НИЙГЭМНийгэм мэдээ

Л.Энх-Амгалан: Ерөнхий сайдын гэр бүлийн хамаарал бүхий сургууль ямар нэг хүсэлт гаргаагүй

Энэ оны төсвийн тодотголын боловсролын салбарын зардал дунд Ерөнхий сайд Н.Учралын ээжийн нэр дээрх сургуульд 3.5 тэрбум төгрөг төсөвлөсөн асуудал "өндөр"-ийг аваад буй. Тэгвэл энэ талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр "Ерөнхий сайдын гэр бүлийн хамаарал бүхий сургууль ямар нэг хүсэлт гаргаагүй Ийм санал хүсэлт нь байхгүй учраас тийм баримт гэж байхгүй гэдгийг хариуцлагатай хэлье. Засгийн газраас ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, 3 ээлжээр хичээллэхгүй байх зорилгоор "ГЭРТ ОЙРХОН СУРГУУЛЬ" санаачилгыг 2026 оны тадугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. Энэ зуны турш 3000-аас дээш хүүхэдтэй хэт өндөр ачаалалтай 38 сургуулийг 3 ээлжээр хичээллүүлэхгүй байх, 46-аас дээш хүүхэдтэй 1089 бүлгийн ачааллыг бууруулах зорилгоор Боловсролын яам, түүний харьяа байгууллагууд, нийслэл, дүүргийн Засаг дарга нар, Боловсролын газар, хэлтсийнхэн идэвхтэй ажилласан.

Үүний үр дүнд өнөөдөр нийслэлийн хотхон, хорооллуудад 21 бага сургуулийн анги бүлгийг эхлүүлж, 8,600 хүүхэд аюулгүй, ачаалалгүй суралцахаас гадна нийслэлийн замын түгжрэлийг бууруулах бодит үр дүнтэй ажил болж байна. Монгол Улсын Засгийн газар ерөнхий боловсролын сургуулиудын бүтцийн дахин төлөвлөлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй хэрэгжүүлж, боловсролын чанар, хүртээмжийг сайжруулж, нөөцийн хуваарилалт, төсвийн зарцуулалтын үр ашиг нэмэгдүүлэх тогтолцооны шинэчлэлийг эхлүүлсэн.

Өнөөдрийн байдлаар нийслэлд төрийн өмчийн ерөнхий боловсролын 157, Оюуны Ундраа сургуулиуд ахлах сургуулиар төрөлжин хичээллэж эхэлсэн бөгөөд төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Эрдэм нова сургууль сургалтын төлбөр, хураамжгүйгээр сургалт, үйл ажиллагаагаа эхлүүлэн эдгээр сургуулиудад нийт 2000 хүүхэд хичээллэж байна. Цаашид хотхон, хорооллын бага сургуулийг үе шаттай нэмэгдүүлж, энэ хичээлийн жилдээ багтааж дүүрэг бүрд болон 20 аймагт 22 ахлах сургууль эхлүүлэхээр төлөвлөж, үргэлжлүүлэн ажиллаж байна.

Ийм учраас Боловсролын яамнаас эдгээр арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд 2026 оны төсвийн тодотголд 50 тэрбум төгрөг тусгуулсан болно. Үүний,

  • 13,9 тэрбум нь ачаалал өндөртэй байршлуудад сургуулийн зориулалттай барилга түрээслэх, анги танхим тохижуулах,
  • 18,7 тэрбум нь бага ангийн шинэчилсэн хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хичээллэх орчныг шинэчлэх, бэлтгэл хангах,
  • 15,0 тэрбум нь шинээр байгуулагдаж байгаа төрийн өмчийн Төрөлжсөн ахлах сургуулийн тоног төхөөрөмж авахад зориулагдана.

Аймаг бүрд, дүүрэг бүрд ийм ахлах сургуулиуд байгуулж эхэлж 2,4 тэрбум нь хувийн сургуулийн сул орон зай ашиглахад зориулагдана. Хүний сул үгийг гуйвуулах бус бодит баримтаар асуудалд хандахыг та бүхнээс уриалж байна.

Нэгдүгээрт, Ерөнхий сайдын гэр бүлийн хамаарал бүхий сургууль ямар нэг хүсэлт гаргаагүй. Ийм санал хүсэлт нь байхгүй учраас тийм баримт гэж байхгүй гэдгийг хариуцлагатай хэлье. Хоёрдугаарт, төрөлжсөн ахлах сургуулиуд байгуулах бодлогын асуудал. Ямар зорилготой, ямар үр дүнтэй, ямар үндэслэлтэй асуудал вэ гэдгийг бүрэн дүүрэн баримтаар нээлттэй мэдээлнэ.

Гуравдугаарт, Хүүхдийн сурах эрх, боловсролын асуудлыг улс төржүүлж гацаахгүй байхыг хүсье. Төрөлжсөн ахлах сургуулийн ажлыг улс төржүүлбэл олон мянган хүүхэд хохирно. Улс төр биш ажил хийе. Төсвийн тоо, цэг, таслал бүрийн ард ард түмний эрх ашиг бий. Тоо бүрд эргэлзээ байгаа бол ил тод нээлттэй, баримттай хэлэлцүүлэх ёстой" гэлээ.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button