Нийгэм ярилцлага

М.Болорсүх буюу BIGGIE: Хип хоп бүжиг Монголд хөгжиж байгаа ч энэ соёлыг ойлгох хүмүүс цөөхөн байна

Бүжгийн урлаг гэдэг аливаа зүйлийн мөн чанар, хүний сэтгэл хөдлөлийг биеийн хэлэмж болон хөгжмийн зохицлоор төгс илэрхийлдэг зүйл.Тэр ч утгаараа энэхүү урлаг өнөөг хэр нь үнэ цэнтэйд тооцогдож, улам бүр түгэн дэлгэрч байна. 

Бид энэ удаа “Squadzz” студийн бүжигчин, бүжгийн багш Biggie буюу М.Болорсүхтэй ярилцсан юм.

Түүний хувьд "Манай улсад гудамжны бүжгийн урсгал тэр дундаа хип хоп төрлийн бүжигчид хэдхэн жилиийн өмнө маш өргөн цар хүрээтэй бүжиглэж байсан бол коронавирусын үеэр ихэнх бүжигчид хөндийрсөн зэрэг асуудлуудыг" хэлж байлаа.

Монголд гудамжны бүжгийн урсгал хөгжихөд хувь нэмрээ оруулж яваа тэрбээр олон улсад зохион байгуулагддаг "K16" бүжгийн тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байгаа билээ.

-Багаасаа бүжиглэх дуртай байсан уу. Яагаад бүжигчин болсон юм бэ?

-Манай аав, ээж хоёр маш сайхан бүжиглэдэг хүмүүс байдаг. Энэ нь надад өвлөгдөж, бага байхаас намайг хөглөсөн гэж боддог. Цэцэрлэгт байхаасаа бүжиглэж эхэлсэн дээ.

Гудамжны бүжгийн төрлөөр бол 2014 оноос эхлээд бүжиглэж байна. Хүмүүс бүжгийг  зүгээр л нэг хөдөлгөөн гэж хардаг бол би бүжгийн урлагаар дамжуулан зөв амьдралын хэв маяг, хүнтэй зөв харилцах, орчноо мэдрэх, аяыг маш гүнзгий түвшинд ойлгож, сонсох зэрэг олон зүйлийг сурсан.

Анх бүжгийн дугуйланд суралцаж эхлэхэд миний өмнөх хүрээллээс тэс ондоо хүмүүс хүлээж авсан. Тэдний дунд ороод “Хүн биеэ ингэж авч явах ёстой юм байна. Хамаагүй савсганаад гүйгээд байж болохгүй юм байна. Хэл, яриагаа ингэж засах хэрэгтэй юм байна” гэж өөрийгөө бага багаар засаж, өөрчилж эхэлсэн. Ер нь бүжгийн урлаг намайг тэр чигээр нь өөрчилсөн. Миний хувьд бүжгийн урлаг зүгээр нэг хөдөлгөөн гэхээсээ илүүтэй маш гүн гүнзгий утга санаа агуулдаг, сүнслэг зүйл л дээ. 

-Бүжиглэж эхэлснээр яг яаж амьдрах ёстой утга учраа олсон-

-Айлын ганц хүү шүү дээ. Тэгэхээр аав, ээж нь урлагаар явахад нь хэрхэн хүлээж авч байв?

-Бидний дээд үеийнхэн бол тухайн үеийн амьдралын нөхцөл байдлаа бодож байж ямар нэгэн шийдвэрүүдийг гаргадаг байсан. Тэдгээр хүмүүс ямар нэгэн ажил, хөдөлмөр эрхлэхгүй л бол хэцүү байдалд орно гэж боддог.

Гэхдээ одоо цаг дээр ярих юм бол маш олон зүйл хөгжиж байгаа учраас хувь хүн заавал хүнд хүчир ажил эрхэлж мөнгө олж болно. Гэхдээ хамгийн гол нь өөрийн сонирхсон, өөрийнхөө чаддаг зүйлийг хийж мөнгө олно гэдэг хамгийн боломжит хувилбар болоод байгаа. Хамгийн гол нь нэг эзэмшиж байгаа зүйлээ хамгийн сайнаар нь хийх л хэрэгтэй байгаад байгаа юм.

Манай аав, ээж намайг бүжгээр явна гэхэд огт хориглож байгаагүй. Намайг дэмжиж, маш их итгэдэг. Тийм болохоор итгэлийг нь алдахгүйн тулд хичээж, бас их юм бодож явдаг даа.

-Хүмүүс “116”-ийн гишүүнээр мэднэ шүү дээ. Та хэд яг хэдийгээр олон танигдчив?

-Яг олонд танигдсан үе гэвэл Авьяаслаг Монголчууд шоунд оролцож байсан үе байх. Тухайн үед бид хамтлагаараа зайсанд байр түрээслээд бэлтгэл хийдэг байсан л даа. Тэнд байх хугацаандаа бол янз бүрийн влог, чаллэнж зэргийг хийж сошиал орчинд хэрхэн нөлөөлөх талаар их зүйл хийсэн байдаг.

Цаашлаад хувь хувьдаа контент, реклам, клипны зураг авалт зэргээс олны хараанд өртсөн байх л гэж боддог.

-Анх ямар төрлийн бүжгээр бүжиглэж эхлээд, одоо яг аль төрлөөрөө бүжиглэж байгаа вэ?

-Өмнө нь би хэд хэдэн төрлийн бүжиг бүжиглэж байсан. Яг миний анх сурж байсан төрөл бол электро төрлөөр бүжиглэж эхэлсэн. Түүний дараагаар стайлаа тодорхойлж чадахгүй яваад байсан. Гэхдээ энэ хугацаанд бол яваандаа л дэглэж сурсан байсан л даа. Одоо бол Hip hop foundation төрөл рүү чиглэсэн байгаа.

Гэхдээ надад Гудамжны бүж­гийн соёл хамгийн их таалагдаж, яагаад ч юм намайг соронздон татдаг.  Хичээллэж, суралцах тусам илүү гүнзгийрүүлмээр мэдрэмж өгдөг. Хип хоп урлаг бол мөн л бүхэл бүтэн соёл шүү дээ. 

-Корона гараад хоёр жилийн хугацаанд маш олон бүжигчид бүжгээс хөндийрсөн. Энэ төрлөөр одоо бол 50 хүрэхгүй бүжигчид л байгаа-

-Ингэхэд 116-ийнхан тарчихсан юм уу. Хүмүүс гэнэт л таг болчихлоо гэх юм билээ?

-116-аас манай хамтлаг гарсан байгаа. Би тусдаа “Squadzz” гэдэг хамтлагийг байгуулаад зургаан жил болж байгаа.

Бид 116 гэдэг нэрийг их таниулсан л даа. Одоо бол бид 116 биш Squadzz гэдэг нэртэй болсон байгаа шүү. Зарим гишүүд маань яг 100 хувь бүжигтээ төвлөрч чадахгүй, өөр бусад зүйлсийг ч хийгээд явж байгаа.

-Энэ бүжгийн урлагийн хөгжлийг юу гэх вэ?

- Манайд яг үнэндээ 25-аас доош насныхан л сонирхож байгаа. Гэтэл энэ давхарга нь эдийн засаг, чөлөөт цаг  гээд бүх л зүйл нь ээж ааваасаа хараат бай­даг. Яг ийм нөхцөлд Монголын гудамжны бүжиг хөгжинө гэдэг асуудал их хол санагддаг байсан. Зөвхөн чадварлаг бүжигчин залуусын маань нуруун дээр л байна даа. 

Гэхдээ удахгүй хүмүүсийн сэтгэлгээ өөрчлөгдөх байх аа. Мөн гадаадад шоу бизнесийн ямар ч төрөл бай бүжигчид чухал байр суурийг эзэлдэг. Дэлхийн хамгийн шил­дэг энтертэйнерүүд болох Жексон, Бейонсе нарыг бүжиггүйгээр төсөөлөшгүй.  Адель шиг зогсож байгаад дуулдаг хүмүүс биш. Хэтрүүлээд хэ­лэ­хэд гудамжны бүжгийг “Авьяаслаг Мон­голчууд” шоунаас хойш манайхан ойлгож эхэлж байгаа.

Түүнээс биш энэ төрлийн жижиг тэмцээн уралдаанууд төрөл бүрээр л болдог. Хүүхэд, залуус идэвхтэй оролцдог.

Дээрээс нь Монголын бүжигчид маш сайн бүжиглэдэг. Ази дундаа маш сайн өрсөлдөж чадахуйц бүжигчид зөндөө байгаа. Даан ч гол асуудал нь манай Монголын амьдралын бололцоо хэр билээ, түүнээс шалтгаалаад энэ төрлийн бүжиг хөгжиж байгаа ч гэсэн бүжигчдийн хэрэгцээ, үнэлэмж байхгүй болчихсон юм уу даа гэж бодож явдаг.

Миний хувьд 2019 он хүртэл манай бүжигчид маш идэвхтэй байсан гэж боддог. Корона гараад хоёр жилийн хугацаанд маш олон бүжигчид бүжгээс хөндийрсөн. Одоо бол үнэхээр цөөхөн студид цөөхөн бүжигчидтэй байгаа. Бараг нийтээр нь тооцох юм бол 50 гэвэл бараг хүрэх байх шүү.

-Солонгос, Казакстан зэрэг улсууд дэлхийн мундаг бүжигчдийг эх орон руугаа уриад, янз бүрийн контентууд хийгээд байгаа шүү дээ. Манай улсад ч гэсэн энэ боломжтой биз дээ?

-Мэдээж. Олон улсад бүжигчдээ сурталчилхаас гадна олон улсын мундаг бүжигчидтэй танилцах боломжтой болно. Одоогоор бидэнд ямар ч тийм холбоо, сүлбээ байдаггүй болохоор гаднаас цөөхөн хүмүүс ирж сургалт явуулж байсан. Тэр бол коронагийн өмнө цаг үе гайгүй байсан үе болохоор их олон хүнд хүрч байсан л даа.

-Хөгжмөө мэдэрч, түүнд нийцсэн хөдөлгөөн хийхийн тулд бодох хэрэгцээ их гардаг. Энэ хэрээрээ хүний тархи их ажиллаж, сэтгэлгээнд хүртэл нөлөөлдөг-

-Угтаа бид ч гэсэн гаднын оронд танигдах нөөц бололцоо их байгаа шүү дээ?

-Тийм ээ. Бид өөрсдөө амбицлаад гадагшаа явж болно. Гэхдээ тухайн бүжигчдээс асар их золиос гарч дараа дараагийн үе шатуудаа бодохгүй бол маш хэцүү асуудал.

Бусад бүжигчдийг бодохоор улсаас нь дэмжлэг үзүүлдэг эсэхийг мэдэхгүй. Гэхдээ биднээс тэс өөр байдаг. Жишээ маш том баг хамтлаг, өөрсдийг нь хариуцаад дагаж явдаг хүнтэй байх жишээний. Тэр нь үнэхээр албан ёсны харагдаад байдаг.

Гэтэл бид нар тийм биш шүү дээ. Бид нар чинь их өрөвдөлтэй. Гэхдээ улс орон биднийг дэмжихгүй байна гээд гомдлохгүй. Байгаа нөхцөл байдал минь л энэ байна даа.

-Бүжигчин хүн бүжиглэхийн тулд аяа маш сайн ойлгож, мэдэрч бүжиглэдэг шүү дээ. Тэр хэмжээгээрээ ч хөгжмийн тухай мэдлэг нь нэмэгддэг байх?

-Олон жил, өдөр болгон, олон цагаар бүжиглэхээр яах аргагүй хөгжмийг маш сайн ойлгодог болдог. Ялангуяа миний бүжиглэж байгаа төрөл сонсгол маш их шаарддаг. Миний хувьд бол дуугаа ойлгоно. Тэгээд дараа нь бүжиглэдэг төрлийн хүн.

Хөгжмөө мэдэрч, түүнд нийцсэн хөдөлгөөн хийхийн тулд бодох хэрэгцээ их гардаг. Энэ хэрээрээ хүний тархи их ажиллаж, сэтгэлгээнд хүртэл нөлөөлдөг байх.

-Анх удаа олон улсын тэмцээнд оролцох гэж байна. Тэмцээндээ амжилттай оролцож Монгол улсынхаа нэрийг гаргахыг хичээнэ-

-Энэ удаа анх удаа гаднын тэмцээнд оролцох гэж байгаа шүү дээ. Тэмцээнийхээ талаар?

-“R16korea” тэмцээний гол баттл нь брейк төрөл байдаг. Анх удаа “B-boys” болон “b-girls” Олимпын төрөлд ороод явах гэж байна шүү дээ. Тэр хэмжээний л том тэмцээн юм. Түүнээс гадна олон стайлаар зохиоглдоно. Миний хувьд поп стайл төрөлд нь оролцох гэж байгаа. Манай монголд бас их олон жилийн өмнө R16 болж байсан юм билээ.

Гэхдээ яг хэдэн улсаас, хэчнээн тамирчин ирэхийг нь судлаагүй байгаа. Учир нь бэлтгэл, сургуулилтлаа л төвлөрчихсөн байгаа. Миний мэдэж байгаагаар АНУ, Казакстан, Солонгос зэрэг улсуудаас шилдэг гэсэн 100 гаран бүжигчид оролцоно.

Энэ улсуудаас Казакстаны бүжигчид хамгийн том өрсөлдөгчид байх болов уу гэж харж байгаа. Учир нь тэд чинь гаднаас маш олон мундаг бүжигчид аваачиж, тэмцээн уралдаан зохиодог, сургалт авдаг.

-Тэмцээндээ оролцохын тулд өдөрт хэдэн цаг бэлтгэл хийж байгаа вэ?

-Өдрийн цагаар нэлээн их ажилтай байдаг. Тийм болохоор оройны 20.00-00.00 цаг хүртэл бэлтгэлээ хийж байгаа.

-Бүжгээр дамжуулан олж авсан хамгийн үнэт зүйл юу вэ?

-Бүжгийг би бас нэгэн хэл гэж ойлгосон. Бүжиг бол биеийн хэлэмж, биеийн хэл гэж болно. Бас нэг зүйл нь бүжгээр дамжуулан хүмүүжсэн.

-Бүжгээр дамжуулан юу хэлэхийг зорьдог вэ?

-Бүжгээр дамжуулан хэлэхийг хүссэн зүйл маш их бий. Одоо юу хэлмээр байна вэ гэвэл бүжиг бол "lifestyle". Тэр үедээ юу илэрхийлмээр байгаа түүнийгээ биеийн хэлэмжээрээ гаргаж ирдэг. "HipHop" соёлын үүсэл нь нийгэм рүүгээ дайрсан биш, харин бид болохгүй байгаа юм байна, өөрсдийгөө өөрчил гэж гарч ирсэн соёл. Тийм учраас хүмүүсийг энэ төрлийг мэддэг байгаасай гэж хүсэж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 25, 2024 09:38

Зохиолын дуу, хип хоп 2 оос чинь өөр дуу сонсдымуу Монголд харин ч????

Зочин
Зочин
7 сар 25, 2024 10:20

Хүн ойлгохгүй байгаа юмыг хөгжиж байна гэх үү ?

Зочин
Зочин
7 сар 25, 2024 13:24

Толгойдоо эрдэм ном хий хүүхэээ, ш�##� дэмий юм бүү оролд

Зочин
Зочин
7 сар 25, 2024 23:10
Reply to  Зочин

Харин тийм, насаараа ямар энийг бүжиглэх биш

Зочин
Зочин
7 сар 25, 2024 23:08

Хип хоп бүжиг соёл биш л дээ, зүгээр л з�##�уусын дунд нэг хэсэг дэлгэрч байгаа, магадгүй байсан моод, үе нь өнгөрөхөөр дараагийн үедээ түрэгдээд хаягдаад, мартагдаад л явна

Like that
Like that
7 сар 25, 2024 23:42

БӨГС НЬ ӨТЦӨН ХҮМҮҮСИЙН ХИЙДЭГ ЗҮЙЛ, ХОГ²

Холбоотой мэдээ

Back to top button