СПОРТ

Э.Эрдэнэ: Намайг бусад орныхон "Аварга аа дээшээ суу” гээд хүндэлдэг

Өнгөрсөн долоо хоногт БНСУ-д болсон морьт харвааны ДАШТ-д Эрдэнэсувдын Эрдэнэ түрүүлж, монголчуудаас анх удаа алтан цом, гран при хүртсэн билээ. БНСУ-д амьдардаг тэрбээр “Хан Монгол” циркт ажиллан, тэмцээнд оролцож, шавь нараа дасгалжуулахын зэрэгцээ Монголын морьт харвааг дэлхийд сурталчилж яваа юм. Эх орондоо олон улсын “Хийморь” тэмцээнийг анх удаа зохион байгуулахаар ирсэн түүнтэй ярилцлаа.

80 гаруй настай эмээ минь нулимс дуслуулан угтах хамгийн сайхан байлаа

-Юуны өмнө ДАШТ-ээс ээлжит түрүүгээ хүртэн, шилдгийню шилдэг тамирчинд олгодог гран при, алтан цом хүртсэнд тань баяр хүргэе. Гран при шагналын болзлыг хэрхэн хангав?

-Баярлалаа. Энэ жил ДАШТ-ийг тулааны спортын дэлхийн наадамтай хамтатган зохион байгуулсан тул өмнөхөөсөө нэр хүндтэй, чансаатай, өрсөлдөөнтэй болсон. Тус наадмын хөтөлбөрт морьт харваа 2016 онд анх удаа багтсан юм билээ. Ийм чухал жил ДАШТ-д тав дахиа оролцоод, гран при шагналыг нь анх удаа хүртсэндээ баяртай байна. ДАШТ-д оролцсон бүх төрлийнхөө нийлбэр дүнгээр тэргүүлсэн тамирчинд эл шагналыг олгодог юм. Би өмнө нь алтан цом өргөж байгаагүй.

Энэ жил ДАШТ-д Монголоос таван тамирчин цэц сорьсон. Дөрөв нь миний шавь. Би ганцаарчилсан тав, багийн хоёр төрөлд өрсөлдлөө. Би нэг байны төрөлд цэц сорихдоо 120 метр зайг мориор долоон секунд, 80 доль туулахдаа байгаа онож түрүүлсэн. Эл зайд миний шавь Пүрэв-Очир мөнгөн медаль авч, Хүдэрбаатар V байрт шалгарсан. Хоёр байны төрөлд Даваадорж ах түрүүлж, Пүрэв-Очир хүрэл медаль авч, би IV байр эзэллээ. Таван байны төрөлд Пүрэвмандах гурав, би дөрөвдүгээр байрт шалгарлаа. Хамгийн сүүлд зоос харвах төрөлд онч сорьсон. Морины хурдан давхиан дунд тийм олон байг угсруулан харвах үнэхээр хэцүү. Зоос харвах төрөлд би тасархай түрүүлж, Идэрбаатар мөнгөн медаль авсан. Багийн төрөлд бид гурван оронтой оноолтоор өрсөлдсөн. Хагас шигшээд АНУ-тай цэц сорив. Тэднийг ялбал мөнгөн медаль өвөртлөнө. Би харвахынхаа өмнө морио сольчихсон юм л даа. “Монголын тамирчин Эрдэнэ даалгавраа гүйцэтгээрэй” гэхээр нь мориороо давхин, харваж эхлэх үед шүүгч гэнэт зогсоон, миний оролдлогыг нойллосон. Морио сольсон гээд тэр. Би нэлээд бухимдсан, сандарсан. Тэр эмоциороо хүрэл медалийн төлөө Казахстантай өрсөлдөөд IV байрт шалгарлаа. Бид багаараа нэг, хоёр байны төрөлд алт, таван байныхад хүрэл медаль авсан. Эдгээр болон ганцаарчилсан төрөлд гаргасан амжилтынхаа нийлбэрээр би бүх тамирчныг тэргүүлж, гран при шагналын эзэн болсон юм. Би өмнөх жилүүдэд ДАШТ-д өрсөлдөх бүртээ мөнгө, хүрэл цом авсан. Энэ удаа өнгийг нь хувирган, гран при шагнал авч, дэлхийн шилдэг тамирчин боллоо. Би ер нь алтан медаль авъя гэхээс илүү гран при шагнал, алтан цом хүртэх сэн гэж зүтгэсээр өдий хүртсэн. Энэ удаа түүндээ хүрлээ.

-Эх орондоо зохион байгуулах олон улсын тэмцээнд оролцохоор Монголдоо шууд ирсэн үү?

-Тэгсэн. Өмнө нь тэмцээнд оролцчихоод шууд Жэжү арал руу буцдаг байсан. Энэ удаа эх орондоо ирээд баярт мөчөө гэр бүлийнхэнтэйгээ хуваалцаад сайхан байна. Их сонин байдаг юм байна шүү. Өмнө нь манай гэрийнхэн цахимаар баяр хүргэн, амжилт хүсдэг байсан. Амжилтын халуун амьсгаан дээрээ эрхэм хүмүүстэйгээ хамт байх тэс өөр юм байна. Үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрлөө. Дэлхийн шилдэг тамирчин болчихоод ирэхэд 80 гаруй настай эмээ минь мөнгөн аягатай сүү барин, нулимс дуслуулан угтах хамгийн сайхан байлаа. Үүнээс илүү жаргал гэж юу байх вэ.

Эмч морь унаж болохгүй гэж сануулсан ч би ДАШТ-д оролцсон

-Та хоёр жилийн өмнө ДАШТ-д оролцохдоо мориноос унан, хоёр хавиргаа бэртээсэн. Одоо бүрэн эдгэсэн үү?

-Овоо эдгэсээн.Тэгэхэд ёстой балрах дөхсөөн (инээв). Тэмцээнд оролцож байхад морь бүдэрч унасны улмаас хоёр хавирга хугарсан. Шүд зуун зүтгэсэн ч түрүүлж чадаагүй. Түүнээс хойш нуруу чилж өвдөх болов. Тамирчдын бэлтгэл гэсээр жин ялимгүй нэмэгдсэн. Түүнээс болсон байх гээд л тоохгүй яваад байлаа. Гэтэл өнгөрсөн хавраас хөл рүү өвдөх болсон. Энэ жил Казахстаны тэмцээнд оролцсоны дараа бүр гишгэж чадахаа болив. Тэгээд БНСУ-д MRI зураг авхуулсан чинь нурууны нэг үений үзүүр нь хугарчихсан байсан юм билээ. Тэгснийг нь мэдээгүй, гүрийгээд яваад байж л дээ. Эмч намайг хоёр жил морь унаж болохгүй гэж хатуу анхааруулсан. Би яаж тэгж тэвчих вэ. Энэ жил ДАШТ-д заавал оролцоно, дутуугаа гүйцээнэ гээд зөрүүдэлчихсэн. Би нурууны бэртлийн улмаас бэлтгэл бараг хийгээгүй.

-Бэртлээ сэдрээчих вий гэж санаа зовсон уу?

Уг нь гайгүй байсан юм. Гэтэл миний өмнө харвасан тамирчны морь бүдэрч унасны дараа санаа зовсон шүү. Ямар нэг юм болвол бэртэл сэдэрнэ, суумгай болох ч эрсдэлтэй гээд айсан. Тэмцээний замд нэг эвгүй тойрог байсан юм. Түүнийг л эвтэйхэн тойрчихвол болчихоор байлаа. Аз ивээж, аятайхан тойрчихсоон. Бас бороо битгий ороосой гэж чин сэтгэлээсээ залбирсан шүү. Морь халтираад унавал ёстой баларна.

Харвахдаа өндөр үнэлгээ авахын хамгийн морийг нь шилж байгаад унадаг

-Морь бол адгуус. Тэмцээний үеэр булгиж, бусган яахыг ч урьдчилан таах аргагүй. Та ДАШТ төдийгүй бусад тэмцээнд оролцохдоо морио хэрхэн сонгодог вэ?

-Морио тэмцээнд аваачих боломжгүй. Тиймээс тухайн тэмцээн зохион байгуулагчид тамирчдын морийг бэлддэг. Тамирчид морио сугалдаг. Бас цаанаас нь оноолтоор өгдөг. 120 метр зайг 7-8 секундэд туулдаг морь А, 10-11 секундэд давхидаг нь В зэрэглэлийнх гэж ангилдаг. Өндөр амжилт гаргасан, ур чадвартай тамирчин хамгийн хурдан морийг оноолтоор авна гэсэн үг. Ямар нэг төрөлд өрсөлдөхөд мориороо 120 метр туулан, тэр хооронд даалгавраа гүйцэтгэх дүрэмтэй. Хөлийн хурдтай морь сонгоод харвах тусмаа өндөр үнэлгээ авна. Тиймээс би харвахдаа хамгийн хурдан морийг нь шилж байгаад унадаг. Эл спортоор амжилт гаргахад морь үнэхээр чухал. Муу морь унаад оролцвол тааруу амжилт гаргахаас гадна бэртэх ч эрсдэлтэй. Би морь сайн таньдаг, мэдэрдэг. Олон жил морин циркийн салбарт хүчин зүтгэж, хөдөө өссөний өгөөж их бий.

-Морьтойгоо ойлголцоогүйн улмаас санасан амжилтаа гаргаж чадаагүй тохиолдол бий юү?

-Байгаа. Би өнгөрсөн жил нүүдэлчдийн их наадамд өрсөлдөхдөө амьдралдаа анх удаа ганзага хоосон ирсэн. Киргизэд морьт харваа тийм ч сайн хөгжөөгүй юм билээ. Биднийг очиход тэмцээн зохион байгуулагчид морь гаргаж өгөөгүй. Ямар сайндаа би зочид буудалд бэлтгэл хийж чадахгүй тав хоносон. Тэд тэмцээн болохоос хоёр цагийн өмнө баахан морь хөтлөөд ирсэн. “Морьт харвааны сургуулилалтын морь уу” гэхэд гайхсанаа “Үгүй ээ, тулам булаалдахад унадаг морьд” хэмээсэн. Морьт харвааны зам бэлдээгүй, байнуудаа газарт тогтоочихсон байсан. Тэгээд мэргэжлийн бус хүн шүүгээд л. Би сурсан зангаараа хамгийн хурдан морийг нь унаад оролцов. Гэтэл нөгөөдүүл чинь зүгээр шогших шахам явж байгаад харвачихсан. Тэд морины хурдыг чухалчлаагүй болохоор яалт ч үгүй амжилт гаргаж чадаагүй. Би  морьтойгоо “Хичээгээрэй, алдаа гаргаж болохгүй шүү. Одоо хурдан давхи. За одоо зөөлөн шогш” гээд ойлголцох боломжгүй. Тэгэхээр үйлдлээрээ ойлголцож, морио мэдрэх их чухал. Морийг  хоёр хөл шигээ л мэдэрч чадвал амжилтад хүрдэг.

Тэмцээнээс ганзага хоосон буцахаас яс хавталздаг. Учир нь...

-Монгол харваач гэхэд бусад орныхон хэрхэн хүлээж авдаг вэ?

-Намайг таван жилийн өмнө тэмцээнд оролцож эхлэхэд хүмүүс тоодоггүй байсан. “Аан, Монгол Улс гэж байдаг юм уу” гэсэн янзтай хандсан. Одоо тэс өөр болсоон. Ямар ч тэмцээнд очиход хүмүүс намайг сурагладаг. “Эрдэнэ харвах дөхөж байна уу, үзэх сэн” гээд асуудаг, хүлээдэг, хошуурдаг. Үүнийг би нүүр бардам хэлнэ. Монголчууд харвах гэж байна гэхэд үзэгчид илүү сонирхдог. ДАШТ төдийгүй ямар ч тэмцээнд монголчууд өнгөлдөг, түрүү булаалддаг. Монгол хүн болж төрөн, хүлгийн тоосонд өссөн минь болон мэргэжлийн онцлог үүнд их нөлөөлдөг. Бас гэр бүлийнхний, хамт олон, шавь нарын минь дэмжлэг асар их дэм болдог. Тэмцээнээс ганзага хоосон буцахаас би айдаг. Надаас үлгэрлэж яваа тамирчид, шавь нартаа юу гэж хэлэх вэ гэхээс яс хавтайдаг.

"Хан Монгол" цирк 50 гаруй ажилчин, 100-гаад морьтой

-Танай “Хан Монгол” БНСУ-д морин циркийн үзүүлбэр үзүүлдэг юм билээ. Та хүний нутагт хэчнээн жил ажиллаж байгаа бол?

-Би Солонгос улсад 14 жил амьдарч байна. 2002 оноос хойш Ш.Цогтхүү багшийнхаа удирдлагад морьт харваагаар хичээллэж эхэлсэн. Багш долоон хүүхэд бэлтгэж, эл спортод хөл тавиулсны нэг нь би. Дараа жил нь хилийн дээс алхаж, БНСУ-д очсон юм. Хүний нутагт анх очсоноо ер мартдаггүй. БНСУ-ыг өндөр барилга, шигүү хүн амтайгаар төсөөлөөд очив. Гэтэл Жэжү өндөр уултай, устай тул Монголтой минь их ойр санагдсан. Шантарч, Монгол руугаа буцчихмаар үе зөндөө байсан ч шүд зуугаад л гүрийсэн. “Хан Монгол” морьтны холбоо, цирк 1997 оноос хойш Солонгос улсад үйл ажиллагаа явуулж байгаа. Тэргүүнээр нь Ш.Цогтхүү багш ажилладаг. “Хан Монгол” холбоо БНСУ-ын “Раунд” компанитай хамтардаг юм. Манайх 50 гаруй жүжигчин, 100-гаад морьтой. Бүгд монгол хүн. Би Идэрбаатар гэдэг найзтайгаа хамт багаа ахлан, шавь нараа дасгалжуулахын зэрэгцээ акробатын мэргэжлийн жүжигчнээр ажилладаг. Манай циркийнхэн Жэжү аралд аялж, зугаалахаар ирсэн жуулчдад морьт харвааны гайхамшгийг сонирхуулдаг. Өдөрт гурван удаа үзүүлбэр толилуулна. Жүжигчид долоо хоногт нэг удаа амарна.

Бид ажлынхаа хажуугаар морьт харваагаар хичээллэн, тэмцээнд оролцдог. Багш маань морьт харвааны шилдэг тамирчдын нэг болоод ч тэр үү, биднийг зөвхөн циркээр бус энэ спортоор давхар хичээллэхийг зөвлөдөг, үргэлж дэмждэг. 10-аад жилийн өмнөөс Монголд морьт харвааны спортыг хөгжүүлэхийн төлөө  борви бохисхийх чөлөөгүй зүтгэж яваа мундаг хүн дээ. Монгол хүн юу чаддагийг харуулж, олон улс, тив дэлхийн цөөнгүй тэмцээнд амжилт гарган багшийнхаа ачийг өчүүхэн ч атугай хариулж, баярлуулж яваагаараа бахархдаг.

-Та ажил тэмцээнээ хэрхэн зохицуулдаг вэ?

-Зарим хүн “Бэлтгэл хийх морь бэлэн, тэмцээнд оролцоход бүх зардлыг нь даадаг” гэж андуу бодож явдаг юм билээ. Тийм биш. Зуны 30-45 градусын халуунд өдөрт гурван удаа тоглох амаргүй. Урлагийн үзүүлбэр тул асар их энерги, эрч хүч зарцуулна. Тэмцээн дөхсөн үед бид өглөө 06.00 цагт босож, эхний бэлтгэлээ хийдэг. Дараа нь үзүүлбэрээ үзүүлчихээд 13.00 цагт дараагийн бэлтгэлээ хийнэ. 14.30 цагт тоглочихоод жаахан амарч байгаад дахин үзүүлбэр үзүүлнэ. 17.00 цагт дахин тоглочихоод орой хоёр цаг бэлтгэл базаадаг. Бид ингэж хөдөлмөрлөж байж л амжилтад хүрдэг юм шүү дээ.

-Танай цирк гадаадын бусад оронд аялан тоглолт хийдэг үү?

-Тэгэх боломж хомс. Учир нь аялан тоглолт хийх орон руу морио, техник хэрэгслээ тээвэрлэхээс авахуулаад хүндрэл ихтэй учраас тэр. Манай цирк БНСУ, Унгар, БНХАУ зэрэг цөөнгүй оронд үйл ажиллагаа явуулдаг. Жэжү аралд л гэхэд хоёр салбартай.

-Та ер нь хэчнээн шавьтай вэ?

-Өө, тоогоо алдсаан. Лав 300 гаруй байгаа. Яг одоо миний удирдлагад бэлтгэл хийн, амжилтын төлөө зүтгэж яваа 20 шавь бий. Тэднийг би мэргэжлийн түвшинд бэлтгэж байгаа. Тэдний зургаа нь дэлхийн хэмжээнд хүрсэн, хүлээн зөвшөөрөгдсөн.

Монголчууд намайг тийм ч сайн мэддэггүй

-Монголын морьт харвааны спортод оруулсан таны хувь нэмэр гэвэл та юуг тодотгох вэ?

-Өнгөрсөн таван жилийн хугацаанд гаргасан миний амжилт бүхэн Монголын морьт харвааны спортын өнөөгийн хөгжлийн өнгийг тодорхойлсоор ирсэн. Зарим жилд би дөрвөн тэмцээнд оролцдог. Бүх зардлаа өөрөө зохицуулна. Ганцхан тэмцээнд оролцоход дунджаар хоёр сая төгрөг зарцуулдаг.

-Төр засгаас морьт харваачдыг дэмжиж, тусладаг ч болоосой гэж боддог уу?

-Мэдээж тэгж бодолгүй яах вэ. Бусад орон тамирчдаа хэрхэн дэмжиж, амжилтыг нь үнэлдэг билээ. Тэгэхэд манайх ямар байгааг харьцуулахад тэнгэр, газар шиг.

-Монголчууд таны амжилтыг, Э.Эрдэнэ гэж хэн бэ гэдгийг бүрэн мэдэж, үнэлж чадаж байна уу?

-Ойр дотныхон, спортын хүрээнийхнээс өөр хүмүүс тийм ч сайн мэддэггүй. Гэтэл намайг бусад орныхон анддаггүй. Хаана ч тэмцээнд оролцоход “Аварга аа дээшээ суу” гээд хүндэлдэг.

Би ямар ч цол, зэрэггүй

-Танд спортын ямар нэг цол, зэрэг бий юү?

-Байхгүй.

ДАШТ-д олон удаа түрүүлж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мөртлөө дэд мастер ч цолгүй гэж үү?

-Тийм ээ. Монгол Улс морьт харвааны спортыг хэр дэмжиж, тамирчдын амжилтыг үнэлж байгаагийн илрэл энэ.

-Эх орондоо морин цирк байгуулах бодол бий юү?

-Байгаа. Дэлхийн хамгийн шилдэг тамирчин боллоо. Хүсэл, мөрөөдөл минь түрүүчээсээ биелж байна. Эх орондоо хувийн цирктэй болохыг мөрөөддөг. Олон залуусыг мэргэжилтэй, орлогтой байлгах сан, Монголдоо морьт харвааны спортыг улам хөгжүүлэх сэн.

Морьт харваа Монголоос үүсэлтэйг бусад орон хүлээн зөвшөөрдөг

-Монголчууд эзэн чингисийн үеэс морьт харвааг дадамгай эзэмшиж, аян дайнд мордож явсан ард түмэн. Морьт харваа монголоос үүсэлтэй гэх нотолгоо баримт бий юү?

-Морьт харваа Монголоос үүсэлтэй, монголчуудаас гаралтай гэдгийг дэлхий даяар хүлээн зөвшөөрдөг. Монголчууд бид өв соёлдоо эзэн болохгүй, үл тоон, хөгжүүлэхгүй байгаад л гол учир нь байгаа юм. Морьт харвааны олон улсын хорвоог БНСУ-ын иргэн удирддаг. Олимпын хөтөлбөрт морьт харваа багтах магадлал их өндөр байгаа. Эл спорт тулааны дэлхийн наадмын хөтөлбөрт багтсан нь үүний нэг илрэл.

-Та морьт харваагаас өөр спортын төрлөөр хичээллэдэг үү?

-Үгүй ээ. Гэхдээ үндэсний сурын харвааг сонирхдог. Өнгөрсөн зун багш, шавь нартайгаа хамт улсын наадмын нээлтэд оролцсон.

-Ирэх амралтын өдрүүдэд болох “Хийморь” олон улсын тэмцээнийг эх орондоо зохион байгуулах санаа танд хэрхэн төрсөн бэ?

-Тэмцээнд оролцож явахад бусад орныхон “Танай улс хараа цуцам уудам нутагтай гэж дуулсан. Чингисийн Монголд харвах юм сан” гэдэг байлаа. Эх орондоо тэмцээн зохион байгуулж, морьт харвааг монгол түмэндээ сурталчлахсан гэж хүссээр өдий хүрсэн. Энэ тухайгаа өнгөрсөн жил Ш.Цогтхүү багшдаа хэлэхэд дуртайяа зөвшөөрсөн. Түүнээс хойш хөөцөлдсөөр байгаад ямар ч байсан санасандаа хүрлээ. “Хийморь” тэмцээн “Чингисийн хүрээ” цогцолборт болно. Тэмцээнд маань 17 орны харваачид цэц сорино. “Eguur.mn” сайтаар дамжуулан “Хийморь” тэмцээнийг үзэж, монгол тамирчдаа дэмжихийг монгол түмэндээ уриалъя.

-БНСУ руу хэзээ буцах вэ?

-Ямар ч байсан гэр бүлийнхэнтэйгээ хамт эх орондоо хэд хоног сайхан амарна аа. Одоохондоо БНСУ-д ажиллан, тэдний хүлээлгэсэн итгэлийг хөсөрдүүлэхгүйн төлөө хичээнэ. Мэдээж зорилгодоо хүрснийхээ дараа Монголдоо заавал буцаж ирээд, амьдарна.

Б.БУЯНДАЛАЙ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ч.ОТГОНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин (У)
Зочин (У)
2019-09-08 10:10

Дэлхийд эх орныхоо нэрийг гаргаж байгаад тань баярл�##�аа. Гэхдээ амжилтаа бататгах, хадг�##�ахын төлөө тэмцэх нь зохистой болов уу ?. Уншихад арай л өөртөө бардсан, нанчигтай санагдлаа.

StevSlarie
StevSlarie
2020-01-16 04:03

Purchasing Acticin Drugs Costo Cialis In Italia Finasteride Precio Espana Propecia [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Cialis Viagra

MatFuse
MatFuse
2020-01-16 07:15

Cialis Costo Ufficiale [url=http://cialibuy.com]Cialis[/url] Propecia Dosis 5 Alfa Reductasa Cpt Injection Cephalexin Cialis Sans Ordonnanc

StevSlarie
StevSlarie
2020-02-12 06:26

Nom Pour Amoxil http://cheapcialisir.com - Cheap Cialis Retrovir online pharmacy Viagra Compra En Madrid

Холбоотой мэдээ

Back to top button