"Сумууд дээр ядуурлыг бууруулах үндсэн үүрэг Засаг даргад байдаг ч санаачилгатай ажилладаггүй"

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Энэ үеэр ГБХНХ-ийн сайд Т.Аубакир "ГБХНХЯ-наас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгож зарласан. Энэ хүрээнд 2026 он, цаашлаад Монгол Улсад байгаа ядуурлыг хэрхэн бууруулах вэ, хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн дэмжих вэ гэдэг бодлогын хүрээнд Ерөнхий сайдын санаачилгаар өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ядуурлаас гаргах үндэсний санаачилга өрнүүлэх тухай Засгийн газраас шийдвэр гарлаа.
2025 оны дөрөвдүгээр улирлын байдлаар манай Улсад 15 ба түүнээс дээш насны 2.4 сая хүн байгаагийн 1.5 сая нь ажиллах хүч. 886.5 мянга нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байдаг. Нийт ажиллагсдын тоо 1.4 сая байгаа бол хөдөлмөрийн дутуу ашиглалт буюу хөдөлмөрийн хангагдаагүй хэрэгцээ 115.3 мянган хүн байна гэж үзэж байгаа. Энэ хүмүүсээ хэрхэн хөдөлмөр эрхлүүлэх вэ, төр засгаас ямар бодлого явуулах вэ гэдгийг тодорхойлсон.
Дан ганц ГБХНХЯ бус шат шатны удирдлагууд хамтрах шаардлагатай байна. Сумдууд дээр ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндсэн үүрэг Засаг дарга нарт байдаг ч төдийлөн санаачилгатай ажилладаггүй. ИТХ-ын төлөөлөгчид ч мөн адил.
Мөн сум бүр дээр Хөдөлмөр халамжийн нэг л байцаагч байдаг. Хүнсний талон олгохоос цааш хэтэрдэггүй. Малжуулах хөтөлбөр болон бусад хөтөлбөр хэдий явагдаж байгаа ч тухайн суманд орлого багатай буюу 40-50 хүнийг хөдөлмөрт зуучлаад, мэргэжилтэй болгоод ажиллахад учир дутагдалтай. Тиймээс эрх бүхий албан тушаалтнуудыг Ерөнхий сайдын зүгээс шууд үүрэгжүүлж ажиллах шийдвэр гарсан. Ингэхдээ улирал, улирлаар дүгнэнэ. Нэг аймгийн Засаг дарга гэхэд аймгийнхаа хэмжээнд хэдэн өрхийг орлоготой болох, хөдөлмөр эрхлэх, мэргэжилтэй болоход нь зуучилсан бэ гэдгийг бодитойгоор үнэлж дүгнэх шаардлагатай.
Хариуцлагагүй ажиллахад Засаг дарга нартай шууд хариуцлага тооцох боломжтой. Мөн сайн ажилласан сум, аймгийн Засаг дарга нарыг урамшуулах, алдаршуулах ажлыг бодитойгоор хийе гэж байгаа.
Энэ цогц арга хэмжээ санаачилга явсны хүрээнд бид 25-30 мянган өрхийг тодорхой хэмжээний орлоготой болгох боломж бүрдэнэ гэж үзэж байгаа.
Та бүхэн сайн мэдэж байгаа. Сум, аймгийн төлөөлөгч, Засаг дарга нар орон нутгийнхаа иргэдийг сонгуулийн үеэр л хөтөлж авч явж, санал өгүүлдэг болохоос биш тэр хүнийг яаж орлоготой болгох гэдэг дээр бодитой санал санаачилга гаргаж байна уу гэвэл учир дутагдалтай байна.
Тиймээс энэхүү арга хэмжээг Улсын хэмжээнд ядуурлын түвшин дорвитой буурахгүй байгаа, ялангуяа хөдөө орон нутагт ядуурлын түвшин хангалттай буурахгүй, их хэвээр байгаа тул Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагуудын үүрэг оролцоог хангасан, өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ядуурлаас гаргах үндэсний санаачилгыг өрнүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан" хэмээсэн юм.
О.ОНОН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗАСАГ АЖИЛ ХИИЛДЭЭВ ЗАСАГ ДАРГА ИЛҮҮ ЯАЖ АЖИЛХИИЙН
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Тм. Дандаа намчирхаж ойр саднаа л тэжээж тэтгэдэг. Би хөдөө олон жил багшилсан