Сошиал трэндСПОРТ

ХОЁР ТАЛТ ТОДРУУЛГА: Н.Батсуурь аварга, “Чингис хаан” нисэх буудлын аль нь зүй бус авирласан бэ

Улсын аварга Н.Батсуурь энэ сарын 3-нд 502 дугаар нислэгээр эх орондоо ирэхдээ “Чингис хаан” олон улсын нисэх буудлын ажилчдын хариуцлагагүйн улмаас ачаагаа алдан, сэтгэл дундуур яваагаа цахим хуудсандаа нийтэлсэн. Тэгвэл “Чингис хаан”-ы ажилчид өчигдөр хэвлэлээр дамжуулан “Батсуурь манай ажилтны үснээс татан, бидэнтэй зүй бус харилцсан. Би Монгол Улсын аварга хүн тул үнэгүй үйлчлүүлнэ. Биднийг ажлаас халуулна гэж дарамталсан” гэж хэлсэн юм. Бид мэдээллийг тэнцвэртэй, үнэн бодит хүргэхийн тулд улсын аварга Н.Батсууриас зарим зүйлийг тодрууллаа.

-Тухайн үед юу болсон талаар ярихгүй юу?

-Юуны өмнө үнэн бодит мэдээлэл хүргэх гээд надтай холбогдсон танай сайтын хамт олонд баярлалаа. Би тухайн үед юу болсныг дэлгэрэнгүй ярья. Би Японд ДАШТ үзэж, тамирчдаа дэмжчихээд энэ сарын 3-нд эх орондоо ирсэн. Тэгэхдээ гурван хүний хамт VIP-гээр үйлчлүүлсэн юм. Тэгэхдээ зохих журмынх нь дагуу төлбөрөө төлсөн. 3-ны өглөө 08.00 цагт онгоцноос буутал миний нэг ачаа алга болчихов. Миний ачааг өөр хүн аваад явчихсан юм билээ. Тийм хариуцлагагүй. Ачааны виркийг нь шалгаж байгаад үйлчлүүлэгчдэд өгөх ёстой шүү дээ.  Буцаж очоод “Чингис хаан”-ы ажилчидтай уулзан “Та нар ямар хариуцлагагүй юм бэ. Би гомдол гаргана” гэсэн. Тэгэхэд тэд юман чинээ тоогоогүй. Ёстой харилцааны соёлгүй юм билээ. Тэгэхээр нь тухайн ажилтны нэрийг харах гээд энгэрийн зүүлтээс нь татсан. Өөр юу ч болоогүй. Тэдний хэлсэн шиг орилж чарлан, зүй бус хандсан юм ер байхгүй. “Би Монгол Улсын аварга тул үнэгүй үйлчлүүлнэ. Та нарыг ажлаас чинь халуулна” энэ тэр гэж ер хэлээгүй. Би юу гэж тэгэх вэ. Тэд давсалж, хачирласан байна лээ. Би тэдэнд аваргын бус, Монгол Улсын иргэний хувиар хандсан, харилцсан. Тэдний хэлсэн шиг тийм зүйл ерөөсөө болоогүй.

-Тэдэнд нотлох баримт, камерын бичлэг байгаа гэсэн. Та зүй бус авирлаагүйгээ яаж нотлох вэ?

-Бүх зүйлд нотлох баримт чухал. Надтай хамт явсан гурван хүн гэрчилнэ. Аливаа зүйл үнэнээрээ сайхан. Надад худлаа хэлж, бусдыг муухай харуулах ямар ч шаардлага байхгүй. Би монгол түмнийхээ хайр хүндлэлийг эрхэмлэн, сэвтээхгүй явахыг хичээдэг.

-“Чингис хаан” нисэх буудлынхантай дахиж холбоо барьсан уу?

-Би “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйлчилгээ, ажилтнуудынх нь харилцаанд сэтгэл дундуур үлдсэнээ цахим хуудсандаа нийтэлсэн юм. Тэгсний дараа тэд хэд хэдэн хамаатнаар маань дамжуулан надтай утсаар холбогдон “Аваргаа постоо устгачих. Тохиролцъя, танд үнэгүй үйлчилье” гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөгүй. “Та нар алдаа гаргачихаад уучлалт гуйх ухамсартай байх хэрэгтэй” гэсэн. Тэгсний дараа “Чингис хаан”-хан хэвлэлд хандан, илт худлаа мэдээлэл тараалаа. Надаас хариугаа авч байгаа юм байлгүй.

-Та ачаагаа яаж олж авсан бэ?

-Би “Чингис хаан”-ы ажилчидтай хамт камер шүүж байгаад хэн авч явсныг нь мэдсэн. Уг нь тэд миний ачааг манайд хүргэж өгнө гэж амласан юм. Гэтэл муриад алга болчихсон. Тэгэхээр нь тухайн өдрийнхөө 12.00 цагт “Улаанбаатар” зочид буудлаас өөрөө очиж авсан. Үйлчилгээний байгууллага тийм хүнд сурталтай байж болохгүй. Би тэдэнд томорч, аархаагүй. Зүгээр л хариуцлага алдсан ажилтныг уучлалт гуйчих болов уу гэж хүлээсэн. Тэр тийм зуй бус зүйл гэж үү.

-Та хуулийн байгууллагад юм уу “Чингис хаан” олон улсын нисэх буудлын удирдлагад гомдол гаргах уу?

-Ийм асуудлаас болж хуулийн байгууллагад хандан, гоншигонох хүсэл алга. Би тийм өчүүхэн бодолтой хүн биш. Зүгээр л “Чингис хаан”-ы ажилчдыг тийм алдаа дахиж битгий гаргаасай, бусдад хүндрэл битгий учруулаасай гэж хүсэж байна.

Биднийг ярилцлага авсны дараа Н.Батсуурь аварга фэйсбүүкээрээ дамжуулан энэ мэдэгдлийг хийсэн юм.

https://www.facebook.com/basu.suurii/videos/2552517148311653/

Б.БУЯНДАЛАЙ

Энэ талаар “Чингис хаан” нисэх буудлын ажилтнуудаас тодруулав.

“Чингис хаан” ОУНБ-ын үйлчилгээ хариуцсан дэд захирал Л.Отгонжаргал:

-Улсын аварга Н.Батсуурь ачааныхаа виркийг дутуу өгснөөс болоод манай байгууллагатай шууд бус хамааралтай алдаа гарсанд хүлцэл өчиж байна.

Н.Батсуурь аварга бизнес лоунжид гурван хүнтэй хамт орж ирсэн. Түүнээс үйлчилгээний төлбөр хүсэхэд Монгол Улсын аварга хүн учраас мөнгө төлөхгүй үйлчлүүлнэ гэдэг байдлаар манай үйлчилгээний ажилтнуудтай ёс бус харьцсан байсан.

Тухайн үед манай ажилчид аль болох эв зүйтэй, хүндэтгэлтэй хандсан хэдий ч дайрч давшилж, доромжилж, бүр энгэрийн зүүлтээс нь зулгааж, “Чи хэн юм, чамайг ажилгүй болгоно” гэж хэлсэн байсан. Тухайн үед үйлчлүүлж байсан зорчигчид ч мөн “Та Монгол Улсын аварга хүн байж ингэж болохгүй шүү дээ” гэснийг тоогоогүй. Бидэнд баримт байгаа.


“Чингис хаан” ОУНБ-ын Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч Ц.Баасантуяа:


-Манай үйлчилгээний ажилтнууд нисэх буудлын үйлчилгээний ажилтны заавар, баримт бичгийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.

Энэ баримт бичиг дээр үйлчилгээний ажилтнууд зорчигчтой хэрхэн харьцах, яаж мэндлэх, ууртай болоод бухимдалтай зорчигчтой хэрхэн харьцах талаарх заалтууд бий. Манай ажилчид үүнд заасан дүрэм, журмыг мөрдөж ажилладаг.

Тиймээс би ажилтнуудаа хариуцлагын болон ёс зүйн алдаа гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь энэ нь баримтаар нотлогдоно.

Нөгөө талаар эрхэм аварга маань манай ажилтнуудыг хэл амаар доромжилж, хувь хүний эрх чөлөөнд халдсан. Иймээс энэ хүмүүсийн эрх ашиг, нэр хүндийг хамгаалж, ажил гүйцэтгэж байх үедээ авсан дарамтыг эсэргүүцэж байна. Дахин манай ажилтнуудад дарамт ирсэн тохиолдолд бид Үйлдвэрчний эвлэлийн зүгээс шат дараатай арга хэмжээ авах болно.

ЭХ СУРВАЛЖ: Zindaa.mn

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-09-06 11:48

awarga geh shig naad lalraa zohih baiguullagad n og

MatFuse
MatFuse
2020-02-02 07:18

Cephalexin Allergic Reaction http://cialisir.com - Cialis Farmacia Canadiense Viagra Cialis Best Price Net For Tadalis Sx 100 50 Mg

Холбоотой мэдээ

Back to top button