Нийгмийн

Х.Баттулгын чуулганы индэр дээрээс хэлсэн онцлох 12 ЭШЛЭЛ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр /2020.11.27/ УИХ-ын чуулганы цахим хуралдаанд оролцож, Шүүхийн багц хуулийн талаар байр сууриа илэрхийллээ. Бид та бүхэндээ түүний индэр дээрээс хэлсэн онцлох 12 ишлэлийг танилцуулья.

НЭГ

Нийгмийн даатгалын санг тонож, татвар төлөгчдийн 340 гаруй тэрбум төгрөгийг зувчуулсан Улсын Их Хурлын гишүүн асан, Монгол ардын намын гишүүн Б.Ундармаа торгуулсан болоод хэргээс мултарч байхад айлын цонхоор нэвтэрч 50 мянган төгрөг хулгайлсан энгийн иргэн, мөн баавгайн арьс, савар авч яваад ял авч шоронд хоригдсон энгийн иргэд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс уучлал гуйж байх жишээтэй.

ХОЁР:

Би шударга бусын хонгил байгуулж байсан, тийм хонгилыг удирдаж байсан Ерөнхийлөгчдөөс өөр, бүрэн эрхээ огт нэмэгдүүлж байгаагүйгээс гадна тодорхой бүрэн эрхүүдээс татгалзсан анхны Ерөнхийлөгч болж байна.

ГУРАВ:

Цаашид хэн нэгэн, хэсэг бүлэг этгээд, эсвэл улс төрийн аль нэг нам, уул уурхайгаар сүлбэлдсэн тодорхой бүлэглэл, фракцид шударга бусын хонгил үүсгэх, хонгилоо хамгаалах, сэргээн байгуулахыг би зөвшөөрөхгүй, бас тэвчихгүй ээ.

ДӨРӨВ:

Дүн өвлийн хүйтнээр Улсын Их Хурлын 5 гишүүн МАНАН дэглэмийг нураах, шударга ёс тогтоох тэмцэл хөдөлгөөн өрнүүлж, 30 мянган иргэн дэмжин жагсаж байсныг Та бүхэн мартаагүй байх. Өнөөдөр эдгээр гишүүдийн зарим нь Улсын Их Хурлын дэд дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайдын өндөр албан тушаалд ажиллаж байна.

ТАВ:

Шударга шүүхээр шүүлгэх иргэдийн эрхийг хөсөр хаяж, шударга бусын хонгилыг хамгаалж огт болохгүй гэдгийг хэлье.

ЗУРГАА:

Шүүхийг шинэчилнэ хэмээн хөөрцөглөж, гоё сайхан уриа лоозон болж яваа эрхмүүд шүүгчийн хараат бус байдал хэмээн ярьж дөвчигнөхөөс сахилга, хариуцлагыг нь дээрдүүлэх асуудлыг ор тас хөндөхгүй, ярихгүй байгааг нь би үнэхээр гайхаж байна.

ДОЛОО:

Шүүхийн асуудал бол хэдэн шүүгчийн биш ард иргэдийн амьдрал, хувь заяатай холбоотой асуудал гэж хандах тул элдвээр мушгин гуйвуулж, улс төржихгүй байхыг Монгол ардын намын бүлгийн гишүүдэд мөн анхааруулъя.

НАЙМ:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх бол иргэн Х.Баттулгын эрх биш юм. Би энэ үүднээс, ирээдүйн олон Ерөнхийлөгчдийн өмнөөс асуудалд хандаж байна.

ЕС:

Улсын Их Хурлын гишүүд нь чуулганыхаа хуралдаанд өөрийн биеэр ирж, итгэл үнэмшлээрээ оролцох боломжгүй ийм үед, яаран сандран, цахим гэгч хурлаар, дэлгэцний цаанаас хоосон хөндий хэлэлцэхээр улайрч байгаа нь ямар эрх ашигт дөрлөгдсөнийг таах аргагүй буюу туйлын хариуцлагагүй, бас болчимгүй алхам болж байна.

АРАВ:

Мөн бусармаг аргаар хөлжсөн, хөрөнгө орлогоо нотлон тайлбарлаж чадахгүйд хүрсэн, түүнийгээ нууж хаах боломжгүй болсон, уул уурхай, авлига, ашиг сонирхлоор сүлбэлдсэн тодорхой бүлэглэл, хэсэг улс төрчдийн явуулга гэж үзэхээс өөр арга алга.

АРВАН НЭГ:

Монголын ард түмэнд хүний ёсоор амьдарч, хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх чин хүсэл, мөнхүү хүлээлт байгаа.

АРВАН ХОЁР:

Мөнх тэнгэрийн хүчин дор шударга ёсны зам мөр цагаан байж бүх хүнд тэгш хүрэх болтугай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ss
ss
2020-11-28 06:06

estoi shudgui arslan ym bna doo

Холбоотой мэдээ

Back to top button