Нийгмийн

“Борооны зүрх” номоос онцлох 6 шүлэг

Ганбатын Лхагвадулам. Америкийн яруу найрагч Эмили Дикинсоны шүлгийн түүврийг “Орчлонд илгээх захидал” нэрээр, Альбер Камюгийн “Хөндлөнгийн хүн” Эрнст Ханс Гомбрихын “Дэлхийн бяцхан түүх”, Федерико Феллинигийн намтар, дурсамжийн “Зүүд бол цорын ганц бодит зүйл” зэрэг олон ном бүтээлийг эх хэлнээ орчуулсан чадварлаг орчуулагч юм.

Түүний “Дотно алс” шүлгийн түүврийг анх уншиж, уран бүтээлтэй нь танилцаж байлаа. Харин яг одоо миний гарт түүний “Борооны зүрх” нэртэй шүлгийн ном байна. 2006 онд хэвлэгдсэн эл номоос зургаан шүлэг онцлохоор бэлтгэлээ.

***

Долгионтой үс чинь шулуусч...

Чи сайхан хэвээрээ.

Дэгжин хувцсаар гоёж...

Чи сайхан хэвээрээ.

Инээд чинь бүр ч жоготой болж...

Чи сайхан хэвээрээ.

Намайг огт санадаггүй ээ...

Чи сайхан хэвээрээ.

Дөрвөн жилийн ган, зуд...

Чи сайхан хэвээрээ.

Дэмий л нэг уйлмаар...

Чи сайхан хэвээрээ.

***

***

Бичсэн бүхэндээ эрдэвч

Минийх шиг шүлгүүд

Хаа нэгтээ амьдарч,

Дотор байгаа бүхнийг минь

Хэн нэгэн

Харчихсан л байгаа.

Бичигдэхгүй төгсгөлд хоргодовч

Минийхээс их гунигийг

Ганц мөрөнд багтааж,

Мэдрээгүйг минь мэдрэх

Чихээ огтлогчид

Ирж л яваа.

***

***

Атаархатлаа шүтэх,

Үзэн ядталаа хайрлах,

Бусдын үгийг

Өөрийн болгож догдолтлоо төөрөлдөх

Ямар сайхан байлаа!

Ахиад би хэзээ ч жаргахгүй,

Надад өдрүүдийн хэлхээс

Тасархай санагдаж,

Найраг ердөө л

Яруу үгс байхаа

Больсноос хойш.

***

***

Чамайг мэндлэхэд

Тэнүүлч үзэсгэлэн гэртэй болсон.

Ярьж эхлэхэд чинь

Тэнгэрт чамин үгс дууссан.

Алхах газрыг чинь зөөллөх гээд

Ээжид чинь нулимс үлдээгүй.

Цочимхой нүдэн минь!

Энд чамд илүүдсэн зовлон байхгүй.

Миний анх тэвэрсэн цагаан өлгий-үеэлхэн минь!

Чиний сүүдэр-Бидний хайр

Чамайг дааруулахгүй.

***

***

Хажууд минь чи амьсгалж

Зүрхийг минь

Бүлээн байлгаж байна.

Хөшиг мэт үсийг чинь сөхвөл

Мянган сэтгэхүйт төрх чинь

Ой нүхэлж байна.

Харцаараа инээмсэглэх чиний

Гунигийг мэдэрч

Цогцос минь гэсэж байна.

***

***

Тайлсан цамцны чинь

Улаан нь ширтэнэ.

Танил үнэр чинь

Амьсгал ширтэнэ.

Өнчин гэрэл халхалж

Шөнө нүдэн дотор ширтэнэ.

Өөдөөс сарны талыг халхалж

Хэн нэгэн ширтэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button