БАГЦ: EGUUR.MN сайтын долоо хоногийн ОНЦЛОХ контентууд
Мэдээ, мэдээллийн EGUUR.MN сайтын өнгөрөгч долоо хоногийн онцлох контентуудыг нэг дор багцлан хүргэж байна.
А. Ш.Эрдэнэсувд: Атар талхыг уутгүй байх үеэс нь хойш 22 жил түгээж байна

Энэ удаагийн ярилцлагын зочноор атар талхыг уутгүй байх үеэс нь талхны машин барьж, жолооч түгээгчийн ажлыг буй Ш.Эрдэнэсувдтай ярилцлаа. Тэрээр уг компанид 22 жил жолооч хийж буй. Өдгөө тус компанийн цор ганц эмэгтэй жолооч. Тэрээр “1997 онд хүнс тээврээс Талх чихэр компанид долоон эмэгтэй жолооч ирж байлаа. Би хамгийн бага нь байсан. Эгч нар маань бүгд удалгүй тэтгэвэртээ гарч ганцаараа үлдсэн. Одоо ахмад жолоочийн тоонд орж дээ” хэмээн хуучилж байлаа.
Бид түүний ажил, мэргэжлийн онцлогтой танилцахаар шинэхэн талхаа түгээж байх үед нь буюу өглөөний 07:00 цагт уулзахаар товлов.
-Сайн байна уу, өглөөний мэнд. Шинэхэн талхыг өглөө эртлэн хүргэнэ гэдэг тун чиг чухал ажил. Иймд таны ажлын цаг хэдэн цагт эхэлж байна даа?
-Өглөө таван цагт ажил дээрээ ирж талхаа машиндаа ачиж долоон цаг гээд түгээлтэндээ гарна. Замын түгжрэл эхлэхээс өмнө талхаа дэлгүүрүүддээ хүргэж өгөх гэж сандарна шүү дээ. Хичээлийн шинэ жил эхэлчихвэл илүү их түгжрэлтэй хэцүү.
-Талхаа хэдийн үед түгээж дуусдаг вэ. Ихэвчлэн хэдэн цагт ажлаасаа тарах уу?
–Түгээж буй чиглэлээсээ хамаарна. Одоо түгээж буй бөмбөгөр орчмын дэлгүүрүүд цөөн учир харьцангуй эрт дуусна. Харин өөр чиглэлийн дэлгүүр ихтэй бүсэд бол 70-80 газарт талхаа түгээнэ. Тэр хэмжээгээрээ оройтно шүү дээ. Ер нь түгжрэл бага бол 14 цагийн орчимд түгээлтээ дуусчих нь. Ингээд төв байр луугаа бензин тосоо хийж, машинаа цэвэрлэснээр 16-18 цагийн хооронд тардаг.
-Үүрээр ажлаа эхэлнэ. Түүнчлэн энэ цагаар хамгийн сэрүүн байдаг. Зарим тохиолдолд цаг агаараас хамаараад их даарч бээрдэг байх даа тиймээ?
-Бид чинь хөдөлсөөр байгаад хөлс гарна. Өвөл бол зөөж хөдлөөд даарна гэж байхгүй дээ.
-Долоон хоногийн хэдэн өдөр ажиллах вэ? Амралтын өдрүүд хэзээ хэзээ байх вэ?
-Өдөр бүр шинж талх, боорцог хүргэж өгдөг болохоор амралтын өдөр гэж байхгүй ээ. Зайлшгүй гэнэтийн ажил гарсан үед юм уу улсын баяр наадам, цагаан сараар амарна. Бас мартын 8-даа амарна шүү дээ. Манайхан чинь бүгд эрчүүд болохоор эрхийн өдөр минь бүх ажлыг хийнэ дээ. Одоо ч тэгээд бүрэлдэхүүн маань 100 гаруй болсон байна. Амарч, чөлөө авахад асуудалгүй болсон.
-Эмэгтэй жолооч тэр тусмаа том машин барина. Таны хувьд пургон хүртэл жолоодож байсан юм байна лээ. Ер нь машин тэргээ эвдрэх үед хэрхдэг байсан бэ?
– Пургон байх үе чинь машин техник сайжирсан үе шүү дээ. Намайг анх орж байх үед 52, 53 машинтай явдаг байлаа. Харин 2000 онд дөрвөн шинэ пургон орж ирсэн. Ингээд нөгөө дөрвийн нэгийг унаж тухайн жилдээ аварга тээвэрчин болж байлаа. Одоо бол машин техник сайжирчихсан амар болсон. Дугуй хагарах үед өөрөө солино, мотор сэлбэг солих тохиолдолд л үйлдвэр лүү дуудлага өгдөг. Гэхдээ миний машин бараг эвдэрдэггүй юм дөө. Аль болох машинаа эвдлэхгүй явж, ажил дээрээ очиж техникийнхээ хүмүүсээр засуулахыг л боддог.
Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
ҮЙЛДВЭРЛЭГЧ А.Солонго: Монгол хүн “хог” идэх ёсгүй

Энэ удаагийн үйлдвэрлэгч буландаа бид “Цайдам трейд” компаний захирал Алтангадасын Солонготой ярилцлаа. Уг компани нь “Бурамхан” нэрийн хатуу чихэр үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэдэг. Өөрсдийн бүтээгдэхүүнээ хэрэглэгчдийн гарт хүргээд нэг жил зургаан сар болж байгаа хэдий ч амттанд дурлагч хүн бүрийн дуртай чихэр болж чаджээ. Биднийг үйлдвэр дотор ороход олон жимсний анхилам сайхан үнэр угтан авсан юм. Савлагдаж буй амтат чихрийг хараад атгаж аваад амандаа хийчихмээр санагдаж байснаа нуух юун.
-“Бурхамхан ” брендийн чихэр Монголд үйлдвэрлэгдэж байгаа хатуу чихэрнээс ямар ялгаатай вэ?
-Монголд үйлдвэрлэсэн хатуу чихэр ховор байдаг. Манайх үйлдвэрийн биш гар аргаар чихрээ хийдэг. Мөн байгалийн гаралтай жимсний амт өнгийг чихрэндээ агуулаад витамин С-ээр баяжуулан хүссэн дүрс болон үгийг бичих боломжтой. Янз бүрийн дүрснүүдийг бүгдийг нь гар аргаар тоног төхөөрөмж ашиглахгүй хийдэг.
-Түүхий эдээ хаанаас авдаг вэ?
-Суурь түүхий эдээ монголын зах зээлд орж ирсэн хамгийн дээд зэргийн ургацын сахар, байгалийн гаралтай жимсний охийг ХБНГУ-аас захиалж авдаг.
-Чихэр хийх санаагаа хэрхэн олсон бэ? Яагаад заавал чихэр үйлвэрлэх болов? Хатуу чихэрний давуу талуудаас дурдвал.
-Яагаад Монголд импортыг орлох бүтээгдэхүүн хийж болохгүй гэж хэмээн бодоод санаагаа хайгаад яваад л байсан. Ингээд чихэр хийж болох юм байна гэж шийдээд түүнийгээ маш сайн судалж эхэллээ. Чихэр бол тархины гайхалтай сайхан тэжээл. Хэрвээ та бүхэн анзаарсан бол хүүхдийг унтахын өмнө чихэр идүүлчихээр сахилагагүйтээд унтдаггүй. Хүмүүс чихэрийг муу гэдэг. Гэхдээ зохимжит хэрэглээгээр бол чихэр гайхамшигтай сайхан. Тэр гоё амтаар хүнийг аз жаргалтай болгож, гоё мэдрэмжүүдийг сэргээж өгдөг. Мөн дээрээс нь хатуу чихэр шүдний массаж болж байдаг. Сүүлийн үед эмч нар “Хүүхдэдээ ааруул болон хатуу чихэр идүүл ” гэдэг болсон байна лээ.
–Та судалгаа сайн хийсэн гэж хэллээ. Судалгаагаа хэр урт хугацаанд хийсэн бэ? Хүнсний бүтээгдэхүүн учраас судлах зүйл их байсан байх?
-Миний судалгааны ажил хоёр жил гаруй болсон. Эхлээд гэртээ ажлынхаа өрөөг суллаад, тоног төхөөрөмжөө суурилуулаад хийдэг байсан. Өдөржингөө чихрээ чанаад туршиж үзээд болохгүй бол хогийн сав руу хийгээд л. “Болохгүй байна. Яагаад бүтэхгүй байгаа юм бол” гээд л өдрийн бодол, шөнийн зүүд болдог байлаа. Австралид надад сургалт зөвлөгөө өгдөг консалтингийн компани байдаг. Тэднээс чихэр хийх аргаас эхлээд бүх зүйлсийг сурсан. Бүгд оюуны өмчөөр баталгаажсан байдаг.
Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
Монголын жүдочид Токиогийн олимпод бэлэн үү

Яалт ч үгүй ийм асуулт урган гарлаа. Японы Токиод өчигдөр дууссан ДАШТ-ээс Монголын жүдочид ганцхан хүрэл медаль хүртэн (М.Уранцэцэг), 2013 оноос хойшхи хамгийн тааруу амжилтаа гаргасан учраас тэр. Тэгэхдээ бүр ганцхан тамирчин (Ё.Басхүү) медалийн үзүүрээс атгаад алдан, мөн ганцхан бөх (Б.Ганхайч) VII байрт шалгарч, бусад нь дэлхийн дэвжээнд өнгөнд барилдах нь битгий хэл хэсгээсээ ч шалгарч чадсангүй. Үүнээс илүү амжилт гаргах боломж дүүрэн байсан, манай тамирчдад. Гэхдээ ашиглаж чадсангүй.
Монголын жүдочид 2011 онд ДАШТ-ээс ганзага хоосон ирсэн гашуун түүх бий. Тэгэхэд тухайн үед шигшээ багийн тамирчдыг бэлтгэж байсан Х.Болдбаатар тэргүүтэй дасгалжуулагчдыг ажлаас нь халсан удаатай. Юу юугүй Лондоны олимп болох дөхчихсөн гэлгүй тийм шийдвэр гаргасан нь жүдогийнхонд том сургамж болсон. Тэгсэн нь ч буруудаагүй. Монголын жүдочид Лондоны олимпоос хоёр медаль хүртсэн билээ. Тэгвэл энэ жил ДАШТ-д тамирчдаа тааруу оролцуулсан шигшээгийн дасгалжуулагчдыг хэрхэх бол.
Манай тамирчид хоёр жилийн өмнө ДАШТ-ээс зургаан медаль хүртэн, Д.Сумъяа дэлхийн аварга болж, түүхэн амжилт гаргасан. Тэд өнгөрсөн жил дэлхийн дэвжээнээс гурван хүрэл медаль хүртэхэд монгол түмэн нэлээд чамлангүй угтсан. Гэтэл одоо бүр дордчихлоо. Амжилтаар ч тэр, барилдааны агуулгаар ч мөн адил. Олонх тамирчин нэг л унжгар, эрэмгий, дайчин бус байгаа нь анзаарагдав. Юунаас болов, манай тамирчид яагаад гялалзаж чадахгүй байна вэ.
Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
ХОЁР СЭТГҮҮЛЧ-НЭГ ЗОЧИН: ТМС-ийн “хулигаан”-аас Төрийн түшээ хүртлээ өгссөн “Сахал” Ж.Бат-Эрдэнэ

“Eguur.mn” сайт бүтээлч, хөдөлмөрч зангаараа бусдад үлгэрлэн, салбартаа манлайлагчдыг онцолдог “ХОЁР СЭТГҮҮЛЧ-НЭГ ЗОЧИН” цуврал ярилцлагынхаа ээлжит зочноор УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг урилаа.
Ерөнхий боловсролын сургуулиа дүүргээд тухайн үеийн ТМС-д элсэж, хувь заяаны тохиолоор ОХУ-д дээд сургуульд суралцсан хүүгийн бизнесмен болсон дурсамж, эх орондоо ирээд алдарт Б.Жигжид сайдын гараар төрийн албанд бэлтгэгдсэн тухай, “солиотой юм шиг махарч” сайдаар ажилласан түүх хийгээд зав л гарвал Булган аймагтаа очин, “Шинэ хөдөө–Булган дэд хөтөлбөр”-хэрэгжүүлэн, олонд сурталчлахын тулд айлын үхрийн зэл, зөгийн аж ахуй, чацарганы талбай хэсч явдаг түүний тухай эндээс уншаарай.
-Таныг багадаа онц сурдаг, толгой сайтай хүүхэд байсан гэж сонссон. Гэтэл томоохон дээд сургуульд бус тухайн үеийн ТМС-д элссэн тань сонирхол татаж байна. Тэндээсээ ОХУ-д суралцахаар явсан дурсамжаас тань ярилцлагаа эхэлье.
-Нэг их айхтар онц сурдаггүй байсан шүү дээ /инээв. сурв/. Гэхдээ математикийн хичээлдээ гайгүй хүүхэд байсан. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөж, элсэлтийн ерөнхий шалгалт өгөхдөө хоёрдугаар групп буюу орос хэл, тоо, физик зэрэг хичээлийг сонгосон юм. Тэндээ жаахан “доголдоод”, шууд их сургуулийн тооны ангид орох зорилготой байсан ч уначихсан. Ингээд Техкникумд орох уу, яах вэ гэж байтал нэг хүн ээжид “Хүүхэд чинь үнэхээр сурлагатай, орос хэлэндээ сайн л юм бол ТМС-д оруулчих. Сүүлийн үед ажилчин ангийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор дээд сургуулиуд руу татаж авдаг болсон” гэж хэлсэн юм билээ. Тухайн үед орос хэл бүх юмны суурь байлаа. Эхлээд хэлний шалгалтаа өгч байж дараа, дараагийн асуудал яригдана. Ингээд ТМС-д орлоо. Тухайн үеийн ТМС “зүггүй”, хатуухан байлаа шүү дээ. Гэтэл тэр жил нэг их олон хүүхэд ТМС-д элсэв. Нөгөө л Баянзүрх дүүргийн 14, Монгол, Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн төгсөгчид, тэдэн дээр баахан алтан медальтай, онц сурлагатнууд нэмэгддэг юм байна. Би сэтгэлээр унаад ээжид
“Та бид хоёрын барбарас төлөвлөгөө будаа боллоо шүү” гэлээ. Үнэхээр ч сар хагасын дараа орос хэлний конкурс болтол дүүрэн мундагчууд, би ч хавьтах юм биш. Ингээд ээж ч анзаарахаа больж, би ч нөгөө хэдэн “сайхан гаруудтай” нийлж, бүтэн жил сагсан бөмбөг, волейбол, теннис, хөнгөн атлетик зэрэг спортын олон төрлийн дугуйлан хэслээ. Тэмцээн болоход бүрт бидний 20 гаруй нөхөр сургуулиа төлөөлж оролцоно. Нэгэнт дотор нь орчихвол уусчихдаг юм билээ, тэдэнтэй их л тэнэсэн дээ. Өдөр бүр дугуйландаа хичээллэнэ, тараад кино их үзнэ. Дараа нь шөнө зугаалж явсаар нэг жил өнгөрөв.
-Та ТМС–ийн ямар ангид оров?
-Арьс ширний ТМС. Намайг ТМС-д бүртгүүлэхэд бүх анги хүүхдүүдээ авчихсан, “өмхий анги”-д элсэхээс өөр сонголтгүй болов. Ноос, арьс ширний ангийг ингэж нэрлэдэг юм л даа. Арьс ширний хашаан дотор практикт суралцана. Хашаа руу ойртох төдийд л өмхий үнэртэнэ. Гэсэн ч хэсэг хугацааны дараа дасаад, ажилдаа бүр дуртай боллоо. Жил өнгөрлөө, сургуулиуд ч ирээд хүүхдүүд аваад л яваад байв. Худалдаа аж үйлдвэрийн дээд сургууль ирээд оюутнуудаа элсүүлэв, би байдаггүй. Нэг Полийн сургуулийн хуваарь ирлээ, би бас л авч чадсангүй.
Тэгж байтал Чехийн Арьс ширний техникомын ТМС-ийн дөрвөн ч хуваарь ирлээ. Бид заалны хойно, тухайн үедээ атаман, хулиигаан ч юм уу хэдэн нөхөд арзаганалдаад л зогсож байв. Захирал багш “Тийм, тийм хичээлдээ сайн, тийм бүлгэмийн дарга, спортын тэргүүлэх хүн” хэмээснээ “Ж.Бат-Эрдэнэд нэг хуваарь өг, угаас арьс ширний чиглэлээр ч суралцаж байгаа” гэв. Заал даяар алга ташаад л бөөн баяр хөөр болов. Ингээд орос хэлний шалгалтаа л сайн өгвөл шууд Чех явах боломжтой болчихдог юм байна.
Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
Л.Өнөрчимэг: Гавьяа шагнал, цалин хөлсгүй, асар их доромжиллыг тэсэж 30 жил амьдарлаа

1990-2000 оны үед хөлөөрөө таталбар зураг зурахын сацуу усан дор уран бүтээл туурвиж “гоц авьяастан” хэмээн олонд танигдсан зураач Л.Өнөрчимэгийг ярилцлагын буландаа урилаа. Тэрбээр сүүлийн үед фэйсбүүк лайваар дамжуулан уул ус, газар шорооны төлөө тэмцсэн шинжтэй “хурц” мэдэгдлүүдийг хийж эхэлсэн. Сүхбаатарын талбай дээр хөхөө тайрна хэмээн зарлаж, Ерөнхийлөгч Х.Баттулгаас “гавьяат” нэхэн уйлж, хууль бусаар амьдардаг гэх хятад иргэдийн бичиг баримтыг хурааснаа нүүр хуудсандаа зарлаж буй түүнийг хүмүүс галзуу, “шизо”-той гэлцэх нь ч бий. Сошиал дуулианы эзэн болоод буй тэрбээр ийн ярив.
-Сүүлийн үед ямар ажил амжуулаад завгүй явна, та?
-“Уул ус газар шороогоо хамгаалах хатан хаант бодлого” нэртэй ТББ байгууллаа. Нийт долоон хүн гишүүнээр элссэн. Аймаг бүрт салбараа нээхээр ажиллаж байна. Надад “Намгүй Монгол-Монгол нийгэм”, “Оюунлаг их Монгол” тэргүүтэй улстөрийн ТББ-ууд гурав, дөрөв орчим бий.
-Ойрдоо урлаг, уран бүтээлийн ямар сонинтой байна вэ?
-“Өнөрчимэг сан”-гийнхаа нэрийг өөрчилж, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх бодолтой байна. Анх 2005 онд энэ сан байгуулагдсанаас хойш дандаа хүнд тусалж иржээ. Гэтэл анхны зорилго нь миний авьяасыг дэмжих байсан юм. Санд цугларсан мөнгөөр зургийн авьяастай хүүхдүүдэд үнэгүй сургалт явуулж, зургийн хэрэгсэл бэлэглэж, гадаад руу авч явж, гэр хорооллын айлуудад тусалсаар өдий хүрсэн байна.
Одоо зорилгыг нь өөр лүүгээ чиглүүлж, уран бүтээлүүдээрээ үзэсгэлэн, музей нээе гэж бодож байгаа.
-Нийгэм сүүлийн үед таныг уул ус, газар шорооны тэмцэл хийсэн цогтой Л.Өнөрчимэгийн дүрээр хардаг боллоо. Ийм болохоор уран бүтээлийн ажлаа хойш нь тавиа юу гэж бодогдсон.
-Хүмүүс ч бас “Авьяасаа битгий хаяарай, хослуулаад яваарай” гэж гудамжинд таараад хэлж байна. “Уул усныхаа тэмцлийг ч бас битгий орхиорой” гэцгээж байна. Гэхдээ би эх орныхоо асуудлыг хамгийн нэгдүгээрт тавина. Тэртэй тэргүй хөлөөрөө, дөрвөн мөчөөрөө, хоёр гараараа, амаараа, усан дотор, аквариум дотор, морины давхиан дунд, элсээр гэх мэт олон янзаар зурж чаддагаа Монголын ард түмэнд харуулсан.
-Хэзээнээс лайваар дамжуулан тэмцэл хийж эхэлсэн юм бэ?
-Ер нь адууны тухай, оюуны спортын тухай, хүүхдийн хүчирхийллийн тухай, МАНАН бүлгийн эсрэг тэмцэх тухай гэх мэт олон сэдвээр лайв хийж байсан. Яг уул ус, газар шорооныхоо төлөө ярьж эхлээд нэг жил гаран болж байна.
Хамгийн анх би 1992 онд төрийн сүлдний шинэ загварыг шүүмжилж, 1000 хүний гарыг үсэг цуглуулаад П.Очирбат ерөнхийлөгчид оруулж өгч байлаа. Усан дотор, эзэнгүй хувхай морь хийчихсэн шүү дээ. Үүнийг шүүмжилснээс болж би 30 жил ажилгүй, цалин хөлсгүй, гавьяа шагналгүй, нийгмийн асар их гүтгэлэг доромжиллыг тэсэж тээж амьдарлаа.
Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
“Гиннесийн ном”-д амжилтаа мөнхөлсөн монгол охин

Энгэрээрээ дүүрэн медальтай, алтан цом өргөсөн түүнийг Энхтуяагийн Лхагвадулам гэдэг. Олон улсын их мастер цолтой, өсвөрийн дэлхийн аварга, “Ажнай” корпорац, Монголын оюун ухааны академийн тамирчин тэрбээр энэ жил 16 настай. Ой тогтоолтын спортоор гуравхан жил хичээллэж буй Э.Лхагвадуламын амжилтыг азичууд төдийгүй дэлхий даяар шагшиж байна.
Дархан-Уул аймгийн харьяат Э.Лхагвадулам ээжийнхээ зөвлөснөөр 13 насандаа ой тогтоолтын спортоор хичээллэсэн. Эл спортод хөл тавьснаасаа хойш жил гаруйн дараа УАШТ-ээс алт, мөнгөн медаль хүртжээ. Тэр жилээ өсвөр үеийн ДАШТ-д анх оролцохдоо Нэг цагийн олон багц төрөлд мөнгөн медалиар энгэрээ мялаасан юм. Өнгөрсөн жил ДАШТ-д хоёр дахиа оюунаа сорихдоо өмнөх амжилтаа ахиулан, дэлхийн аварга болжээ. Ихэнх орны тамирчид бэлтгэлээ өдөрт дунджаар 12 цаг хийдэг. Гэтэл Монголын тамирчид санхүүгийн хүндрэлийн улмаас тэгж чаддаггүй. Э.Лхагвадулам ч мөн адил. Тиймээс тэмцээний өмнө сар гаруйн хугацаанд базаагаад л оролцдог юм билээ.
“Гиннесийн ном”-д бичигдэнэ гэдэг монголчуудын хувьд хүрч гарамгүй оргил, мөрөөдөл мэт байсан цаг саяхан. Тэгвэл 16 настай Э.Лхагвадулам энэ жил ДАШТ-ээс есөн медаль (дөрвөн алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл) хүртэхдээ Хоёртын тоолол төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн. Улмаар 30 минутад 5597 цифр цээжлэн, алдалгүй санасан амжилтыг нь “Гиннесийн ном”-д бичих болсноор бахархахгүй байх аргагүй. Э.Лхагвадулам тэмцээний өмнөх бэлтгэлийн үеэр 30 минутад 6000 гаруй цифр цээжлэн, алдалгүй санаж байсан гэнэ. Түүнийгээ ахиулахгүй юм гэхэд давтахад л дэлхийн дээд амжилтын эзэн болох боломжтой байсан юм. Тиймээс бүх зүйл түүнээс л шалтгаалсан. Э.Лхагвуламын шинэчилсэн дэлхийн дээд амжилтыг өмнө нь олон улсын их мастер Н.Энхшүр (5445) эзэмшиж байсан. Түүний амжилтыг 152 цифрээр ахиулсан юм.
Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
О.Мөнхбаяр: Уйлж байж хүүгийнхээ амьсгалын аппаратыг нэг цаг залгуулсан ч оройтсон байсан

Нийслэлийн “Амгалан” амаржих газарт баасан гарагийн (2019.08.30) 15 цагийн үед дөнгөж төрсөн нярай эндсэн.
Тодруулбал, 29 настай Н нь хавантай гэсэн оноштойгоор “Амгалан” амаржих газарт иржээ. Жирэмсэн эмэгтэйд эмнэлгийн зүгээс зохих эмчилгээ үйлчилгээг үзүүлж, өглөө 08:00 цагийн үед төрөхийн орон дээр гаргасан ч төрөлт хүндрэлтэй байсан тул “хийсвэр ” хагалгааг 10:00 цагийн үед хийжээ.
Гэвч, нярай цус багадалттай мэндэлсэн тул, цусны төвөөс гуравдугаар бүлгийн цус захисан байна. Харамсалтай нь нярайн донорын цус таван цагийн дараа буюу 15:00 цагт төрөх эмнэлэгт ирсэн бөгөөд нярай 15:15 цагт амьсгал хураажээ.
Түүнчлэн ар гэрийнхэн нь ТВ8 телевизэд хандан мэдээлэл өгсөн ч эмнэлгийн зүгээс хандаж, мэдээллийг олон нийтэд цацуулаагүйн дээр эмнэлгээс хөөж, үзэхгүй гэдгээ мэдэгдсэн хэмээн эх сурвалж мэдээлж байсан билээ. Тэгвэл бид амиа алдсан нярайн аав О.Мөнхбаяртай холбогдож, дэлгэрэнгүй ярилцлаа.
-Сайн байна уу. Эхнэр тань хэзээ, ямар оноштойгоор эмнэлэгт хэвтсэн бэ. Төрөх хугацаа нь болсон байсан уу?
-Сайн байна уу. Манай эхнэр наймдугаар сарын 26-нд буюу даваа гарагт Амгалан амаржих төвд хавантай хэмээн үзүүлж, хэвтэх болсон. Төрөх сүүлийн хугацаа нь есдүгээр сарын 15-нд байсан юм. Бид яахав, хавагнаад байгааг нь үзүүлж харуулж эмчлүүлэх санаатай эмнэлэгт хэвтсэн нь энэ. Гэвч харамсалтай нь бид дөнгөж төрсөн хүүгээ алдчихлаа. Тухайн эмнэлгээс бидэнд ямар нэгэн мэдэгдэл хийсэн юмгүй л байна.
-Эхнэрийг тань “хийсвэр ” хагалгаагаар төрөх санал тавьсан ч эмч нар хүлээн зөвшөөрөөгүй гэх юм билээ?
-Тиймээ манай эхнэрийг эмнэлэгт хэвтээд гурав хонож байхад эмч нар нь үзээд сэдээлт өгч өөрөөр нь төрүүлнэ гэсэн юм байна лээ. Тэгэхэд нь эхнэр маань шууд “хийсвэр ” хагалгаа хийлгэх хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй. Сэдээлт өгөх зургаан цагийн зайтай, гурван удаа уух эмийг өгсөн байгаа юм. Гэсэн ч сонирхолтой нь өнөөх эмээ 29-ний 18 цаг, 00 цагуудад өгчхөөд өглөөний 06 цагт нь өгөлгүй орхисон байсан.
Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
Э.Эрдэнэ: Намайг бусад орныхон “Аварга аа дээшээ суу” гээд хүндэлдэг

Өнгөрсөн долоо хоногт БНСУ-д болсон морьт харвааны ДАШТ-д Эрдэнэсувдын Эрдэнэ түрүүлж, монголчуудаас анх удаа алтан цом, гран при хүртсэн билээ. БНСУ-д амьдардаг тэрбээр “Хан Монгол” циркт ажиллан, тэмцээнд оролцож, шавь нараа дасгалжуулахын зэрэгцээ Монголын морьт харвааг дэлхийд сурталчилж яваа юм. Эх орондоо олон улсын “Хийморь” тэмцээнийг анх удаа зохион байгуулахаар ирсэн түүнтэй ярилцлаа.
–Юуны өмнө ДАШТ–ээс ээлжит түрүүгээ хүртэн, шилдгийню шилдэг тамирчинд олгодог гран при, алтан цом хүртсэнд тань баяр хүргэе. Гран при шагналын болзлыг хэрхэн хангав?
-Баярлалаа. Энэ жил ДАШТ-ийг тулааны спортын дэлхийн наадамтай хамтатган зохион байгуулсан тул өмнөхөөсөө нэр хүндтэй, чансаатай, өрсөлдөөнтэй болсон. Тус наадмын хөтөлбөрт морьт харваа 2016 онд анх удаа багтсан юм билээ. Ийм чухал жил ДАШТ-д тав дахиа оролцоод, гран при шагналыг нь анх удаа хүртсэндээ баяртай байна. ДАШТ-д оролцсон бүх төрлийнхөө нийлбэр дүнгээр тэргүүлсэн тамирчинд эл шагналыг олгодог юм. Би өмнө нь алтан цом өргөж байгаагүй.
Энэ жил ДАШТ-д Монголоос таван тамирчин цэц сорьсон. Дөрөв нь миний шавь. Би ганцаарчилсан тав, багийн хоёр төрөлд өрсөлдлөө. Би нэг байны төрөлд цэц сорихдоо 120 метр зайг мориор долоон секунд, 80 доль туулахдаа байгаа онож түрүүлсэн. Эл зайд миний шавь Пүрэв-Очир мөнгөн медаль авч, Хүдэрбаатар V байрт шалгарсан. Хоёр байны төрөлд Даваадорж ах түрүүлж, Пүрэв-Очир хүрэл медаль авч, би IV байр эзэллээ. Таван байны төрөлд Пүрэвмандах гурав, би дөрөвдүгээр байрт шалгарлаа. Хамгийн сүүлд зоос харвах төрөлд онч сорьсон. Морины хурдан давхиан дунд тийм олон байг угсруулан харвах үнэхээр хэцүү. Зоос харвах төрөлд би тасархай түрүүлж, Идэрбаатар мөнгөн медаль авсан. Багийн төрөлд бид гурван оронтой оноолтоор өрсөлдсөн. Хагас шигшээд АНУ-тай цэц сорив. Тэднийг ялбал мөнгөн медаль өвөртлөнө. Би харвахынхаа өмнө морио сольчихсон юм л даа. “Монголын тамирчин Эрдэнэ даалгавраа гүйцэтгээрэй” гэхээр нь мориороо давхин, харваж эхлэх үед шүүгч гэнэт зогсоон, миний оролдлогыг нойллосон. Морио сольсон гээд тэр. Би нэлээд бухимдсан, сандарсан. Тэр эмоциороо хүрэл медалийн төлөө Казахстантай өрсөлдөөд IV байрт шалгарлаа. Бид багаараа нэг, хоёр байны төрөлд алт, таван байныхад хүрэл медаль авсан. Эдгээр болон ганцаарчилсан төрөлд гаргасан амжилтынхаа нийлбэрээр би бүх тамирчныг тэргүүлж, гран при шагналын эзэн болсон юм. Би өмнөх жилүүдэд ДАШТ-д өрсөлдөх бүртээ мөнгө, хүрэл цом авсан. Энэ удаа өнгийг нь хувирган, гран при шагнал авч, дэлхийн шилдэг тамирчин боллоо. Би ер нь алтан медаль авъя гэхээс илүү гран при шагнал, алтан цом хүртэх сэн гэж зүтгэсээр өдий хүртсэн. Энэ удаа түүндээ хүрлээ.
-Эх орондоо зохион байгуулах олон улсын тэмцээнд оролцохоор Монголдоо шууд ирсэн үү?
-Тэгсэн. Өмнө нь тэмцээнд оролцчихоод шууд Жэжү арал руу буцдаг байсан. Энэ удаа эх орондоо ирээд баярт мөчөө гэр бүлийнхэнтэйгээ хуваалцаад сайхан байна. Их сонин байдаг юм байна шүү. Өмнө нь манай гэрийнхэн цахимаар баяр хүргэн, амжилт хүсдэг байсан. Амжилтын халуун амьсгаан дээрээ эрхэм хүмүүстэйгээ хамт байх тэс өөр юм байна. Үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрлөө. Дэлхийн шилдэг тамирчин болчихоод ирэхэд 80 гаруй настай эмээ минь мөнгөн аягатай сүү барин, нулимс дуслуулан угтах хамгийн сайхан байлаа. Үүнээс илүү жаргал гэж юу байх вэ.
Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
Б.Намударь: В.В.Путин “Спасибо большое” гээд миний өмнөөс инээж, үнссэн

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В Путиныг Чингис хааны талбайд тосох үеэр монгол охин түүнд цэцгийн баглаа өгсөн билээ. Их гүрний удирдагч охиноос цэцгийг авах үедээ хагас суун, үнссэн нь олны анхаарлыг татсан юм. Олон нийтийн сүлжээнд “В.В Путиныг өмнөө суулгасан Монгол охин” гэгдэн, өхөөрдүүлж буй Б.Намудариас цөөн үгээр тодруулга авлаа.
-ОХУ-ын Ерөнхийлөгч В.В Путинд цэцгийн баглаа өгөхөөр сонгогдоход ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-ОХУ-ын Ерөнхийлөгч В.В Путинд хүндэтгэлийн цэцгийн баглаа өгөхөөр сонгогдсондоо маш их баярласан. Бас их гайхаж хүлээж авсан. Эхэндээ “Үнэхээр би өгөх юм уу” гэж дахин дахин асуусан. Тэгээд “За, за. Би цэцэг өгч чадна аа” гэж бодсон.
Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
ХОЁР ТАЛТ ТОДРУУЛГА: Н.Батсуурь аварга, “Чингис хаан” нисэх буудлын аль нь зүй бус авирласан бэ
Улсын аварга Н.Батсуурь энэ сарын 3-нд 502 дугаар нислэгээр эх орондоо ирэхдээ “Чингис хаан” олон улсын нисэх буудлын ажилчдын хариуцлагагүйн улмаас ачаагаа алдан, сэтгэл дундуур яваагаа цахим хуудсандаа нийтэлсэн. Тэгвэл “Чингис хаан”-ы ажилчид өчигдөр хэвлэлээр дамжуулан “Батсуурь манай ажилтны үснээс татан, бидэнтэй зүй бус харилцсан. Би Монгол Улсын аварга хүн тул үнэгүй үйлчлүүлнэ. Биднийг ажлаас халуулна гэж дарамталсан” гэж хэлсэн юм. Бид мэдээллийг тэнцвэртэй, үнэн бодит хүргэхийн тулд улсын аварга Н.Батсууриас зарим зүйлийг тодрууллаа.
-Тухайн үед юу болсон талаар ярихгүй юу?
-Юуны өмнө үнэн бодит мэдээлэл хүргэх гээд надтай холбогдсон танай сайтын хамт олонд баярлалаа. Би тухайн үед юу болсныг дэлгэрэнгүй ярья. Би Японд ДАШТ үзэж, тамирчдаа дэмжчихээд энэ сарын 3-нд эх орондоо ирсэн. Тэгэхдээ гурван хүний хамт VIP-гээр үйлчлүүлсэн юм. Тэгэхдээ зохих журмынх нь дагуу төлбөрөө төлсөн. 3-ны өглөө 08.00 цагт онгоцноос буутал миний нэг ачаа алга болчихов. Миний ачааг өөр хүн аваад явчихсан юм билээ. Тийм хариуцлагагүй. Ачааны виркийг нь шалгаж байгаад үйлчлүүлэгчдэд өгөх ёстой шүү дээ. Буцаж очоод “Чингис хаан”-ы ажилчидтай уулзан “Та нар ямар хариуцлагагүй юм бэ. Би гомдол гаргана” гэсэн. Тэгэхэд тэд юман чинээ тоогоогүй. Ёстой харилцааны соёлгүй юм билээ. Тэгэхээр нь тухайн ажилтны нэрийг харах гээд энгэрийн зүүлтээс нь татсан. Өөр юу ч болоогүй. Тэдний хэлсэн шиг орилж чарлан, зүй бус хандсан юм ер байхгүй. “Би Монгол Улсын аварга тул үнэгүй үйлчлүүлнэ. Та нарыг ажлаас чинь халуулна” энэ тэр гэж ер хэлээгүй. Би юу гэж тэгэх вэ. Тэд давсалж, хачирласан байна лээ. Би тэдэнд аваргын бус, Монгол Улсын иргэний хувиар хандсан, харилцсан. Тэдний хэлсэн шиг тийм зүйл ерөөсөө болоогүй.
-Тэдэнд нотлох баримт, камерын бичлэг байгаа гэсэн. Та зүй бус авирлаагүйгээ яаж нотлох вэ?
-Бүх зүйлд нотлох баримт чухал. Надтай хамт явсан гурван хүн гэрчилнэ. Аливаа зүйл үнэнээрээ сайхан. Надад худлаа хэлж, бусдыг муухай харуулах ямар ч шаардлага байхгүй. Би монгол түмнийхээ хайр хүндлэлийг эрхэмлэн, сэвтээхгүй явахыг хичээдэг.
-“Чингис хаан” нисэх буудлынхантай дахиж холбоо барьсан уу?
-Би “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйлчилгээ, ажилтнуудынх нь харилцаанд сэтгэл дундуур үлдсэнээ цахим хуудсандаа нийтэлсэн юм. Тэгсний дараа тэд хэд хэдэн хамаатнаар маань дамжуулан надтай утсаар холбогдон “Аваргаа постоо устгачих. Тохиролцъя, танд үнэгүй үйлчилье” гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөгүй. “Та нар алдаа гаргачихаад уучлалт гуйх ухамсартай байх хэрэгтэй” гэсэн. Тэгсний дараа “Чингис хаан”-хан хэвлэлд хандан, илт худлаа мэдээлэл тараалаа. Надаас хариугаа авч байгаа юм байлгүй.
Тодруулгыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
“The HU” Г.Нямжанцан: Багш байж байгаад рок хөгжимчин болж яагаад болохгүй гэж

Монголын хөгжмийн зах зээлд 2019 оноос эхлэн томоохон шуугиан дэгдээсэн “The HU” хамтлаг өнгөрсөн зун Европын орнуудаар өдөр алгасалгүй тоглолтоо хийж, эх орондоо амрахаар иржээ. Тун удахгүй тэд АНУ-ыг зорих урт удаан аялалдаа гарахаар бэлтгэлдээ шамдаж байна.
Энэ үеэр бид “The HU” хамтлагийн хөөмийчин, хөгжимчин Г.Нямжанцантай ярилцлаа. Тэрбээр хамтлагтаа үлээврийн төрлийн хөгжмүүд буюу төмөр хуур, цуур, лимбэ зэрэг хөгжмийн зэмсгүүдийг ашиглах, заримдаа дуулах үүрэг гүйцэтгэнэ.
Гэнэт л Хүннү рок урсгалыг бий болгож, Монголдоо төдийгүй дэлхийд танигдсан энэ хамтлагийн Г.Нямжанцан гэх гишүүн өмнө ямар амьдрал туулж, хэрхэн ардын урлагийн олон төрөлд суралцан, өвлөж уламжлан авсан, лимбэний битүү амьсгааг хэрхэн ЮНЕСКО-ийн Яаралтай хамгаалах соёлын биет бус өвийн жагсаалтад оруулахад гар бие оролцсон болоод “The HU” хамтлагт орохын тулд ямар зам туулсан тухай ярилцлаа.
-Та бүхэн хэзээ Монголдоо ирсэн бэ? Уран бүтээлийн ажлаа түр завсарлангаа амрахаар ирэв үү?
-Долоодугаар сарын 8-нд ирсэн. АНУ-ын аялан тоглолт эхлэхээс өмнөх нэг сарын хугацаанд амарч, үүний хажуугаар бэлтгэлээ хийх зорилготой байна.
-Европын аялан тоглолтын үеэр хэр их ачаалалтай байсан бэ? Тоглолтоос тоглолтын хооронд амрах завгүй явсан байх.
-Тийм, өдөр бүр тоглолттой байсан учир гурван өдөр тоглоод нэг өдөр амрах маягаар ажилласан. Ер нь нэлээд ачаалал өндөртэй “tour” болсон гэж ойлгож болно. Бидний хувьд хамгийн анхны аялан тоглолт байсан учир бүх зүйл шинэ, бас дурсамжтай өнгөрсөн. Тэр сэтгэлээрээ ядарч буйгаа ажрахгүй, эрч хүч дүүрэн байсаар ирсэн.
-Өнөөдөр таны үндсэн мэргэжилтэй холбоотой сэдвээр ярилцахаар зориод байна. Лимбэ хөгжимтэй амьдралаа холбосон цаг үе тань хэзээнээс эхлэлтэй вэ? Ардын урлагийн амтанд орсон түүхээсээ хуваалцаач?
-Би 1995 онд Завхан аймгийн Хөгжим, бүжгийн коллежид элссэн. Ээж маань намайг морин хуурч болгоно гэдэг, би ч хүсдэг байв. Харин аав маань Завханы Соёлын ордонд Контрабас хөгжим тоглодог хүн байлаа. “Урлагийн амьдрал хэцүү, урлагийн хүн болгохгүй” гэсэн хандлагатай байсан ч, ээж маань “дийлж” би сургуульдаа орсон доо.
Миний хувьд П. Пүрэвжав багшаар анхны барил тавилаа тавиулж суралцаж эхэлсэн. Дараа нь Р.Эрдэнэлхагва гэж залуухан багшийн удирдлага дор үргэлжлүүлэн хичээллэж, Завхан аймгийн Хөгжим бүжгийн коллежийг дүүргэсэн. Төгссөний дараа сургуулийн удирдлага маань намайг багшаар авч үлдэх саналтай байсан юм билээ. Аав, ээж хоёр маань үүнийг дэмжиж, Завханд үлдээх гэсэн боловч би “зугтах” төлөвлөгөө боловсруулан, хотод үргэлжлүүлэн сурч, оюутан болохыг илүүд үзсэн. “Үргэлжлүүлэн сураарай” гэсэн багшийнхаа үгийг дагасан.
Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
СУРВАЛЖИЛГА: Монголын анхны өөртөө үйлчлэх 24 цагийн угаалгын газар

Өөртөө үйлчлэх 24 цагийн угаалгын газар Монголд анхлан нээгджээ. Тус угаалгын газар энэ сарын 1-нээс эхлэн албан ёсоор /2019.09.01/ үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Өөртөө үйлчлэхээс гадна том овор хэмжээтэй эд зүйлсээ угаахад бүрэн тохирсон цахилгаан бараатай уг газрыг ёстой л нүдээ олсон бизнес гэхэд хилсдэхгүй.
Өдрийн 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26-р хороо Санни тауны 4Б байранд байрлах “Laundryzone” өөртөө үйлчлэх угаалгын газарт биднийг очиход хүн цөөхөн байсан ч, сонирхон орж ирсэн үйлчлүүлэгчид ихэд олзуурхан хүлээж авч байлаа.
Маркетингийн менежер Ю.Цэдэндамбын хэлж буйгаар “Манайх фэйсбүүк пэйж хуудас нээсэн өдрөө л 6000 дагагчтай болж чадсан. Хүмүүст энэ төрлийн үйлчилгээ хэрэгтэй байсан нь тэр дороо мэдэгдсэн. Мөн хүмүүс сэтгэл хангалуун хүлээж авч байгаа. Чухамдаа манай угаалгын газар гэрт байдаг угаалгын машиныг томруулчихсан гэхэд л болно. Үйлчлүүлэгчид том овор хэмжээтэй хөнжил, бүтээлэг, хөшиг, гутал гэх мэт зүйлсээ авч ирж, угааж байна. Манайд ирсэн үйлчлүүлэгчид том овор хэмжээтэй зүйлс болон гутлыг нэг цагийн дотор бүрэн угааж, хатаагаад гарах боломжтой” хэмээлээ.

“Laundryzone” өөртөө үйлчлэх угаалгын газар нь 24 цагаар ажиллахаар төлөвлөгдсөн. Одоогоор нээгдээд удаагүй байгаа учраас үйлчлүүлэгчдэд заавар зөвлөгөө өгөх ажилтантай 09:00-24:00 цаг хүртэл ажиллаж байгаа гэв. Удахгүй ээлжээр ажиллах туслах ажилтнаа бүрэн сургаснаар 24 цагаар хэвийн ажиллана. Нээгдээд хэдхэн хонож байгаа ч, хүмүүс тасралтгүй ирлээ. Тэр тусмаа амралтын өдөр маш их хүнтэй ачаалалтай байсныг дурдсан юм.
Төлбөр тооцооны хувьд үйлчлүүлэгчийн карт авч 10, 20 мянгатын дэвсгэртээр цэнэглэн, угаалгын үйлчилгээг бүрэн авах боломжтой аж.
Харин угаалгын нунтаг болон хувцас зайлагчийн хувьд Солонгос улсын чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа. Үйлчлүүлэгчид ямар нэг угаалгын нунтаг авч ирэх шаардлага байхгүй. Цаашдаа зарим харшилтай мэдрэг үйлчлүүлэгчид зориулан угаалгын нунтаггүй угаах, эсвэл өөрийн авч ирсэн бүтээгдэхүүнээр угаах боломжуудыг нээж өгнө хэмээн онцоллоо.
Сурвалжилгыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
THE GUARDIAN: Жошуа Вонг бол олон мянган босогчдын нүүр царай

Хонг Конгийн бослогыг 2014 оны “Шүхэрт хөдөлгөөн”-с хойш удирдан явуулсан, про-демократик намын үүсгэн байгуулагч, 22 настай Жошуа Вонгийн тухай The Guardian сайт онцолсныг орчуулан хүргэж байна. /Нийтлэлч Таниа Браниган/
Дэлхий нийтийн анхаарлын төвд ороод буй залуу тэмцэгч Жошуа Вонг “Шүхэр хөдөлгөөн”-ийг өрнүүлснийхээ хариуд шоронд хоригдож байсан түүх 2014 онд болж хоцорчээ. Тэр үед бослого тэмцлүүд ил далд хэлбэрээр оргилон гарсаар байлаа…
Түүний найз бүсгүй Агнес Чоу нэгэнтээ, “Зургадугаар сарын 17-нд чи суллагдах учиртай. Гэвч үүнээс өмнө хэрэг аль хэдийнэ Хятадын шүүх рүү шилжих байх гэж би бодох юм. Ингээд хоёр сая хүн шууд гудамжинд гарах нь тодорхой” хэмээн хэлж байсныг нь Жошуа хожим дурссан байдаг.
Урьд хожид үзэгдээгүй олон нийтийн уур бухимдал хотын захирагч Кери Лэмийг шахалтанд оруулж, хэрэгтнийг Хятадын шүүх рүү шилжүүлдэг хуулийг хүчингүй болгохыг шаардсаар, тэмцэл үргэлжилсээр байсан. Гэвч процесс 13 дахь долоо хоногтоо шилжмэгц Вонг, Чоу нар баривчлагдсан хэдэн зуун хүний нэг болж орхив.
Вонгийг баривчлагдахын өмнөхөн, бослогыг өрнүүлж буй про-демократик намын нарийн бичгийн дарга хэвлэлд нэгэн ярилцлага өгсөн юм. Түүндээ, бослогыг ийм хэмжээнд хүртэл өргөжин тэлж, үймээн самууны хэлбэрт хүрнэ гэж огт төсөөлж байгаагүй тухайгаа ярьсан байдаг.
Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.
БАГЦАЛСАН: Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.