УЛС ТӨР

ХУУЛИЙН ТӨСӨЛ: УИХ-ын 59 гишүүн “мөнгө угаадаг” 205 ТББ-аасаа ТАТГАЛЗАНА

УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэгдэхээр орж ирсэн Төрийн бус байгууллага, холбоодын үйл ажиллагааг цэгцлэх агуулга бүхий Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл хаврын чуулган руу шидэгдэв.

Энэ хуулийн төсөл нэг талд МАШ АЮУЛТАЙ, нөгөө талд НЭН ШААРДЛАГАТАЙ гэсэн хоёр өнцгөөр маргаан үүсгэсэн юм.

Яг яагаад МАШ АЮУЛТАЙ гэж үзэгдэв. Яагаад НЭН ШААРДЛАГАТАЙ гэж тайлбарлагдав.

Мэдээлэл өгөх нь:

Гол агуулга: Төр ингэж дэмжиж, ингэж хянана, үүнийг хориглоно

Засгийн газар "Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих зөвлөл" -ийг байгуулж, ашгийн бус байгууллагуудыг нь бүртгэлжүүлэн, тэдний үйл ажиллагааны тайланд үндэслэн, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, зарим төрийн үйлчилгээг шилжүүлэх зэргээр зохицуулалт хийнэ. Байгууллагууд шилэн данстай байх санхүүгийн тайлан мэдээллээ зохих журмаар мэдүүлнэ. Эл байгууллагуудыг дэмжих тусгай сан үүсгэнэ. ТТБ нэрээр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчдийг хязгаарлана. Олон улсаас санхүүжилт татдаг байдалд хяналт тавина.

Холбоод нь улс төрийн нам, улстөрчдөөс санхүүжилт авахгүй. Шашны байгууллагын ү/а эрхлэхгүй. Удирдах шатанд улс төрийн албан тушаалтан, улс төрийн намын дарга, санхүүгийн ажилтан, зэвсэг наймаалагч ажиллаж болохгүй.

Анхаарах өнцөг: Татварын тайлан далд мөнгө

2021 онд 25 мянга орчим ТББ бүртгэлтэй байгаа ч ердөө 7 мянга орчим нь л санхүүгийн тайлан гаргадаг гэж дурджээ. Тэгэхээр асар олон ТББ-уудыг төрөөс их хэмжээгээр мөнгө гаргаж авах, олон улсын байгууллагуудаас санхүүжилт татах, хандив босгох зэргээр санхүүждэг ч нийтлэг хэлбэрээр тайлан гаргадаггүй нь анхаарал татаж буй.

Уг хуулийн төслөөр ТББ, холбоод, сангуудыг шилэн данстай, ил тайлагналттай байлгах зохицуулалт орох юм. Хууль санаачлагчдын зүгээс эсэргүүцэгчдийг "Шилэн байдлаас айлаа. Тайлан тооцоогоо мэдүүлэх үүргээс зугтах гэлээ" хэмээж буй. Нөгөө талд үүнийг "Татварынхан ажиллах ёстой асуудал дээр төсөл санаачилтлаа асуудлыг томруулсан нь өөр эрх ашигтай" гэх эсэргүүцэл яваа юм.


Онцлох заалтууд:

Олон улсын байгууллагаас санхүүжигчдэд хяналт тавина

-14.3.Гадаад улсын тусгай албад, түүний халхавч байгууллага болон үндэсний эв нэгдлийг бусниулах, мөнгө угаах, террорист болон экстремист үйл ажиллагаа явуулдаг, санхүүжүүлдэг байгууллага, хувь хүнээс, эсхүл хандивлагч нь тодорхойгүй санхүүжилт авахыг хориглоно.

Салбар, мэргэжлийн холбоодоос төр НЭГИЙГ Л ОНЦОЛЖ ДЭМЖИНЭ

  • 33.1.Тухайн салбар дахь мэргэжлийн холбоог сонгон шалгаруулах, хамтран ажиллах асуудлыг Засгийн газраас баталсан журмын дагуу тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, эсхүл Улсын Их Хурлаас байгуулдаг тухайн асуудлыг хариуцсан байгууллага шийдвэрлэнэ.
  • 33.10.Мэргэжлийн холбоог сонгон шалгаруулах, хамтран ажиллах журмыг Засгийн газар батална.

1. СЭТГҮҮЛЧИД: ХУУЛИЙН ТӨСӨЛ АЮУЛТАЙ/ ТББ-УУДЫГ ЦЭГЦЛЭХ ЁСТОЙ

Асуулт: Хуулийн төслийн яг юуг АЮУЛТАЙ гэж үзээд байна вэ. Эсвэл ТББ-уудыг зайлшгүй зохицуулах шаардлагатай юу.

О.Ариунбилэг: Засгийн газар ТББ-уудыг халаасандаа оруулах гэж байна

/Mpress.mn сайтын Ерөнхий эрхлэгч/

Холбооны эрхзүйн байдлын тухай хуулийн талаар УИХ-ын гишүүн Н.Учрал, Шадар сайд С.Амарсайхан нарын ярихыг сонссон. Хоёулаа “Нийгмийн салбар бүрийн нэг л төрийн бус байгууллагатай төр хамтарч ажиллана. Тэр байгууллагат төсөв өгнө, хамтарч ажиллана, хариуцлага ярина” гэж байгаа юм. Үүнийгээ төрийн бус байгууллагуудыг “замбараатай” болгох гэж томьёолж байх шиг байна лээ.

Уучлаарай, энэ бол замбараатай болгож байгаа асуудал огт биш бөгөөд харин ч иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагуудыг төрийнхөө “нэг агентлаг” мэтээр үзэж, халаас, хяналтдаа оруулах гэж байна гэсэн үг. Тухайн салбараас нэг л байгууллагыг “малгай” хэмээн үзвэл бусад байгууллага нь оршин тогтнох шаардлагагүй болж, хүчгүйдэж, суларч, улмаар бүдгэрэн арилна. Иргэний нийгмийн байгууллага гэдэг бол иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хангасан, ардчиллын гурван гол тулгуурын нэг. Гэтэл энэ хуулийн төсөл нь ардчиллын энэ тулгуурыг хүчгүйдүүлэх вий гэж би хувьдаа болгоомжилж байна.

Г.Улсболд: Бүхэлд нь эсэргүүцэх биш болохгүй заалтаа хэлэлцэж, ажил хэрэгчээр хандаасай

/Time.mn сайтын Ерөнхий эрхлэгч/

Төлсөн, авснаа нийтэл гэдэг ТББ байдаг. Ил тод байдал сан гээд л. Манай иргэний нийгмийнхэн ил тод, нээлттэй байдлыг дэмждэг хэрнээ өөрсдийгөө нээлттэй байлгахыг хүсдэггүйг хоёр парламент дамжин хэлэлцэж байгаа ТББ-ын хуулийн төслийг хэлэлцэх үеэр харагдаж байна. ТББ гэхээр олон. Гишүүнчлэлтэй буюу өөрсдийнхөө эрх ашгийн төлөө, гишүүнчлэлгүй буюу нийтийн эрх ашгийн төлөө гээд хоёр янз.

Төрийн албаныханд төрөөсөө өөртөө мөнгө авдаг ТББ-ууд олон бий. Нийтэд тустай ажил хэрэгжүүлэн Засгийн газар, түүний харьяа байгууллагаас татвар төлөгчийн мөнгө авдаг бол санхүүгээ ил байлга, аудит оруул гэсэн заалт төсөлд байгаа. Тэрийг зарим нь эсэргүүцэж байна. Гаднын төр, намаас санхүүждэг ТББ Монголын дотоод асуудалд оролцохгүй гэсэн заалтыг зарим нь эсэргүүцэж байна. Юу нь болохгүй байна аа. Харин төр дэргэдээ Иргэний нийгмийг дэмжих зөвлөл байгуулаад тэрүүгээрээ холбоодтой харилцахыг зүйд нийцэхгүй гэж үзэж байгааг хууль тогтоогчид анхааралдаа аваасай.

Ер нь бол ТББ-ууд замбараагүй, зохицуулалт хэрэгтэй. Тэгээд орж ирсэн хуулийн төслийн аль заалт болохгүй байгааг ажил хэрэгчээр шүүмжлэн засуулаад явахын оронд бүхэлд нь эсэргүүцээд байвал замбараагүй хэвээр л үлдэнэ.


ТЭМДЭГЛЭЛ: Иргэний нийгмийн байгууллагуудыг төр хязгаарлах нь эрсдэлтэй юу

Хуулийн төслийн авууштай санаа нь, "ТББ-ууд ХХК-ийн нэгэн адил бүгд тайлан гаргацгаая. Ер нь та бүхэн яаж мөнгө олоод байна. Яагаад шилэн байж болохгүй гэж. Ашгийн төлөө бусуудыг чинь төр шалгаад, шаардлагатай тохиолдолд дэмжье. Гаднаас сайхан санхүүжилт татаад байна л гэх юм. Олон улсад зөвшөөрөгдсөн мөнгөний эх үүсвэр үү. Улс төрчид, шашныхан ТББ байгуулахыг хориглоё. ТББ-ууд улс төрчдөөс мөнгө авдгийг зогсооё" гэх агуулгууд. Энэ бол салбар бүр дээр ТББ нэрээр цүнхний нэгжүүд олширч, ХХК-иудын боломжийг хааж буй томоохон асуудал. Үүн дээр төр оролцоод, УИХ-ын өөрсдөөсөө эхлээд олон ТББ-аасаа татгалзъя гэжээ. Мэдээж сайн тал. УИХ-ын 59 гишүүнд 205 ТББ бүртгэлтэй байдаг талаарх мэдээллийг дор хавсаргав.

Хуулийн төслийн нийгэмдээ халтай нь, Ардчилсан улсын гол үнэт чанаруудын нэг нь иргэний нийгэм, түүний оролцоог хангаж өгсөн байдал. Гэтэл энэ хуулийн төслөөр Засгийн газар үндсэндээ иргэний нийгмийн байгууллага, эвлэлдэн нэгдэх процесст шууд хяналтаа тогтоох бодит эрсдэл үүсжээ. Түүнчлэн мэргэжлийн холбоодоос зөвхөн нэгийг нь сонгож аваад, сангийн хэлбэрээр тэднийг дэмжинэ гэхээр өрсөлдөөний тэгш бус байдал үүсч, салбаруудад гажуудал үүсэх эрсдэлтэй мэт. Олон улсаас жаахан санхүүжилт авч, монголд өнгөтэй өөдтэй гэсэн мэргэжлийн судалгааг хийдэг байгууллагууд цаашдаа асар том хүндрэлтэй тулгарах нь. Нэг нам засагласан ийм үед уг хуулийн төсөлд МАН-ын генсек, бүлгийн дарга нь онцгойлон анхаарсан нь зүгээр ч нэг тохиолдол биш.


УИХ-ын гишүүдийн ТББ эзэмшдэг талаарх дата контент:

ТАНИЛЦ: УИХ-ын 59 гишүүн 205 ТББ-аар дамжуулан "мөнгө угаадаг” контентыг ЭНД ДАРЖ уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 11, 2022 09:27

Гэмгүй нэртэй гэмтэй хууль

Зочин
Зочин
1 сар 11, 2022 11:26

яг уу

Зочин
Зочин
1 сар 11, 2022 15:42

59-ийг бууд

Зочин
Зочин
1 сар 12, 2022 09:37

Хулгайчдыг барьж хорь

Холбоотой мэдээ

Back to top button