Энтертайнмент

"В.Цой үхээгүй, тэр зүгээр тамхи татахаар гарсан"

"Кино" хамтлаг, Виктор Цойг шүтэн бишрэгчдийн хувьд жил бүрийн наймдугаар сарын 15 хар өдөр юм. 32 жилийн өмнө буюу 1990 оны энэ өдөр дуучин “Москвич” маркийн автомашинаа жолоодон Ригагийн замд 130 км/цагийн хурдтай давхиж яваад осолд орж амиа алдсан юм.

Дуучны төрсөн болон нас барсан өдрөөр дуучинтай холбоотой янз бүрийн шинэ мэдээлэл хйод хөршийн хэвлэлд гардаг. "В.Цой үхээгүй, тэр зүгээр тамхи татахаар гарсан" гэсэн үгс улам ч тод сонсогддог юм. Нас барсан өдөр нь тохиож байгаа учраас ойрд дуучны үхлийн шалтгааны талаар шинэ таамаглал илүүтэй гарсан байна. Гэхдээ базаахгүй, дуучныг согтуу, түүгээр ч тогтохгүй хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй үедээ жолоо барьж байгаад осолдсон, гэрчтэй гэж барим тавим бичсэн байх юм. Тэр гэрч нь дуучны ослыг харсан, цагдаад дуудлага өгч, дуучны цогцсыг машинаас нь татаж гаргасан нутгийн иргэн гэнэ. Гэхдээ хар бараан мэдээнээс гадна гэгээлэг нь ч байна. Тухайлбал, дуучны 60 насны ойд зориулсан "Цой FEST" нэртэй хөгжмийн фестиваль өчигдөр Киров хотод болжээ.    

В.Цой амьд сэрүүнсэн бол 60 настай байх байжээ. Хийж бүтээх, алдар хүндээ амтлах насан дээрээ л байх байж. Тэрээр солонгос гаралтайг мэдэхгүй хүн бараг үгүй биз. Солонгосчуудын хувьд амьдралдаа маш чухалд тооцож тэмдэглэдэг гурван баяр байдаг. Тэр нь хүүхдийн нэг насны ой, хурим, тэгээд 60 насны ой гэнэ. Дуучны хамгийн тэмдэглэлт жил нь байх байж. В.Цойг 13 настай байхад өвөөгийнх нь 60 насны ой болж, гэр бүлээрээ Казахстан руу явж байжээ. Дуучны хамаатнуудын ихэнх нь Казахстанд байдаг.

Гэхдээ 28-хан наслахдаа хийж бүтээсэн уран бүтээл нь одоо ч дуулагдсаар, эзнээ алдаршуулсаар байгаа билээ.

ТАНЫ МЭДЭХГҮЙ В.ЦОЙ: ДУУЧНЫ ЭЦЭГ ХҮҮГИЙНХЭЭ ТУХАЙ ХҮҮРНЭЖ БАЙНА

Нэрт дуучны ой тохиож буйтай холбоотойгоор эцэг Роберт Цойгийнх нь хэвлэлд нэлээд дээхнэ үед өгсөн нэгэн ярилцлагыг дахин хүргэж байна. Роберт Максимович Цой энэ жил 84 настай, төрөлх Кызылорд хотноо энх тунх аж төрж буй юм. 

-Викторт урлагийн авьяас байгааг анх хэзээ олж харсан бэ?

-Эхлээд зургийн авьяас нь илэрсэн юм. Ээж Валентина Васильевна нь олж харсан.  Гурав, дөрөвдүгээр ангид байхдаа хүү минь үнэхээр муугүй зурдаг байсан юм. Ээж нь хүүгээ зураач болж магадгүй гэж горьдож байсан учир Дүрслэх урлагийн сургуульд оруулсан гээч. Тэр тэнд таван жил сурсан. Муугүй ч суралцаж, хотын үзэсгэлэнд бүтээлүүд нь тавигдаж байлаа. Авьяас нь багаасаа илэрсэн болохоор бид түүнийг зураач болно л гэж боддог байв. Хөгжим сонирхоод явчихна гэж санаагүй.

-Түүний бүтээлүүдэд бусдаас ялгагдах онцлог байсан уу?

-Натюрморт, графикууд гээд сурагчийн л ажил байсан болохоос өөрийн гэсэн бүтээл байгаагүй л дээ. Харин The Beatles хамтлагийн зургийг их зурдаг байсан. Жон Леннон, “Битлз” түүнийг хөгжимд сонирхолтой болоход гол үүрэг гүйцэтгэсэн гэж боддог.

-Хүүгээ рок хөгжимд шимтэж эхэлсэн үеийг нь санаж байна уу?

-Хоолойны өнгө нь өөрчлөгдөж эхэлсэн тэр үеэс эхэлсэн. Тэр үед түүний хоолой нь тогтож өгөхгүй их зовж байсныг нь би одоо л ойлгож байна. Гэртээ байх үедээ тэр угаалгын өрөөнд орж хоолойгоо янз бүр болгож дасгал хийж байх шиг байдаг байсан. Тэр үеэс л гитар тоглож, дуу зохиож, байрны багачуудтай хамтлаг байгуулж эхэлсэн.

-Хэзээнээс шүлэг бичих болсон юм бол?

-Яаж эхэлснийг нь Гребенщиков их тодорхой  бичсэн байдаг юм. Виктор 20 настайдаа анхныхаа дууг бичээд Борис Гребенщиковт үзүүлсэн байдаг. “Миний найзууд амьдралд үргэлж цоглог алхалдаг”/"Мои друзья всегда идут по жизни маршем"/ дуу. Түүний анхны дуунуудын нэг байсан байх.

Борис түүнийг их магтаж энэ үеэс хойш Виктор нэг хэсэг түүний нөмөр нөөлөгт багтсан гэсэн. Энэ талаар өмнө нь их бичсэн дээ.

-Хүүгийнхээ тоглолтод очиж байсан уу?

-Нэг удаа. 88 билүү 89 онд, түүнийг алдартай болчихсон байх үед ээжтэй нь хамт очиж байсан. Мэдээж, дажгүй байсан. Хүмүүс их цугласан. Ойлгоход хэцүү юм шиг санагдаж байсан. Цаг үе нь тийм байлаа шүү дээ.

-Викторыг анх телевизээр харахад ямар санагдаж байсан бэ?

-Хамгийн эхнийх нь 1985 онд, нэг, хоёр орчим минут гарсан юм. Тэгээд л цаашаа давтамж нь ч хугацаа нь ч нэмэгдсэн дээ. 88-аас 90-ээд оны үед маш их алдаршиж  “Харц” /“Взгляд”/ нэвтрүүлэгт байнга уригддаг байв. Энэ мэдээж жирийн хэрэг биш шүү дээ. Бахархах мэдрэмж мэдээж хэрэг байлгүй яах вэ.

-Викторыг од гэдгийг хэдийд мэдэрсэн бэ?

-Бидний хүү од байжээ гэдгийг өнгөрснийх нь дараа л ойлгосон. Өмнө нь энэ талаар бодож байгаагүй юм. Зөвхөн бид ч биш бүгд л ойлгосон гэж бодож байна. Нэр алдар нь улам ч их өссөн. Алдар хүндийн оргилд байх үедээ өнгөрсөнтэй нь холбоотой байх.

-Хүүтэйгээ байх үеэс юуг хамгийн сайн санадаг вэ?

-Сүүлчийн уулзалт. Тэгэхэд тэр ээж Валентина Васильевнагийнхаа ажил дээр ирж “Жигули” машин бэлэглэсэн юм. Бидэнд тийм машин авах мөнгө байгаагүй, гэтэл тэр 9000 рублийг халааснаасаа л гаргаад өгсөн. Тэр үед нүдэнд нь ямар нэг гунигтай байдал илрэх шиг санагдсан. Түүний энэ байдал надад таалагдаагүй байснаас тэгж санагдсан ч байж болох юм. Тухайн үедээ асуулгүй өнгөрсөн, гэвч дараа нь... өнгөрсөн дөө.

-Ханан дээр “Цой амьд” гэж бичсэн байхыг, гудамжинд хэн нэгэн хөвгүүн хүүгийн тань дууг дуулж байхыг сонсход ямар байдаг вэ?

-22 жил өнгөрсөн байна шүү дээ /ярилцлагыг 2012 онд авсан/. Цаг хугацаа бүхнийг эмчилдэг. Эхэн үедээ хэцүү л байсан. Гурав, дөрвөн жилийн дараа гэхэд хүмүүс түүнийг мартах байх даа гэж боддог байв. Гэтэл огт мартагдаагүй. Хүүг минь ямар хүн байсныг ч мэдэхгүй жаахан хүүхдүүд дуунд нь дурлаж байгааг хараад гайхдаг. Энэ бол үнэхээр авьяас. 

-Та тэгвэл ямар дуунд нь дуртай вэ?

-Хүмүүс “Цусны бүлэг” /"Группа крови"/, “Нар гэдэг нэртэй од” /"Звезда по имени Солнце"/ дууг нь их сонсож алдаршуулдаг. Харин надад бол “Тогшилт” /”Стук”/ бусдаасаа илүү таалагддаг.

-Виктороос Саша хүү нь үлдсэн. Та нартай холбоотой байдаг уу?

-Харилцаагаа хадгалахад амар биш байсан. Түүнд хэцүү байгаа. Виктор Цойн ганц хүү нь байна гэдэг ямар хэцүү болохыг би одоо ойлгож байна. Тэр 14-15 настай байхдаа л олны танил гэж ямар байдгийг мэдэрчихсэн. Магтуулж, муулуулж үзсэн. Тэгээд энэ бүхнийг нулимахаар шийдсэн. Би ойлгож байгаа. Саша хэнд ч , тэр байтугай надад ч утасны дугаараа өгдөггүй. Энэ бүхэнд сэтгүүлч та нар бас буруутай. Та нар бүгд адилхан сайн санаатай байдаггүй шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button