Сурвалжилга: "Найрамдал"-д хордсон хүүхдийн тоо нэмэгдэж, хордлогын шалтгааны дүгнэлт гараагүй байна
Олон улсын хүүхдийн Найрамдал зусланд амарч байсан “Орчлон” сургуулийн 30 гаруй сурагч хоолны хордлогод орж, биеийн байдал нь хүнд байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Eguur News агентлаг энэ удаад хордлогод орсон, онош нь тодорхойгүй хүүхдүүдийн биеийн байдал, “Орчлон” сургууль, “Найрамдал” зуслангийн холбогдох хүмүүсийн байр байдлыг сурвалжлан бэлтгэлээ.
Өдрийн 14.20 цаг
Эхний ээлжид хордлогод орсон хүүхдүүдийн хэвтэн эмчлүүлж буй ХӨСҮТ-ийг зорилоо. Биднийг ХӨСҮТ-ийн гэдэсний халдварын хэвтэн эмчлүүлэх тасгийн гадаа очиход 2-3 эцэх эх хүүхдүүддээ эмнэлэгт хэвтэхэд хэрэг болох цагаан хэрэглэл болон бусад зүйлийг бэлдэн авч иржээ. Хүүхдүүд аав, ээжийнхээ бэлдэж өгсөн зүйлийг авч “Миний бие өнөөдрөөс арай дээр болж байна. Дотор муухай оргиод, хоол идэж чадахгүй байсан чинь сая гайгүй идчихлээ. Эмч дахин шинжилгээ авна гэсэн. Та эмчтэй уулзах уу?” зэргээр харилцан яриа өрнүүлж байгааг харахаар тэдний биеийн байдал харьцангуй дээрдэж байгаа дүр зураг харагдана.
ХӨСҮТ-ийн гэдэсний халдварын хэвтэн эмчлүүлэх хэсэгт хордлогод орсон хүмүүсийг насны ангиллаар дөрвөн хэсэгт хуваан хэвтүүлжээ. Ингэхдээ хөнгөн, хүнд, хүүхэд болон насанд хүрэгсэд зэргээс нь хамаарч өөр өөр тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Бидний хувьд нэг давхарт хэвтэж байсан хүүхдүүдийн эцэг эхээс нөхцөл байдлыг талаар мэдээлэл авсан юм.
-Хүүхдүүдийн биеийн байдал муудсанаас гадна хичээлийн хоцрогдол зэрэг асуудал гарч ирж байна-
Иргэн Н: Манай хүүхэд “Найрамдал” зуслан руу ангиараа амрах гэж очсон юм л даа. Амраад 3 хонож байсан байх аа. Миний утсанд ангийнх багшаас дуудлага ирээд учир явдлыг тайлбарласан. Охинтойгоо анх уулзахад бие нь сульдсан, хордлогын шинж тэмдэгтэй байсан. Одоо харин арай гайгүй болж байна. Өнөөдөр /2024.09.02/ давтан шинжилгээ өгнө гэсэн. Дахиад хоёр хоног лав болох байх. Ангиас нь 29 хүүхэд явсан юм билээ. Хүнд хүүхдүүд ч бас байгаа юм билээ. Ямартай ч энд хэвтэж байгаа хүүхдүүдийн эцэг эхээс Найрамдал зусланг шалгахыг хүсэж байж болох бүхий л байгууллагуудад хандсан гэсэн. Хүүхдүүд минь хичээл сургуульдаа явах байтал эмнэлэгт хэвтээд л байж байна даа. Биеийн байдлаас гадна хэд хоногийн хичээлээс хоцрох зэрэг асуудлууд гарч ирж байгаа. Олон улсын зуслан дахин ийм алдаа бүү гаргаасай л гэж хүсэж байна.
Иргэн С: Манай хүү ангийнхантайгаа Найрамдал зусланд амарч байсан. Очоод нээх ч удалгүй гэдэс өвдөөд гээд ярьсан юм л даа. Тэгэхээр нь би хүүгээ цуг явж байсан хүүхдүүдээс нь арай эрт гэр рүүгээ авч ирсэн. Манай хүү тэнд очоод нэг хоноод л гэнэт гэдэс нь өвдсөн юм билээ. Эхэндээ багшаасаа эм асуугаад уусан ч тэрхэн үедээ зүгээр болчхоод дахиад өвдөөд байхаар нь над руу залгасан юм гэсэн. Манай хүүгийн ярьж байгаагаар өөрөөс нь гадна хэд хэдэн хүүхдийн гэдэс өвдөж байсан гэж байгаа юм. Хамгийн хачирхалтай нь хоёр хоног хоол идээгүй хүүхэд хүртэл хоолны хордлого авчихсан байна. Тийм болохоор зуслангийн гал тогоонд асуудал байна гэж эцэг эхчүүд үзэж байгаа.
Ийн хордлогод орсон аав ээжүүдийн төлөөллөөс хүүхдүүдийн биеийн байдлыг асуусны дараагаар тус хүүхэд, залуусыг хариуцан ажиллаж буй ХӨСҮТ-ийн мэргэжилтнээс явцын мэдээллийн талаар ярилцлаа.
-“Хоолонд хордсон хүүхдийн тоо үзлэг, шинжилгээний явцад нэмэгдэж, 45 болсон-
Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-ийн Тандалт судалгааны албаны халдвар судлаач их эмч Т.Алтан-Ембүү
-"Найрамдал" зусланд хордсон хүүхдүүдийн биеийн байдлын талаар мэдээлэл өгөөч?
-Хордлогын улмаас ХӨСҮТ-д хүндэвтэр оноштой 45 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа. Гүйлгэж, бөөлжсөн, хоолонд дургүй болсон, өндөр халуурсан зэрэг шинж тэмдэгтэй ирсэн хүүхдүүдийн биеийн байдал бямба гаргаас дээрдэж, гайгүй болж байна. Бид эхний ээлжид 25 хүүхдийг яаралтайгаар эмнэлэгт хэвтүүлэхээр авчирсан. Үзлэг, шинжилгээний явцад энэ тоо нэмэгдэж, 45 болсон.
Эмч нарын баг “Найрамдал”- д амарсан “Орчлон” сургуулийн 400 гаруй хүүхдийг үзлэг, тандалтад хамруулж байна. Хордсон хүүхдийн тоо нэмэгдэж болзошгүй. Ямар хоол, хүнсний бүтээгдэхүүнээс хордсоныг судалж байна.
-Гэдэсний халдварт өвчин туссан хүмүүст ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Түгээмэл шинж тэмдэг нь халуурах, дотор муухай оргих, суулгах, бөөлжих, булчин татах байдаг. Эдгээр шинж тэмдэг илэрч байгаа тохиолдолд яаралтай мэргэжлийн байгууллагад хандан, зөвлөгөө авах хэрэгтэй. Мөн гараа тогтмол савандаж угаах, үерийн усаар бохирлогдсон ус ашиглахгүй, хүүхдүүдээ бохир орчинд тоглуулахгүй, гадуур өмссөн хувцсаа тогтмол цэвэрлэн, амны хаалт хэрэглэх хэрэгтэй бидний зүгээс үерийн голомтод байгаа айл өрхүүдэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг хүргэж байгаа. Мөн гэдэсний халдварт өвчин дотроос цусан суулга, хоолны хордлого, шар өвчний халдвар хамгийн их давамгайлж байна.
Гэдэсний халдварын тухайд
Энэ оны эхний зургаан сарын байдлаар гэдэсний халдварт өвчний 3,800 гаруй тохиолдол бүртгэгдсэний дийлэнх нь буюу 70-80 хувь нь гар, хөл, амны өвчин байна. Энэ өвчнөөр 0-4 насны хүүхдүүд голчлон өвддөг бөгөөд өвчний үед хүүхдийн гар, хөл, амаар цэврүүтэй тууралт гарч, өндөр халуурдаг. Улмаар хүндрэл үүсэх магадлал өндөр учраас эцэг эхчүүд бага насны хүүхдүүдээ энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарах хэрэгтэй байна.
Цусан суулгын халдвар гарч байна. Хагас жилийн байдлаар 490 гаруй хүн цусан суулгын халдвар авчээ. Мөн бороо их орж буй нь үерийн гамшиг үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж, улмаар гэдэсний халдварт өвчин гарах хүчин зүйлийн нэг болж байна. Түүнээс гадна ард иргэд хүнсээ зөв сонгох хэрэгтэй.
Гэдэсний халдвар бохир гараар дамждаг. Мөн бохирсон хоол хүнс, усаар дамжин халдварлана. Хүүхэд гэдэсний халдвараар өвдөж байна гэдэг бол тухайн хүнсийг хүүхдийн аманд хийж байгаа эцэг эх, асран хамгаалагчидтай шууд холбоотой. Гар хэзээ бохирдоно тэр тохиолдол болгондоо угааж хэвших нь өвчнөөс сэргийлэх хамгийн гол зарчим. Ингэснээр гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой.
Биднийг ХӨСҮТ-өөс мэдээлэл аваад явж байх зуур "Найрамдал" зуслангийн захирал Б.Отгонбат хордлогод орсон хүүхдүүдийг хариуцан ажиллаж буй эмч нартай уулзан өгсөн заавар зөвлөмжийн дагуу ажлаа хийж, хүүхдүүдийн хордлого юунаас болсон эсэхийг мэргэжлийн байгууллагуудаар шалгаж байгаа тухай мэдээллийг бидэнд өгсөн юм.
-Манай байгууллага дээр зөрчлийн хэрэг үүсгэгдээд шалгагдаж байгаа-
-Найрамдал зусланд амраад хордлого авсан хүүхдүүдийн талаар цаг үеийн мэдээлэл өгөөч?
-Хүүхдүүдийн биеийн байдал эхнээсээ эдгэсэн. Одоогоор давтан шинжилгээ өгөөд ямар нэгэн сөрөг зүйл илрэхгүй байвал эмнэлгээсээ гараад явцгааж байна.
-Хордлогод орсон хүүхдүүд яг юунаас хордсон эсэх нь тодорхой болсон уу?
-Ер нь бол гэдэсний халдвар юм шиг байна. Бид эмч биш учраас ХӨСҮТ болон бусад хүмүүс мэдээлэл өгөхгүй байгаа учраас хүлээлтийн байдалтай л байна. Одоогоор ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтний зааврын дагуу ажиллаад явж байгаа. Бүх талын арга хэмжээг цаг алдалгүй аваад л байж байна даа.
-Тэгэхээр ямарваа нэгэн хүнд хариуцлага тооцоогүй байгаа гэж ойлгох уу?
-Мэдээж үүнийг шинжилгээний хариу гарахаар байгууллага хариуцлага тооцно. Манай дээр энэ хэрэг болсон учраас бидэнд зөрчлийн хэрэг үүсгэгдээд явж байгаа. Мөн Хүнс Хөдөө Аж Ахуйн хяналтууд, Эрүүл мэнд, Нийслэлийн прокуророос шалгалт хийгээд явж байна даа.
Харин "Орчлон" сургуулийн сургалтын албатай холбогдож тодруулга мэдээлэл авах гэсэн боловч "Одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Мэргэжлийн байгууллага шалгаж байгаа" гэсэн хариуг бидэнд өгсөн юм.
Дөрөв хоногийн өмнө болсон хүүхдүүдийн хордлого юунаас болсон эсэх нь одоог хүртэл тодорхойгүй байгаа бөгөөд зарим холбогдогч байгууллага шалгалт, шинжилгээний хариу бүрэн гүйцэт гарсны дараагаар мэдээлэл өгөх боломжтой хэмээн татгалзаж байсныг нуух юун. Тэдгээр хүүхдүүдийн юунаас хордсон эсэх дүгнэлт ирэх долоо хоногт гарах гэнэ. Мөн зөвхөн "Найрамдал" зусланд амарч байгаад хордлогод орсон хүүхдүүдээс гадна ХӨСҮТ-д гэдэсний халдварт өвчнөөр өдөр 5-6 хүн хэвтэж байгаа талаар тус эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд хэлж сануулж байлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хариуцлага тооц
Отгонбаяр жүжигчин бил үү, нилээд удаж байна. Олон жилийн өмнө нэвтрүүлсэн стандарт мөрдөгдөхгүй байнаа даа
ӨМНӨХ ХЭД ХЭДЭН ЭЭЛЖИНД АМАРСАН ХҮҮХЭДҮҮД ХОРДЛОГО АВСАН ШҮҮ. ХАРЬЦАНГҮЙ ЦӨӨН ХҮҮХЭД БАЙСАН БОЛООД ХЭЛ АМ ГАРААГҮЙ БАЙХ .
Отгонбат гэж нөхөр хэзээ захир�##� болсон юм бэ суис д ажилладаг биздээ давхар давхар захир�##� хийж төрийн ц�##�ин авч болдог юм уу
Сэтгэгдэл яагаад устгаад байнаа эгүүрийн новшнуудаа
Тогооч нарын харилцаан дээр , эрүүл ахуйн т�##� дээр анхаарахаар болсон бна лээ.хоол тавг�##�ж аяг�##�ах соёлгүй, хоолны өнгө үзэмж тааруухан бсан.хоол аяг�##�ж байж утсаа ухаад л гадаад дотоодын хүүхдүүдтэй харьцаж бгаа нь ёстой биш бсан....хүүхдийг хүн л гэж ххрьцар хэрэгтэй....
Даацаас нь хэтэртэл хүүхдүүд чихдэг гээд иргэд бухимдаад бсан. Мөнгөний хойноос хүүхдийн эрх ашиг, стандарт зөрчсөн бна. Удирдлагагүй соль.