УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Эксүүд индэрт заларч, ЗГ өвөлжилт нэрээр намрын улс төрдөө бэлдэж, нийслэл "эзэнгүйдсэн" 7 хоног

Наадмын урт амралтын дараах ажлын эхний долоо хоног өндөрлөлөө. Бүх нийтийн амралт дууссан ч сайд дарга нарын найр дуусаагүй тул ганц нэг хэвлэлийн хурал хийснээс бусдаар төрийн ажил нам гүм. Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал ч анхаарлын төвөөс гадуур байсаар дуусав. Харин Эрдэнэт хотын 50 жил, Тавантолгой уурхайн 60 жилийн баяр наадам нүсэр болж, дагасан улс төрийн агуулгууд ундрав.

10 хоног амралт далимдуулан шатахуун, ус дулаан гээд өргөн хэрэглээний бүхий л зүйлсийн үнийг сэм нэмсэн Засгийн газар ээлжит бус хурал зарлан сүрийг үзүүлсэн ч дорвитой шийд гаргасангүй. Нийслэлийн ажил эд буцалж байдаг энэ үеэр хотын дарга ганц нэг бэлэн төсөлтэй танилцсан шигээ сажилж явна.

Нэг. Засгийн газар өвөлжилтийн бэлтгэл хангах нэрийдлээр намрын улс төрдөө зэхэж эхлэв

Лхагва гараг бүр Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Энэ долоо хоногт нэг өдрөөр наашлуулж мягмар гарагт ээлжит бусаар хуралдан, өвөлжилтийн бэлтгэл, хичээлийн шинэ жилийн зохион байгууллалттай холбоотой асуудлуудыг хэлэлцсэн. Шадар сайд Н.Номтойбаяр өвөлжилтийн бэлтгэлийг шалгахаар 21 аймгийг тойрч ажиллах болов.

Ерөнхий сайд Н.Учрал "Том том төсөл, 30,40 жилийн дараах хөгжил ярихгүй. Иргэдээ сонсож ирэх оны төсвөө тооцоол. Засгийн газар дор дор нь хурдтай шийдэж байгаа. Та нар харин ажлаа хий" гэж үүрэгдээд буй.

Тэр яг ийм агуулга ярьсаар гурван сар болсон ч эдийн засаг, иргэдийн амьдрал элгээрээ хэвтчихээд буй. Төсвийн алдагдал 2.1 их наяд, инфляц 12.4 хувьд хүрсэн. Ерөөс Засгийн газар өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс шуурхай хангаж эхэллээ гэх нэрийдлээр ажил хийсэн болж харагдах, намрын чуулгантай зэрэгцэн бужигнах улс төржилтийг угтсан алхам л юм.

Хоёр. У.Хүрэлсүх Тавантолгойн уурхайд шагнаж, Ц.Элбэгдоржийг Эрдэнэтэд сүү адаг болон угтав. Чуулганы танхимд ховорон үзэгддэг Х.Баттулга наадмын индэрт залрав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар ирж, өрнөсөн төрийн айлчлал бүдэг бадаг урсав. Харин түүний Тавантолгой ХК-г Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан нь олны нүдэнд өртөж, шүүмжлэл дагуулав.

Хэдийгээр Монголын эдийн засагт голлох байр суурь эзэлдэг уурхай боловч улстөрчдийн гарын салаагаар урссаныг нь тооцвол "халаглам". Алдарт нүүрсний хулгай, 40 их наяд төгрөг энэ уурхайтай холбогдоно. Үе үеийн удирдлагууд нь улс төрчдийн гар хөл болж, Б.Ганхуягаас эхлээд хууль шүүхийн хаалга татчихаад буй.

Эх орондоо ирэх нүүргүй гадаадад гацчихаад байсан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Эрдэнэтийн 50 жилийг зорьж, хэсэг нөхөд сүү адагтай угтсан нь олны анхаарлыг татаж, улс төрийн ямар тохироо хийгдэж байгаа бол гэх болгоомжлол үүсгэв.

Нэгт, тэр зургаан жилийн өмнө АТГ-аас шалгаж эхэлмэгц хил гарч одсон. Хоёрт, одоо ч түүнийг шалгаж байгаа, ирж мэдүүлэг өгөх ёстой ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан мэдэгдсэн. Гэтэл тэр найр наадам хэссээр явна. Төрийн талбааны өдрөөр ч Төв талбайд заларч харагдсан.

Цаашлаад Ерөнхийлөгч асан Х.Баттулга индэрт заларч, цэрэг амиа алдсан асуудлыг нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ оруулаад гаргачихсан Д.Батлут гэхчилэн улстөрчид Эрдэнэтэд цугларлаа.

Ерөөс Эрдэнэт үйлдвэрийг саалийн үйлдвэр гэдэг нь ард иргэдийн хүртээд байгаа өгөөжөөс илүү үе үеийн Ерөнхийлөгч нарын, эрх баригчдын завшсан , хөлжсөн тухай ухагдахуун гэхэд хилсдэхгүй.

Гурав. Б.Пүрэвдагва улстөрч дагаж өссөн ажлын туршлага нийслэлд удирдахад жулдаж буйг цаг хугацаа тодруулсаар

Өнгөрсөн лхагва гарагт нийслэлийн I орлогч асан Т.Даваадалайг цагдан хорих хугацааг нэг дахин нэг сараар сунгах шийд гарлаа. Энэ үйл явдалтай зэрэгцэн олон нийт нийслэлийн ажил руу анхаарлаа чиглүүлэв. Харин хотын дарга Х.Нямбаатар асан одоогоор улс төрийн өргийн гадна буй. Тэрбээр БНСУ-д курсэд сурч буй байгаа удахгүй очно гэдгээ зарласан.

Ерөнхий сайд Н.Учрал махны үнээр шалтаглаж Х.Нямбаатарыг огцруулсан ч Б.Пүрэвдагва нарын хоршил үнэ тогтворжуулж чадсангүй. Одоогийн байдлаар зах худалдааны төвд нэг килограмм үрийн цул мах 38,500 төгрөгийн үнэтэй байна.

Түүнчлэн иргэд шинэ хотын дарга Б.Пүрэвдагвыг экс дарга Х.Нямбаатартай жишсэн хэвээр. Энэ нь ажлаа өөриймшүүлж чадахгүй байгаагийн илрэл. Хотын ажил эд бужигнаж байдаг үеэр нийслэл эл хуль. Дүүжин тээвэр, хагас коксон нүүрс гэхчилэн Х.Нямбаатарын авторласан хэдэн төслүүдийг эргэж тойрч явна.

I хорооллын арын "аралтай" зам гээч олны шүүмжлэлд өртөөд буй автозамыг ч цэгцэд нь оруулж дөнгөөгүй сууна. Шинэ хотын даргад манлайлал, зангараг алга. Үнэндээ нийслэлийн иргэдийн өдөр тутмын амьдралтой шууд холбогддог аж ахуйн нарийн төвөгтэй ажлыг удирдахад түүний нам дагаж өгссөн туршлага нь дутаж байгааг олон нийт хэлж буй.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button