НИЙГЭМ

БНХАУ-аас дөрвөн сая юанийн тоног төхөөрөмж, хэрэгслийг хандивлахаар болжээ

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын XVI хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгууллаа. Хуралдааныг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, БНХАУ-ын Худалдааны сайд Жун Шань нар хамтран даргалж, хоёр улсын холбогдох яам, байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.

Монгол Улсын Засгийн газар, ард түмний цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд цаашид ч дэмжлэг үзүүлэх үүднээс БНХАУ-ын Хубэй муж болон ӨМӨЗО-ноос 4 сая юанийн үнийн дүн бүхий эрүүл мэндийн тоног төхөөрөмж, хэрэгслийг хандивлахаар болсныг Хятадын тал хуралдааны үеэр мэдээлжээ.

Мөн “Талын зам”  болон “Бүс ба зам” санаачилгын бүтээн байгуулалтыг урагшлуулах тухай Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны төлөвлөгөөг шинэ агуулгаар баяжуулан хэрэгжүүлэх, “Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөр”-ийг шинэчлэн байгуулахаар тохиролцжээ.

Хоёр улсын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтод  эрт хүрэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэхийн сацуу Цар тахлын нөхцөл байдалд хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг аль болох хэвийн явуулахын төлөө нягт хамтран ажиллаж, Монгол, Хятадын хилийн боомтын “Ногоон гарц” түр журам зэрэг арга хэмжээг цаашид ч тогтвортой хэрэгжүүлэхээ илэрхийлсэн юм.

Хоёр улсын хоорондын барааны худалдаа болон дамжин өнгөрөх тээвэрлэлтийг дэмжих зорилгоор төмөр замын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүрээнд Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хил нэвтрэх цэгийг тохиролцох, “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулах, төмөр замын Ханги-Мандал боомт нээх зэрэг асуудлаар санал солилцсон байна.

Эх сурвалж: Шадар сайдын хэвлэлийн алба

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button