Top StoriesГадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ АНУ-тай хийх худалдааны дайндаа бэлтгэн дотоодын хэрэглээгээ дэмжих бодлого танилцууллаа

БНХАУ-ын Үндэсний ардын төлөөлөгчдийн их хурал энэ жилийн чуулганаа хийлээ. Тэгвэл тус чуулганаар иргэдийн хэрэглээг нэмэгдүүлэх нь анхны удаа Бээжингийн жилийн хамгийн тэргүүлэх зорилтуудын нэг болжээ. Хятадын эрх баригчид иргэдийн хэрэглээнд технологи, үйлдвэрлэлийн бодлогоос давсан ач холбогдол өгөв. Хэрэглээг дэмжих нь дэлхийн хоёр дахь том эдийн засагт үүссэн тэнцвэргүй байдлыг засах зорилготой юм.

Тус улсын Ерөнхий сайд Ли Цяны чуулганы үеэр танилцуулсан тайланд 2025 онд хэрэгжүүлэх гол ажлуудын нэг нь хэрэглээг дэмжих "тусгай арга хэмжээ" байгааг онцолжээ. Тэрбээр дотоодын эрэлт хэрэгцээг өсгөх, хэрэглээг идэвхжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж, эдийн засгийг таван хувиар өсгөх зорилт тавьсан байна.

Өмнө нь БНХАУ-ын удирдлагууд иргэдийн халаасанд шууд мөнгө хийх бодлогоос зайлсхийж байсан ч АНУ-тай хийж буй худалдааны дайны улмаас энэ бодлого өөрчлөгдөв. АНУ импортын тарифаа нэмэгдүүлснээр БНХАУ-ын бүтээгдэхүүний олон улс дахь зах зээл хумигдаж болзошгүй тул дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шаардлага улам өндөр болжээ. Мягмар гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-ын бүх бараанд тавьдаг гаалийн татвараа арван хувиаг нэмэгдүүлсэн.

Ли Цяны тайланд "хэрэглээ" гэсэн үг 31 удаа дурдагдсан нь өмнөх жилийн 21 удаагийнхаас өссөн үзүүлэлт байв. Харин "технологи" гэсэн үг 28 удаа дурдагдсан нь 2024 оны 26 удаатай ойролцоо байна.

Өнгөрсөн жил БНХАУ гол зорилт нь аж үйлдвэрийн системийг шинэчлэх, эдийн засгийг хөгжүүлэх шинэ хүчин зүйлүүдийг бий болгох байсан юм. Үүнд цахилгаан машин, квант тооцоолол зэрэг технологийн салбаруудыг дэмжих бодлого багтсан билээ.

Иргэдийн хэрэглээг өсгөх арга хэмжээ

Зургийн эх сурвалж: CNN


БНХАУ-д өрхийн хэрэглээ ДНБ-ний 40 хувиас багийг бүрдүүлэг нь дэлхийн дунджаас 20 хувиар доогуур үзүүлэлт юм. Харин хөрөнгө оруулалт дэлхийн дунджаас 02 хувиар өндөр байгаа нь эдийн засгийн тэнцвэргүй байдлыг илэрхийлж байна.

“Gavekal Dragonomics”-ийн шинжээч Тилли Жан "Өмнө нь Бээжин технологид суурилсан үйлдвэрлэлийг түлхүү дэмжсэн нь хэрэглээ, үйлчилгээний салбарын өсөлтийг хязгаарласан" хэмээжээ.

Хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд Бээжин өнгөрсөн жил эхлүүлсэн "хуучин барааг шинэ бараагаар солих" хөтөлбөрийг өргөжүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ хөтөлбөрөөр эхэндээ цахилгаан машин, цахилгаан хэрэгсэл сольж байсан бол одоо илүү олон төрлийн бүтээгдэхүүнийг хамрах болсон байна. Эрх баригчид мөн 300 тэрбум юанийн (41.26 тэрбум доллар) тусгай бондыг энэ жил гаргахаар төлөвлөж байгаа юм. Энэ нь өмнөх жилээс 150 тэрбум юаниар нэмэгдсэн дүн юм.

Сангийн яамнаас тайлан гаргахдаа бараа солих хөтөлбөрийг өргөжүүлэхийн тулд солилцох үйл явцыг хялбарчлах, хуучин барааг дахин боловсруулах системийг сайжруулах талаар онцолсон байна.

Бээжин үүнээс гадна ахмад настнууд, хүүхдүүдийн халамж болон эрүүл мэндийн системийг сайжруулах арга хэмжээг дэмжихээр болжээ. Энэ нь иргэдийн амьжиргааны баталгааг нэмэгдүүлж, хэрэглээг өсгөхөд чухал нөлөөтэй гэж эрх баригчид үзэж буй.

Мөн дижитал болон ухаалаг бүтээгдэхүүн, аялал жуулчлал, спорт, соёлын салбарын хэрэглээг нэмэгдүүлэх, татваргүй барааны дэлгүүрүүдийн бодлогыг боловсронгуй болгохыг амласан байна.

Технологи чухал хэвээрээ

Гэхдээ БНХАУ технологийг гол чиглэл хэвээр үлдээж, олон улсын нөхцөл байдал улам хүндэрч байгааг онцолсон юм. Сангийн яамны тайланд АНУ-ыг шууд дурдаагүй ч “Plenum China Research” фирмийн шинжээч Бо Жэнъюань "АНУ-ын технологийн хориг улам чангарах нь тодорхой" гэж дүгнэсэн байна.

АНУ-ын микрочипийн хориг арга хэмжээнүүдийн улмаас БНХАУ-ын хиймэл оюун ухааныг хөгжүүлэх дэвшилтэт чипүүдийг импортлох боломжгүй болсон. Ийм учир эрх баригчид дотооддоо үйлдвэрлэсэн микрочипээр орлуулж хиймэл оюун ухаан хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ . Ли Цяны тайланд хиймэл оюун ухааны томоохон загваруудын хэрэглээг дэмжихээ амласан байна.

Түүнчлэн залуу эрдэмтэд, инженерүүдийг дэмжих бодлого боловсруулж, Хятадын “DeepSeek” гэх мэт амжилттай гарааны бизнесүүдийг өргөжүүлэхийг зорьж байна. Сангийн яамны тайланд "БНХАУ инновацад ээлтэй орчин бүрдүүлж, туршилтыг дэмжиж, алдаанаас суралцах боломж олгоно" гэжээ.

Мөн ирээдүйн салбаруудад анхаарал хандуулж, биотехнологи, квант тооцоолол, 6G технологийг хөгжүүлэхээ мэдэгдсэн байна. Үүнээс гадна цахим бодит байдал, дэвшилтэт тооцоолол, “RISC-V” чипийн хөгжлийг ахиулах төлөвлөгөө гаргаж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээ амлажээ.

Шинжээч Тилли Жан "Өмнө нь Хятад улс бүх салбарт өөрийгөө бүрэн хангах зорилготой байсан бол одоо ирээдүйд өрсөлдөх боломжтой технологийг тэргүүлэхэд илүү анхаарч байна" гэж дүгнэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 6, 2025 10:33

Мундаг улс

Холбоотой мэдээ

Back to top button