Нэг хүүхэд эндэж, 1900 хүн өвчиллөө. Улаанбурханд арга хэмжээ авах болоогүй юу

Улаанбурхан анх Вьетнамаас Монголд зөөвөрлөгдөн орж ирж өнгөрсөн хоёрдугаар сарын 20-ны өдөр хоёр тохиолдол батлагдаж байсан бол өнөөдөр хоёр мянга шүргэж явна.
Улаанбурханы тохиолдол батлагдсан даруй Эрүүл мэндийн яамнаас анхааруулга мэдээлэл гаргаж, орон даяар вакцинжуулалт эхэлсэн байдаг. Мөн зарим газрууд сургуулиа түр хугацаанд цахимд шилжүүлсэн.
Тухайлбал, Өмнөговь, Дундговь аймаг анхны тохиолдол илэрмэгц үргэлжлүүлэн тархаахгүйн тулд ЕБС-үүдээ цахимд шилжүүлсэн ч Боловсролын сайд П.Наранбаяр засаг дарга нарыг шийдвэрийг цуцалж, Боловсролын яам шийдвэр гаргатал аймгууд дур мэдэн арга хэмжээ авахгүй гэж мэдэгдсэн.
Өнгөрсөн хугацаанд манайхан дотооддоо ийм л арга хэмжээ авсан.
Улмаар тус аймгуудад улаанбурханы тархалт хурдацтай нэмэгдсэн. Мөн нийслэлд улаанбурхан өдөрт 30 түүнээс дээш тоогоор нэмэгдэх болж, уг өвчнөөр өвчилсөн дөрвөн сартай нярай нас бараад байна.
Харин батлагдсан тохиолдлын тоог хамгийн сүүлийн буюу өчигдөр /2025.05.15/ ХӨСҮТ-өөс, "Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1891, ойрын хавьтал нь 33 мянга 237 байна" гэж мэдээлсэн.
Үүнээс хамгийн их өвчлөлтэй буюу нийт тохиолдлын 820 нь 10-14 насныхан. 415 нь хамгийн эрсдэлтэй бүрэг буюу хүндрэх, амь эрсдэх өндөр магадлалтай 0-4 насныхан. Харин 247 нь 5-9 насныхан байна. Ингээд 15-аас дээш насныхны хувьд бүртгэгдсэн тохиолдол харьцангуй бага байна. Тухайлбал 60-64 насны хоёр хүн улаанбурхан тусжээ.
Эндээс хамгийн эрсдэлтэй буюу улаанбурхан хүнд тусдаг, амь эрсдэх магадлалтай бүлэг болох 0-4 насныхан дунд өвчлөл 400 гарсан нь анхаарал татаж байна.
Гэтэл вакцинжуулах боломжгүй дээр бүлгийн нярай хүүхдүүд улаанбурхан тусаж байгаа асуудал дээр эрүүл мэнд, боловсролын салбарынхан цаашид ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй хэвээр байна.
Уг нь Монгол Улсад халдварт өвчин бүртгэгдсэн тохиолдолд сургуулийг цахим сургалтад шилжүүлэх шийдвэрийн тухайн нөхцөл байдал, халдварын тархалтын түвшин, эрсдэлийн үнэлгээнд үндэслэж ЭМЯ, БШУЯ, Онцгой комисс, орон нутгийн захиргаа хамтран гаргах зохицуулалттай.
Үүний дагуу ангиас нэг халдвар илэрсэн бол тухайн ангийг, хэд хэдэн ангиас илэрсэн бол тухайн сургуулийн цахимд шилжүүлэн халдварын тархцыг зогсоох арга хэмжээг авдаг.
Үүнээс харвал Улаанбурханы тохиолдол 1900 хүрч байгаа нь эрсдэлтэйд тооцогдохгүй байгаа гэсэн үг. Тиймээс холбогдох байгууллагууд арга хэмжээ авахгүй байгаа бололтой. Нэг хүүхдийн амь эрсдэж, хамгийн эрсдэлтэй бага насны хүүхдүүд улаанбурханаар өвчилсөн тохиолдол 400 гарчихлаа. Үүнийг эрсдэлд тооцохгүй юу П.Наранбаяр, Т.Мөнхсайхан сайд нар аа.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ажлаа хйилдээ энэ тэнд улс төр хийгээд яваад байх юм
ажилаа хийж байгаа хүн байхгүй худлаа сүржин улс
ed nar hariutslaga huleh heregtei