Б.Баяндалай: Охин минь урамтай сайхан харваж түрүүллээ, ирэх жил дөрвөн хүүхэдтэйгээ улсын наадамд оролцоно

Төв цэнгэлдэхэд уухайн түрлэг цуурайтаж, Үндэсний их баяр наадам өсвөрийн сурын харваагаар өргөн дэлгэр эхэллээ. Энэ жил 21 аймаг, есөн дүүргээс нийт 400 гаруй харваач зорин иржээ. Сурын алтан шар зурхайд эгнэн зогсох дээл хувцсаа дүүрэн сайхан өмсөж, эвэр нумыг эрэмгий гэгч нь эвшээлгэх идэр харваачдын жавхаа ирж яваа цагийн сайхныг бэлгэдэнэ.
Цэц мэргэнээ сорьсон олон харваачдаас анх удаа улсын баяр наадамд оролцон, 12-14 насны ангилалд 28 сумнаас 28 хонож түрүүлсэн Б.Ануг онцолж байна. Тэрбээр аавынхаа гарын шавь нарын нэг.Түүний аав Б.Баяндалай өөрийнхөө гурван хүүхэд, нэг шавь нийт дөрвөн харваачийн бэлтгэлийг базааж, улсын наадамд ирсэн нь энэ. Охиноо төрийн наадамд магнайлахыг дэргэдээс нь харж зогсох эцэг хүний сэтгэлийг үгээр илэрхийлж дийлэмгүй мэт сайхан.
Аймгийн мэргэн Б.Баяндалай: Өөрөө зурхай дээр гарахад сандардаггүй. Тэгсэн мөртөө охиноо өндөр харваж шалгараад, сүүлийн сумаа тавих мөчид их ч сандарлаа, омогшлоо
-Юун түрүүнд танд баяр хүргэе. Охин нь урамтай сайхан харваж түрүүллээ. Сэтгэгдлээс хуваалцаач?
-Охин маань сайхан харваж түрүүллээ. Сүүлийн суман дээр нь их сандарлаа. Өөрөө харвахдаа сандардаггүй юм. Охиныгоо өндөр харваад гараад ирэхээр огшлоо, сандарлаа. Миний охин энэ жил бэлтгэл сургуулилт сайн хийсэн, сайн ч байгаа. Бид нааш ирэх замаараа Хүй долоон худагт болсон "Аваргын гараа" тэмцээнд оролцоод, охин маань түрүүлчихээд ирсэн. Улсын наадмаа өнгөтэй сайхан эхлүүлж байна.
-Та бас охиныхоо багш нь юм байна шүү дээ. Баяр наадамдаа хэчнээ шавьтай ирэв?
-Би өөрийн гурван хүүхэдтэйгээ, нэг шавьтайгаа нийт дөрвөн өсвөрийн харваачтай улсын наадмаа зорьж ирлээ. Яг одоо нэг шавь маань одоо товх харвах гэж байна. Энэ охин маань манай хоёр дахь хүүхэд. Том хүү, бага охин хоёр маань бас өнөөдөр улсын наадамд харваж, цэц мэргэнээ сорьж байгаа.
Бага хүү маань бас сумынхаа наадамд байранд орсон. Дөнгөж энэ жилээс сурч эхэлж байгаа учраас энэ удаа улсын наадамд өнжсөн. Дараа жилээс дөрвөн хүүхдээ дагуулаап улсын наадамдаа ирэхээр төлөвлөж байна. Ер нь үр хүүхдээ өв соёлоо сайхан өвлүүлье, түгээн дэлгэрүүлье, чадлынхаа хэрээр шавь нартаа зааж сургах сан гэж санаж хүсэж явдаг.
-Охиных нь хувьд онцгой сайхан өдөр тохиож байна. Охиндоо хандаж сэтгэлийн үгээ хэлбэл?
-Нодлин Увсын 100 жилд 28 сумнаас 28 онож түрүүлсэн. Тэр амжилтаа улсын баяр наадамд бататгаж түрүүлсэн охиноороо бахархаж байна. Үнэхээр мундаг харваж, аавынхаа итгэлийг алдахгүй сайхан түрүүллээ. Миний охин маш төлөв даруу, их хичээнгүй хүүхэд. Зааж өгсөн зүйлсийг хурдан сурдаг. Цааш цаашдаа олон амжилт гаргана гэдэг аав нь итгэж байна. Илүү их хичээгээрэй, миний охин чадна.
-Танайх гэр бүлээрээ том багагүй энэ спортын төлөө сэтгэл зүрхээ зориулжээ. Мэдээж, аавын нөлөөлөл их байгаа болов уу. Энэ спортын юу таныг ингэтэл ээнэгшүүлэв татав?
-Би 2020 оноос хойш үндэсний сур харваагаар хичээллэж байна. Энэ жил зургаа дахь жил. Өнгөрсөн хугацаанд 10 гаруй шавьтай боллоо. Сур харваагаар хичээллэсэн хүүхэд төлөв даруу, тэсвэр тэвчээртэй болгодог. Бид наранд ч харваж л байдаг, салхи шуурганд, бороо орсон ч харваж л байдаг. Тийм учраас хүүхдүүд хүний үг даадаг, тэсвэр тэчвээртэй болдог. Үндэсний өв соёл гэдэг утгаараа маш сайхан спорт. Хүүхдүүд, шавь нартаа ч тэгж зөвлөдөг.
-Та анх яагаад сур харваагаар хичээллэх болов. Удам дамжсан спорт байв уу?
-Манай суманд сүр харваа сайн хөгжөөгүй байсан. Ах , найз хоёртойгоо ярилцаж байгаад сум орон нутагтаа үндэсний спортоо хөгжүүлье гэж шийдээд эхэлж байлаа. Үеэл маань Говь-Алтай аймагт сур харваагаар хичээллэдэг, спортын мастер хүн бий. Тэр хүнээс суралцаж, сур харваанд дурлаж явна даа.
-Та энэ жилийн улсын наадамд харвах уу?
-Энэ жил хүүхдүүдийнхээ бэлтгэлд төвлөрөөрд өөрөө хангалттай бэлтгэл хийж чадаагүй. Хүүхдүүдээ аваад аль нэг аймгийн наадмыг зорино.
Өсвөрийн харваач Б.Ану: Улсын наадамд анх даа оролцож, түрүүлсэндээ маш их баяртай байна

-28 сумнаас 28 хонож бахдам амжилт гаргасанд баяр хүргэе. Улсын наадамд хэд дэх удаагаа оролцож байна вэ?
-Би сур харваагаар гурван жил хичээллэж байна. Анх удаа улсын наадамд оролцож үзлээ. Түрүүлсэндээ баяртай байна. Би дотроо 26-27 сум оноход болно доо гэж бодож ирсэн. Бодсоноо давуулан биелүүлж 28 онолоо. Сүүлийн сумаа тавих мөчид "Энийг заавал онох ёстой шүү" гэж бодсон. Тэгээд онож чадсан.
-Зурхай дээр харвах гээд зогсож байхад аав ард байгаадаа гэж бодохоор нөмөртэй байдаг байх. Бидэнд аавыгаа танилцуулаач?
-Миний аавыг Б.Баяндалай гэдэг. Булган аймгийн Баяннуур сумын харьяат. Засагт хан клубын харваач, аймгийн мэргэн, спортын мастер цолтой. Би аавынхаа шавь нарын нэг. Аав маань гурван жилийн өмнө шавь авна гэхээр нь би орсон юм.
-Энэ мөчид аавдаа хандаж юу гэж хэлмээр байна?
-Анх шавь оръё гэхэд дургүйцээгүй аавдаа баярлалаа. Маш их хайртай шүү. Аав маань шударга, хичээнгүй, хөдөлмөрч хүн. Тэр чанараар нь үнэхээр их бахархдаг.
-Сур харваагаар хичээллэж эхэлснээр чамд ямар эерэг дадлууд суусан гэж боддог вэ?
-Сур харваагаар хичээллэснээр тэсвэр тэвчээртэй болдог. Мөн анхаарал төвлөрөл маш их сайжирдаг болохоор би дуртайгаар хичээллэдэг.

Д.ХАДААН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм аавтай хүүхэд азтай юм аа, хөдөлмөр нь сайхан үр дүнгээ өгчээ
Aav ni bagsh ni geheer huuhded bur ih uram zorig ordog baih bayar hurgie
Үндэсний спортоо үр хүүхдэдээ өвлүүлж байгаа нь хамгийн сайхан үлгэр дуурайлал байна
Ohin ni anh udaa orood turuulsen gedeg uneheer mundag amjilt baina
28 сумаас 28 онолоо гэдэг бол зүгээр аз биш, маш их бэлтгэлийн үр дүн
Ger buleree neg sportoor holbogdoj yavna gedeg uneheer saihan
Ийм мэдээ уншихаар үнэхээр бахархал төрж байна
Huuhdiig tesvertei bolgodog sport gedeg ni yariltslagaas ilt baina
Аавынхаа итгэлийг алдалгүй түрүүлсэн охиндоо баяр хүргэе
Sur harvaa bol Mongol ulamjlalaa hadgalj baigaa saihan sport
Ийм гэр бүлүүд олон байгаасай, хүүхдүүддээ үлгэр дуурайлал болж байна
Daraa jil durvun huuhdee daguulaad naadamd oroh ni buur saihan haragdaj baina
Хөдөлмөр, хичээл зүтгэл хоёр хэзээ ч талаар болдоггүй гэдгийг харууллаа
Охинд нь улам их амжилт, аавд нь эрүүл энхийг хүсье
Sur harvaa huuhdiig tevcheertei bolgodog ni uneheer zuv yum baina
Монголын ирээдүй болсон хүүхдүүд ийм сайхан амжилт гаргаж байгаад баяртай байна
Мундаг охин байна. Амжилт хүсье.
Сайн хүн болоорой