Найруулагч Б.Гарамханд: Ахиж даргын дүрд тоглохгүй, хөгждөггүй нэг дүрд л хувирдаг хүн болохоос айсан
Зөөгчийн ажилд орохоор очсон ч хувь тохиолоор жүжигчний ангид элсэж улмаар хоёрдугаар дамжаанаасаа эхлэн Хүүхэд, залуучуудын театрт туслах найруулагчийн алба хашиж найруулагч болсон МУСТА, жүжигчин, найруулагч Б.Гарамхандтай ярилцлаа. Тэрбээр "Бүхнээс дээгүүр", "Зориг", "Итгэл", "Алдагдсан өдрүүд", "16 дахь хавар" гэх мэт кино уран бүтээлийг найруулж үзэгчдийн хүртээл болгосон билээ.
Түүнчлэн "Муу нүүрт", "Хохирогч", "Гэрч", "Би ээж болмоор байна", "95%", "Zura II”, зэрэг кинонуудад бүтээсэн дүрүүдээрээ нь үзэгчид эчнээн таних буй заа. Түүнтэй ярилцсан ярилцлагаа хүргэж байна.
-Шил тушааж олсон мөнгөө нийлүүлж нэгийгээ кино үзүүлдэг байлаа-

-Яагаад жүжигчний мэргэжлийг сонгох болсон тухай асуултаар ярилцлагаа эхэлье гэж бодлоо?
-Зорьж очиж жүжигчний ангид ороогүй. Намайг арван жилээ төгсөхөд нийгмийн шилжилтийн үе таарсан. Тухайн үед айл бүрийн л эдийн засаг хүнд байсан. Би айлын том хүүхэд байсан болоод ч тэр үү их сургуульд сурах боломжгүй болсон. Оюутан болоогүй учраас 45 хоногийн зөөгчийн сургалтад сууж ажил хийгээд сургалтын төлбөрөө цуглуулаад дараа жил нь их сургуульд сурна гэж төлөвлөсөн. Түүнийхээ дагуу зөөгчийн сургалтдаа суугаад "Солонго" ресторанд ажилд орох гээд очсон. Гэтэл ажилд авах зохион байгуулагч нь эзгүй байж таараад хүлээх болсон. Хүлээгээд сууж байх зуур яг замын ард Хүүхэд, залуучуудын театрын гадаа хэсэг залуус бужигналдаж байна. Сонирхоод яваад очтол Урлагийн сургуульд шалгалт авч байж таарсан. Хүүхэд байхын урлагийн сургуульд орно гэж боддог байсан л даа. Тэр үед боломж нөхцөл нь тэгж таараад урлагийн сургуульд нь шалгалт өгөөд орж байсан түүхтэй. Хоёрдугаар дамжаанд байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн И.Нямгаваа найруулагчийн удирдлага дор Хүүхэд, залуучуудын театрын туслах найруулагчаар ажилд орж цалинтай оюутан болоод найруулагч мэргэжилтэй төгсөж байсан.
-Та өмнө өгч байсан ярилцлагадаа хүүхэд байхдаа кинонд сонирхолтой байсан гэж дурдсан. Тухайн үед найзуудаараа мөнгө нийлүүлж хальсны кино үздэг. Бүгд орох мөнгө цуглахгүй учраас дундаасаа сайн ярьдаг нэгийгээ оруулж үзүүлээд дараа нь киноны тухай яриулдаг байсан гэсэн?
-Яг тэгдэг байсан. Тухайн үед видео киног хальсаар гаргадаг байсан юм. Тэр болгон хүүхдүүдэд кино үзэх мөнгө олдохгүй нь мэдээж. Тэгэхээр шил тушааж олсон мөнгөө нийлүүлээд нэгийгээ оруулж кино үзүүлдэг байсан хэрэг. Дундаасаа оруулах хүүхэд нь бусдаасаа арай илүү ярьдаг нэгнийгээ сонгож оруулна. Яагаад гэвэл бүтэн кино үзээд түүнийгээ бидэнд ярих учраас сайн ярьдаг байх шалгууртай байдаг байсан.
-Сонгогдож хэр их орж кино үздэг байв?
-Гайгүй ярьдаг хүүхдүүдийн тоонд нь багтдаг байсан. Заримдаа хоорондоо хуруудах, шодох зэргээр хэн нь орохоо шийддэг байсан юм. Хэд хэд хуруудаж, ганц нэг орж кино үзсэн.
-Магадгүй энэ нь таныг жүжигчин, найруулагч болоход нөлөөлсөн байж мэдэх юм?
-Магадгүй л юм. Би хүүхэд байхдаа үргэлж ганцаараа ярьдаг байсан. Бага нас "Санзай"-д өнгөрсөн юм. Өвөл болохоор тэр хавийн бүх хүүхдүүд сургуульдаа явчихдаг учраас хамт тоглох найзгүй ганцаараа үлдчихдэг байсан байх. Ус, түлээнд явж л өдрийг өнгөрөөдөг байсан санагддаг. Усанд явахдаа хол булаг руу чаргаа чирээд явдаг байсан. Тэгж явах бүртээ л ганцаараа ярьж, юмс зүйлсийг дүрслэн бодож, түүнийгээ улам ургуулан төсөөлж сурсан. Энэ нь тодорхой хэмжээгээр найруулагч болоход нөлөөлсөн гэдгийг үгүйсгэх араггүй. Магадгүй нөлөөлсөн ч байх.
-Таны уран бүтээл арай хожуу эхэлсэн санагддаг. Төгсөөд шууд уран бүтээлээ хийлгүй өөр салбарт ажилласан юм уу?
-Бусад жүжигчидтэй харьцуулахад арай хожуу уран бүтээлдээ орсон нь үнэн. Их сургууль төгсдөг жил нийгэм цаг үе хүнд байсан л даа. Ямар сайндаа арай гэж оюутан болох вий дээ. Сургуулиа төгсөөд шууд мэргэжлээрээ ажиллах төсөөлөл, ирээдүй харагдаагүй гэх юм уу. Урлагийн салбарт хугацаа хэрэгтэй, дөнгөж их сургуулиа төгсөөд л кино уран бүтээлд ороод гялалзаад явчихгүй нь мэдээж. Аж амьдралаа харахаар урлагт тэсэж үлдэх тэр цаг хугацааг даахгүй санагдсан. Тиймээс төгсөөд телевизээс ажлын гараагаа эхлээд дараагаар нь хувиараа бизнес хийсэн. Ингэж хэдэн жил явж амьдралаа дээрдүүлсний дараагаар урлаг руугаа орсон. Сэтгэл зүрхээ урлагт өгсөн учраас өөр ажил удаан хийж чадахгүй юм билээ.
-Дэлгэцийн уран бүтээлд анх удаа бүтээж байсан дүрийнхээ тухайд?
-"Би ээж болмооргүй байна" гэдэг кино миний анх дүр бүтээсэн уран бүтээл. Кино театрт нээлтээ хийгээд анх удаа том дэлгэцээр өөрийгөө харах тухгүй мэдрэмж байсан. Би өөрөө том нүд, давхраатайг ч хэлэх үү, нүд маань том хөдлөөд ч байгаа юм шиг ичиж санаа зовж билээ.
-Жүжигчний тань хувьд асуухад ажиллаж байсан дүрүүдээс санаас огт гардаггүй, мартагддаггүй дүр байдаг болов уу?
-"Хохирогч" гэж олон ангит киноны даргын дүр байдаг. Олон удаа авлига авдаг даргын дүр л дээ. Тухайн үед өмнө нь миний ажиллаж байсан кинонуудаас хамгийн олон сцентэй дүр байсан юм. Тус дүрийг бүтээхэд толгой гашилж, шантарч байсан. Нэлээн ажиллагаа, жүжигчний ур чадвар шаардсан "үзээтэй" дүр байсан учир одоо хүртэл санаанаас гардаггүй.
-Үзэгчид таныг даргын дүрээр л төсөөлдөг, мэддэг. Жишээ нь Гарц киноны дүрээр ч юм уу. Даргын дүрийг бүтээх ямар байдаг бол?
-Киноны санал ирэхээр л даргын дүр ирдэг. Сүүлийн үед ирсэн саналуудад татгалзсан хариу өгсөн. Одоо болимоор санагдсан, дандаа даргын дүр бүтээдэг, хөгждөггүй нэг дүрд л хувирдаг хүн болохоос айсан. Хэрэв кинонд орохоор бол өөр төрлийн дүрд тогломоор байна шүү дээ.
-Өөр дүр гэдэг нь?
-Дарга л биш бол. Нэлээн хэдэн кинонд даргын дүр бүтээж харагдсан учир хүмүүс тэр дүрээр минь л хардаг болчихдог юм байна. Ахиж өнөөх даргаараа харагдаж байснаас харагдахгүй байсан нь дээр гэж шийдсэн.
-Ийм л дүр бүтээнэ гэсэн жүжигчин хүний шунал, эрмэлзэл байдаг уу?
-Ийм л дүр бүтээчих юм сан гэж боддоггүй. Ер нь кинонд дүр бүтээхээс илүүтэйгээр өөрөө кино найруулах төлөвлөгөөт ажлууд их байгаа. Тийм болохоор жүжигчин хүний дүрийн шунал байхгүй. Ажил их байгаа учраас дүрийн саналуудад татгалзсан хариу өгдөг болсон.
-2020 онд санагдаж байна, Жонни Депп тэргүүтэй олон улсын уран бүтээлчидтэй хамтарч ажилласан. Тэднээс туршлага судалж, дадал болгосон зүйл их байгаа байх?
-Маш их байгаа. Жишээний зургийн талбай дээр байгаа жүжигчид тухайн тоглох сценийхээ орчинд байгаа мэт байх ёстой. Бусад хүмүүстэй яриа өрнүүлэхгүй, жүжигчдийн нүд рүү огт харж болохгүй гэх мэт олон зүйлс байна. Зураг авалтын талбайн бүтэц түүнийг удирдаж байгаа байдал зэрэг нь манайхаас арай өөр. Сурсан зүйлээ ганц нэгийг нь уран бүтээлдээ хэрэгжүүлдэг. Олон улсын өндөр зэрэглэлийн кино багийн системээр манай дотоодын кино баг ажиллахад арай бэлэн биш. Төсөв санхүү, хүний нөөц зэрэг нь дутах байх.
-Олон улсын кино багийн ажилладаг систем хэзээ манай дотоодын кино багт бүрэн суух бол?
-Хол биш байх. Ойрхон байгаа гэж бодож, найдаж байна.
-Уран бүтээлчийн эмзэглэлээс л сайн зохиол гарна-

Таны эхнэр урлагийн хүн байдаг гэр бүлээрээ урлагтай ойр. Хүү нь Солиот эх кинонд дүр бүтээсэн. Одоо урлагийн сургуульд суралцаж байгаа юу?
-Манай том хүү СУИС-ийн гуравдугаар дамжаанд жүжигчин, найруулагчаар суралцаж байгаа. Дараагийн хүү маань ахлах ангийн сурагч, урлагийн хүн болно гэсэн. Ээж нь дуурийн дуучин, ухаан орсон цагаасаа хойш аав ээжийгээ дагаж театр зургийн талбай дээр өссөн болохоор тэр байх. Дунд хүү "Солиот эх", "Эргэж ирэхгүй намар" зэрэг кинонуудад бүтээсэн дүрүүдээрээ Швейцарын кино наадмаас шилдэг дүрийн шагнал авч байсан. Багаасаа урлагтай ойр өссөн болохоор энэ салбарт тууштай ажиллах сонирхолтой байгаа байх. Түүнийг нь би хорих эрхгүй.
-Хүүхдүүдийнхээ дүр бүтээсэн киног үзэхэд ямар байдаг вэ?
-Заримдаа хүүхдүүдийнхээ тоглосон киног үзэхэд алга хөлөрдөг. Тоглох кинонд нь хамт явдаггүй учраа зөвлөх боломжгүй. Гэхдээ ер нь дажгүй шүү.
Хамгийн анх найруулагчаар нь ажилласан кино 2016 онд байх?
-2016 онд буюу их сургуулиа төгссөнөөс хойш 14 жилийн дараа "Итгэл" киног найруулсан. Итгэлээс хойш уран бүтээлүүдийнхээ зохиолыг өөрөө бичиж эхэлсэн.
-Ихэнх киноныхоо зохиолыг нь та өөрөө бичиж найруулсан байдаг. Кино зохиол бичиж байх үед гацах тохиолдол цөөнгүй байх. Мөн зохиолынхоо санааг яаж олдог вэ?
-Бэлэн зүйл хуулж бичээгүй учраас зохиол бичих үед гацах тохиолдол их. Гацаанд орох үедээ ганц хоёр өдөр завсарлага аваад тархи толгойгоо амраагаад ахиад суухад арай сэргэг байх жишээний. Зохиолын санаа төрөл бүрийн зүйлсээс л төрж урган гарна. Хүний амьдрал учраас маш олон зүйлийг туулж давж, ардаа орхиж яваа. Энэ бүхнээс эмзэг санагдаж, сэтгэлд үлдэж ойр ойрхон бодогддог зүйл байдаг. Ихэвчлэн уран бүтээлчдийн эмзэглэлээс л сайн зохиол гардаг.
-Өнөөдрийн нийгэмд гар буу, гар утас хоёр ялгаагүй зэвсэг болж-

-Сүүлийн үеийн уран бүтээлийн олз омог хэр байна?
-Найз нөхөд, ойр дотнын хүмүүстэй амьдран буй нийгмийнхээ тухай ярилцаад суухад уран бүтээлчийг өдөөсөн, хатгасан санаанууд гарц ирдэг л дээ. Сүүлд "Нийгмийн дайсан" гэх нэртэй кино хийсэн. Зохиолын үүдэл санаа нь Улаан малгайтын үлгэрээс эхэлсэн. Орчин үед аав ээжүүд хүүхдэдээ үлгэр ярьж өгдөг болов уу, эсхүл ухаалга утас өгч унтуулдаг болсон болов уу гэх сэдлээс зохиол нь эхлэлтэй. Үлгэр дээр охин чонотой ой мод руу ганцаараа ордог. Чоно зүсээ хувилгаад эмээгийнх нь дүрд хувирсан байдаг. Тэгвэл орчин цагт тэр ой чинь цахим орчин болж, эцэг эхчүүд өөрсдөө санамсаргүй байдлаар хүүхдүүдийнхээ мэдээллийг сошиалд нээлттэй хуваалцдаг. Гэтэл өнөөх цахим орчин болох ширэнгэн ой дотор дүрд хувирсан чононууд байгаа юм байна. Үнэхээр сайн сайхан зүйлийг цахимд бичдэг ч үнэн хэрэгтээ түүний цаана чоно байх магадлал өндөр болчхоод байгааг хөндсөн.
-Гар буунд сум хийхэд зэвсэг болдог байсан бол одоо гар утсанд дата хийгээд түүнийгээ зэвсэг болгон ашигладаг болж. Хүн бүхний гарт гар буу байна. Гагцхүү түүнийг ямар сэтгэхүй, ухаанаар удирдах эсэхээс хамаарах нь. Хүссэн хүнээ цахимд буруутан мэт харагдуулж, гүтгэж амь насыг нь хүртэл хохироож байна. Амь насаа байг гэхэд тухайн хүний сэтгэл зүй, нийгэмд эзэлж байсан байр суурь зэргийг нь үгүй хийх бүрэн боломжтой болсон. Үүнийг үйлдсэн этгээдүүдэд гэм буруу, хариуцлага тооцох тогтолцоо алга. Нэг ёсондоо хараа хяналтгүй байна. Нийгмийн сэтгэл зүй шүүлтүүргүй мэдээнд итгэж автдаг болж. Энэ мэт ярианы араас л зохиолын санаа орж ирсэн.
-Киноны трейлэрийг үзсэн. Гол дүрд шинэхэн гавьяат С.Ариунбямба, реппер Тришна нар тоглосон байсан. Дүрүүдээ хэрхэн сонгож авсан бэ?
-Манай С.Ариунбямбын гавьяат цолтой гарах анхны дэлгэцийн бүрэн хэмжээний кино болж байна. С.Ариунбямба алдаа гаргадаггүй, буурьтай, ухаалаг хүн итгэж болох хүн. Тиймээс энэ кинонд тоглох ёстой гэж сонгосон. Тришнаг гадаад дүр төрхөөрөө сонгогдсон. Кино группийн санааг хамгийн их зовоож байсан хүн бол Тришна байсан. Зураг авалт эхлэхэд ерөөс итгэл алдаагүй, сайн ажилласан.
-10 гаруй жил кино урлагт найруулагч, жүжигчнээр ажилласан хүний тань хувьд асуухад манай кино урлаг хэр зэрэг хөгжиж байна вэ?
-Манай кино салбар маш сайн байгаа гэж хэлнэ. Зарим хүмүүс монгол кино үздэггүй, сонирхолгүй, муу гэх мэтээр ярьдаг. Тэдгээр хүмүүс одоогоос 20 жилийн өмнөх киног хараад, одоо хийгдэж байгаа киног харах хэрэгтэй. Маш олон дэвшилтүүд гарсан. Дотоодынхоо киног шүүмжилдэг зүйл аль ч улсад байдаг. Манай кинонууд сайн, муутайгаа зэрэг үзэгчдэд хүрдэг. Жилд 50 гаруй кино манайд хийгддэг бол АНУ-д 50,000 кино хийдэг. Тэр том зах зээлээс гарц ирж, олон улсад гарах эрхээ авсан кинотой өөрсдийнхөө киног харьцуулаад муулаад байдаг. Олон улсад муу кино зөндөө хийгдэж байгаа. Тэд нар нь дотооддоо өрсөлдөж шалгарч чадахгүй манайд орж ирэхгүй байгаа болохоор бид анзаарч мэдэхгүй байгаа хэрэг. Тиймээс гадаад кинотой монгол киног харьцуулах боломжгүй.














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жижүүрийн хэдэн асуулттай яльж, шалихгүй л сэтгүүлч байна даа. МУБИС-ынхан ер нь үеийн үед л ийм байсан.
Saijirdiin bgzde haltaisan atsaaa
Үүүнийг чи шийдэхгүй ээ би шийднэ чи одоо ерөнхийлөгчийн дүрд тоглоноо миний кино шүү энэ кино маань Каанны наадмаас гран при авна.Чи тэгээд ерөнхийлөгч болчихноо асуудалгүй
Жүжигчин нь жүжигчинээ дуучин нь дуучинаа хийвэл зохистой Одоо гарч байгаа кинонууд кино юм уу? контeнт юм уу? Ялгагдахаа байсан
Amjilt