Улс төрийн мэдээ

СЗХ-ны даргын үүрэг гүйцэтгэгчээр Т.Цэрэнбадралыг томилсон байна

УИХ-ын чуулганы энэ сарын 20-ны нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Үүний дагуу тэрбээр өнөөдөр ажлаа албан ёсоор хүлээлгэн өглөө. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц ажлаа хүлээлгэн өгөхдөө Хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, дэд дарга Т.Цэрэнбадралд тамгыг гардуулан өгч, санхүүгийн зах зээлийн хөгжил, шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлсэн онцлох ажлууд, хүрсэн үр дүнгийнхээ талаар танилцууллаа.

Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд баг, хамт олонтойгоо хамтран ажиллаж, санхүүгийн зах зээлийн хөгжилд тодорхой ахиц, өөрчлөлт гаргаж чадлаа. Ялангуяа сүүлийн хоёр жилд санхүүгийн зах зээлийн хөгжлийг эрчимжүүлэх, санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход онцгойлон анхаарч ажилласан. Үүний үр дүнд 2026 оны гуравдугаар улирлын байдлаар Хорооны зохицуулалттай салбарын нийт хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 35 хувиар өсөж, 28.7 их наяд төгрөгт хүрсэн бол хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2025 оны эхэн үетэй харьцуулахад 28.5 хувиар нэмэгдэж, 16.7 их наяд төгрөгт хүрлээ.

Энэ хугацаанд хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх, аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн боломжийг өргөжүүлэх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, зах зээлийн ил тод байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон талт бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлсэн. Мөн санхүүгийн зах зээлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгож, санхүүжилтийн шинэ боломжуудыг бүрдүүлэхийн зэрэгцээ хөрөнгө оруулагч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах зохицуулалтыг бэхжүүлэхэд анхаарч ажиллалаа. Эдгээр нь санхүүгийн зах зээлийн тогтвортой, ил тод, хүртээмжтэй хөгжлийг дэмжих, цаашдын өсөлтийн суурийг бүрдүүлэхэд чиглэсэн чухал алхмууд байлаа” хэмээн онцоллоо.

Санхүүгийн зохицуулах хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, дэд дарга Т.Цэрэнбадрал үүний дараа санхүүгийн салбарын тогтвортой байдал, ирээдүйн өсөлт, хөгжлийн тулгуур болсон шинэчлэлийг хэрэгжүүлэхэд хариуцлагатай ажилласанд нь талархал илэрхийлээд, цаашдын ажил, үйлсэд нь амжилт хүссэн юм.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button