Гадаад мэдээДЭЛХИЙ

Xinhua агентлаг Монгол мотоспортын тамирчныг онцолжээ

БНХАУ-д Taklimakan Rally нэртэй уралдаан болж байгаа аж. Тус уралдаан өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт /2024.05.20/ Шинжаан мужийн Кашгар хотод нээлт хийж эхэлжээ.

Уралдаан 10 үе шаттай явагдаж, тамирчид нийтдээ 4377.5 км зам туулах юм. Taklimakan Rally-д Монголоос мотоспортын тамирчин П.Мөрөн оролцож байгааг Xinhua агентлаг онцолсон байна. Тус нийтлэлээс орчуулж хүргэе.


Хоёр жилийн өмнө П.Мөрөн интернэтээс Taklimakan Rally-гийн тухай харжээ.Тэгвэл жил тэрбээр элсэн цөлийн ээдрээтэй нутгийг туулахаар арааны шугам дээр зогсож чадсан юм.

“Panda Racing Team”-ийн гишүүн тэр “БНХАУ-д болдог энэ уралдаанд оролцохыг үргэлж хүсэж ирсэн. Энэ уралдааны сорилтууд миний сонирхлыг татсан. Гэвч өнгөрсөн жил оролцож чадаагүй. Харин энэ удаа миний хүсэл биеллээ” хэмээв.

Монгол мотоспорт дэлгэрэн хөгжиж байна. Эртний цагт морь сундлан амьдарч байсан ард түмэн одоо аж үйлдвэрлэлийн эрин төмөр азарга хөлөглөх болжээ.

П.Мөрөний аав бол Монголд алдартай уралдаанч. Аавынхаа нөлөөгөөр Мөрөн залуу насандаа энэ спортод дурлажээ. Гэхдээ аав нь эрсдэлтэй спорт гэдгийг мэддэг болохоор хүүгээ өөрийнх нь мөрөөр дагахыг хүсээгүй аж.

Зургийн эх сурвалж: Xinhua

Тэрбээр “Аав маань Монголын албан ёсны мотоциклийн клуб байгуулж, олон уралдаанч бэлтгэсэн” гэжээ.

Мөрөн нэг удаа аав ээждээ мэдэгдэлгүй найзынхаа мотоциклийг зээлж авч уралдаанд оролцон хоёрдугаар байрт шалгарч байсан юм. Тэр цагаас хойш аав нь бодлоо өөрчилж, шинэ мотоцикл түүнд авч өгсөн байна.

Тэр “Зардал ихтэй спорт ч гэсэн тусламж хэрэгтэй үед аав ээж минь намайг үргэлж дэмждэг. Тэмцээнд оролцох үед аав минь надад зөвлөгөө өгч, тэвчээртэй байн, анхаарлаа төвлөрүүлж, алдаа гаргахгүй байхыг сануулсан” гэв.

Өсвөр насны хүүхэд байхаасаа эхлэн Мөрөн дотоодын янз бүрийн уралдаанд оролцож иржээ. Хэд хэдэн удаа дотоодын уралдаанд түрүүлснийхээ дараа тэр гадаадад хүч үзэхээр шийдсэн юм.

Тэр энэ жилийн Абу Дабигийн тэмцээнд долоодугаар байранд орсон байна. Taklimakan Rally нь мотоспортын дэлхийн удирдах байгууллага болох “FIA”-ын 2024 оны тэмцээний хуанлид багтаж, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн.

Мөрөн энэхүү тэмцээнийг хувь хүний хувьд өсөхөд сайн боломж гэж харсан юм. Тэр энэ тэмцээнийг Dakar Rally-д оролцоход гол зорилгод нь туслах шат гэж харж буй.

БНХАУ-д болох уралдаанд оролцохынхоо өмнө тэр мотоциклийн төрөлд эхний зургаад орно гэх зорилго тавьжээ. Гэвч эхний шатанд тэр шууд сорилттой тулгарсан юм.

Зургийн эх сурвалж: Xinhua

Тэр “Эхний өдөр хөдөлгүүрт асуудал гарсан болохоор би албан ёсны эцсийн хугацаанд багтаж барианд орж чадаагүй. Ийм учраас торгуулсан. Гэхдээ зүгээр ээ, одоо миний зорилго бол уралдааныг амжилттай дуусгах” хэмээжээ.

Мөрөний хувьд энэ спорт түүнд амьдрах ухаан, зорилгодоо хэрхэн хүрэх, сорилт бэрхшээлийг даван туулах талаар зааж өгсөн байна. Тэрбээр “Би төгс төгөлдөр байдлыг эрэлхийлдэггүй. Би уралдаан бүрд өөр өөр газар нутаг, соёлыг үзэж, өөрийнхөө төлөвлөгөөний дагуу урагшлахыг хүсэж байна” гэсэн юм.

Үүнээс гадна тэр энэхүү спортод дуртай хүмүүст туршлагаасаа хуваалцахыг хүсэж байгаа гэдгээ илэрхийллээ. Мөрөн “Би төрсөн газартаа мотоциклийн сургалт нээж, мотоцикл сонирхдог хүүхдүүдэд мотоцикл унахын баяр баяслыг мэдрүүлэхийг хүсэж байна” хэмээв.

Эх сурвалж: Xinhua

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button