Ярилцлага

Ж.Энэбиш: Дэлгэцээ дөрөв хуваан үзэхээс авахуулаад олон боломжийг “TV ROOM” үйлчилгээ бүрдүүллээ

Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн, хэрэгцээг нь бүрэн хангасан олон үйлчилгээгээрээ салбартаа танигдсан, 99 жилийн түүхтэй “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Маркетинг, бизнес хөгжүүлэлтийн газрын дарга Ж.Энэбиштэй ярилцлаа.

-Танай байгууллага 100 жилийн ойгоо угтан олон үйлчилгээ нэвтрүүлэн, санаачилж буйн нэг нь “TV Room”. Саяхан “ICT EXPO-2020”-д танилцуулахад нь танай салбарынхан, хэрэглэгчид их ам сайтай байгаа нь анзаарагдсан. “TV ROOM” үйлчилгээнийхээ онцлогийн талаар сонирхуулна уу?

- Монголын цахилгаан холбооны салбарын ууган байгууллага, 99 жилийн түүхтэй МЦХ ХК суурин утас, интернэт, олон улсын яриа, кабелийн телевиз, мэдээллийн лавлах үйлчилгээ зэрэг олон төрлийн үйлчилгээг Улаанбаатар хотоос гадна 21 аймаг, 280 гаруй алсдагдсан сум суурин газарт хүргэн, үйл ажиллагаа явуулдаг. Бид хэрэглэгчдийн таашаалд нийцсэн, шинэ үйлчилгээ нэвтрүүлэхийг үргэлж зорьдог. Энэ удаа OTT үйлчилгээг “TV ROOM” нэртэйгээр зах зээлд нэвтрүүлж, нээлтээ хийлээ. Энэ үйлчилгээгээрээ саяхан болсон “ICT EXPO” үзэсгэлэнд 14 дэх жилдээ амжилттай оролцсон.

Ер нь 2020 оны байдлаар олон суваг дамжуулах үйлчилгээ нь IPTV-ээс илүү интернэтэд суурилсан контент тал руу хүчтэй өргөжин тэлж байна. Хоёр жилийн өмнө OTT үйлчилгээний салбарт дөрвөн компани өрсөлдөж байсан бол өнөөдөр долоо болж өргөжлөө. Манай салбарт энэ үйлчилгээ хэр чухал, хэрэгцээ, орон зай байгаагийн нэгээхэн илрэл нь энэ. Цаг үеэ дагаад, зах зээлийн жамаар зохиогчийн эрхтэй бүтээлүүдийн өрсөлдөөн илүү ширүүсэн, үр дүнд нь хэрэглэгчид чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ авах боломж нэмэгдсэн нь олзуурхууштай.

Өнөө цагт хэрэглэгчид хүссэн зүйлээ хаанаас ч, орон зай, цаг хугацаанаас үл шалтгаалан авах боломж, гаргалгааг эрэлхийлэх болсон. Энэ орон зайг нөхөхийн тулд бид “TV ROOM”-ийг зах зээлд нэвтрүүллээ. Хэрэглэгчид OTT үйлчилгээг ашиглан Монгол, гадаадын телевизийн шилдэг сувгууд, видео контентыг дуу, дүрсний өндөр нягтаршилтайгаар, ухаалаг төхөөрөмж ашиглан үзэх боломжтой. Ерөөс хэрэглэгчид гар утсанд зурагтаа багтааснаас өөрцгүй.

“TV ROOM” үйлчилгээ хэд хэдэн онцлогтой. “TV ROOM”-д тавтай морил” гэсэн уриатай манай үйлчилгээ контент бүрийг ангилж, “өрөө”-гөөр илэрхийлэн багцалж өгсөн. Хэрэглэгчид хүссэн контентоо өрөөндөө тухлан үзэх боломжийг бүрдүүллээ гэдэг санааг илэрхийлэхийн тулд “Өрөө” гэж онцоллоо. Кино болон видео стрийминг бүр өөр, өөр нэртэй. Тэгэхээр өрөө бүр өөр, өөрийн гэсэн нэртэй гэсэн үг. Жишээлбэл, хэрэглэгчид Adventure room, Horror room, Child room, Kitchen room, Bedroom гэх мэт өрөөний ангиллаас хүссэн контентоо үзэх боломжийг бүрдүүллээ.

Стандарт, Премиум гэсэн хоёр төрлийн багцыг “TV ROOM” үйлчилгээ хэрэглэгчдэд хамгийн хямд үнээр санал болгож байна. Бид цаашид хамгийн эрэлттэй, шилдэг суваг болон хит болж буй кино контентуудаар тогтмол баяжуулна.

-“TV ROOM” бусад OTT үйлчилгээнээс юугаараа ялгаатай, давуу талтай вэ?

-Бусад OTT үйлчилгээнээс хамгийн сүүлийн үеийн вершионтой, утасгүй интернэт дэмжих смарт бокстой, дэлгэцээ дөрөв хуваан нэгэн зэрэг үзэх горимтой, нөхөж болон ухрааж үзэх 96 цагийн үйлчилгээтэй, телевизийн хамгийн олон сувагтай. Мөн дагалдах видео контентууд нь үнэгүй (бүгд зохиогчийн эрхтэй), интернетийн болон кабелийн телевизийн өөрийн сүлжээтэй гэдгээрээ онцлог, давуу талтай.

-Хэрэглэгчид сард хэдэн төгрөгийн суурь хураамж төлөөд үзэх боломжтой вэ?

-Хамгийн чанартай, шинэлэг үйлчилгээг хямд үнээр хэрэглэгчдэд хүргэх нь бидний гол зорилго. “TV ROOM” үйлчилгээг гар утас, таблет зэрэг өөрийн хүссэн төхөөрөмжөөрөө дамжуулан интернэт орчинд үзэх боломжтой. Стандарт үйлчилгээний сарын суурь хураамж нь 7700, премиумынх нь 13200 төгрөг. Хэрэглэгчид ийм хоёр төрлийн багцаас сонгох боломжтой.

Бид зарим үйлчилгээндээ хөнгөлөлт зарласан. Жишээлбэл, Зурагтны дэлгэцээ дөрөв хуваан нэгэн зэрэг үзэх горим, утасгүй интернэт дэмжигч смарт боксыг 2020 оны арван хоёрдугаар сарын 1 хүртэл 20 хувь хөнгөлөлттэй үнээр авах, 24-36 сарын гэрээ байгуулан, лизингээр авах боломжийг хэрэглэгчдэдээ санал болгож байна.

-2020 оны эхэнд та бүхэн ямар, ямар ажил, үйлчилгээг нэвтрүүлэхээр зорив. Одоогоор үүнийхээ хэдэн хувьд нь хүрээд байна вэ?

-Монголын цахилгаа холбоо компани 2020 оныг нэлээд өндөр амбицтай угтсан. 99 жил гэдэг бэлгэдэлтэй, гоё тоо. Хэрэглэгчид рүү хандсан олон ажил хийхээр төлөвлөсөн. “Холбоо хөгжил-100” концепцыг барин ажиллаж байна. Холбоо гэдэг сайхан үгэн дээр тулгуурлан зургаан томоохон ажил, хөтөлбөр хэрэгжүүлэн, нэвтрүүлж байгаа. Бид энэ оныг “Борлуулалтыг дэмжих жил” болгон зарласан. Одоогоор 2020 онд тавьсан зорилгынхоо 80-иад хувьд нь хүрээд байна.

Он гарснаас хойш “TV ROOM”-ээс гадна хэд хэдэн шинэ үйлчилгээ нэвтрүүллээ. Үүний нэг нь төлбөр, тооцооны нэгдсэн системийг нэвтрүүлснээр суурин утас, кабель, интернэтийн төлбөрийг багцлан төлөх боломжийг бүрдүүллээ. Хэрэглэгчид суурин утасны ярианы багцууд, суурин утас, интернэт гэсэн хоёрлосон багцаас сонголтоо хийж хэрэглэж болно. Интернэт, суурин утас, кабелийн телевизийн гуравласан багц ч мөн удахгүй энэ ондоо батган гарах гэж байна.

-Та МЦХ ХК-ийн Маркетинг, бизнес хөгжүүлэлтийн газрыг сүүлийн таван жил удирдаж байгаа юм билээ. Танай байгууллага хэр шинэлэг, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн, хүлээлтэд хүрсэн үйлчилгээ санаачлах эсэх та бүхнээс шалтгаална. Үүгээрээ онцлогтой, өндөр хариуцлагатай. Танай алба шинэ үйлчилгээ гаргахдаа ямар зүйлийг чухалчилж, гол цензураа болгодог вэ?

-Юу юунаас илүү хэрэглэгчдийн хүсэл, сонирхол чухал. Хэрэглээнд нэвтрүүлэхэд судалгаа шинжилгээ хийхээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн болон гартлаа технологийн болон хэрэглээ талаасаа нэлээд туршиж байж зах зээлд гаргадаг. Хэрэглэгчдэд үр өгөөжтэй хэрэглээ талаасаа хялбар байх, гадаад дотоод хүчин зүйл, компанид хир ашигтай байх, салбарт ямар шинэчлэл болох, цаашлаад улс оронд гээд олон олон хүчин зүйлийг тооцдог. Тиймээс их хариуцлагатай байж сэтгэл зүрхээ шингээж байж шинэ бүтээгдэхүүн гардаг.

-Танай байгууллага одоогоор хэдэн үйлчилгээ нэвтрүүлээд байгаа бол?

-Суурин утас, кабелийн телевиз, олон улсын яриа, интернэт, лавлах үйлчилгээ, “TV ROOM” зэрэг үндсэн үйлчилгээнүүдтэй. Албан байгууллагууд манай гол хэрэглэгчид. Албан ажлыг албаны утсаар утсаар явуулах нь тухайн байгууллагын тогтвортой үйл ажиллагаатай гэдэг  имижийг харуулж байгаа. Суурин утсаар ярих хэрэгцээг нь бид хангадаг.

Суурин утасны дан яриа болоод яриа, интернэт хосолсон  “Olula” багцын үйлчилгээг зах зээлд гаргаснаар хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ хийгээд цаг үетэйгээ нягт холбоотой ажиллах боломжийг бүрдүүллээ. Гэртээ суурин утас хэрэглэгчид ч мөн бидний хэрэглэгч. Зай нь дуусна гэсэн эрсдэлгүй тог тасарсан ч суурин утас  унтрахгүй, сүлжээ тасалдахгүй, суурин утас хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэдгээрээ олон давуу талтай. Тиймээс гэртээ байгаа хүүхэд хөгшчүүлдээ санаа зовохгүй ажлаа хийгээд холбоотой байх боломжтой юм.

Та МЦХ ХК-д 15 жил ажиллаж байгаа юм билээ. Мэргэжлийн тань хамгийн сайхан зүйлүүд гэвэл та юу, юугаа онцлох вэ?

-Холыг ойртуулж, хоёрыг холбодог цахилгаан холбооны салбартаа их хайртай, ажилдаа үнэхээр дуртай. Технологид суурилсан үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх их сайхан. Би салбартаа 20-иод жил ажиллаж явна. Сүүлийн таван жилд нь маркетингийн газраа удирдаж байгаа.

Манайх Монголын харилцаа холбооны салбартаа ууган байгууллага. Бүхий л зүйлийн анхдагч нь. МЦХ ХК-ийн ажилчид хаана ч очоод гологдохгүй. Энд, тэнд манлайлж яваа ажилчид манай компанийн “бүтээгдэхүүн” байдгаар нь бахархдаг. Салбарынхаа боловсон хүчний томоохон үйлдвэрлэгч нь манай байгууллага. Орчин цагтай, техник технологийн эрин үетэй хөл нийлүүлэн алхаж яваа боловсон хүчнээр багаа бүрдүүлснээрээ хаана ч нүүр бардам явдаг.

Сүүлийн үеийн дэлхийн болон салбарын чиг хандлага өндөр хурдны интернетэд суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээ, технологиуд жишээ нь LTE, IoT, AI, CDN, Big Data руу явж байна. Бид ч мөн баг хамт олноороо энэ хөгжилтэй хөл нийлүүлэн алхан салбарынхаа 100 жилийн түүхийг хамтдаа бүтээлцэн, хөгжин дэвжиж, хичээн зүтгэсээр байх болно.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ С.БОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
O
O
2020-10-22 21:21

Dotood management denduu muu. Hereglegchded unetei tohooromj shahdag. Orsoldogch companiudaas 1 alhmaar urgelj hotsorch yavdag. Saihan tuuhtei ch tureesiin bairtai companid amjilt husii.

Холбоотой мэдээ

Back to top button