"Ugshig" аппликейшны зохиогч Г.Эрхэм: ЭШ-д мэдээллийн технологийн шалгалт байдаггүй нь дутагдалтай
АНУ-ын их сургуулиас 448 сая төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг, мөн Казахстан улсын их сургуулиас дөрвөн жилийн төлбөрийн тэтгэлэг аваад буй "Оюунлаг" сургуулийн 12В ангийн сурагч Г.Эрхэмтэй ярилцлаа. Тэрбээр энэ жил хэл бичгийн шалгалт өгөх сурагчдад зориулж "Ugshig" аппликейшн хийсэн байна.
Зургаадугаар ангиасаа эхэлж программын код бичиж, есдүгээр ангиасаа Монгол Улсын мэдээлэл зүйн олимпиадаас хүрэл медаль хүртэж амжилтын буухиагаа эхлүүлж байжээ. Өдгөө Г.Эрхэм Монгол Улсын мэдээллийн технологийн олимпиадын аварга, олон улсын олимпиадын хүрэл медаль хүртээд байна. Түүний ярилцлагыг хүргэж байна.
Видео:
-Олон улсын хоёр их сургуулиас тэтгэлэг авсан гэж сонссон. Тэтгэлэг авах мэдээж амаргүй байсан байх. Тэтгэлэгт хамрагдахаар зорьж буй бусдадаа өөрийн туршлагаасаа хуваалцвал?
-АНУ, Сингапур болон Солонгос улсын их сургуулиуд руу өргөдөл бичиж илгээсэн. АНУ-ын их сургуулиас сургалтын төлбөрийн $128,000 тэтгэлэг авсан. Харин өнгөрсөн өвөл Казахстан улсад болсон олон улсын мэдээллийн технологийн олимпиадад оролцох үедээ тус улсын их сургуулиас 100 хувийн сургалтын төлбөрийн тэтгэлэг гардсан. Сайн судлаагүй сургууль руугаа өргөдлөө илгээсэн нь миний алдаа байсан. Тэгэхээр сургуулиа сайн судалж байгаад өөрт тохирсон сургуулиа сонгож өргөдлөө өгөх хэрэгтэй юм шиг санагдсан. Ер нь бол олон сургууль руу өргөдлөө өгөх нь тийм ч сайн сонголт биш юм байна лээ. Өөрийн зорьсон 10 их сургууль руу өргөдлөө илгээхэд хангалттай юм шиг санагдсан.
-Аль улсын ямар сургуульд сурах бодолтой байна?
-Энэ жил сурахгүй өнжих бодолтой байгаа. Алдаа дутагдлаа сайн засаж сайжруулаад дараа жил Дэлхийн шилдэг их сургуулиуд руу зориглохоор төлөвлөж байна.
-Мэдлэгээс гадна нийгмийн үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцох нь тэтгэлэгт тэнцэхэд арай дөхөм болдог уу?
-Тийм. Гэхдээ харилцан адилгүй. Тухайн сургуулиасаа болдог юм байна лээ. Тухайлбал, АНУ-ын их сургуулиуд академик мэдлэгээс гадна тухайн хувь хүн ямар хүмүүжилтэй хүн бэ гэдэгт ач холбогдол өгдөг юм шиг санагдсан. Тиймээс илүү өндөр босготой, их зүйл шаарддаг. Харин Солонгос болон Сингапур улсуудад ач холбогдол бага өгдөг. Тэгэхээр тухайн сургуулийн оюутан элсүүлэх журмаасаа л шалтгаалдаг гэж хэлж болно.
-Хамгийн их оноогоо эссэгээр авдаг. Эсээ бичихдээ юун дээр анхаарвал дээр вэ?
-Мэдээж эсээ гол жин дарна. Миний хувьд эсээ бичихийн тулд мэргэжлийн багш нараас зөвлөгөө авах хэрэгтэй санагдсан.
-Зургаадугаар ангидаа код бичиж, гурван жилийн дараагаас робот хийж сурсан-

-Таны олимпиадын амжилтын тухай яръя гэж бодлоо. Есдүгээр ангиасаа эхэлж улсын олимпиадад орж эхэлсэн гэсэн?
-Есдүгээр ангиасаа эхэлж мэдээллийн технологийн улсын олимпиадад оролцож эхэлсэн. Алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан амжилттай. Өмнө жил анх удаа олон улсын олимпиадад оролцсон. Энэ жил мөн оролцох эрхээ авч, бэлдэж байна. Өнгөрсөн өвөл Казахстан улсад болсон олимпиадад оролцож хүрэл медаль хүртсэн. Энэ жил амжилтаа ахиулах зорилготой бэлтгэлээ хийж байгаа.
-Хэдэн настайгаасаа эхэлж код зохиож сурав. Одоо юуны код бичиж чадах вэ?
-Зургаадугаар ангидаа код бичиж байсан. Тухайн үед үнэхээр хэцүү, төвөгтэй ажил шиг санагддаг байлаа. Одоо бол дажгүй ажил шиг санагддаг. Хүмүүс мэдээллийн технологи, код зохиох гэхээр толгой өвтгөсөн хүнд ажил гэж ойлгодог. Үнэн хэрэгтээ хэл сурчих юм бол хэцүү, ярвигтай зүйл огт байдаггүй. Найзуудтайгаа нийлж "Ugshig" аппликейшн зохиож байсан. Мөн есдүгээр ангийнхаа өвлийн амралтаар робот хийж сурсан.
-"Ugshig" аппликейшныхаа тухай?
-Хоёр найзтайгаа нийлж хэл бичгийн шалгалт өгөх сурагчдад зориулсан аппликейшн хийсэн. Хэрэглэгчээ уйдахгүй байлгах үүднээс оноо цуглуулж хоорондоо өрсөлдөх боломжтой болгосон. Хэл бичгийн шалгалтад түгээмэл орж ирдэг даалгаврууд дээр ажиллана гэсэн үг. Дотроо мартагдсан хэлц үг, зөв бичгийн дүрэм зэрэг ангиллууд бий. Монгол хэлний мэргэжлийн багш нараасаа тусламж авч даалгавруудаа боловсруулсан. Одоохондоо өгөгдлийн сан бага байгаа. Албан ёсны аппликейшн болгохын тулд төлбөр төлөх хэрэгтэй. Тиймээс санхүүгийн асуудлаас болоод бүрэн нэвтрүүлж хараахан чадаагүй байгаа.
-Туршиж үзсэн юм уу?
-Сайт байдлаар линкээр дамжуулан хэрэглэгчдээ нэвтрүүлсэн. Энэ жил сургуулийнхаа 12-р ангийн сурагчид дээр туршиж үзсэн. Оноо цуглуулж хоорондоо өрсөлдөх системтэй учраас хэрэглэгчид их сонирхохоор юм байна лээ. Боломжтой болохоороо илүү сайн хөгжүүлнэ.
-Удахгүй элсэлтийн шалгалт болох гэж байна. Ямар хичээлээр өгөх гэж байна. Хэр бэлдэж байгаа вэ, шалгалтын өмнөх сэтгэл зүй чухал байдаг шүү дээ?
-Математик гэсэн ганц хичээлээр өгнө. Өөрийн нөөц боломжоороо л бэлдэж байгаа. Өөртөө итгэлтэй, сайн бэлдсэн байхад сандрах зүйлгүй байх. Хамгийн гол нь тайван өндөр ач холбогдол өгөлгүй ажиллавал хэрэгтэй гэж боддог.
-Удахгүй Олон Улсад боловсрол эзэмшиж төгсөнө. Мэдээж мэргэжлээрээ ажиллах байх. Хаана ажиллах вэ?
-Монгол улсдаа ажиллана гэж боддог. Миний бодлоор манай улсын мэдээлэл технологийн салбар бусад орнуудтай харьцуулахад муу хөгжсөн юм шиг санагддаг. Жишээ нь элсэлтийн ерөнхий шалгалтад мэдээллийн технологи гэж хичээл байдаггүй. Сонгон судлах хүртэл байгалийн ухаан, нийгмийн ухаан гэж байхаас мэдээллийн технологи гэх ангилал, хичээл орхигддог. Энэ нь тааруухан хөгжлийн шалтгаан юм болов уу гэж хардаг. Сүүлийн жилүүдээс мэдээллийн технологи хөгжиж тодорхой хэмжээгээр хөгжиж байгаа нь сайшаалтай.
Б.АЗЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.