БНХАУ-ын үйлдвэрлэлийн гарц буурсан ч тарифын дарамтыг сөрж таамаглалыг давлаа

БНХАУ-ын жижиглэн худалдаа болон үйлдвэрлэлийн өсөлт дөрөвдүгээр сард удаашрав. Тус улсын Үндэсний статистикийн газар даваа гарагт /2025.05.18/ мэдээлснээр, дөрөвдүгээр сард жижиглэн худалдааны борлуулалт өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 5.1 хувиар өссөн байна. Шинжээчид энэ үзүүлэлт 5.5 хувьтай гарна гэж таамаглаж байсан юм. Таамгаас доогуур үр дүн үзүүлсэн нь дотоодын хэрэглээ одоо ч гэсэн сул хэвээр байгааг харууллаа.
Тэгвэл үйлдвэрлэлийн гарц дөрөвдүгээр сард 6.1 хувиар өссөн нь шинжээчдийн таамагласан 5.5 хувиас өндөр үзүүлэлт байв. Гэхдээ гуравдугаар сард үйлдвэрлэлийн гарц 7.7 хувь өссөнөөс багасчээ. Энэ нь АНУ-ын тарифын нөлөө шинжээчдийн таамаглаж байснаас илүү зөөлхөн туссан байж магадгүйг илтгэж буй. Үйлдвэрлэлийн гарц таамагласнаас сайн үзүүлэлттэй байгаа нь БНХАУ-ын эрх баригчдын авсан арга хэмжээ тарифын цохилтыг намдаасан байж магадгүйн шинж тэмдэг юм.
Гэхдээ БНХАУ-ын Статистикийн газар мэдээлэл хийхдээ “Олон улсад тогтворгүй, тодорхойгүй байдал үргэлжилж байгаа тул эдийн засгийн сэргэлтийн суурь тогтвортой биш байна” гэж анхааруулжээ. Тус газрын гаргасан бусад тоо баримтыг харвал хөрөнгө оруулалт оны эхний дөрвөн сард 4.0 хувиар өссөн нь шинжээчдийн таамагласан 4.2 хувиас доогуур гарсан байна.
Хотын ажилгүйдлийн түвшин гуравдугаар сард 5.2 хувь байсан бол дөрөвдүгээр сард 5.1 хувь болж буурчээ. АНУ-БНХАУ-ын худалдааны дайнтай холбоотойгоор ажлын байрны хомсдол үүснэ гэж эдийн засагчид анхааруулж байсан юм. Ажилгүйдэл нэмэгдэх нь Хятадын нийгмийн тогтвортой байдалд томоохон заналхийлэл болох байсан билээ.
Дөрөвдүгээр сард АНУ БНХАУ-ын бараанд 145 хувийн тариф оноосон бол БНХАУ хариуд нь Америкийн бараанд 125 хувийн татвар тогтоосон. Хоёр улсын төлөөлөгчид хэлэлцэж, өнгөрсөн долоон хоногийн даваа гарагт /2025.05.12/ мэдэгдэл хийхдээ татвараа 110 хувиар бууруулах тохиролцоонд хүрсэн юм. Үүний дараа БНХАУ-ын компаниуд томоохон хэмжээний цомхотгол явуулна гэх айдас буурсан.
БНХАУ-ын Үндэсний статистикийн газрын төлөөлөгч Фү Линхуэй худалдааны дайны асуудлаарх асуултад хариулахдаа Бээжин экспортын чиглэлээ төрөлжүүлж буйг онцолжээ. Ингэхдээ Зүүн өмнөд Азийн орнууд руу чиглэсэн экспорт эрс нэмэгдсэнээр АНУ руу чиглэсэн экспортыг бууралтыг нөхөж чадсан гэж тэр хэлсэн байна.

Энэ оны эхний дөрвөн сард улс орнууд АНУ руу хийсэн экспортын хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21 хувиар буурсан. Харин БНХАУ-аас АНУ-руу хийж буй экспорт мөн хугацаанд 2.5 хувиар багассан юм.
Фү Линхуэй хэлэхдээ хоёр талын тарифаа багасгасан нь худалдаанд эерэг нөлөө үзүүлнэ хэмээсэн ч дотоодын эрэлт, тэр дундаа хэрэглээ хангалтгүй байгааг онцолжээ.
Дөрөвдүгээр сард автомашины борлуулалт өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад ердөө 0.7 хувиар өссөн нь гуравдугаар сарын 5.5 хувийн өсөлтөөс эрс буурсан үзүүлэлт байв. Засгийн газраас хэрэглээг дэмжихийн тулд урамшуулал, хөнгөлөлтийн хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа ч хэрэглэгчдийн эрэлт сул хэвээр байна.
БНХАУ-ын ДНБ-ий томоохон хэсгийг бүрдүүлдэг үл хөдлөхийн салбар сүүлийн жилүүдэд хямралд ороод буй. Тэгвэл үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт улам дордож, дөрөвдүгээр сард үл хөдлөхийн салбарт орж ирж буй хөрөнгө оруулалт 10.3 хувиар буурсан байна. Шинэ орон сууцны үнэ дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеэс 4 хувиар буурчээ. Энэ нь гуравдугаар сард 4.5 хувь буурч байснаас бага зэрэг сайжирсан үзүүлэлт байв.
Үл хөдлөхийн салбар зохицуулалтын байдалд байсаар байгаа, тус салбарт ирж буй дарамтын түвшин өндөр хэвээр байна гэж Фү Линхуэй хэлжээ.
БНХАУ эдийн засгийн өсөлтөө дэмжих бодлого нэмж явуулах шаардлагатай
АНУ, БНХАУ-ын төлөөлөгчид Швейцарт хэлэлцэж, тохиролцоонд хүрсэн нь эдийн засагт тодорхой хэмжээний тайвшрал авчирсан. Үүний дараа олон улсын банк, хөрөнгө оруулалтын байгууллагууд БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн таамгаа өсгөжээ.
Хоёр талын тохиролцсон 90 хоног дуусахаас өмнө бизнесүүд их хэмжээний импорт явуулснаар ойрын саруудад БНХАУ-ын үйлдвэрлэлийн гарцад эерэгээр нөлөөлнө гэж “Goldman Sachs” банкны эдийн засагч Ван Лишэн хэлсэн байна.
“OCBC” банкны судлаач Томми Шиэ тарифыг зогсоосоос хойш, өнгөрсөн долоо хоногт импортын захиалга огцом өссөн талаар дурдсан юм. Тодруулбал, тавдугаар сарын 5-нд дууссан долоо хоногтой харьцуулахад, тавдугаар сарын 14-тэй харьцуулахад чингэлэг захиалгын тоо 277 хувиа өсчээ.
“Goldman Sachs” банкны Ван Лишэн “Ойрын хугацааны өсөлт нь хожим эргэн төлөгдөх үр дагавартай гэдгийг бид анхааруулж байна. Өсөлт, ажил эрхлэлт, зах зээлийн хандлагыг тогтворжуулахын тулд бодлогыг дэмжлэг хэрэгтэй гэж үзэж байна” гэсэн юм.Дотоодын эрэлт суларч, дефляцын дарамт нэмэгдэж байгаатай холбогдуулан эдийн засагчид Бээжин бодлогын дэмжлэг нэмж явуулах хэрэгтэй гэж үзэж байна.
Бөөний үнийн индекс дөрөвдүгээр сард сүүлийн зургаан сард үзэгдээгүй огцом унасан юм. Харин хэрэглээний үнэ гурав дахь сардаа дараалан буурч, эдийн засагт дефляцын дарамт нэмэгдэж байгааг харууллаа. Дефляцын дарамт үргэлжилж байгаа тул эдийн засгийн тогтвортой сэргэлтийг дэмжихийн тулд бодлогын дэмжлэгийг нэмэгдүүлэх шаардлагатайг эдийн засагчил онцлов.
Эх сурвалж: CNBC, Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ одоо бусгаа дэлхийн зах зээлийн байд�##� хурдан зүгээр болоосой
манайх хятадтай наймаагаа нэмэх хэрэгтэй
хятад чинь дэлхийн үйлдвэр шүү дээ
made in china shuudee
mundag guren shuu manaihan hajuud ni neere
zuv zuv