
Өнөө жилийн Бүх цэргийн наадамд бүхий л шилдгүүд зодоглосноос цэргийн арслан Мөнхтөрийн Лхагвагэрэл түрүүллээ. Ингэснээр тэрбээр цэргийн хурц арслан цол хүртэхэд, давтахад бэрх амжилтын эзэн болов. Цэргийн наадамд хоёр түрүүлсэн хуруу дарам бөх бий. Эл амжилтыг өмнө нь улсын аварга Ч.Санжаадамба, улсын харцага А.Бямбажав, улсын начин Д.Цогзолдорж нар гаргаж байв.
“Хилчин” спорт хороо, Хилийн цэргийн 0208 дугаар анги, “Даян” дэвжээний бөх М.Лхагвагэрэл цэргийн наадамд хоёр түрүүлсэн дөрөв дэх хүчтэн боллоо. Чөлөөт бөх, үндэсний бөхөөр хослуулан барилдаж, амжилтын төлөө зүтгэж яваа түүний тухай сонирхолтой 10 баримтыг хүргэе.
НЭГ: Мөнхтөрийн Лхагвагэрэл Завхан аймгийн Яруу сумын харьяат. 1998 оны дөрөвдүгээр сарын 1-нд төрсөн.
ХОЁР: Түүний аав Мөнхтөр аймгийн арслан цолтой. Аав шигээ бөх болохыг мөрөөдсөөр 10 насандаа үндэсний бөхөөр хичээллэсэн. Түүний анхны багш нь улсын начин Б.Адъяахүү.

ГУРАВ: Үндэсний бөх, чөлөөт бөхөөр 2013 оноос хослуулан барилдаж байгаа. Чөлөөт бөхийн бэлтгэлээ өдгөө гавьяат дасгалжуулагч Б.Баттулгын удирдлагад хийдэг.

ДӨРӨВ: М.Лхагвагэрэл 2017 онд аймгийн харцага, 2018 онд Завхан аймгийн наадамд үзүүрлэн, аймгийн заан болсон.

ТАВ: Өнгөрсөн жил Бүх цэргийн наадамд түрүүлж, цэргийн арслан болсон. Өнөө жил амжилтаа баталж, цэргийн хурц арслан цол хүртлээ.

ЗУРГАА: 23 хүртэлх насны ангиллын ДАШТ-ээс 125 кг-д медаль авсан Монголын анхны бөх. Тэрбээр 2019 онд Унгарт болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн юм.

ДОЛОО: Монголын чөлөөт бөхийн хүнд жинд өдгөө хамгийн өндөр амжилт гаргаж яваа тамирчин. М.Лхагвагэрэл өнгөрсөн жил Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэхдээ “Токио-2020” олимпын эрх авсан.

НАЙМ: Токиогийн олимпын наадамд анх удаа өрсөлдөхдөө V байрт шалгарсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд олимп, дэлхийн аварга Таха Акгулд дийлдсэн юм.

ЕС: Олимпын наадамд медалийн оосроос атгаад алдсан дутуугаа өнгөрсөн жил ДАШТ-д гүйцээн, хүрэл медаль хүртсэн. Ингэснээр дэлхийн дэвжээнээс хүнд жинд медаль авсан Монголын анхны бөх болж, түүхэн амжилт гаргасан юм.
Монголын чөлөөт бөхийн үе үеийн тамирчид хүнд жинд буюу 125 кг-д олимп, дэлхийн дэвжээнээс медаль авахыг зорьж, зүтгэсээр өдий хүрээд байв. Өмнө нь ОУХМ Ж.Чулуунбат 2011, 2015, Н.Золбоо 2017 онд ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдан, медалийн үзүүрээс атгаад алдаад байсан юм.

АРАВ: ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, олимпод V байрт шалгарсан амжилтаар Монгол Улсын 2021 оны шилдэг эрэгтэй тамирчнаар тодорч, “Бөртэ чоно” шагнал хүртсэн.
ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэнийх нь дараа М.Лхагвагэрэлтэй хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зүдэрч байж мед�##�ь авдаг юм байна. Хүнд жингийн бөхчүүд. Аймаар юм.