Чуулган:Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг эгүүлэн татлаа
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын хэлэлцүүлгийн шатнаас эгүүлэн татав. Тодруулбал, хууль санаачлагч Ж.Алдаржавхлан хуулийн төслийг дахин нягтлан судлах, боловсронгуй болгох шаардлагатай гэж үзсэн тул чуулганы хэлэлцэх асуудлаас хасах хүсэлт ирүүлснийг хүлээн авлаа.
Дэгийн тухай хуулийн 32.1-т хууль санаачлагч өргөн мэдүүлсэн хуулийн төслөө хэлэлцүүлгийн аль ч шатнаас татах авах эрхтэй гэж тусгасан байдаг.
Эргэн сануулахад, тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан нар 2025 оны долоодугаар сард өргөн мэдүүлсэн. Улаанбаатар хотын барилга, авто замын бүтээн байгуулалтад ашиглаж байгаа хайрга, дайргыг нийслэлийн нутаг дэвсгэрээс буюу Туул голын сав газраас ихээр олборлодог. Энэ нь нийслэлийн оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж, улмаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь жилээс жилд нэмэгдэх болсон. Иймд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд аймаг, нийслэлийн ИТХ, Засаг дарга байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд үндэслэн аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон олборлох үйл ажиллагаа явуулахыг хориглох талаарх зохицуулалтыг хуульчлах шаардлагатай гэж хууль санаачлагчид үзсэн юм.
Манай улсын хэмжээнд түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолтын улмаас эвдэрсэн нийт газрын хэмжээ 2021 оны байдлаар 11319 га-д хүрсэн, тэдгээрээс 2404.5 га газар нь Улаанбаатар орчмынх байгаа аж.
Д.ХАДААН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud