О.Цогтгэрэлийн үгэнд орж, Н.Учрал өөртөө итгэл үзүүлэх тогтоолыг парламент руу оруулах уу
АН-ын дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайд Н.Учралд өөртөө итгэл үзүүлэх тогтоолын төслийг парламент руу оруулж ирэх шахалт үзүүлэв. Өмнө нь "Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх" асуулгаарх тогтоолын төслөөр Л.Оюун-Эрдэнийн танхим унаж байсан. Тэд "Огцроход амархан" жагсаал хүрээгээ хэт тэлсэн тул уг тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлж, АН нууц санал хураалтад оролцохоос татгалзчихаж байв. Ингэснээр хамтарсан Засгийн газар байгуулаад байсан Л.Оюун-Эрдэнийн талд саналын олонх гаралгүй, танхим бүрэлдэхүүнээрээ огцорсон юм.
2025.06.03-ны өдөр парламентын танхимд өрнөсөн энэ кэйс Н.Учрал дээр дахин давтагдах уу гэдэг хүлээлт үүслээ. Гол нь, Л.Оюун-Эрдэнэ итгэл үзүүлэх эсэх тогтоолын төслөө өөрөө УИХ-д өргөн мэдүүлж байв. Н.Учрал ч бас Үндсэн хуулийн 44.1-д заасанчлан улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулж, парламент гурав хоногт хэлэлцэх зохицуулалттай.
Нэг ёсондоо Н.Учрал өөрөө улс төрийн шийдвэр гаргаж, Л.Оюун-Эрдэнийн жилийн өмнөх замаар алхах, эсэхээ шийднэ ээ гэсэн үг. Итгэл үзүүлэх, эсэх тогтоолын төслийг тэр УИХ-д өргөн мэдүүлэх эсэх нь түүний бүрэн эрх, Үндсэн хуулиараа.
Тэгэхээр О.Цогтгэрэл яг ямар улс төр хийчхэв гэдэг асуулт эндээс гарна. УИХ-ын гишүүдийн 64 кнопоор Засгийн газрыг огцруулах тоо бүрдэнэ. Басчиг амархан хүрэх тоо биш юм.
АН-ын 42 гишүүн өнгөрөгч хавар Засгийн газрыг огцруулахыг дэмжинэ гэгдэж байсан ч 20 гаруй нь зун сугалагдсан гэх. Угаас АН дотор Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бүхэл бүтэн жигүүр үүссэн, дээр нь АН-ын генсек Ц.Баярцогт байгаа нөхцөлд 42-уулаа огцруулах кноп дээр багцлагдана гэдэг хэцүү. Сөрөг хүчний дарга энэ тохиолдолд "итгэл үзүүлэх эсэх" зам руу шахахыг олон нийтийн дэмжлэг илүү авна, дээрээс нь кноп дээр ялах магадлал өндөр гэж тооцсон бололтой.
Бас нэг анхаарал татаж буй өнцөг нь, МАН доторх 38 буюу Ерөнхийлөгчийн талынхан дундаа хагарсан гэх. Хэрэвзээ тиймдээ тулбал Ерөнхийлөгч улс төрийн шийдвэр гаргаж, ЗГ-ын танхимыг шинэчлэх, хамгаалах, эсвэл парламент тараах хүртэл нөлөөллийг үзүүлж чадахаар байна.
АН-ын шахсан зоргоор Н.Учрал шуудхан итгэл үзүүлэхээ тэврээд УИХ руу гүйж орохгүй. Гол нь, олон нийт хэр удаан түүнийг энэ явуургүй чигээр нь хүлээн зөвшөөрч, тэсэх үү. Нийгмийн уур амьсгал ямар байх уу гэдэг нэг алхам байна.
Тэр нийгэмд шуудхан эффект үзүүлдэг том мөнгөтэй цөөн хэдхэн бизнесүүдийнхээ дургүйг хүргэчхээгүй учир олон нийтийн уур амьсгалыг түймэрт алдчихгүй гэж итгээд, гүлдийгээд хэвтчихэд болох л агуулга өмнө нь байна.
Г.ИТГЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
yaahleeree ene hiitsgui namiin darga nertei yumnii vgend ordg yum