Сонгуулийн мониторинг: Телевизүүдээр МАН-ын тухай мэдээлэл давамгай байна

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналтын сүлжээний гишүүн Глоб интернешнл төв нь УИХ-ын 2024 оны сонгуулийн сурталчилгаанд телевизийн мониторинг хийжээ. Ингэхдээ МҮОНТ, ТV9, Монгол TV, NТV, Eagle news гэсэн таван телевизийг хамруулсан байна. Тус мониторонгд дараах шалгуурыг үндэслэн сонгожээ. Үүнд:
- Олон нийтийн буюу төсвийн санхүүжилт ашигладаг
- Хамгийн хүртээмжтэй, орон даяар цацагддаг
- Үзэгчдийн тоо, рейтинг өндөр
- Зах зээлд удаан хугацаагаар оршин тогтнож үйл ажиллагаа явуулж буй
- Зөвхөн агаарын долгион ашигладаг
- Сонгуулийн сурталчилгаа явуулах зөвшөөрөл авсан зэргийг харгалзан үзжээ.
Мониторингийн үр дүнгээс:
МҮОНТ-ийн мэдээний хөтөлбөрийн талаас илүү буюу 52 хувийг МАН дангаараа эзэлж байна
Энэхүү судалгааг гурван үечлэлээр хийх бөгөөд нэгдүгээр үе буюу зургаадугаар сарын 10-16-ныг хүртэлх хугацаанд хийсэн мониторингийг танилцуулж байна.
Судалгааны хугацаанд дээрх таван телевизийн 1,450 цаг 51 минут 41 секундийн нэвтрүүлэгт мониторинг хийснээс 14% нь сонгуультай холбоотой мэдээлэл байв. МҮОНРТ-ийн сонгуультай холбоотой мэдээллийн 19 хувийг МАН, 16 хувийг ХҮН нам эзэлсэн бол АН, Иргэний Хөдөлгөөний Намд адил тэнцүү 12%-тай тэнцэх цаг оногджээ. Харин таван телевизийн дүнгээс харахад МАН-ын тухай мэдээлэл дунджаар 31%-ийг эзэлсэн нь давамгай байна. МҮОНТ-ийн мэдээний хөтөлбөрийн талаас илүү буюу 52%-ийг МАН дангаараа эзэлжээ. Харин ХҮН нам 17%-ийг эзэлж байна. Бие даагчдын талаарх мэдээлэл МҮОНТ дээр 5% гарсан бол арилжааны телевизүүдэд 1%-иас хэтэрсэнгүй.
Нийт таван телевизийн дунджаар төвийг сахисан мэдээлэл 44% байна. МҮОНТ-ийн нам, эвсэл, нэр дэвшигчидтэй холбоотой мэдээллийн 91% нь төвийг сахисан хандлагатай байсан бол сөрөг мэдээлэл 15% байна. Арилжааны сувгийн хувьд TV9 телевизийн мэдээллийн 86% нь эерэг хандлагатай, Монгол TV телевизийн мэдээллийн 76% байна. Сөрөг өнгө аястай мэдээлэл ТV9 телевизэд 8% хүрсэн нь бусдаасаа өндөр байна.
МҮОНТ-ийн сонгогчдын боловсролд зориулсан мэдээллийн хэмжээ өсөж 56%-д хүрсэн нь сайшаалтай юм. Харин арилжааны телевизүүдийн далд сурталчилгаа 6-28%-ийг эзэлж байна.
Телевизүүд сонгуулийн хуулийн цагийн хязгаарлалтыг чанд баримталж байгаа нь мониторингоор харагдаж байна. Сонгуулийн тухай хуулийн 46.6 /60 минут/, 46.7 /15 минут/-д заасныг зөрчсөн тохиолдол илэрсэнгүй.
Мөн топ таван телевизээр хамгийн их гарсан нэр дэвшигчдийг мөн харуулж байна. МҮОНРТ-ээр хамгийн их гарсан нэр дэвшигч ХҮН намын Т.Доржханд байсан бол TV9 телевизээр Э.Батшугар, Монгол TV, NTV, Eagle News телевизүүдээр Л.Оюун-Эрдэнэ хамгийн их гарсан байна.
Сонгуулийн тухай хуулийн 46.2, 46.17 дахь заалтыг үндэс болгон мэтгэлцээн зохион байгуулах, сонгогчдын боловсролд зориулсан хараат бус сэтгүүл зүйн бүтээл бэлтгэн нэвтрүүлж буй нь сайшаалтай боловч зохион байгуулалтыг илүү боловсронгуй болгох шаардлагатай байна.
Сонгууль болоход хэдхэн хоног үлдээд буй энэ үед сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа мэдээллээ шалгаж, аль тойрог, аль хэсэгт саналаа өгөхөө мэдэж авахыг нийт сонгогчдод зөвлөн уриалж байна. Энэ удаагийн сонгуулиар нэг хэсэгт ногдох сонгогчдын тоог бууруулж шинэ хэсгүүд нэмсэн учир санал өгч ирсэн хуучин хэсэгтээ бус өөр хэсэгт хуваарилагдсан ч байх магадлалтай. Сонгуулийн өдөр сонгогч буруу хэсэг дээр дугаарлаж цаг алдах, саналаа өгөх боломжгүй болох гэх мэт асуудал үүсч болзошгүйг анхааруулж байна.
 
				








 
	             
	             
	             
	             
	             
	             
						



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөвхөн тв үүдээр ч биш бас хэвлэлүүдээр, сонинуудаар МАН ыг давамгай байгаа сурт�##�чилж байгаа ядуур�##� их байна.