УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Мөнхбатын удирддаг “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК ₮5.2 тэрбумын зөрчил гаргажээ

“Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК бол төрийн өмчит компани. 

Дээр нь манай улсын холбоо, мэдээлэл харилцааны дэд бүтцийн суурь удирдлага, менежментийг хэрэгжүүлдэг онцлогтой. Технологийн хөгжил дагаж, энэ дэд бүтэц бол өдгөө үндэсний аюулгүй байдлыг бататгаж өгдөг томоохон хүчин зүйлд тооцогдож байна. 

Өөрөөр хэлбэл зөвхөн алдагдалгүй үйл ажиллагаа явуулдаг компани төдий биш, ирээдүй хэтийг хардаггүй юм гэхэд өнөөдрийн цаг үед нийцэж, хөл нийлж байх ёстой бүтэц мөн юм. 

Бидний мэддэгээр “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК нь Төв шуудангийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа. Санхүүгийн тайлан баланс хэвийн, эрсдэл бага тул олны анхаарал татахгүйгээр ажиллаад л байдаг. Энэ компанийг бас санхүүгийн хувьд эрсдэлгүй авч яваа нь багагүй амжилт мөн л. 

Гэвч энэ бол тэнд мөнгө байна гэсэн үг. Тэр мөнгийг юунд зарж байна вэ? гэсэн асуулт бас хөндөгдөнө гэсэн үг болж таарч байна. 

“Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх ажлын хэсэг байгуулагдан, Санхүү хөрөнгө оруулалтын газрын захирал П.Батхүлэг нь ахалжээ. Улмаар дүгнэлтээ гаргажээ. Үүнээс хэд хэдэн агуулга анхаарал татаж байгаа юм. 

-1.9 тэрбумын ашиг олдог атлаа 2.7 тэрбумаар, тендергүйгээр шатахуун авчээ-

Өнгөрөгч онд төлөвлөгөөнөөс давсан орлого төвлөрүүлж, ашигтай ажиллаж чадсан. Өөрөөр хэлбэл, санхүүгийн хувьд тогтвортой байгаа гэдгийг түрүүнд дурдсан билээ. 

Тэр дундаа өөрийн хөрөнгө их, өрийн дарамт бага, богино хугацаанд ямар нэг эрсдэл үүсэх магадлал байхгүй гэж ажлын хэсэг дүгнэсэн байна. 

2024 онд 67.5 тэрбумын орлого төвлөрүүлж, 65.4 тэрбумын зардал гаргаж, 1.9 тэрбумын татварын өмнөх ашигтай ажилласан байх жишээтэй. Орлогын дийлэнхийг борлуулалтаас олдог бол түүний өртөг багагүй. 55.4 тэрбумын өртгөөр 64.8 тэрбумын борлуулалт хийсэн байгаа юм. Өртгөөс өөр гэвэл удирдлагын зардал гэдэгт 6.1 тэрбум төгрөг явсан нь анхаарал татав. Мөн “Бусад зардал” гэдэгт 3.2 тэрбум төгрөг бичигджээ.

Төдийлөн өндөр ашиг олдоггүй ч эрсдэлгүй ажиллаад байдаг, жилдээ 2 тэрбум орчим төгрөгийн татварын өмнөх ашиг олдог энэ компани гэтэл тендер зарлалгүй, шатахуун худалдаж авдаг юм байна. 2 тэрбум бол үндэсний хэмжээний төрийн өмчит компанид тийм том ашиг, илүүдээ гарсан мөнгө биш. 

Гэтэл 2024 онд 2.7 тэрбум төгрөгөөр “Магнай трейд”, НИК ХХК-иас шатахуун худалдаж авчээ. Ингэхдээ шууд худалдан авалт хийсэн буюу тендер зарлаагүй байна. Мөн 2025 оны байдлаар НИК ХХК, “Шунхлай трейдинг”-ээс 2.6 тэрбум төгрөгөөр шатахуун авчихаж. 

Эдгээрийг “Урьдчилан мэдэх боломжгүйн улмаас яаралтай хэрэгцээ үүсэх шалтгаанаар...” хэмээн тайлбарлажээ. Гэвч ажлын хэсэг ийм нөхцөл байдал үүсээгүй гэж дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл тендер зарлах ёстой байсан ч тэгээгүй. Жилдээ гэхэд дунджаар 2.5 тэрбум төгрөгийг шатахуун тендергүй худалдан авахад зарцуулдаг юм байна. 

Жилд олдог ашгаасаа давсан хэмжээний мөнгийг шууд худалдан авалтад зарцуулна, ийм зөрчил үйлдэнэ гэдэг эхэнд нь ингэж анхаарал татаж буй. 

Зөрчлийн нийт дүн гэхэд 5.2 тэрбум болно. 

-Хөрөнгийнх нь 50 хувь элэгдэж, барилга нь хуучирсан ч хөрөнгө оруулалтын өгөөжгүй-

Хоёрт, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн үндсэн хөрөнгийн 50 хувь нь элэгдсэн гэж дүгнэлт гарчээ. Мөн Төв шуудангийн байр өөрөө насжилт өндөр, байгаль орчны эрсдэл их тул сэргээн засварлалт хийх шаардлагатай талаар дурдсан байна. 

Энэ бол хөрөнгө оруулалтыг зөв төлөвлөх тухай асуудал. 

Гэтэл хөрөнгө оруулалтын өгөөж сүүлийн жилүүдэд буурсаар байгаа аж. Энэ тухай индекс нь 2022 онд 0.01 гэж гарсан. Харин 2023 онд 0.006, 2025 онд 0.003 болж унажээ.

Тиймээс ажлын хэсэг “Хөрөнгө оруулалтын өгөөж буурч байгаа тул хөрөнгийн бүтцийг оновчтой болгох шаардлагатай. Дээр нь үндсэн хөрөнгийн элэгдэл өндөр байгаа нь бизнесийн бүтээмжийг нэмэгдүүлэх хэрэгтэйг илэрхийлж байна” хэмээн дүгнэжээ.

Төв шуудангийн барилга 1960 онд ашиглалтад орсон, дөрвөн давхар. Гал түймрийн ба газар хөдлөлтийн эрсдэлийн зэрэглэл аль аль нь “Маш өндөр” түвшинд байдаг аж. 

Өөрөөр хэлбэл, энэ байшинд ямар нэг асуудал үүсвэл “Монголын цахилгаан холбоо” ХК-иас үйлчилгээ авдаг бүр орон нутаг, олон улсын транзит суваг, төрийн байгууллагууд, харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдийн үйл ажиллагаа 100 хувь тасарна гэсэн үг. 

Энэ ч үүднээс их засвар, техникийн шинэ байр гэдэгт 12 тэрбумыг тавья гэж 2025 оны төсөвт оруулж ирсэн ч 1.2 тэрбумаар баталчихжээ. Дамжуулах сүлжээний тоног төхөөрөмжийн шинэчлэл гэдэгт бүр төсөв батлаагүй байна. Нийт дүндээ, хөрөнгө оруулалтад 2025 онд 55 тэрбумын санал орж ирэхэд 9.2 тэрбумыг л баталсан нь тайлангаас харагдаж байна.

Ерөнхий дүр зургаар: Эрсдэлгүй, багахан хэмжээний ашигтай ажиллаад байдгийнхаа цаана хөрөнгө оруулалтад анхаардаггүй. Өнөө маргаашдаа дампуурчихгүй ч урт хугацаанд үүсэх бодит эрсдэлээс сэргийлдэггүй нь харагдаж байгаа юм. Тэгсэн атлаа жилд 2.5 тэрбум төгрөгөөр тендергүй худалдан авалт хийж байх жишээтэй. Шууд худалдан авсан бүтээгдэхүүн нь шатахуун байх янзтай. 

Энэ компанийн мэдэлд 21 аймгийн холбосон 19,676 км урт шилэн кабелийн үндсэн сүлжээ, Монгол Улсын нутаг дэвсгэрийн 70 орчим хувийг хамарсан мэдээллийн технологийн үндсэн дэд бүтцийг бий. 12,884 холбооны худаг, 999,534 метр урт сувагчлал, 463 үйлчилгээний болон техникийн байр, 399 холбооны цамхаг бүхий дэд бүтцээрээ дамжуулж харилцаа холбооны бүх төрлийн үйлчилгээг үзүүлдэг.

Харин “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Мөнхбат 2022 оноос хойш ажиллаж байгаа аж. Түүнээс өмнө орлогч захирал байсан хүн байна. Нэг үеэ бодвол төрийн өмчит компаниудыг шинэчилье гэж үе үеийн Засгийн газар зорьдог болсон. Гэвч тэр бодлогоос үргэлж гадуур үлдэж, хойш шидэгддэг атлаа хамгийн чухал мэдээлэл харилцааны дэд бүтцийг удирддаг компани бол энэ. Дөрвөн жилийн турш Б.Мөнхбат компанийг дампууруулчихгүй авч явсан нь үнэн байна. Гэхдээ ямар хөрөнгө оруулалт хийсэн юм, олсон мөнгөө яг юунд зардаг юм, ирээдүй хэтийн талаар ямар бодлого баримталж явдаг юм гэдэг оньсого шиг аж. 

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ийм дарга нараа хал хал

Зочин
Зочин

gatsaa medrel munkhbat yag l ingene oilgomjtoi ...

холбоочин
холбоочин

Сайн ажиллаж байгаа цөөхөөн төрийн өмчит компаниудынхаа 1-ийг ноолохоор шийджээ. Мэдээлэл холбооны сүлжээ компани нь үр ашиг нь зөвхөн 2 тэрбумаар хэмжигдэхгүй бөгөөд Харилцаа холбооны салбарын хөгжлийг хөтлөж яваа гэдэгт итгэдэг. Ер нь 3.5 сая иргэн харилцаа холбооны хямд үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлдэг компани юм.

Сүүрүүлэх нь дээ …!!!!!

зочин
зочин

сайн ажиллаж компаниа ноолох нь дээ. Төрд сайн менежер яаж ч ажиллахав дээ!

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Энэ гацаа мэдрэл бол АБ-ын хүн, АБ-г ЕС болохоор нь ХХЗХ-ны дарга болно гэж солиорч явсан хүн дээ. Одоо унах нь тодорхой л доо.

Гана
Гана

Ямар ч мэдлэггүй мэдээлэлгүй хүн үүнийг бичэж ээ.Энэ компани чинь монгол улсын бүх сум сууринд үүрэн холбооны компаниудыгпн бүх үйлчилгээг хариуцаж байгаа ш дээ

Зочин
Зочин

Сайн л ажиллаж байгаа залуу даа

Холбоотой мэдээ

Back to top button