ВИДЕО КОНТЕНТ

СОШИАЛ ТРЭНД: “Бичлэгийг маань бодит гэж итгэсэн хүн “Ээжийгээ гомдоодог, арчаагүй архичин” гэж загнасан

“Ээж ээ, танд мөнгө байна уу. Найз охиноо баярлуулах гэсэн юм. Зээлэх хүн байна уу. За, за, ядаргаатай юм. Өнөөдөр очиж хонохгүй шүү. Гялс шилжүүлчихээрэй. Ёстой ядаргаатай юм аа”. Нэгэн залуу ээжтэйгээ видео коллоор ийн ярилцаж буй бичлэгийг манай олонх уншигч үзсэн байх.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр цацсан тус бичлэгийг үзсэн олон, олон хүн “Нээрэн бид “Ээждээ хайртай” гэдэг атлаа яг ингэж ханддаг, гомдоодог юм биш байгаа гээд өөрийгөө тунгааж нэг бодсоноо, ухаарснаа цахим хуудсандаа хуваалцсан байна билээ.

Үүний сацуу энэ бичлэгийг бодит гэдэгт итгэн, элдвээр шүүмжилж, доромжилсон нь ч олон. Тухайн бичлэгийг хийсэн Ням-Очирын Тэмүүлэн, Уламбаярын Эрхэмбаяр нарыг бид “Сошиал трэнд” буландаа онцоллоо.

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Сайн байна уу. Намайг Ням-Очирын Тэмүүлэн гэдэг. СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Хэсэг хугацаанд мэргэжлээрээ ажиллаагүй. Одоо эргээд мэргэжлээрээ ажиллах гэж байгаа. Тийм залуу байна аа. Би 22 настай.

-“Март 8-нд цацсан бичлэгийг тань бодит эсэхэд олон хүн эргэлзэж байна. Бодит уу, тавилттай юу?

-Мэдээж тавилттай. Тэр бичлэгт хүмүүст аймар үнэмшчихсэн байна лээ. Олон хүн намайг үзэн ядан, янз, янзын сэтгэгдэл бичсээр байгаа. Бичлэгийн санааг би найз У.Эрхэмбаяртайгаа хамт гаргасан юм. Уг нь анхандаа гоё контент болгоод хийхээр төлөвлөсөн ч олон хүнд хүрэхгүй байх гэж бодсон. Тэгээд ийм аргаар хийвэл хэлэх гэсэн санаа минь олон хүнд хүрэх юм болов уу гэж бодлоо.

-Энэ бичлэгээр хүргэх гэсэн гол санаа тань юу вэ?

-Гол санаа нь, бичлэг дээрх шиг тийм хүүхэд зөндөө байгаа. “Ээждээ хайртай” гэдэг атлаа үг, үйлдлээрээ ээжийгээ гомдоож, муухай ханддаг. Эх хүн үрийнхээ төлөө үргэлж л санаа зовдог. Хүү нь хэчнээн сайн, сайхан явсан ч ээжийнх нь санаа үргэлж зовж, “Хүү минь” гэсээр байдаг. Тэгэхээр яг бичлэг дээрх шиг биш, сайн хүүхэд ч эцэг, эхийнхээ санааг зовоодог. Өндөр албан тушаалтай, баян амьдарвал ээжийнхээ ачийг хариулах юм шиг зарим хүн андуурдаг.

Залуус бид ажил, ажил гэсээр, завгүйгээрээ халхавч хийгээд аав, ээждээ ойр, ойрхон очдог бил үү. “Энэ удаа амжихгүй нь. Дараа очъё” гээд хойшлуулдаг. Тэр бүрд аав, ээж минь биднийг харуулдан, хүлээж суугаа. Үр хүүхэд нь аав, ээжийнхээ дэргэд байх, хамт байх л аав, ээж хүнд жаргал. Тэр үед л сэтгэл санаа нь тайван байдаг.

Хэчнээн сайн, сайхан амьдарч, нэр хүндтэй, өндөр албан тушаал хашиж яваа ч ээж дээрээ очдоггүй, ээжийгээ хайрладагүй хүний эх аз жаргалтай, сэтгэл амар амьдарч чадах уу. Харин эсрэгээрээ архи уудаг ч гэсэн эхийнхээ дэргэд байж, нүдэнд харагдаж яваа хүний ээж адаглаад “Хаана, юу хийж яваа бол. Зүгээр байгаа” гэж санаа нь зовохгүй. Тэгэхээр ерөөсөө эхлээд төрүүлж, өсгөсөн ээжийгээ баярлуул, хайрла. Дараа нь найз охин, найз нөхдөө хайрла гэдэг санааг л гаргахыг хүссэн юм шүү.

-Ээждээ ганц цэцэг бариад очоогүй атлаа найз охиндоо сарнайны мөнгө асуусан хэсэг хүнд туссан. Бас архи уусан найз нь “Би ээжгүй ээ” гэдэг хэсэг...

-Өнөөгийн нийгэмд тийм зүйл зөндөө байгаа. Хүний амьдралд байдаг, бидэнд илүү ойр зүйлээр энэ сэдвийг хөндөхийг, бусдад нэгийг бодуулахыг хүссэн юм. Энэ бичлэгийг бодит гэж итгэсэн хүмүүс намайг ёстой нэг зад шүүмжилж, доромжилж байгаа. Үнэндээ бидний дунд байдаг л зүйл шүү дээ.

“Мартын 8”-нд ээжийгээ баярлуулах байтал архины мөнгө нэхээд “Өгөхгүй бол ална шүү” гээд явдаг хүн байдаг шүү дээ. Ээж нь юун баярлах манатай, “Хүүхэд минь өнөөдөр гэртээ ирэх болов уу” гээд цөхрөөд сууж байдаг.

Ийм хэлбэрээр биш ч гэсэн ээжийгээ гомдоодог, муухай харьцдаг хүн зөндөө. Хүндээр тусгаж буй зарим хүн үүнийг анзаараагүй явсан байж мэднэ.

-Бичлэг дээрх хүн танай ээж мөн үү?

-Биш ээ, биш. Манай ажлын газрын эгч.

-Та өөрөө хэр сайн хүү вэ?

-Миний бодлоор ээж дээрээ үргэлж очдог, санааг нь зовоохгүй амьдруулж буй хүүг сайн хүүхэд гэх болов уу. Аав, ээж хоёр минь Дарханд амьдардаг. Би тэр бүр очиж амждаггүй. Энэ талаас нь харвал, би ээжийнхээ санааг их зовоодог байх. Хүү нь ээж дээрээ яваад очих, дэргэд нь байх л ээж хүнд жаргал.

Нээрэн манай найз “Би ээжгүй шүү дээ” гэж хэлсэн хэсэгт үнэмшсэн хүмүүс “Ээжгүйгээ үхсэндээ гайхуулаад байгаа юм бэ. Архичин чинь” гээд элдвээр бичсэн байна лээ.

Энэ үеэр У.Эрхэмбаяр “Энэ бол зохиолын дагуу тавилттай бичлэг. “Би ээжгүй шүү дээ” гэж хэлдэг хэсэг надад ёстой хүнд байсан. “Ээж минь энэ бичлэгийг үзчих вий, гомдчих вий” гэж санаа зовсон" гэлээ.

-Өчигдөр бид хоёрыг нэг газар хоол идээд сууж байсан чинь манай бичлэгт итгэсэн нэг хүн аймар загнасан. “Чи одоо мэдрэл муутай юм уу. Мартын 8-нд ээж рүүгээ согтуу залгаснаа, найз охиндоо сарнайны мөнгө нэхэхдээ яадаг байна аа. Арчаагүй архичин. Яасан арчаагүй юм бэ” гэсэн.

-Тэгэхэд нь эмзэглэсэн үү?

-Эмзэглээгүй ээ. “Эсрэг дүрээ л сайн гаргаж” гэж бодсон. Манай бичлэгийг баахан хуурамч сайт, пэйж хуудаснууд авч тавьсан байна лээ.

-Ярилцлагын эхэнд “Мэргэжлээрээ эргээд ажиллана” гэсэн. Ойрын төлөвлөгөө юу байна вэ?

-Мэдээж кино хийх, тайзан дээр гарах хүсэл, зорилго бий. Шууд кино хийхэд мэдээж бид хоёрт туршлага дутна. “Энэ дүрд тогло” гээд бид хоёрт шууд дүр өгөх найруулагч ховор. Жүжигчин мэргэжилтэй ийм залуус байдгийг мэддэггүй найруулагч зөндөө. Тиймээс одоогоор ийм богино бичлэгнүүд түлхүү хийнэ.

Эхлээд “Үзэгчид юу хүсэж, сонирхож байна вэ” гэдэг ханатай болоодохъё. Дараа нь бага, багаар минутаа сунгаж явсаар, туршлага сайн хуримтлуулж, өөрсдийгөө хөгжүүлж байгаад кино хийх бодол бий.

-Цаашид хоёулаа хамтарч ажиллах уу. Эсвэл өөр продакшн, байгууллагад харьяалагдах уу?

-Ер нь тусдаа явах бодол бий. Мэдээж санал тавьбал гоё байлгүй яах вэ. Өөр продакшнд харьяалагдахад татгалзах зүйлгүй.

ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 13, 2022 21:15

chi uuruu m#l za hudulmurluj baiga humuusiig ingej duuddag henve

Монгол
Монгол
3 сар 14, 2022 08:51

Зөв бодолтой уха�##�аг авьяаслаг з�##�уучууддаа цаашидын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье! Сайхан бүхнийг түгээж яваарай.

Холбоотой мэдээ

Back to top button