УЛС ТӨР

2021 ОН: Хүссэн эмнэлгээрээ үйлчлүүлж, ялын бодлого нь цахимжиж, малчдаасаа татвар авч эхэлнэ

Алдаа оноотой, хамгийн гол нь цар тахал дэлхий нийтийн цочроосон 2020 он улиран одож, шинэ он эхэллээ. Энэ удаа 2021 онд хэрэгжих онцлох хуулиудыг тоймлон хүргэж байна.

ДААТГУУЛАГЧИД ШААРДЛАГАТАЙ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БҮХ ЗАРДЛЫГ ЭМД-ЫН САНГААС ТӨЛНӨ

Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Дээрх хуулиудаар орж буй өөрчлөлтүүдээс гарах үр дүн:

  • Эрүүл мэндийн даатгалтай иргэн даатгалын сантай гэрээтэй аль ч эмч, эмнэлэгт бүх төрлийн тусламж үйлчилгээг сонгон авах эрхтэй болно. Тэнд нь санхүүжилтийг нь олгодог болно. Ингэснээр эмнэлгүүд чанар, эмчилгээ, үйлчилгээгээрээ өрсөлддөг болно.
  • Урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоог хүний нас хүйс эрүүл мэндийн эрсдэлд үндэслэн заавал хамруулж санхүүжилтийг ЭМД-аас санхүүжүүлнэ.
  • Даатгалын сантай гэрээ байгуулсан улс, хувийн бүх эмнэлэг ижил тариф даатгалаар үйлчлэх тул улсын эмнэлгийн ачаалал, дараалал, хүнд суртал буурна.
  • ЭМД-ын байгууллага нь эмнэлэг, эмийн сангаас иргэнд үзүүлж буй тусламж, үйлчилгээний чанарыг хянах, хангалтгүй үзүүлсэн бол төлбөрийг бууруулах, хариуцлага тооцох, уг үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулж танил талаар шийддэг байсныг зогсооно.
  • Эрүүл мэндийн үйлчилгээ бүрэн цахимжина.
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрыг байгуулж Монгол улсын хилээр эм, эмнэлгийн хэрэгсэл нэвтрэхээс иргэдийн гар дээр очих хүртэлх бүх үе шатанд үнэ, чанарын хяналт тавина.
  • Хөнгөлөлттэй эмийн жорыг бүх төрлийн эмнэлгийн эмч нар бичих бөгөөд гэртээ, ажилдаа аль ойрхон ямар ч эмийн сангаас эмээ авах боломж бүрдэнэ.

МАЛЫН ТОО ТОЛГОЙН ТАТВАР АВНА 

Орон нутгийн төсвийг нэмэгдүүлэх, бэлчээр ашиглалт, цөлжилт, худаг усны хангамж зэрэг тулгамдсан асуудлаа орон нутаг бие даан шийдвэрлэх боломж олгож, малын тоо толгойн албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан бие даан тогтоох эрхийг сум, дүүргийн ИТХ-д ирэх оноос олгохоор төлөвлөж буйтай холбогдуулан Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг баталсан. Энэ хууль 2021 оны нэгдүгээр сарын нэгнээс буюу өнөөдрөөс хэрэгжинэ.

  • Нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-2000 төгрөг байна.
  • Албан татвар төлөгч энэ хуулийн дагуу ногдуулсан албан татварыг тэнцүү хоёр хуваан тухайн жилийн 7 дугаар сарын 15, 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор өөрийн өмчилж байгаа малын тоо толгой тоологдож бүртгэгдсэн сум, дүүргийн төсөвт төлнө гэж заажээ.

Тус хуулийн дагуу малын тоо толгойн татварын орлогыг тухайн сум, дүүргийн Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, иргэд, олон нийтийн саналыг үндэслэн тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд зарцуулах боломж бүрдэх юм байна.

ХӨНГӨН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ХҮМҮҮСТ ЦАХИЛГААН БУГУЙВЧ ЗҮҮЛГЭЖ, ЗОРЧИХ ЭРХИЙГ НЬ ХЯЗГААРЛАНА

Засгийн газрын хуралдаанаар хөнгөн ялаар шийтгүүлсэн хүмүүсийг цахим хяналт хийх, техникийн тусламжтайгаар зорчих эрхийг хязгаарлаж, нийгэмшиж гэр бүлтэйгээ байх техникийн шийдэл бүхий тогтоолыг баталсан билээ. Анх удаа, болгоомжгүйгээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст хорих эсвэл зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулах бөгөөд 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлнэ.

Цахилгаан бугуйвч байршил тогтоох, явсан чиглэл тогтоох, зайны мэдээллийг агуулах бөгөөд хувь хүнтэй холбоотой өөр бусад мэдээллийг цуглуулахгүй.

Олон жилийн дунджаар тооцоолоход 2021 оны эхний хагас жилд 1081 хүнийг энэ шийтгэлийг оногдуулах тооцоо гарсан байна. Ингэснээр хорих зардал багасах бөгөөд ойролцоогоор жилд гурван тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой аж.

Энэ ялыг анх удаа санамсар болгоомжгүй байдлаас гэмт хэрэг үйлдэж бусдад хөнгөн болон хүндэвтэр гэмтэл учруулсан хүмүүст 5 жил хүртэлх хугацаагаар өгнө. Ялыг хэрэгжүүлснээр тухайн иргэн ял эдлэх явцдаа  ажил хөдөлмөр эрхлэж, гэр бүлтэйгээ байна. Оюутан сурагч бол хичээлээ таслахгүй байх боломжтой.  

Техник технологийн хувьд Улаанбаатар хотоос мэдээллийн хяналтын нэг төв ажиллаж хянана. Цахим гавыг ямар нэг байдлаар тасдах боломжгүй. Учир нь метал ган троссоор хийгддэг.   Хэрвээ зорчих эрхийг хязгаарлалтыг зөрчсөн болон маршрутаас гарсан тохиолдолд хорих ялаар солигдоно. 

АТГ-ЫН ДАРГЫГ ЕРӨНХИЙ САЙД САНАЛ БОЛГОЖ, УИХ ТОМИЛНО

Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлтөд оруулсан. Энэ хууль 2021 оны нэгдүгээр сарын хэрэгжиж эхэлнэ.

Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилдог болно. Мөн АТГ-ын дэд даргыг АТГ-ын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно.

Мөрдөгдөж буй Авлигын эсрэг хуулийн 21-р зүйлд “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилно” гэж тусгасан байдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-01 14:10

Ерөнхий сайд биш ерөнхийлөгч томилдог болгох ёстой

Зочин
Зочин
2021-01-01 18:43

ХҮРЭЛСҮХ НЭГ НАС ХОЁР ТӨРЛӨӨРӨӨ ЭЗЭН СУУНА ГЭЖ САНААД ОДОО АТ - ЫН ДАРГЫГ ХҮРТЭЛ ӨӨРӨӨ ТОДРУУЛАХ ЭРХТЭЙ БОЛЧИХЛОО. ОДОО ТАГНАЖ ЧАГНАХААС АЙЛГҮЙ ХУУЛИЙГ ГУУЛЬ БОЛГОЖ ДУРААРАА ДУРГИЖ ДУНД ЧӨМГӨӨРӨӨ ЖИРГЭЖ ДЭЭ. ГЭХДЭЭ ШУДАРГА ЁС ЗААВАЛ ЯЛНА !!!!

z
z
2021-01-02 11:17

m#lchdaas tatvar avdag zuv shvv

Холбоотой мэдээ

Back to top button