Сурвалжилга, Нийтлэл

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОРИХ АНГИАС: “Хүүхдүүддээ эмнэлэгт хэвтсэн гээд хэлчихсэн, гэхдээ тэд маань дүүтэй болсноо мэдэж байгаа”

Хоёр жил, зургаан сар. Энэ хугацаанд та юу хийж амжих вэ. Хэлний болон жолооны бэлтгэлд сууж, магад шинэ ажилд орж, хуримтлалтай болж ч болох байх. Харин үүнтэй адил хугацааны ял авч, торны цаана сууж буй нэгэн эмэгтэйг бид онцолж байна. Тэрбээр одоо бага насны хүүхэдтэйгээ хамт эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид байгаа юм.

Ийнхүү бид олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хорих ангид хүүхэдтэйгээ хамт байгаа ээжтэй уулзаж дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

-ТАНЫ МЭДДЭГ ХИЙГЭЭД ЭС МЭДДЭГ ЗҮЙЛ-

Улсдаа ганц гэгдэх эмэгтэйчүүдийн 407-р нээлттэй, хаалттай хорих ангид нийт 200 гаруй эмэгтэй хүмүүжиж байгаа аж. Харин тэдний зургаа нь нь хүүхдийнхээ хамтаар. Тэдний нэг болох М-тэй бид уулзлаа. Тэрбээр нээлттэй хорих ангид ял эдэлж байхдаа гурав дахь үрээ өлгийдөн авчээ.

Хорих ял эдэлж байгаа ч жирэмсэн эмэгтэйчүүд эмчийн хяналтад байж, шаардлагатай тохиолдолд эмнэлэгт ч хэвтэх боломжтой юм. Учир нь ээж ял эдэлж байгаа болохоос хүүхэд биш. Тиймдээ ч төрсөн эхчүүдийг хорих ангийн хашаанд байх “Нярай хүүхэдтэй эхчүүдийн байр”-нд байлгадаг. Тодруулбал, хүүхдийг тус байранд ээжтэй нь хамт байлгадаг бөгөөд хоёр нас хүрснийх нь дараа асран хамгаалагчид өгч, харин ээжийг хорих анги руу шилжүүлдэг байна. Харин хүүхдийг асран хамгаалах хүн байхгүй тохиолдолд асрамжийн газар руу аваачдаг аж. Гэхдээ хүүхэд нь хоёр нас хүрсэн ч ээжийнх нь суллагдах хугацаа дуусаж байгаа тохиолдолд хамт байх боломжтой юм байна. Өөрөөр хэлбэл, ял эдэлж буй ээж 1-12 сарын дараа суллагдах бол хүүхэдтэйгээ хамт байж болно. Мөн хүүхдийг заавал хоёр нас хүртэл энд байлгахгүйгээр ар гэрийнхэн нь авч болох аж. Ингэснээр ээж ял эдэлж байхдаа хөдөлмөр хийж, өөрийн гэсэн хуримтлалтай болоод гарах юм.

-ХҮЛЭЭЛТ-

Бидний уулзсан ээж М-ийн тухайд тус хорих ангид долоон сартай жирэмсэн байхдаа иржээ. Улмаар энэ оны хоёрдугаар сард амаржиж, хүүтэй болсон байна. Түүнийг “Амгалан амаржих газар” амаржсаны дараа нөхөр нь нярай хүүхдэд шаардлагатай хувцас, өлгий авчирч өгөөд “Миний хань ингээд “Дархан бэр” боллоо. Баяр хүргэе” хэмээжээ. Хорих анги руу орсноосоо хойш тэрбээр гэр бүлийнхээ хүнтэй анх удаа уулзсан нь энэ аж. Учир нь тэд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан онлайнаар уулзаж байжээ. Одоо ч мөн онлайнаар л уулзаж байгаа аж.

Гэхдээ удахгүй хоёр хүүхэд нь өдөр, өдрөөр хэрхэн том болж буйг, юу, юу хийж сурсныг, өөрийнх нь тухай хэрхэн ярьж суугааг тэрбээр нөхрөөсөө сонсчхоод тэдэнтэйгээ уулзсан мэт зүрх нь халуу шатна. Харин нөхөр нь хүүгээ эрүүл саруул бойжиж байгааг нүдээрээ харна. Учир нь түүний нөхөр вакциныхаа II дахь тунг хийлгэчхээд 14 хоног болж, дархлаа тогтохыг нь хүлээж байгаа гэнэ.

-ЭЭЖЭЭ, ХУРДАН ИРЭЭРЭЙ...-

Тэрбээр “Би өнгөрсөн оны есдүгээр сард хоёр жил зургаан сарын ял авч, 2020 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр эмэгтэйчүүдийн хорих 407-р ангид ирсэн. Хүүхдүүдээ санаж байна. Гэхдээ долоо хоног бүр дүрсээ харж байгаад ярьчихдаг, мөн нэг удаа утсаар ярьчихдаг болохоор харьцангуй гайгүй ээ. Том хүүхэд маань найман настай. Бага маань харин удахгүй зургаа хүрнэ. Одоо аавтайгаа байгаа. Гурав хоногийн өмнө утсаар ярьсан. “Ээжээ, хурдан ирээрэй...” гэж хэлж байна лээ. Тэд маань дүүтэй болсноо мэдэж байгаа. Гэхдээ намайг хорих ангид байгааг мэдэхгүй. Хүүхдүүддээ эмчилгээ хийлгээд, эмнэлэгт хэвтэж байгаа гээд хэлчихсэн юм.

Төрсөн өдрөөр нь, хүүхдийн баяраар ч тэр тэднийхээ хажууд байж чадахгүй нь. Гэхдээ “Эндээс гараад хором минут бүрд хамт байна. Бүх баяраар дандаа хамт байна”. Өөртөө ингэж хэлж л сэтгэлээ тайвшруулж байна. Гэр бүлийнхээ хүнд ч тэгж л тайвшруулж байгаа” гэсэн юм.

-ТАНЫ МЭДДЭГ ХИЙГЭЭД ЭС МЭДДЭГ ЗҮЙЛ-

Түүнийг төрөөд нярайн байранд ирсний дараа нээлттэй хорих ангид байхад нь нэг өрөөнд байсан эгч “Төрсөнд нь баяр хүргэе” хэмээн чихэр өгч явуулжээ. Тэд хоригдож байгаа ч ял эдлэх хугацаа, нас, хүйс, биеийн байдал зэргээс хамаарч хөдөлмөрт хуваарилагдан ажил хийж, мөнгөтэй болдог.

Тодруулбал, 20 гаруй насны эмэгтэйчүүдийг гадаах ажилд, настай эмэгтэйчүүдийг болон жирэмсэн эмэгтэйчүүдийг цэвэрлэгээний ажилд, 30 гаруй насны эмэгтэйчүүдийг үйлдвэрт хуваарилдаг байна. Улмаар тэд цалингийнх нь 50 хувийг хэрэгцээнд, 50 хувийг нь хохирлын төлбөр рүү шилжүүлдэг аж. Харин хохирол төлбөргүй эмэгтэйчүүдийн цалинг бүтнээр нь олгодог байна. Тэд бүгд банкны карттай бөгөөд хорих анги доторх дэлгүүрээс өөрт шаардлагатай хүнс болон хэрэглээний зүйлээ авч болох аж. Мөн ар гэрийнхэн нь данс руу нь мөнгө шилжүүлэх боломжтой юм байна.

Нярайн байранд буй ээжүүдийн тухайд хөдөлмөр эрхлэх боломжгүй ч шагналын хоног олгогдоно. Дүрэм, журмаа зөрчихгүй, өрөөнийхөө цэвэрлэгээг сайн хийснээр сард хамгийн ихдээ 10 хоногоор шагнуулах боломжтой юм. Бидний уулзсан М-ийн тухайд хүүхдээ хоёр нас хүрэхээс өмнө суллагдахын төлөө нярайн байрныхаа тогоочоор ажиллаж байгаа билээ. Англи хэлний багш, орчуулагч мэргэжилтэй тэрбээр бидэнд цаашид юу хийхээр төлөвлөж буйгаа ярилаа.

-ХОРИХ АНГИАС ГАРААД -

Тэрбээр “Анх хорих ангид ирээд жирэмсэн байсан ч гэсэн шагналын хоног авахын тулд шигтгээт наамал нааж байсан. Өрөөндөө наймуулаа байдаг байлаа. Ихэнх нь өглөө үйлдвэрт ажиллана гээд явчихна. Өрөөндөө өдөр ганцаараа л үлддэг байсан. Харин одоо нярайн байрны тогоочоор ажиллаж байгаа. Өглөө сэрээд хүүхдээ хувцаслаж, хооллоно. Тэгээд хоолоо хийнэ. Цаанаас хүнс хангалтай бэлдээд өгчихдөг болохоор бид хүссэн хоолоо хийж иддэг. Дараа нь хүүхдээ усанд оруулна. Ер нь бол нярайн байран дахь эхчүүд бид буцалсан амьдралтай. Анх нээлттэй хорих ангид байж байгаад төрөөд нярайн байранд ирэхэд энд байсан ээжүүд бүгд л сэтгэл дэвсэн тусалсан. Таван жилийн өмнө төрсөн болохоор бүр төсөөрчихсөн байсан. Гэтэл бусад ээжүүд маш их тусалж дэмжсэн.

Би бол хүүхдээ гэртээ өсгөөд сууж байна гэж боддог. Угаас эмэгтэйчүүд бид төрчхөөд гэртээ хүүхдээ хараад, хоолоо хийдэг шүү дээ. Гэхдээ үр хүүхэд, хань руу хурдан очихын тулд нярайн байрныхаа тогоочоор ажиллаж сар бүр шагналын хоног авч байгаа. Нэг сар сайн ажиллаад 10 хоног хасуулдаг юм. Миний хувьд 2023 оны гуравдугаар сард суллагдахаар байсан. Гэхдээ өөрт тохирсон ажил хийж, шагналын хоног аваад байгаа болохоор суллагдах хугацаа маань наашлаад л байгаа. Хорих ангиас гараад хамгийн түрүүнд юу хийж үзмээр байна гээч. Гэр бүлийнхэнтэйгээ хамт монгол орныхоо үзэсгэлэнт газруудаар зугаална. Мөн гэртээ сургалтын төв шиг булан гаргаад хүссэн бүхнийг нь зааж өгнө гэж бодож байгаа. Харин энд байх хугацаандаа хүүхдээ харахын хажуугаар Англи хэлний хэл зүйн дүрмийн ном хэвлэхэд бэлэн болгоё гэж бодож байгаа” гэсэн юм.

-ТӨРСӨН ӨДӨР...-

Хорих ангийн дэргэдэх нярайн байр дотроо гал тогоо, бие засах газартай. Тус байранд нийт 10 эх, нярай байх боломжтой ажээ. Харин биднийг очиход 0.2-1.5 насны зургаан хүүхэд, ээжтэйгээ байлаа. Удахгүй тэд мөн бүл нэмэх ажээ.

Тодруулбал, хэдхэн хоногийн өмнө “Амгалан амаржих газар”-т нэг эмэгтэй амаржижээ. Мөн таван сартай нэг жирэмсэн эмэгтэй эмнэлэгт хэвтэж байгаа, нэг нь нээлттэй хорих ангид байгаа аж. Хорих ангийн зүгээс амаржсан эхчүүд болон хүүхдүүдэд нь тусгайлан анхаарч гаднаас шаардлагатай нэмэлт тэжээл оруулахыг зөвшөөрдөг байна. Мөн хүүхдийнх нь төрсөн өдрөөр нярайн зургийг дарж угааж өгөхөөс гадна ар гэрийнхэн рүү нь файлаар явуулдаг байна. Үүнээс гадна хүүхдийнхээ нэг насны төрсөн өдрийг тэмдэглэх гэж байгаа ээжүүд илгээмжээр шаардлагатай хүнс, хувцас авч болдог аж. Харин нярай хүүхэдтэй ээжүүд нэгнийхээ төрсөн өдрөөр гоё хоол хийж өгч баярлуулдаг байна.

-ХОРИХ АНГИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧ ЯРЬЖ БАЙНА-

Эмэгтэйчүүдийн хорих 407-р анги хоёр сэтгэл зүйчтэй. Биднийг очиход нэг нь ээлжийн амралтаа авсан байлаа. Иймд бид сэтгэл зүйч Р.Даваасүрэнгээс ял эдэлж буй эмэгтэйчүүдэд тохиолдож буй сэтгэл зүйн асуудлыг тодрууллаа. Тэрбээр Эрх зүйч мэргэжилтэй. Сүүлийн 6 жил хаалттай болон нээлттэй хорих ангид ял эдэлж буй эмэгтэйчүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгч байгаа аж. Мөн хуулийн зөвлөгөө өгдөг юм байна.

Тэрбээр “Хаалттай хорих ангид байгаа эмэгтэйчүүд олон жилийн ял авсан байдаг тул сэтгэл санаа нь тогтворгүй, ар гэрээ санагалзаж, бэтгэрсэн байдалтай байдаг. Ихэнх нь “Ах дүү нартайгаа уулзалгүй удлаа, холбоо тасраад удаж байна” гэж ярьдаг л даа. Тиймдээ ч аль болох хурдан хүмүүжиж, хорих ангиас хүсэлтэй байдаг. Яавал хурдан гарах боломжтой вэ гэж асуудаг. Харин нээлттэй ангид ял эдэлж буй эмэгтэйчүүдийн тухайд долоо хоног бүр гэр бүлийнхэнтэйгээ таван минут ярьж, онлайнаар болон биеэр уулзаж байгаа болохоор сэтгэл зүйн асуудал багатай байдаг” гэв.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: 407-р хорих ангид ял эдэлж буй эмэгтэйчүүдийн 20 гаруй хувь нь хаалттай хорих ангид байдаг аж. Тэдний дийлэнх нь буюу 90 орчим хувь нь хүн амины гэмт хэрэг үйлдсэн байна. Энэ бол өндөр үзүүлэлт. Хэрэг гарсан шалтгаан нөхцөл харилцан адилгүй. Гэхдээ эдгээр эмэгтэйчүүдийн ихэнх нь архины хамааралтай, хүчирхийлэгч нөхрөө эсэргүүцэн, ганц удаа гар далайж, биеэ хамгаалах гэсэн оролдлого нь хүний аминд хүргэж, тэднийг торны цаана суулгаж буй. Мөн ял эдэлж буй эмэгтэйчүүдийн ихэнх нь хулгай, залилан, хүн амины хэрэг үйлджээ. Ер нь бол амьдралын хүндийг эмэгтэйчүүдийн нуруунд үүрүүлснээс болж, үр хүүхдээ тэжээхийн тулд тэд хулгай, залилан хийж буй. Улмаар “буруу” юм хийснийхээ төлөөсөнд хуулийн хариуцлагаа хүлээж, үр хүүхэд гэртээ өнчирч хоцорч байна. Мөн зарим нь хорих ангид төрж байна. Тиймээс “буруу” юм хийлгэх зам, үндсийг нь бэлдэж өгдөггүй хариуцлагатай төр, хариуцлагатай эрчүүдтэй болмоор байна. Энэ бол эмэгтэйчүүд, хүүхдүүдийн хүсэж буй ирээдүй.

Хэдий хорих ангид сургалтад сууж, гэрчилгээ авч, гарын ур дүйтэй болж өөрийгөө хөгжүүлж болох ч хүүхэд ээж, аавынхаа дэргэд өсөх шиг, элэг бүтэн байх шиг жаргал үгүй. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
2021-06-01 10:01

эвий эвий хоригдож байгаа л юм чинь ямар олиг байхав. Орчин нь сайн харагдажбайна стандарт гэж юм байдаг байх

Зочин
Зочин
2021-06-01 14:05

Сэтгүүдчээр бахархаж байна, шинийг эрэлхийлж, сорчилдогт нь баярл�##�аа.

Зочин
Зочин
2021-06-01 16:12

Эгүүр мундаг байна

Уншигч
Уншигч
2021-06-01 17:54

Тэгээд л хамаг муугаа эрчүүд рүү чихээд байгаарай, хүн ер нь өөрийгөө л гэрэлтүүлж явах ёстой гэсэн шүү, ямар сайн байхав, бүх юм сайн сайхан байна гэж юу байхав дээ, �##�аг хорвоо шүү дээ, бу�####�д зөөлөн өөртөө хатуу байгаарай, хэн нэгнээс бурууг хайх шиг амархан юм гэж энэ хорвоод үгүй биз ээ, өршөөнө биз

Зочин
Зочин
2021-06-01 20:22

Ямар цөөхөн хоригдолтойн хүүхнүүд гээд суулгахгүй байна уу

дорнод
дорнод
2021-06-01 21:21

аймгийн хөдөлмөр х�##�амжийн дарга авгай айл гэр бүл үймүүлдгээрээ �##�дартай, элдэв дарга нартай орооцолдож газрын дарга болчоод авлига нэхэж ашиг хонжоо хайж заваарч төрийн ажил хийх ёстой юу. төрийн �##�бан туша�##�ыг бузарлаж байгаа авгай аймаг даяараа үзэн ядаж асуудлыг хөндөж засаг захиргаанд гомдол гаргахад орооцолддог хэдэн ухна нь хамга�##�аад өнгөрөөдөг. ялзарсан төр �########�лаг аймгийн удирдлагууд бүтэхшүй ээ

Зочин
Зочин
2021-06-01 22:19

ихэнх нь з�##�илан лувар хийсэн ядарсан хүний насаара хураасан мөнгийг хуурч авдаг бузар хүмүүс

Холбоотой мэдээ

Back to top button