Нийслэлийн хэмжээнд дахин боловсруулах боломжтой хог хаягдлын 12 хувийг л дахин боловсруулдаг
УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ.
Ажлын хэсгийн өгч буй мэдээллээр 2024 оны байдлаар улсын хэмжээнд 2.7 сая тн энгийн хог хаягдал, 700 мянган тн аюултай хог хаягдал гарчээ. Мөн хог хаягдал дахин боловсруулах 67 үйлдвэр байдгаас 37 нь тогтмол үйл ажиллагаа явуулдаг байна. Эдгээр үйлдвэрт нийслэлийн хэмжээнд гарч байгаа дахин боловсруулах боломжтой хог хаягдлын 12 хувийг л дахин боловсруулдаг аж.
Дээрх агуулгатай холбоотой асуулт, хариултын дэлгэрэнгүйг дор хүргэе.
УИХ-ын гишүүн П.Батчимэг: 2024 оны байдлаар улсын хэмжээнд 2.7 сая тн энгийн хог хаягдал үүссэн бөгөөд энэ нь таван жилийн өмнөхөөс 37 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Үүнд аюултай хог хаягдлын эзлэх хэмжээ ямар байдалтай байна вэ. Түүнчлэн 2009 онд УИХ-аас зарим нийлэг хальсан уутны хэрэглээг хязгаарлах хууль баталсан. Гэвч 2012 онд хүчингүй болгосон. Эргээд 2018 онд Засгийн газраас дахин хориглох тухай тогтоол гарсан. Яагаад ингээд баталсан хуулиа цуцлаад, дахин батлаад байдаг юм. Ажлын хэсэг үүн дээр ямар санал дүгнэлт гаргав. Нийлэг хальсан уут аюултай хог хаягдалд тооцогддог шүү дээ?
Хог хаягдлын менежментын зөвлөх Г.Дэлгэрбаяр: 2024 оны байдлаар 2.7 сая тн энгийн хог хаягдал, 700 мянган тн аюултай хог хаягдал гарсан дүн мэдээ байна. Хэрэглээг хязгаарлах тал дээр сав баглаа боодлыг багасгах, үйлдвэрлэгч импортлогч нарт дахин боловсруулдаг баглаа боодлоор солих асуудлыг эрх зүйн хүрээнд тавьж байгаа. Мөн ААН үүсгэсэн хог хаягдлынхаа хэмжээгээр хураамж төлөх асуудлыг оруулж байгаа. Одоогоор ангилсан ч, ангилаагүй ч ижил тариф төлдөг. Тэгэхээр ААН, байгуулагууд эх үүсвэр дээрээ хогоо бууруулаад, ангилах юм бол бага төлбөр төлнө гэсэн үг. Нийлэг хальсан ууттай эрх зүйн зохицуулалт одоо ч хэвээр байгаа ч хэрэглэхийг хориглосон 0.8 микрограммтай нийлэг уутыг хувь хүмүүс орж ирээд зараад байгаа.
УИХ-ын гишүүн П.Батчимэг: Яг үнэнийг хэлэхэд Монгол Улс хогондоо дарагдчихаад байна. Хог хаягдлыг ААН-үүд дээр яаж бүртгэж, хэмжих вэ. Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг яаж тогтоох юм. Энэ асуудлууд чинь маш бүдэг байна. Нөгөөтэйгүүр хог ангилах боловсруулах үйлдвэрийн нөхцөл байдал ямар байгаа таалаар мэдээлэл авъя?
Хог хаягдлын менежментын зөвлөх Г.Дэлгэрбаяр: Ажлын хэсгийн хүрээнд судалгаа хийхэд, ААН-үүдээс гарч байгаа холимог хог хаягдлын бүтцээр нь авч үзвэл хогийн цэг дээр хаяж байгаа хог хаяглдлын 30-40 хувь нь ангилах боломжтой хог байна. Төлдөг тариф нь ижил болохоор үүнийгээ хольж ачаад л төлбөрийг нь төлөөд байгаа. Тийм учраас бид ангилан ялгалтыг илүү дэмжих нь зүйтэй гэж үзсэн.
Улсын хэмжээнд хог хаягдал дахин боловсруулах 67 үйлдвэр бүртгэлтэй.Үүнээс Улаанбаатар хотод идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 37 үйлдвэр байна. Эдгээр үйлдвэрт нийслэлийн хэмжээнд гарч байгаа дахин боловсруулах боломжтой хог хаягдлын 12 хувийг л дахин боловсруулдаг. Үлдсэн нь улирлын шинжтэй ажилладаг.
Тарифын хувьд Сангийн сайд болон БОУАӨ-ийн сайдын баталсан хог хаягдлын зардалд үндэслэсэн тариф хэрэгжиж байна. Хэдий хэмжээний зардал гарна түүнд үндэслэсэн. Шинэ тарифын системээр зардалд үндэслэсэн биш гарч байгаа ААН-үүдээс гарч байгаа хогийн хэмжээ буюу метр куб эзлэхүүнд үндэслэн тариф тогтооно гэж тооцож байгаа.
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.