Нийгмийн

Сурагчид сурах бичиггүй байхад гурван сургуульд 3 тэрбумыг төсөвлөжээ

2026 оны төсвийн тодотголыг УИХ-ын байнгын хороодоор хэлэлцүүлж буй билээ. Энэ хүрээнд 2026 оны төсвийн тодотголоор зарлагыг хэрхэн танаж, нэмэгдүүлсэн талаар УИХ-ын гишүүд холбогдох яам, албаныхнаас асуулт асууж, хариулт авсан.

Тухайлбал, УИХ-ын Өргөдлийн байнгын хороогоор өчигдөр 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр “Шинэ Эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” ОУ-ын хөтөлбөртэй улсын гурван сургуульд тус бүр тэрбум орчим, нийтдээ гурван тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт олгохоор тусгасан асуудал байнгын хорооны гишүүдийн шүүмжлэлийг хүртсэн юм.

Задлаад харвал, уг гурван сургуулийн зүгээс багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлж, сургалтын чанарыг дээшлүүлэх зорилгоор 1 тэрбум, 975 сая, 985 сая буюу нийтдээ 3 тэрбум төгрөгийг нэмэлт санхүүжилтийг төсвийн тодотголд суулгасан нь улсын сургуулиудад ялгамжтай нөхцөл үүсгэж буй гэж харж болохоор.

Засгийн Газрын тогтоолоор олон улсын хөтөлбөртэй улсын сургуулийн багш нар нь ердийн улсын сургуулийн багш нараас 50 хувиар илүү цалин хөлстэй байх заалт батлагдсан байдаг.

Гэтэл нөгөө талд ЕБС-иуд өнөөдрийг хүртэл хичээлийн сурах бичгээ гар дээр авч чадаагүй буюу хичээлийн шинэ жил эхлээд долоо хоног өнгөрөхөд хуучин номын худалдаагаас хувиараа сурах бичиг олж авч чадсан нь л хичээлийн хөтөлбөртөө хамрагдах нөхцөл байдал үүсчихээд буй.

Наймдугаар ангийн сурагчид тухайн жилийн сургалтын хөтөлбөрийн дагуу багц сурах бичиг авахад багадаа 75 мянган төгрөг шаардлагатай. Уг нь Үндсэн хуульд заасны дагуу ерөнхий боловсролыг үнэгүй эзэмших эрх нь бий боловч сурагчид өнөөдөр хичээл хоцролтоос эмээхдээ гадуур, гар дээрээс өөрсдийн зардлаар сурах бичгийн эрэл хайгуулж хийж явна.

Дээрх, гурван тэрбум төгрөгийн санхүүжилттэй холбоотой асуудлаар Байнгын хороон дээр Боловсролын яамыг төлөөлөн дээрх асуудлаар Боловсрол, эдийн засаг, санхүү, бодлогын газрын дарга Н.Мөнх-Оргил нь дорвитой хариулт өгч чадаагүй.

2026 оны улсын төсөвт Боловсролын сайдын багцыг 4.8 их наяд төгрөг байхаар тусгасан бөгөөд нэг ангид суралцах хүүхдийн тоо хэтэрсэн буюу ачаалал ихтэй ажиллаж байгаа багшид хувьсах зардлаар дамжуулан нэмэгдэл хөлс олгох замаар багшийн цалин хөлсний бүтцийг бий болгоход зориулж 100 тэрбум төсөвт нэм тусгасан байдаг.

Мөн ЕБС-ийн дутагдалтай байгаа сурах бичгүүдийг нөхөн хэвлэх, түгээх ажлын багц тендерт зориулж 3 тэрбум төгрөг төсөвлөсөн боловч сурагчдын гарт сурах бичиг нь алга.

Харин энэ дүнтэй тэнцэхүйц зардлыг гурван сургуульд "тоног төхөөрөмжийн зардал" нэрээр олгохоор суулгажээ.

Э.БҮЖИНЛХАМ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button