таны 2011 онд гаргасан "4" цомог тухайн үеийн поп хөгжмийн чиг хандлагатай харьцуулахад зориудаар попын эсрэг, трендийн эсрэг байсан. Үүнийг эргэн харахад таны цомгуудыг ингэж бүтээдэг болсон эхлэл мэт санагдаж байна. 

Бейонсе: Би поп хөгжмийг эсэргүүцэж байсан гэж хэлмээргүй байна. Би поп жанрыг хүндэлдэг байсан. Гэхдээ тэр үед хүн бүр поп/данс хөгжимд автсан байсан .Харин R&B, соул жанрын хөгжмүүд орхигдож эхэлсэн. Поп хөгжим алдартай, хөгжилтэй байсан ч энэ миний хийх зүйл биш байв. Тэр үед миний хөгжмийн замналаа чиглүүлэх зүйл биш байсан юм. Би илүү гүн гүнзгий, илүү хөгжмийн мэдрэмжтэй зүйлийг хүсэж байсан. Тэгээд л “1+1” болон “Love On Top”-ыг гаргасан даа.

Зургийн эх сурвалж: NME

GQ: Үүнтэй холбогдуулан, хөгжмийн клипнээс холдох шийдвэрийг та зориудаар гаргасан уу? Та видео дүрстэй цомгийг санаачилсан хүмүүсийн нэг, төгс төгөлдөр болтол нь хөгжүүлсэн."Cowboy Carter" ба "Renaissance"-ийг клипгүйгээр гаргасныг хараад гайхалтай байсан. 

Бейонсе: Зөвхөн дүрслэлийг хардаг болсон одоо үед дэлхий ертөнц зөвхөн дуу хоолойд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж би бодсон. Дуу хөгжим бол түүх, найруулгын хувьд баялаг. Аливаа дууг олон сарын турш задалж, судалж, ойлгох хэрэгтэй. Тухайн үед дуу хөгжимд амьсгалах орон зай хэрэгтэй байсан. Заримдаа дүрслэл нь дуу хоолой, хөгжмийн чанарыг сарниулж болдог. Дөрвөн жилээс дээш хугацааны шаргуу хөдөлмөр, нарийн ширийн зүйлсийг шингээсэн цомгийн хувьд дуу хөгжим өөрөө хангалттай. Дэлхийн өнцөг булан бүрээс фенүүд маань цомгийн дүрслэл нь болж чадсан. Хүмүүс миний аялан тоглолтоос дүрслэлийг нь харсан. Дараа нь миний киноноос илүү дүрслэлүүд харсан.

GQ: Та өөрийгөө тамирчинтай зүйрлэсэн. Спортын бүх тамирчдын хувьд тэдний нас ахих тусам цаг хугацаа тэднийг шахаж байдаг. Та өөрийн карьераа дуусгах талаар боддог уу? 

Бейонсе: Би олон арван жилийн турш биеэ хэт их ачаалалд оруулж ирсэн. Өөрийнхөө дуртай тамирчдын түвшинд тоглолтоо үзүүлэхийг үргэлж эрмэлздэг. Тамирчдаас ялгарах нь гэвэл шигтгэсэн болортой хувцас, өндөр өсгийттэй тоглолт хийдэг шүү, хаха. Би өвдгөө гэмтээсэн нь надад шинэ өөрчлөлтийг авчирсан боломж болсон. Би поп одын жишгийг нэгэнт орхисон. Тренд зүйлсэд төвлөрөхөө больж, цаг хугацаа, туршлагаар улам сайжирдаг чанаруудыг анхаарч эхэлсэн юм. Сайн хөгжим, хүчтэй мессеж хэзээ ч зодог тайлахгүй.

GQ: Таныг хөгжим, кино хийхэд юу урам зориг өгч байна вэ? 2024 онд таны сонссон хамгийн шилдэг дуу юу вэ? 

Бейонсе: Одоо цаг үеийн эмэгтэй дуучин, дуу зохиогчдыг бүгдийг нь хайрлаж, хүндэлдэг. Рэй, Виктория Монэт, Саша Кибл, Клоэ x Халлэ, Рене Рапп зэрэг уран бүтээлчид. Би Доечи, ГлоРилла хоёрыг дуртай, Хьюстоноос гаралтай That Mexican OT-г саяхан сонслоо. Тэр үнэхээр хүчтэй! Сабрина Карпентерийн “Please Please Please” дуу надад үнэхээр таалагдаж байгаа. Мөн Thee Sacred Souls, Чаппелл Роан хоёр авьяаслаг, сонирхолтой санагддаг.

Үнэн хэрэгтээ, би ихэнх цагийг Стеви Вондер, Марвин Гэй болон “Stax” агентлаг  дээрх уран бүтээлчдийн сонгодог дуу хөгжим сонсож өнгөрөөдөг. Би нэг баримтат киног саяхан үзсэн. Энэ жил үзсэн хамгийн шилдэг кино бол "Inside Out 2." Маш гайхалтай, бас би одоо "House of the Dragon," "The Chi" хоёр цувралыг үзэж байгаа.

GQ: Та ажилдаа бүрэн анхааргаагүй үедээ эсвэл хийх зүйлсээ дуусгасан үедээ өөртөө цаг хэрхэн гаргадаг вэ? Ажил, гэр бүлээсээ бүрэн тусдаа зөвхөн өөртөө зориулж хийдэг нэг зүйл гэвэл юу вэ? 

Бейонсе: Дуулах нь миний хувьд ажил биш. Би өөртөө зориулж дуулдаг. Би хөгжимд хайртай, мөн дуулах дуртай. Дуулах бол миний дотоод ертөнцөд гүн гүнзгий оршдог хүсэл тэмүүлэл. Дуулах үед хоолойгоороо дамжуулж мэдрэх мэдрэмж, биеэр минь цуурайтах давтамжид ид шид байдаг. Би сэтгэлээр унасан, гунигласан үедээ, сэтгэлийн гүн мананд орж, өвдөж эсвэл шаналж, нойргүй шөнүүдийг өнгөрөөхдөө дуулдаг. Ихэвчлэн ганцаараа дуулдаг. Миний дуу хоолой миний найз байсаар ирсэн. Үүний ачаар би ганцаараа байсан ч үргэлж аз жаргалтай байж чаддаг. Хөгжим миний сэтгэлийг ойлгодог, сэтгэлээ илэрхийлэх үг олж чадахгүй үед ч. Гэхдээ студид, машин гэх мэт тийм нэг хувийн орон зайд би амар амгаланг олдог.

Дуулах нь намайг тайвшруулж, зүрхний хэмнэлийг тогтворжуулж, допамины хамгийн шилдэг эх үүсвэр болдог. Төгөлдөр хуурын ард сууж, хуруунууд минь санаанд орсон аккордуудыг тоглон, дотроосоо юу ч болов гаргах мэдрэмж нь үнэхээр ид шидтэй. Дуулах нь намайг олон удаа эдгээж байсан. Энэ бол миний хоргодох газар юм.

Энэ бол миний амьдралын хамгийн гүн гүнзгий баяр баясгалан, амьсгалахтай адил шаардлагатай зүйл. Дуулахгүйгээр, хөгжимгүйгээр, бүтээл хийхгүйгээр би зөвхөн алхаж яваа “үхдэл” байх байсан. Хөгжим бүтээх нь надад ажил биш. Энэ бол миний төрсөн утга учир.

Үүнээс гадна би өөртөө зориулж хийхээр "Сесред Ням гарагууд" гэдэг зүйлтэй болсон. Би үнэрт тостой усанд орж, зүү болон бумба тавиулж, рефлексологийн эмчилгээ хийлгэдэг. Бас би хүүхдүүдтэйгээ дууны аягануудаар тоглодог. Зөгийн бал хийж, зураг зуран, засал чимэглэл хийж, усанд сэлж, хувцас болон тайзны загвар зохиодог. Хүүхдүүддээ зориулж хүүхдийн ном бичиж, хүүхэлдэйн киноны зохиомж хийдэг. Бүтээлч зүйлс намайг жаргалтай болгодог. Би бас хөгжилдөх зорилгоор зураг, бичлэг янзалдаг. Үүнд үнэхээр дуртай.

Эх сурвалж: GQ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Харханхуй тал
Харханхуй тал
11 сар 2, 2024 11:58

Бөгсөө зарж амжилтанд хүрсэн гээд шуугиад байхад мэддэггүй юм уу

Холбоотой мэдээ

Back to top button