ХЭҮК: Монгол Улсын иргэдийн нэр төр, алдар хүнд, гэр бүлийн нууцлал бүрэн хамгаалалтгүй байна

Үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний талаар Хүний эрхийн Үндэсний Комисс байр сууриа илэрхийллээ.
Юунд ч итгэдэггүй олон нийтийн сэтгэлзүй ардчиллын үзэл санааг бүдгэрүүлж, төрд тавих олон нийтийн хяналтыг сулруулахын зэрэгцээ нийгэмд талцал хуваагдал бий болгох эрсдэлийг улам хүчтэй болгож байгааг ХЭҮК-ынхон онцлов.
Мөн хүний нэр төрд халдсан асуудалд холбогдсон талууд нь тодорхой байгаа тохиолдолд шүүх тухайн асуудлыг шийдвэрлэх боломжтой эрхзүйн зохицуулалт үйлчилж байна. Харин цахим орчинд тухайлбал фэйсбүүк, Х зэрэг платформд хуурамч болон нэрээ нууцалсан хаяг ашиглан хүний нэр төр, алдар хүнд, хувийн амьдралд халдаж худал мэдээлэл тараасан тохиолдолд тухайн мэдээллийг түгээсэн этгээдийг олж тогтоох, зөрчигдсөн эрхийг сэргээх боломж хомс байгаад харамсаж байна.
2025 оны арваннэгдүгээр сараас өнөөдрийг хүртэл худал мэдээлэл тараах замаар хүний нэр төр алдар хүндэд халдсан гэх нийт 362 гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Харин өмнөх онуудад бүртгэгдсэн нийт 859 гомдол мэдээллийг хэрэгсэхгүй болгож хаасан байна.
Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан ч шүүхээс хуурамч хаягийн эзэмшигчийг тогтоох, үргэлжилж байгаа гүтгэлэг, халдлагыг таслан зогсоох боломжгүй нөхцөл байдал үүсгэж байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын иргэдийн нэр төр, алдар хүнд, гэр бүлийн нууцлал бүрэн хамгаалалтгүй байна.
Монгол Улсын Үндсэн хуульд төрөөс хүний эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэж маш тодорхой заасан" гэв.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.