Нийгмийн

Өмгөөлөгч нар хорих ангиудад чөлөөтэй нэвтэрч байсан нь халдвар тархах үндэс болжээ

-ХОРИХ 461, 407-Р АНГИУДАД КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРЫН 151 ТОХИОЛДОЛ БАТЛАГДЖЭЭ-

ШШГЕГ-ын харьяа хорих ангиудад коронавирусийн халдварын нөхцөл байдал хурцдаж байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байна. Ялангуяа хорих 461-р ангид халдварын 61 тохиолдол батлагдсан гэх бөгөөд бусад хорих ангиудаас ирсэн коронавирусийн халдвартай иргэдийг тус ангийн эмнэлэгт эмчилж байгаа аж. Эмчилгээ хийлгэж байгаа иргэдээс гурван хоригдлын бие хүндэвтэр байсныг ХӨСҮТ рүү шилжүүлжээ. Улмаар тухайн иргэд өдгөө ХӨСҮТ-д эмчилгээ хийлгэж байгаа аж.

Өдрөөс өдөрт халдварын тоо нэмэгдэж, нөхцөл байдал сайнгүй байсан учир ШШГЕГ-аас харьяа хорих ангиудад буй иргэдээс PCR шинжилгээг авчээ. Улмаар “Эмэгтэйчүүдийн хорих 407-р анги”-аас 90 халдвар илэрсэн байна. Тус ангид 200 гаруй эмэгтэй хоригдож байсан гэх мэдээлэл байна.

-ШШГЕГ-ЫН ХАРЪЯА ХОРИХ АНГИУДАД ӨМГӨӨЛӨГЧИД ХАЛДВАР ТАРААСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ-

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар өнгөрөгч гуравдугаар сарын сүүлээс хорих ангиудад халдвар гарч, 700 гаруй иргэдээс шинжилгээ авчээ. Халдвар алдсан шалтгааныг өмгөөлөгч нартай холбон тайлбарлаж байна. Учир нь өмгөөлөгчид хорих ангиудад чөлөөтэй нэвтэрч, уулзалт хийж байсан гэх бөгөөд тухайн үед түргэвчилсэн оношлуураар оруулж байсан аж. Гэвч коронавирусийн халдвар нь нууцлаг үедээ түргэвчилсэн оношлуураар мэдэгдэхгүй учир, халдвартай өмгөөлөгчөөр дамжиж хорих ангиудад халдвар тархсан байж болзошгүй гэв.

Түүнчлэн өнгөрөгч дөрөвдүгээр сарын эхээр 409 дүгээр ангийн хаалттай хорихоос ирсэн хоригдол, түүний өмгөөлөгч нараас коронавирусийн халдвар илэрсэн тухай мэдээлэл хэвлэлээр цацагдаж байсан билээ. Тодруулбал, шүүхээс хорих ялаар шийтгүүлсэн хоригдогч, болон түүний өмгөөлөгчөөс халдвар илэрч, ойрын болон дам хавьтлын 18-ыг хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт, бусад 52 тохиолдлыг 409 дүгээр хаалттай хорих ангид байрлах түр тусгаарлах байранд эмчилж байгаа гэж байв.

-Б.МЭРГЭН: ТҮР ХОРИХ БАЙРАНД ГЭМ БУРУУ ТОГТООГДООГҮЙ ИРГЭД ХАЛДВАР АВЧ БУЙ НЬ ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨРЧИЛ-

Эх сурвалжийн мэдээллийг бататгах үүднээс бид ШШГЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвийн дарга, хошууч Х.Баясгалангаас үүсээд буй нөхцөл байдлын тухай тодруулахад, “Холбогдох хүмүүсээс тодруулаад эргээд хариу хэлье” хэмээгээд утсаа дахиад авсангүй.

Харин эл асуудлаар хуульч Б.Мэргэн:

"Хорих ангиудад халдвар гарсан. Гэвч нарийн тоог мэдэхгүй. Өчигдөр л гэхэд би 461-р хорих ангид байгаа коронавирусийн халдвар авсан нэг үйлчлүүлэгчээ шүүхээр оруулаад суллуулсан. "Гэм буруутай нь тогтоогүй дээр нь коронавирусийн халдвар авчихлаа. Гадуур байцаана” гээд сулласан. Хорихоос суллагдлаа гээд гэртээ шууд харихгүй. Эмнэлэгт тусгаарлагдаад эмчилгээ хийлгэнэ. 461-ын хувьд гэм буруу нь тогтоогдоогүй иргэдийг шүүх хурал болтол түр саатуулдаг газар юм. Гэтэл тус газарт байхдаа халдвар аваад, эргээд эмчилгээ үйлчилгээ авч чадахгүй байгаа нь өөрөө хүний эрхийн зөрчил. Тиймээс ч ХЭҮК-оос дээд шүүх, ШШГЕГ руу гэм буруу тогтоогдоогүй болон хөнгөн ялтай иргэдийг анхаараач хэмээх зөвлөмж, шаардлагыг хүргүүлээд байгаа. Би үйлчлүүлэгчээ шүүх хурал болтол гадуур эмчилгээ хийлгүүлэхээр гаргасан. Долоо хоногийн өмнөх мэдээллээр хорих 461 дүгээр ангид гэм буруутай нь тогтоогдоогүй 96 хүн коронавирусийн халдвараар өвчилсөн гэж байсан. Харин 409-ын хувьд 22 хүн байгаа гэж сонссон. Гэхдээ эдгээр нь албан ёсны тоонууд биш” гэв.

СЭТГҮҮЛЧИЙН ДҮГНЭЛТ

Тэгэхээр ШШГЕГ-ын харъяа хорих ангиудад гуравдугаар сарын сүүл үеэс эхэлж, коронавирусийн халдвар эрчимтэй тархжээ. Ойролцоогоор 700 гаруй хүнээс шинжилгээ авахад одоогийн байдлаар 232 иргэний сорьц баталгаажсан байна. Тэдгээрээс 147 нь эдгэрч, нийт зургаан иргэнийг ХӨСҮТ рүү шилжүүлсэн гэх бөгөөд одоогоор гурван иргэний биеийн байдал хүндэвтэр, 85 орчим иргэн хорих ангийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгааг эх сурвалж онцлов. ШШГЕГ болон харъяа хорих ангиудад коронавирусийн халдвар эрчимжсэнээс шүүх хурал хойшлуулаад буй. Гэвч гэм буруутай эсэх нь эцэслэн тогтоогдоогүй иргэдийн хувьд саатуулагдаж буй газраасаа халдвар авч буй нь эргээд эрхээ зөрчүүлж, эрүүл мэндээрээ ноцтой хохирч буйн илрэл юм.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-04-29 14:16

хориод эмчилсэн нь дээр дээ хүмүүсээ �##�дчихв�##� эрэх хайх гэж эмчилсэнээс илүү зард�##� гаргна мөн дахин гэмт хэрэг гарах аюултай

Өмгөөлөгч
Өмгөөлөгч
2021-04-30 05:55

Өмгөөлөгч нар өвчин тараагаагүй, ор үндэстэй юм ярина шүү. Өмгөөлөгч нараас нэг ч хүн өвчлөөгүй. Эгүүр.мн -г шүүхэд өгнө

Холбоотой мэдээ

Back to top button