ЭДИЙН ЗАСАГ

ЗГ-ЫН БОНД: Б.Жавхлан сайдын арилжааны банкнуудтай ҮГСЭЖ ХИЙХ хоёр дахь арга хэмжээ болох уу

Энэ ондоо багтаж Засгийн газрын бонд арилжаалагдаж эхэлнэ гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдсэн. Үүнийг нэг талаас төсвийн алдагдлыг богино хугацаанд нөхнө. Нөгөө талаас олон нийтэд эрсдэлгүй, өгөөжтэй хөрөнгө оруулалт хийх боломж олгоно гэдгээрээ зөв шийдвэр гэдэгт ихэнх эдийн засагчид санал нийлж байна.

Түүнчлэн 2017 оноос хойш Засгийн газрын бонд огт арилжаалагдаагүй тул Хөрөнгийн бирж дээр ч энэ хүлээлт үүссэн. Давхар хөрөнгийн зах зээлийг сэлбээд явчих давуу талтай гэж үздэг.

Гэвч бонд арилжаалж эхэлмэгц түүнийг ихээр нь худалдаж авах өндөр ашиг сонирхол арилжааны банкнуудад байгаа нь харагдаж байгаа. Энэ л Засгийн газрын бонд тойрсон сэдвээс сонирхох өнцөг болоод буй.

10 ИХ НАЯДЫН ХӨТӨЛБӨР БА АРИЛЖААНЫ БАНКНУУД

Засгийн газраас хэрэгжүүлж буй 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкнуудын Монголбанканд ТБҮЦ /Төв банкны үнэт цаас/ хэлбэрээр байршуулсан эх үүсвэрийг эргэлтэд оруулж, 3 хувийн зээл олгож эхэлсэн. Гэвч арилжааны банкнууд ТБҮЦ-аа задлах биш харин ч худалдаж авах сонирхолтой байсаар байгаа нь статистикаар батлагддаг.

Өөрөөр хэлбэл арилжааны банкнууд хувийн хэвшлүүдэд зээл олгохоос илүү төв банканд ТБҮЦ хэлбэрээр эх үүсвэрээ хадгалах нь илүү эрсдэлгүй гэж үзээд байгаа. 3 хувийн хүүтэй зээлийн хүүгийн татаасыг Засгийн газар арилжааны банкнуудад төлж буй тул 10 их наядын хөтөлбөр ер тэдэнд л ашигтай туссан.

Эдийн засагч Д.Ангар “10 их наядын хөтөлбөр бол Монголбанк, арилжааны банкнууд хоорондоо ярьж тохирсон үйлдэл”, Б.Лхагважав “Засгийн газар 10 их наядын хөтөлбөр нэрээр арилжааны банкнуудад л вакцин хийчихлээ” зэргээр манай сайтад өгсөн ярилцлагадаа онцолж байв.

ЗАСГИЙН ГАЗРЫН БОНДООР 3.6 ИХ НАЯДЫГ БОСГОНО

Дээрх мэдээллүүдэд үндэслэж харвал, Засгийн газрын бонд арилжаалж эхлэхэд мөн арилжааны банкнууд өндөр дүнгээр худалдан авч, харилцагчдынхаа хадгаламжийн эх үүсвэрийг хамгаалж үлдэх сонирхолтой байх бүрэн боломжтой.

Гэвч ингэснээр эргээд тэд хувийн хэвшлүүдэд бизнесийн өндөр дүнтэй зээл гаргах боломжгүй болно. Тэгэхээр нэг ёсондоо томоохон харилцагчдынхаа өндөр хадгаламжийг хамгаалж, ашигтай ажиллах нөхцөлөө баталгаажуулж авна уу л гэхээс нийгэм, эдийн засгийн амьдралд очих өгөөж нь багасна.

Бодлогын хүү хийгээд хадгаламжийн хүү бага байгаа өнөөгийн нөхцөлд Засгийн газрын бонд ч төдийлөн өндөр хүүтэй, өгөөжтэй гарах бололцоо бага юм. Мөртлөө үүгээр нийт 3.6 их наяд төгрөгийг босгоно хэмээж буй нь асар өндөр дүн. Энэ үүднээсээ Сангийн сайд Б.Жавхлангийн арилжааны банкнуудын толгойг илсэн хоёр дахь арга хэмжээ болж болох нь.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button