Цагдаа, онцгой, эмнэлгийн машиныг хороолол, хотхон руу нэвтэрдэг чиптэй болгоно
Нийслэл хотын бүх хотхон, хорооллын орц, гарцыг чөлөөлж, ОБЕГ, эмнэлэг, цагдаагийн машин шууд нэвтэрдэг болгохоор төлөвлөжээ.
Мөн өндөрлөг 16–19 байршилд камер тавьж, хаана гал түймэр гарч байгааг хиймэл оюун ухаан ашиглаж, шуурхай арга хэмжээ авдаг болох юм байна.
Тодруулбал НИТХ-ын дарга А.Баяр,
“Нийслэл хотын хотхон, хорооллууд руу орох, гарах замыг тогтмол чөлөөлж байна. Барилгын компаниуд барилга барихдаа гал унтраах анги, цагдаа, эмнэлгийн байгууллагуудад зориулж хороолол, хотхон руу нэг онгойлтоор нэвтрэх чипийн системийг суурилуулах ёстой. Ирэх жил чипээр онгойхгүй байгаа бүх газрын байршлыг тодорхойлж, гал унтраах анги, цагдаа, эмнэлгийн байгууллагуудын тусламж үйлчилгээний машинуудыг хороолол, хотхон руу нэвтрэх чиптэй болгоно” гэв.
Мөн,
“Ирэх жил Улаанбаатар хотын өндөрлөг 16–19 байршилд камер суурилуулж, галын машинуудыг GPS болон хиймэл оюун ухаанд холбоно. Ингэснээр гал сөнөөгч нар аль замыг сонгож, ослын газар очихыг шийднэ. Галын машин дээр 360 градус эргэдэг камертай байх ёстой. Үүний дараа дрон нисгэж галын нөхцөл байдлыг харж, аль талаас нь орж гал унтраахыг мэднэ. Гал сөнөөгч нар угаартаж байгааг мэдэхгүй өндөр эрсдэлтэй учир галын менежментийг сайжруулж, аюулаас урьдчилан сэргийлнэ” гэв.
Д.УЛСАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.