УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Н.Номтойбаяр: Сайд нарын хариуцлагагүй байдал уу, санаатай зохион байгуулалт уу гэдэгт эргэлзэж байна

Шадар сайд Н.Номтойбаяр улс төрийн цаг үеийн агуулгаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Энэ үеэр "Сөрөг хүчний бүлгээс гаргаж байгаа шийдвэрүүдэд хүндэтгэлтэй хандаж байгаа. Хуулиараа олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд улс төрөө л хийж байна. Энэ шаардлагыг хүлээж авах эсэх нь эрх барьж байгаа МАН-ын дарга бөгөөд Ерөнхий сайд Н.Учралын асуудал. Засгийн газарт буй миний хувьд өөрийн кабинетаа хамгаалах үүрэгтэй. Улс төр явж л байдаг шүү дээ, айж цочирдоод байх зүйл алга.

Тодотголын хувьд, баталгаажуулж тодорхойлоогүйгээр өнгөрсөн жилийн төсөв батлагдчихсан. Тухайн үед шүүмжлэлтэй хандаж байсан гишүүдийн нэг нь би. Бодитоор хэлбэл манай Засгийн газар өмнөх Засгийн газрын баасыг цэвэрлэж байна.

Булган аймагт болсон уулзалтад би очсон. Хаана ч УИХ-ын гишүүд цуглаж, асуудал ярихад очихгүй байх шалтгаан байна уу. Засгийн газрыг огцруулах агуулга ярихаар Булганд уулзсан гэж яриад байна. Үүн шиг худлаа зүйл байхгүй. Өөрсдийгөө огцруулъя гээд сууж байх уу.

Намайг буцаад намдаа орно гэх яриа бодитой. Харин албажиж ажил хэрэг болсон зүйл байхгүй. Мэдээж гурван удаа хөөгдсөн би "намдаа оръё" гэж гуйхгүй нь тодорхой. 2024 оны сонгуулиас хойш эрх мэдэлтэй, нөлөө бүхий улстөрчид ярьж байгаа. Албан ёсоор санал тавьбал эргэж харна. Гэхдээ ганцаараа шийдвэр гаргаж чадахгүй. Надад итгэж санал өгсөн ард түмэн бий, мөн хамт сонгогдсон гишүүд ч байна.

"МАК" гэхээр Н.Номтойбаяр гэдэг шиг "Их засаг" гэхээр Н.Учралын нэр гардаг. Ганц зүйл дээр бат итгэлтэй байгаа нь, одоо яригдаад байгаа 3.5 тэрбум төгрөгийг авах гээд захиалаад явах хүн огтхон ч биш. Ялгаа заагийг нь гаргах хэрэгтэй.

Одоогоор нотлогдож байгаа зүйл алга. Шадар сайд болохоороо өмөөрөөд байгаа зүйл огтхон ч биш. Ер нь нотлох баримт л ярих ёстой шүү дээ. Нөгөө талаар, яах аргагүй Өргөдлийн байнгын хороо дээр тэр 50 тэрбумын бүтцэд байгаа 9.8 тэрбум төгрөг буюу зургаан хувийн сургуульд хувьсах зардал нэрийдлээр тарааж өгөх тооцоо судалгаа байсан нь ирсэн юм байна. Энэ бол хөдөлшгүй нотлох баримт. УИХ-ын гишүүд төсвийн задаргааг асуух нь зарчмын асуудал. Битүү хайрцагтай зүйл бид хүлээж авдаггүй. Гишүүд ажлаа хийсэн. Л.Энх-Амгалан сайд өнөөдөр арай л буруу яриад сууж байна. Засгийн газрын сайдын хувьд ярьж байгаа бол үүнийг бодох хэрэгтэй. Бусдыгаа эвгүй байдалд оруулж болохгүй.

"Их засаг кинг" сургууль хүсээгүй байхад энэ мөнгийг яагаад өгнө гэж төлөвлөсөн бэ. Үүнийг яагаад Боловсролын яамны сайд нь хянадаггүй юм. Энэ 50 тэрбум битгий хэл 500 төгрөгийг ч хянадаг шүү дээ. Үүрэг хариуцлага нь хуулиар олгогдсон. Сайд нарын хариуцлагагүй асуудал уу, санаатай зохион байгуулалт уу гэдэгт эргэлзэж байна. Өнгөрсөн хэдэн өдрийн үйл явдлыг хараад уур хүрч байна. Миний буй Засгийн газрын нэр сэвтэх таагүй байна. Заавал шалгаж, буруутай эсэхийг тогтоох хэрэгтэй" гэв.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button