НИЙГЭМ

ДЭЛГЭРЭНГҮЙ: УОК-оос гаргасан шийдвэрүүд

УОК-ын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.11.07/  10:00 цагт хуралдаж, хурлаас гарсан шийдвэрийг Шадар сайд Я.Содбаатар танилцууллаа.

СҮХБААТАРЫН БООМТЫГ ХЭВИЙН АЖИЛЛУУЛЖ, АЛТАНБУЛАГИЙН БООМТОД КАРЕНТИНИЙ БҮС ТОГТООНО

“Хойд хөршид өвчлөл ихсэж, өдрөөс өдөрт нас баралт нэмэгдэж байгаагаас шалтгаалж Сэлэнгэ аймагт нөхцөл байдал хүнд байна. Сэлэнгэ аймагт Сүхбаатар болон Алтанбулаг боомт байдаг. Сүхбаатарын боомтыг хэвийн ажиллуулна. Харин Алтанбулагт карантины бүс тогтоосон ” гэлээ.

МАХ БЭЛТГЭЛИЙН АЖИЛТАЙ ХОЛБООТОЙГООР ЗАРИМ ШИЙДВЭРИЙГ ГАРГАНА

“Өвлийн мах бэлтгэлийн ажил эхэлж байгаатай холбоотойгоор ирэх 7 хоногт хүнсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, шийдвэрүүдийг гаргана. Одоогоор хүнсний хангамж төлөвлөсөн хэмжээнд байна. Цаашдаа эрсдэл нөхцөл үүсэх, дотроо халдвар тархсан нөхцөлд ямар байх талаар хэлэлцэж шийднэ” гэв.

ЦАГААННУУР, БОРШОО БООМТУУДЫГ ГАРАГИЙН ЗОХИЦУУЛАЛТТАЙ НЭЭНЭ

“Цагааннуур, Боршоо боомтыг 21 хоногийн хугацаатай хаасан. УОК-ын шуурхай штаб энэ аймгуудад очиж ажилласан. Энэ боомтуудыг гарагийн зохицуулалттай нээх тодорхой үүрэг чиглэлүүд өглөө” гэв.

САЯ ГАРУЙ ИРГЭДИЙГ ТОМУУГИЙН ВАКЦИНД ХАМРУУЛНА

Өмнөх дархлаажуулалтын товлолоор нийт зорилтот бүлгийн 97 хувийн хүндээ томуугийн вакциныг хийсэн бол дараагийн ээлжинд сая гаруй иргэдэд томуугийн вакциныг хийнэ гэдгийг онцоллоо.

ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ХҮНСНИЙ НӨӨЦ БОЛОН БУСАД АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ

“Манай улсад хүнсний гол  нэрийн бүтээгдэхүүний нийлүүлэлт тасрахгүй. Учир нь Сэлэнгэ аймгийн хоёр боомтоор зөвхөн цагаан будаа оруулж ирдэг. Бид хүнсний  дийлэнх нийлүүлэлтээ урд хөршөөс хангадаг. Ирэх долоо хоногт Хүнсний аюулгүй байдлын зөвлөл хуралдана. Бид хүнсний нөөц болон бусад асуудлыг хэлэлцэнэ” гэв.  

ШИНЭ ЖИЛИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХОРИГИЙГ ТОДОРХОЙ БОЛГОНО

“Шинэ жилийн арга хэмжээг хориглосон. Шинэ жилийн арга хэмжээнд юуг хамруулах вэ гэдгийг тодорхой болно. Урлаг, спортын арга хэмжээ, үйлчилгээний газрууд хамрагдах гээд байсан учраас энэ асуудлыг тодорхой болгоно” гэв.

БНХАУ-ААС ОРЖ ИРЖ БАЙГАА АЖИЛЛАХ ХҮЧ БҮРЭН ХЯНАЛТАД БАЙНА

БНХАУ-аас орж ирж байгаа ажиллах хүчинтэй холбоотой худал мэдээлэл явж байна. Монгол Улс ажиллах хүчин оруулж ирэхтэй холбоотой үйл явдал бүрэн хяналтад байгаа. 
Зөвхөн удирдах албан тушаалтан, инженер техникийн ажилтныг оруулж ирж байна. Энэ шаардлага манайд байна. Тэдгээр ажилчид маш хатуу хяналт доор, цөөн тоогоор оруулж ирж байна. 21 хоног тусгаарлалтад орж, гурван удаагийн шинжилгээ өгч байгаа” гэлээ.

Г.УЯНГА


Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button